Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2021/00506

 

 

2021 оны 03 сарын 03 өдөр                                Дугаар 183/ШШ2021/00506                            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Э.У

 

Хариуцагч: П.З

 

Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.У  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2006 онд З-тай танилцаж, 2014.08.27-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2010.02.26-нд хүү З.Х , 2014.04.12-ны өдөр охин З.Н нар төрсөн. Анх танилцахад л архины хамааралтай, гэр бүлийн маргаантай өдий хүрсэн. Цаашид З-т аав, ээж, гал голомтоо доромжлуулж чадахгүй тул гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч П.З  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие гэр бүлээ элэг бүтэн авч үлдэх хүсэлтэй байна. Би байнга архи уудаг хамааралтай хүн биш. Хааяа найз нөхөдтэйгээ уудаг. Бид 2020 оны 01 дүгээр сараас тусдаа амьдарч байгаа, энэ үеэс хүүхдүүдтэйгээ уулзаж чадахгүй байна. Хоёр хүүхдээ бодоод цаашид хамт амьдрах хүсэлтэй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Э.У  гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг П.З-т холбогдуулан шүүхэд гаргасныг хариуцагч П.З  гэрлэлтээ цуцлуулахгүй, цаашид хамт амьдрана гэж маргаж байна.

 

Э.У , П.З  нар 2008 онд гэр бүл болсныг 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэн, гэр бүл болж, тэдний дундаас 2010 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүү З.Х , 2014 оны 04 дүгээр сарын 12-нд охин З.Н  нар төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримт болон зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.-т заасан гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг авсан боловч гэрлэгчид эвлэрээгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон, гэрлэгчид 2020 оноос хойш тус тусдаа амьдарсан Э.У , П.З  нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Гэрлэгчдийн дундаас төрсөн хүү З.Х , охин З.Н  нар эх Э.У-тай хамт амьдарч байгаа, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хүүхдийн асрамжийн талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу 2010 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү З.Хангал, 2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин З.Н  нарыг эх Э.У-ын асрамжинд үлдээж шийдвэрлэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар; 40.1.2. 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг тогтоохоор хуульчилсан байх тул З.Х , З.Н  нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг П.З-аар сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй”. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох нь зүйтэй.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

Гэрлэгчид эд хөрөнгийн талаар нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдав.

 

Нэхэмжлэгч Э.У  шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн бөгөөд хариуцагч П.З-аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 4.296.600 төгрөгийн тэмдэгтийн хураамж гаргуулж улсын орлогод болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б  овогт П.З, Ц овогт Э.У нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2010 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү З.Х , 2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин З.Н  нарыг эх Э.У-ын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар 2010 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн З.Х , 2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн З.Н нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг П.З-аар тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Зохигчид эд хөрөнгийн талаар нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Батбилэгт даалгасугай.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.З-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.У-д олгож, хариуцагч П.З-аас 98.645 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай. 

 

8.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

 

                             ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                Г.СОЛОНГО