Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 183/шш2021/00084

 

2021 01 15 183/ШШ2021/00084

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, хаягт оршин суух, Б... овогт З..ын Б.. /РД:.../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, байрлах, Н....т холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Б.., түүний өмгөөлөгч Д. /, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., гуравдагч этгээд Н., түүний өмгөөлөгч С., гуравдагч этгээд М., нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн З.Б.. миний бие нь М......тай хийсэн зээлийн гэрээний үүргийн дагуу 2019 оны 09 сарын 12-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулж, мөн өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан тус шүүхээс эвлэрлийн гэрээг баталгаажуулж, 183/Ш**019/10316 шүүгчийн захирамж гарсан. Төлбөр төлөгч миний бие нь төлбөр авагч М......д 88 000 000 төгрөгийг төлж барагдуулахаас 51 220 000 төгрөгийг бэлэн мөнгөөр төлж барагдуулсаар байна. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас иргэн миний Ү-..... дугаарт бүртгэлтэй ..... дүүргийн 18-р хороо 4-р хороолол /160630/ Амарсанаа гудамж ..... байрны ** тоот хаяг байрлалтай 93,17 мкв орон сууцыг зах зээлийн ханшнаас хэт багаар үнэлүүлж надад илтэд хохирол учруулж байгаад гомдолтой байна. Тус орон сууцыг барьцаанд оруулаагүй, мөн мөнгөн хэлбэрээр өр төлбөрөө барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсныг шүүхээс шүүгчийн захирамж гарч баталгаажуулсан. Миний бие одоогоор төлбөрөө ч төлж барагдуулж байна. Иймээс Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газраас иргэн миний амь амьдралын гол зүй болох орон байрыг минь хэт доогуур үнэлгээ гаргуулсан тул энэ үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү. Мөн З.Б.. миний бие 2020.04.17-ны өдөр Н......тэй үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулан нотариатчаар гэрчлүүлж, ..... дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, Амарсанаа гудамж, ..... байрны ** тоот хаягтай 93,17 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 90 000 000 төгрөгөөр худалдан борлуулахаар болсон. Гэрээ байгуулсан өдөртөө багтаан орон сууцны төлбөр тооцоогоо дуусган хоёр талаасаа акт үйлдэн баталгаажуулсан болно. Үүний дараагаар Н...... байрыг хүлээн авч, түлхүүрийг нь солиод нүүж орсон. Орон сууцны үнийг бүрэн төлж, нүүн орж бодитоор эзэмшилдээ авснаар Н...... нь хууль ёсны өмчлөгч болж, үүнийг хожим шүүхийн шийдвэрээр баталгаажуулсан. Гэтэл миний нэгэнтээ худалдан борлуулсан, надад хамааралгүй болсон хойно шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас битүүмжлэх, хураан авах ажиллагааг хууль бусаар явуулсан байна. Энэ үед хууль ёсоор худалдсан, төлбөр тооцоогоо төлж өмчлөгч болсон талаар 2020.05.14-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолд тэмдэглүүлж, холбогдох гомдол саналыг удаа дараа гаргаж байсан бөгөөд 2020.05.22-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай 5/03 дугаар тогтоолоор гомдлыг хүлээн авахгүй талаар бидэнд мэдэгдэж байсан. Битүүмжлэх, хураан авах ажиллагааг явуулсны улмаас өмчлөх эрхээ баталгаажуулж, гэрчилгээг гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Констракшн коммершл инвестмент ББСБ-ын зээлийн барьцаанд бүртгэлтэй, зээл барьцааны асуудлаар шүүхийн шийдвэр гарсан байсан учир энэхүү барьцааг чөлөөлөх гэж Н...... миний өмнөөс төлбөрийг төлж өгч байсан. Шийдвэр гүйцэтгэх байгууллага ийнхүү төлбөр төлмөгц чөлөөлж, Н.*******ийг өмчлөх эрхээ баталгаажуулах нөхцөлийг хангана гэж байсан боловч төлбөрөө төлснийх нь дараа дахиад өөр хүний шүүхийн шийдвэртэй байна гээд битүүмжилж, Н.*******ийг маш ихээр хохироогоод байгаа юм. Миний хувьд битүүмжлэх, хураан авах ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас явуулж байх үед орон сууцыг миний өмчлөлийн зүйл биш болсон, Н.*******ийн өмч болсон талаар хэлж байсан. З.Б.. намайг өмчлөх эрхээ шилжүүлсэн талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага мэдсэн хэр нь бусад этгээдийн өмчлөлийн зүйл дээр явуулж буй хууль бус ажиллагааг зогсоолгүй үргэлжлүүлсэн. Хураан авах, битүүмжлэх ажиллагааны хүрээнд хөндлөнгийн гэрч оролцуулах хуулиар тогтоосон журмыг зөрчиж тухайн асуудал хамааралтай, сонирхлын зөрчил бүхий Н.*******ийн төрсөн охин О......ийг хөндлөнгийн гэрчээр татан оролцуулж хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн. Миний бие З.Б.. нь М...... гэх хүнд өр төлбөртэй боловч орон сууцыг түүний барьцаанд тавьсан зүйл байхгүй. Ийм учир хууль зүйн хувьд огт хамааралгүй бусдын өмчлөлийн зүйл болсон хөрөнгө дээр битүүмжлэх, хураан авах ажиллагааг хийх нь анхнаасаа буруу байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс Н.*******ийг хууль ёсны өмчлөгч гэж тогтоосон зүйл алга гэх зэргээр үндэслэлгүй тайлбар хэлж байсан. Энэ явдлын улмаас Н...... Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, 2020.09.15-ны өдрийн 184/ШШ2020/02778 тоот шүүхийн шийдвэрээр Н.*******ийг хууль ёсны өмчлөгч болохыг тогтоосон. Иймээс Н.*******ийн хууль ёсны өмч болох Улсын бүртгэлийн Ү-..... дугаартай, Нийслэлийн ..... дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, Амарсанаа гудамж, ..... байр, ** тоотод байрлах, 93,17 м.кв талбай бүхий орон сууцанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд явуулсан битүүмжлэх, хураан авах ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020.06.22-ны өдөр хийсэн үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнд таарахгүй, мөн үнэлгээ нь хуульд заасан журмын дагуу явагдаагүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон битүүмжилсэн, хурааж авсан ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй байна. Уг байр нь байршил сайтай давхар өндөртэй зах зээлийн үнэлгээгээр 400 000 000 төгрөгөөр үнэлэгдэж байдаг. 2020 оны 06 сард нэхэмжлэгч үнийн саналаа өгч байсан ч үнийг багасгаад 193 000 000 төгрөгөөр үнэлсэн байгаа нь Б..ын эрх ашигт маш их хохиролтой байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээ хийсэн үнэлгээчин томилсон тогтоол дээр Виннэр Вэй ХХК-ийг томилсон. Гэтэл үнэлгээ хийсэн асуудал дээр О.******** гэж үнэлгээчин шинжилгээ хийсэн. Тусгай зөвшөөрөлгүй компанийг шинжээчээр томилсон, хаа хамаагүй О.******** гэх хүнээр дүгнэлт гаргасан нь шүүхийн шинжилгээний тухай хуульд нийцэхгүй байгаа тул үнэлгээ хүчин төгөлдөр бус байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ..... дүүрэг 18-р хороо 4-р хороолол Амарсанаа гудамж ..... байрны ** тоот орон сууцанд битүүмжлэх ажиллагааг хийсэн. Тухайн байранд битүүмжлэх ажиллагаа явагдах үед буюу 2020.05.14-нийн өдрийн байдлаар өмчлөлийн асуудал Н......д 2020.04.17-ны өдөр байрыг шилжүүлсэн байгаа. Гэрээ нь хэрэгт байгаа, үүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хэлсэн. Битүүмжлэх ажиллагаа явуулахдаа Н.*******ийн өмчийн байранд очоод Н.*******ийн охин О......ийг байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явж байна гээд ямар нэгэн баримт, тогтоол шийдвэр танилцуулаагүй бөгөөд өөрөө үйл ажиллагаанд гэрчээр оролцуулна гээд гарын үсэг зуруулсан. Н......, О...... нар нь ашиг сонирхлын зөрчилтэй, энэ байрыг худалдаж аваад амьдарч байгаа хүнийг хөндлөнгийн гэрчээр оруулсан. Ямар нэгэн хууль, битүүмжлэх ажиллагаа нь ямар тогтоол шийдвэрийн дагуу явагдаж байгааг танилцуулаагүй, гарын үсэг зур гээд зуруулсан. Хуулийн зүйл заалт, журмуудыг зөрчсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үнэлгээ хийсэн, битүүмжилсэн, хураасан үйл ажиллагаа нь хууль бус байгаа тул энэ үйл ажиллагааг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү. Эрх ашиг нь зөрчигдөөд байгаа Н.*******ийн өмчийн энэ байрыг битүүмжээс нь болиулж өгөхийг хүсэж байна. Мөн байртай холбоотой ажиллагаа хууль бус тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.09.12-ны өдрийн 183/Ш**019/10318 дугаар захирамжаар З.Б..оос 37 055 000 төгрөгийг гаргуулж М......д олгохоор шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу төлбөр төлөгчийн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэхэд шаардлагатай баримт бичиг, лавлагаа, тодорхойлолт, хөрөнгийн тухай мэдүүлэг гаргуулан, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг гардуулахад биелүүлээгүй тул харилцах болон хадгаламжийн данс нь дахь мөнгөн хөрөнгөөс суутгал хийх тухай мэдэгдлийг арилжааны банкнуудад хүргүүлэхэд, данс эзэмшдэггүй, үлдэгдэл хүрэлцэхгүй талаар хариу ирүүлсэн байна. Иймд төлбөр төлөгчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-..... дугаарт бүртгэлтэй, ..... дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол Амарсанаа гудамж ..... байр ** тоот хаягт байршилтай 93.17 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу 2020.5.14-ний өдрийн *******/02 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн *******/03 тоот тогтоолоор хураан авч, тогтоолын хувийг төлбөр төлөгчид гардуулан өгч, тэмдэглэл хөтөлсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад З.Б.. нь өөрийн өмчлөлийн ..... дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол Амарсанаа гудамж ..... байр ** тоот хаягт байршилтай 93.17 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 418 000 000 төгрөгөөр үнэлэх тухай үнийн саналыг өгсөн ба төлбөр авагч М...... нь зах зээлийн үнийг шинжээч томилуулан гаргуулах хүсэлтийг тус тус ирүүлсэн. Иймд тус албаны 2020.06.17-ны өдрийн 6/341 тоот шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Виннэр Вэй ХХК-ийн томилж зах зээлийн үнийгээ тогтоолгоход төлбөр төлөгч З.Б..ын өмчлөлийн ..... байр ** тоот хаягт байршилтай 93.17 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 192 199 000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний мэдэгдлийг 2020.06.22-ны өдөр төлбөр төлөгч З.Б..од *******утсаар болон биечлэн мэдэгдэж тэмдэглэл хөтөлсөн байна. Мөн хуульд нийцээгүй ажиллагаа явуулсан гэж байгаагийн хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86.1.Төлбөрийг төлбөр төлөгч-иргэний банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, эсхүл үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулна гэж заасан. 86.4.Төлбөр төлөгч-иргэнд мөнгөн хөрөнгө байхгүй, эсхүл мөнгөн хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөөс төлбөрийг гаргуулж болно гэж заасан тул төлбөр төлөгчийн өмчлөлийн байранд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Мөн 86.9.Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс зайлсхийх, төлбөрт суутгаж болзошгүй хөрөнгийг нуун далдлах зорилгоор хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх бөгөөд төлбөр авагч Иргэний хуулийн 56.4-т заасны дагуу түүний үр дагаврыг арилгуулах, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардлага гаргах эрхтэй гэж байгаа. Өмчлөлийн эд хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжсэн байхад танайх яагаад ажиллагаа хийгээд байгаа юм байна гэж байна. Нэхэмжлэгчтэй 2 удаа уулзахдаа эрх үүргийг танилцуулсан. Мөн 5 сарын 22-ны өдөр уулзахдаа эрх үүргийг танилцуулсан эрх үүрэг танилцуулахдаа шийдвэр гүйцэгчдэд үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх хөрөнгийн үнийн санал өгөх, хөрөнгийг зарж үрэгдүүлсэн бэлэглэсэн, худалдсан бол шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэнэ гэж хэлсэн. Үүний дагуу амаараа яриад байхаар нь төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлгийг авсан. Хөрөнгийн мэдүүлгийг авахад төлбөр төлөгч Б..оос үл хөдлөх хөрөнгө байгаа юу гэхэд байхгүй гэсэн. Бусдын эзэмшилд байгаа өөрийн өмчлөлийн хөрөнгө, ирээдүйд бий болох бусад хөрөнгө байгаа юу гэхэд байхгүй гэж мэдүүлсэн. Мөн шүүхийн шийдвэр гаргаснаас хойш бусдад шилжүүлсэн бэлэглэсэн эд хөрөнгө орлого, хэзээ хэнд бэлэглэсэн шилжүүлсэн эсэх дээр тийм юм байхгүй гэж хөрөнгийн мэдүүлэг дээр дурдсан байгаа. Охиныг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан гэдэг дээр энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41.1.Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагаанд хөндлөнгийн гэрчийн оролцуулна гэж заасан. Битүүмжлэхэд яагаад хөндлөнгийн гэрчээр оролцуулсан бэ гэхээр тухайн үед ирэхэд чи байсан, ирэхэд байсан гэдэг утгаар гарын үсэг зуруулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49.1.Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно. 49.2.Энэ хуулийн 49.1-д заасан эрхийг хязгаарлах хүрээ болон хугацааг тухайн хөрөнгийн шинж чанар, гүйцэтгэх үүрэг, түүнийг эзэмшиж, ашиглаж байгаа хэлбэр, гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг биелүүлэхэд эзлэх хувийг харгалзан шийдвэр гүйцэтгэгч бие даан тогтооно гэж заасан байгаа. Шийдвэр гүйцэтгэгч дараах зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжилнэ. 1-т худалдан борлуулах, хөрөнгийг хамгаалах, 2-т хөрөнгийг хураах, 3-т худалдан борлуулах, эсвэл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд хөрөнгө төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураана гэж байгаа. 56.1.Шийдвэр гүйцэтгэгч битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийг хадгалалт хамгаалалтыг үйлдээд төлбөр төлөгч сайн дураараа худалдан борлуулаагүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэх энэ хуульд заасан журмын дагуу худалдан борлуулна гэж дээрх хуульд заасан. Иймд төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа нь хуулийн дагуу байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв

 

Гуравдагч этгээд Н...... шүүхэд гаргасан тайлбартаа: ...Н...... миний бие 2020.04.17-ны өдөр иргэн З.Б..той Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулан нотариатчаар гэрчлүүлж, ..... дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, Амарсанаа гудамж, ..... байрны ** тоот хаягтай 93,17 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 90 000 000 төгрөгөөр худалдан авахаар болсон юм. Гэрээ байгуулсан өдөртөө багтаан орон сууцны төлбөр тооцоогоо дуусган төлж, хоёр талаасаа энэ тухай акт үйлдэн баталгаажуулсан болно. Үүний дараагаар би өөрийн эхнэрийн хамт байрыг хүлээн авч, түлхүүрийг нь солиод нүүж орсон болно. Орон сууцны үнийг бүрэн төлж, нүүн орж бодитоор эзэмшилдээ авснаар миний бие хууль ёсны өмчлөгч болсон юм.Гэтэл энэ өдрөөс хойш шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас удаа дараа ирж, М...... гэх огт танихгүй, миний ямар ч өр төлбөргүй, урьд өмнө уулзаж байгаагүй хүний өрийг төлүүлэх зорилгоор миний өмчлөлийн орон сууцыг битүүмжлэх, хураан авах зэрэг ажиллагааг хууль бусаар явуулсан юм. Энэ үед хууль ёсоор худалдан авсан, төлбөр тооцоогоо төлж өмчлөгч болсон талаар хэлж тэмдэглүүлж, холбогдох гомдол саналыг удаа дараа гаргаж байсан боловч хүлээн аваагүй болно. Битүүмжлэх, хураан авах ажиллагааг явуулсны улмаас өмчлөх эрхээ баталгаажуулж, гэрчилгээг гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Битүүмжлэх, хураан авах ажиллагааг шүүхийн -шийдвэр гүйцэтгэх байгууллагаас явуулж байх үед З.Б.. нь орон сууцыг миний өмчлөлийн зүйл биш болсон, Н.*******ийн өмч болсон талаар хэлж байсан. З.Б..ыг өмчлөх эрхээ шилжүүлсэн талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага мэдсэн хэр нь миний өмчлөлийн зүйл дээр явуулж буй хууль бус ажиллагааг зогсоолгүй үргэлжлүүлсэн болно. З.Б.. нь М...... гэх хүнд өр төлбөртэй боловч орон сууцыг барьцаанд тавьсан зүйл байхгүй. Ийм учир хууль зүйн хувьд миний өмчлөлийн зүйл болсон хөрөнгө дээр битүүмжлэх, хураан авах ажиллагааг хийх нь анхнаасаа буруу байсан юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс танайхыг хууль ёсны өмчлөгч гэж тогтоосон зүйл алга гэх зэргээр үндэслэлгүй тайлбар хэлж байсан. Энэ явдлын улмаас Сонгинохайрхан дүүргийН иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, 2020.09.15-ны өдрийн 184/ШШ2020/02778 тоот шүүхийн шийдвэрээр Н...... намайг хууль ёсны өмчлөгч болохыг тогтоосон. Иймээс Н...... миний хууль ёсны өмч болох Улсын бүртгэлийн Ү-..... дугаартай, ..... дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, Амарсанаа гудамж, ..... байр, ** тоотод байрлах, 93,17 м.кв талбай бүхий орон сууцанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд явуулсан битүүмжлэх, хураан авах ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Н.*******ийн өмгөөлөгч С.Ялалт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Хариуцагчийн тайлбараар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад ..... нь байрыг худалдаж авсан болж байна. Б.. нь ББСБ, ..... гэж хоёр байгууллагад өртэй байсан байна. ББСБ-ын өр болох 28 000 000 төгрөгийг дараад байрыг нь чөлөөлөөд нэр дээрээ гаргах боломж бололцоо бүрдэнэ гэж тайлбарлаад өр төлбөрийг барагдуулсан байдаг. Энэ нь ББСБ-ын тодорхойлолт, нэхэмжлэгч талын тайлбаруудаар, хариуцагч байгууллагын төлөөлөгчид хэлсэн тэмдэглэл нь хэрэгт авагдсан байгаа. ..... нь анхнаасаа өмчлөгч явсан, өөрийнхөө нэр дээр гэрчилгээ гаргуулахын тулд ББСБ-ын өрийг чинь хүртэл төлсөн гэж хэлсэн. Шийдвэр гүйцэтгэгч өр төлсний дараа өөр нэг шийдвэр гүйцэтгэл бас давхар явагдаад байна гээд ****** гэдэг хүн лүү ярьсан байсан. Гэтэл ****** нь дахиад энэ өрийг нь төл гэсэн. Байрны үнэ 90 000 000 төгрөгийг төлчхөөд, нэмээд .....ын өрийг яаж төлөх юм бэ, ингэж иргэнийг хохироож болох уу? Шийдвэр гүйцэтгэх алба ёс зүйгээ баримталж ажиллах ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчин төгөлдөр гэж үзвэл ..... нь аль хэдийн хууль ёсны өмчлөгч болсон хүн байгаа. Хууль ёсны өмчлөгчөөр тогтоогдоодн, өр төлбөрийг 4 сарын 17-ны өдөр төлж барагдуулсан. ..... нь 2 жил энэ байрандаа амьдарсан бөгөөд 2 жилийн хугацаанд шүүхээр Б..той маргалдаж явсан. ..... нь 3 хүүхэдтэй айлыг бодох хэрэгтэй. Хууль эрх зүйн талаасаа өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй ч хууль эрх зүйн талаасаа өмчлөх эрх нь .....д үүссэн гэдгийг Сонгинохайрхан дүүргийн шүүх тогтоож өгсөн. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй, танай байгууллагад маш их гомдол гаргаж явсан. Гомдлууд нь хэрэгт байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар удаашруулах зорилготойгоор орж ирсэн гэвэл тэр хүн яагаад тэр байранд амьдраад байна вэ? Сонгинохайрхан дүүргийн шүүх нь төлбөр мөнгө төлөөд барагдуулсан, амьдарч байсан гэдгийг тогтоосон. ББСБ-ын бичиг дээр ....., түүний эхнэр 2 нийлээд төлбөрийг төлж барагдуулсан нь тодорхой бичигдсэн баримт байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хууль ёсны өмчлөгч нь *******ийн нэр дээр гарсан мэдсэн нөхцөлд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цааш үргэлжлүүлэх ёсгүй. Өртэй этгээд дээр ажиллагаа явах нь хуваарийн дагуу боломжтой. Хөрөнгө үнэлж байгаа ажиллагааны үндэс суурь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн тогтоол байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн тогтоолыг ахлах шийдвэр гүйцэгч гаргадаг. Ахлах шийдвэр гүйцэгч нь ажиллагаа үүсэх эрх зүйн баримт бичиг хуульд нийцэж байна уу гэдгийг шалгагдаж, холбогдох тойргийн шийдвэр гүйцэтгэгчийг хуваарилдаг. Хэрэгт авагдсан үүсгэх тогтоолын 2-дахь заалтадр ямар шийдвэр гүйцэтгэгч, аль тойрогт хуваарладсан нь байхгүй байна. ******** гэдэг шийдвэр гүйцэтгэгч 3,4 сар ажиллагаа хийсэн, тэр нь хуваарлагдаагүй хэрэг дээр дур мэдэж орж ажиллагаа хийж болохгүй. Шийдвэр гүйцэгч ****** ямар шийдвэрээр, яаж шийдвэр гүйцэтгэх хувийн хэргийг өөртөө шилжүүлж авч ажиллагаа хийж байгаа нь хэрэгт авагдсан баримтаас харагдахгүй. Эхлээд ******** гэдэг шийдвэр гүйцэтгэгч харагдаж байгаа боловч тухайн шийдвэр гүйцэтгэгчийг хуваарилсан баримт байхгүй. Битүүмжлэх ажиллагааны хувьд ..... нь хадгалагч, хөндлөнгийн гэрчээр орсон байна. Битүүмжлэх ажиллагаа хийхэд гэрч байлцуулах шаардлагагүй гэж хэлж байх шиг байна. 41.1-д орон байранд нэвтрэх тохиолдолд хөндлөнгийн гэрч байцуулахаар заасан. Нэвтрэхгүйгээр битүүмжлэх ажиллагаа хийх боломжгүй тул хөндлөнгийн гэрч оролцуулсан гэдгийг бид мэдэж байгаа. Хөндлөнгийн гэрч оролцуулах журам дээр хуулийн 41.3-д хувийн сонирхолгүй этгээд байх ёстой. Хавтаст хэрэгт авагдсанаар О...... нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн охин , хувийн ашиг сонирхолгүй этгээд байх ёстой тул энэ ажиллагаа нь хуулийн хүчин төгөлдөр бус байна. Шинжээчийн хувьд хөрөнгийн үнэлгээний тухай хуулиар хувь хүн байдаг. Хувь хүнд тусгай зөвшөөрөл олгодог, гэтэл компанийг сонгосон байгаа. Компани нь хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй субъект биш, дүгнэлтийг харахад хувь гэж шинжээч тамга дараад, эсвэл компани гэж тамга дараад хэн нь дүгнэлт гаргаад байгаа нь ойлгомжгүй байна. Шүүхийн шийдвэр нь өөр хууль ёсны өмчлөгчид халдах эсэхийг шийдвэрлэж байна. Хөрөнгийн үнэлгээ хийх цаад зорилго ..... гэдэг өөр хууль ёсны өмчлөгчийн хөрөнгөд халдах зорилготой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа юм. Үүнийг анхаарч шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газард өргөдөл өгсний дагуу 2019.12.22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол үйлдээд ******** гэдэг шийдвэр гүйцэтгэгч нэг ч ажиллагаа хийгээгүй. Тэр хүнийг олохгүй байна, лавлагаа авсан гээд байсан. Тэгээд Б..ын байгаа газрыг олоод өг гээд байхаар нь 2020.03.02-ны өдөр ******** гэдэг шийдвэр гүйцэгч ажиллагаа хийж чадахгүй байна, хүнээ олохгүй байна гээд гомдол гаргасан. Түүний дараа 3 сарын 20-ын өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хариу мэдэгдэх хуудас ирсэн. Түүн дээр ..... дүүрэг 18-р хороо 4-р хороолол Амарсанаа гудамж ..... байрны ** тоотод үл хөдлөх хөрөнгөтэй юм байна. Үүнийг бид захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлж, албан бичгийг холбогдох байгууллагад хүргүүлээд байсан гэсэн. Түүнээс хойш ******** байхгүй болсон. ****** гэдэг шийдвэр гүйцэтгэгчтэй уулзахад энэ хүн нь ажиллагаа явуулахгүй байсан тул гомдол гаргаад 5 сарын 14-ний өдөр тухайн байран дээр үл хөдлөх битүүмжлэх тухай тогтоол үйлдээд ажиллагаа хуулийн дагуу явж байгаа. Гэтэл Б.. гомдол гаргаад энэ байран дээр үнэлгээ хийлгэхгүй бол болохгүй гэхээр нь үнэлгээний төлбөрийг би өөрөөсөө төлөөд тухайн байрыг үнэлүүлсэн. Үнэлгээний байгууллагын үнэлгээг Б.. хүлээн зөвшөөрөхгүй гээд байгаа. байрыг 400 000 000 төгрөгийн үнэтэй байр байсан гээд байгаа боловч .....д 2020.04.17-ны өдөр 90 000 000 төгрөгөөр зарсан байдаг. Худалдах худалдан авах гэрээ нь хэрэгт байгаа. Б.. нь 300 000 000 төгрөгөөр хохирох гээд байна гээд байгаа бол яагаад байраа 90 000 000 төгрөгөөр зарсан бэ? Зах зээлийн ханшаар үнэлгээний газар илүү үнээр үнэлсэн байна. *******ийн хууль ёсны өмчлөлд байсан гээд байгаа. 3 сарын 20-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас надад өгсөн хариу мэдэгдэх хуудсан дээр ..... биш Б.. гэдэг хүний өмчлөлд байна гэсэн. Үүнийг улсын бүртгэлийн газраас авсан лавлагаа. Б..ын нэр дээр байсан хөрөнгийг битүүмжлэнгүүт 4 сарын 17-ны өдөр Н......тэй худалдах худалдан авах гэрээ хийсэн байна. Би хохирлоо барагдуул гэхэд Б.. нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр өөрөө нэг удаа ирж 3 000 000 төгрөгийг өгсөн. Үүнээс өөр ямар ч төлбөр төлөөгүй. ..... нь хууль ёсны өмчлөгч байсан бол улсын бүртгэл дээр энэ гарч ирэхгүй байсан гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.Б.. нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан ..... дүүргийн 18 дугаар хороо, 4 хороолол, Амарсанаа гудамж, ..... байр, ** тоот хаягт байрлалтай Ү-..... улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ний өдрийн 183/ШШ2019/10318 дугаар Талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулах болгох тухай захирамжаар З.Б..оос 36 795 000 төгрөг гаргуулахаар эвлэрсэн байна. /хх-ийн 19/

 

Н.... тус шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШЗ2019/10318 дугаар захирамж болон 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн дагуу бичигдсэн 183/ГХ2019/01126 дугаар гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна. /хх-ийн 16, 17, 18, 19/

 

Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч З.Б.. нь шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага үүргийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу ажиллагаа явуулж ..... дүүргийн 18 дугаар хороо, 4 хороолол, Амарсанаа гудамж, ** байр, ** тоот хаягт бүртгэлтэй, улсын бүртгэлийн Ү-..... дугаартай 93,17 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг олж тогтоон, мөн хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу битүүмжилсэн байна.

 

Төлбөр төлөгч нь барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 1 м.кв талбайг 4 500 000 төгрөг буюу 418 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч эс зөвшөөрч шинжээч томилуулах саналыг ирүүлсэн байна. /хх-ийн 56, 64/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч болон үүрэг гүйцэтгүүлэгч нар дуудлага худалдаагаар худалдагдах эд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны дугаар сарын 17-ны өдрийн 6/341 дүгээр Шинжээч томилох тухай тогтоолоор төлбөр төлөгч З.Б..ын өмчлөлийн улсын эрхийн бүртгэлийн Ү-..... дугаартай, ..... дүүргийн 18 дугаар хороо, 4 хороолол, Амарсанаа гудамж, ..... байр, ** тоот хаягт байрлах 93,17 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнэлгээг тогтоолгохоор хөндлөнгийн үнэлгээний байгууллага болох Виннэр Вэй ХХК-ийг шинжээчээр томилсон нь хууль зөрчөөгүй байна.

 

Виннэр Вэй ХХК нь **,17 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг 192 199 000 төгрөгөөр үнэлж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн *****/**433 тоот албан бичгээр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон мэдэгдлийг төлбөр төлөгч З.Б..од 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гардуулан өгсөн байна. /хх-94/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө, мөн хуулийн 55.7-т Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо тус шүүхэд 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гаргасан нь хуульд заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч З.Б.. нь Виннэр Вэй ХХК-ийн үнэлсэн үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэх үндэслэлээр үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч маргааны зүйл болох орон сууцыг 418 000 000 төгрөгийн үнэлгээтэй болох талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тогтоолгосон үнэлгээг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч З.Б..ын Н....т холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Гуравдагч этгээд Н...... Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын явуулсан Улсын бүртгэлийн Ү-..... дугаартай, ..... дүүргийн 18 дугаар хороо, 4 хороолол, Амарсанаа гудамж, ..... байр, ** тоот хаягт байрлалтай 93.17 м.кв талбайтай 3 өрөө байрыг битүүмжилсэн, хураан авах ажиллагааг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлага гаргасан боловч үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байх тул хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч З.Б.. нь дээр дурдсан 3 өрөө бүхий 93.17 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан атал гуравдагч этгээд Н...... нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагааг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлага гаргасан нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамтад нь шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Гуравдагч этгээд Н...... өөрийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзвэл энэхүү асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах нь нээлттэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Н....т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай З.Б..ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Тус шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШЗ2020/10013 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ