Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 89

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, Ч.Отгонбаяр, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Ж.Саранбадам,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Н.Дамбадаржаа,

Шүүгдэгч Б.Мөнхбат, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн /0929/ нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаангууд овгийн Батхуягийн Мөнхбатад холбогдох эрүүгийн 201626020812 дугаартай хэргийг 2017 оны  02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1981 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс буриад, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хэрэгт холбогдохын өмнө хувиараа барилгын засал хийж байсан, ам бүл 1, Дорнод аймаг Хэрлэн сум , 8-р баг, Баялаг 6 гудамж 01 тоотод хаягийн бүртгэлтэй, Баянгол дүүргийн 12 дугаар хороо 38а дугаар нийтийн байранд түрээсэлж амьдрах, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Цагаангууд овогт Батхуягийн Мөнхбат  /РД:ЖВ81030111/.

 

Яллах дүгнэлтэд бичсэнээр үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Мөнхбат нь 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 06 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар палас төвийн ард Пумагийн 12 дугаар байрны орчим хохирогч Ж.Болортуяагийн эд зүйлсийг дээрэмдэн авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн толгой руу нь гараараа цохиж, цээжрүү нь хөлөөрөө өшиглөн биед нь тархи доргилт, баруун хацар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстад шарх, баруун хацрын цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулан цаасны хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн довтолж, хохирогчид 250,000 төгрөгийн хохирол учруулсан хүнд гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнхбат мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн бөгөөд яллах дүгнэлтэд тодорхой бичигдсэн байна. Шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

            Мөрдөн байцаалтанд хохирогч Ж.Болортуяа мэдүүлэхдээ: “...2016 оны 3 дугаар сарын 04-нд өглөө 06 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар паласын арын Пумагийн 12 дугаар байрны орчимд явж байтал 35 аас 40 орчим настай залуу миний араас гүйж ирээд намайг цохиж унагаад миний цээжин дээр дэвсээд цаасны хутга гаргаж ирээд хувцасаа тайл, мөнгөө өг, гар утсаа гаргаад ир гэхээр нь би нүүр лүү нь хартал манай 41 дүгээр байрны зүүн талд байх хэрчсэн гурилийн үйлдвэрт ажилдаг залуу байхаар нь та гурилийн цехд ажилдаг хүн байна шүү дээ та яаж байгаа юм бэ гэсэн чинь цаасныхаа хутгыг хаячихаад зугтаад явахаар нь цагдаа дуудаад 41 дүгээр байрны зүүн талд байх хэрчсэн гурилийн цех дээр очтол намайг цохиж унагасан Мөнхбат гэдэг залуу байхаар нь чи намайг энэ хутгаар айлгаж зодсон биз дээ нүүр лүү нь чичилсэн чинь үзүүр нь гарсанг анзаараагүй нүүрийг нь зүссэн юм. Тэгээд л цагдаа ирээд өргөдөл гаргасан юм. ...шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцлаа хүлээн зөвшөөрөхгүй би 4 долоон хоногтой жирэмсэн байсан ураг гэмтсэн учир урагаа таслуулсан байгаа...” гэжээ. /хх 14, 15 хуу/

 

            Дахин байцаалтад хохирогч Ж.Болортуяа мэдүүлэхдээ: “...миний өмнө өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв. Харин би тухайн үед дээрэмдүүлсэн гэх Скай 860 маркийн гар утсыг олчихсон. Би хэрэг болох өдрийн өмнөх өдөр найзынхаа гэрт нь өөрийн Скай 860 маркийн гар утсаа үлдээгээд явчихсан байсан байна. Саяхан манай найз надад миний гар утсыг авчирч өгсөн. Би тэр залуугаас ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй...би хэрэг өдрийн өмнөх өдөр Модны -2 байдаг найзынхаа гэрт найзуудынхаа хамт төрсөн өдрийн баяр тэмдэглэж архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би өглөө хичээлдээ явах гээд гэрлүүгээ явах үед би бага зэрэг согтолттой байсан болохоор зарим зүйлийг бага зэрэг санахгүй байсан. Өмнө андуураад мэдүүлсэн байх, уучлаарай. …надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх 85 хуу/

 

                        Гэрч Т.Отгонжаргал мэдүүлэхдээ: “...Би Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 41 дүгээр байрны 35 тоотод амьдардаг, АШУҮИС-д хамт сурдаг Болортуяа эгчийн гэрийн хажуу өрөөг түрээсэлдэг. 2016 оны 3 дугаар сарын 04-ны өглөө Болортуяа эгч гэртэй хүнд дээрэмдүүлчихлээ гэж орж ирсэн. Болортуяа эгчийн хувцас нь цас болчихсон, амнаас нь цус гарчихсан, баруун гар нь шалбарсан, шилэн тирко нь урагдсан байсан байдалтай орж ирсэн. Харин дээрэмдсэн хүнээ өмнө харж байсан, байрны хажуу талын гурилын үйлдвэрт ажилладаг гэж хэлж байсан. Тухайн үед манай ах манай гэрт ирчихсэн байсан болохоор Болортуяа эгч манай ахтай хамт нөгөө хүнийг барьхаар гарч явсан. Тэгээд гаднаас орж ирэх үедээ нөгөө дээрэмдсэн хүнээ санаандгүй зүсчихлээ гэж ярьж байсан...манай ах хөдөө гэртэй байгаа. Холбоо барих боломжгүй газарт байгаа юм. Сүүлд сураг сонсоход алтны уурхай руу явсан гэж хэлж байсан...” гэжээ. /хх 19 хуу/    

 

            Гэрч Т.Ууганбаяр мэдүүлэхдээ: “...Би Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бугат-67 чиглэлд 2016 оны 3 дугаар сарын 3-аас 04-нд шилжих шөнө эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. 2016 оны 3 дугаар сарын 04-ны өглөө 07 цагийн үед байх Бугат-10-аас Улаанбаатар паласын хойд талд эмэгтэй хүн дээрэмдүүллээ гэх дуудлагаар очиход хэргийн газар хэн ч байгаагүй. Тэгээд дуудлага өгсөн утас руу залгаж хаана байгааг асуухад Баянгол дүүргийн 6 дугаар хороо 41 дүгээр байрны хойд талд өргөтгөлд үйл ажиллагаа явуулдаг гурилын үйлдвэрт дээрэмдсэн хүн нь байна гэж хэлэхээр нь очсон. Намайг уг гурилын үйлдвэр лүү ороход дотор нь 2 эрэгтэй, 1 эмэгтэй байсан. Тэр эмэгтэй нь гартаа цэнхэр өнгийн цаасны хутга бариад зогсож байсан. Харин дээрэмдсэн гэх залуугийн нүүр, хүзүү нь зүсүүлсэн шинжтэй цус гарчихсан зогсож байсан. Тэгээд цэнхэр өнгийн цаасны хутгыг эмэгтэйгээс хураан авч дээрэмдсэн гэх залуугийн хамт Бугат-10-т хүлээлгэн өгсөн...” гэжээ. /хх 64 хуу/

             

                        Шинжээч эмч Д.Мөнхбатын мэдүүлэг: “....Ж.Болортуяа нь шүүх эмнэлэгт үзүүлэх үедээ 4-5 долоо хоногтой жирэмсэн байсан. Тэр нь тодорхой байсан. Зовиур болон үзлэгээр жирэмслэлтийн талаас ураг зулбаж буй шинж тэмдэг байгаагүй. Ямар шалтгаанаар ураг зулбасныг тогтоох боломжгүй...” гэжээ. /хх 86 хуу/

 

            Хохирогч Ж.Болортуяаг дахин байцаасан тэмдэглэлд: “...Би 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 4-өөс 5 хоногтой жирэмсэн байсан. Харин хэрэг гарсан өдрийн дараа өдрөөс миний биенээс доошоо шингэн зүйл гарч эхэлсэн. Би 1-р төрөх эмнэлэгт очиж үзүүлэх үед ураг хэвийн өсөлттэй байна, цаашид ураг тогтох боломжтой гэж хэлж байсан. Тухайн үед би ургаа таслуулах шийдвэрийг өөрөө гаргаж хүсэлт бичиж ураг хөндүүлэх ажилбар хийлгэсэн. Одоо миний биеийн байдал хэвийн байдалтай байгаа. Ураг хөндүүлэх болсон шалтгаан нь миний хувийн нууцтай холбоотой. Миний ураг хөндүүлэх шалтгаантай намайг дээрэмдсэн гэх Мөнхбаттай огт хамааралгүй. Энэ тал дээр надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /хх 164 хуу/

 

            Гэрч Н.Тунгалагтамир мэдүүлэхдээ: “...Жаргалнасан овогтой Болортуяа гэх хүнийг танихгүй. 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Ж.Болортуяа нь өөрийн хүсэлтээр эмийн үр хөндөлт хийлгэхийг хүссэн хүсэлт гаргасаны дараагаар үр хөндөлтийн түүх /0316/  нээлгэж үр хөндөлт хийлгэсэн. Эм яаж уух зааварчилгааг би өгсөн. Ж.Болортуяа нь ураг хөндүүлэх үедээ 3-н 7 хоногтой байсан учир урагын амьтай амьгүй байсан эсэхийг шалгах боломжгүй. Урагын зүрхний цохилт 6-н 7 хоногтойгоос цохилж эхэлдэг тул тухайн үед өсөж яваа ураг байсан учир амьтай ураг байх магадлалтай.

            Ж.Болортуяа нь 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдөр бусдад зодуулсан үедээ ураг гэмтсэн бол ураг өөрөө зулбаж гардаг. Ж.Болортуяа нь 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр манай эмнэлгээр үйлчлүүлж ураг хөндүүлэх үедээ ураг нь ураг өсөж байсан учир үр хөндөлт хийлгэсэн тул энэ үед зулбаагүй байсан байна. Ж.Болортуяа нь үр хөндүүлэх шалтгаанаа хүсэлтдээ тусгасан байна. ...2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Ж.Болортуяагын ураг зулбаагүй байсан...” гэжээ. /хх 147 хуу/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №3204 дугаартай дүгнэлтэд: 1. Болортуяагийн биед тархи доргилт, баруун хацар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстад шарх, баруун хацрын цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэж дүгнэжээ. /хх 20 хуу/

 

                        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 2 дугаар сарын 17-ний өдрийн 320 дугаартай дүгнэлтэд: 1.Ж.Болортуяа нь гэмтлийн улмаас ураг зулбаагүй байна. 2. Ж.Болортуяа нь үр хөндүүлэх үеийн оношинд 3 долоо хоногтой жирэмсэн гэсэн байх тул жирэмслэлт хэвийн эсэхийг тогтоох боломжгүй байна гэжээ. /хх 162-163 хуу/

 

                        Шүүгдэгч Б.Мөнхбатын иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 41, 43 хуу/

           Хохирогч Ж.Болортуяагийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,  өвчний түүх /хх 44, 48, 69-75 хуу/

            Үр хөндөлтийн түүх /хх 150-151, 159-161 хуу/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

                        Шүүхийн дүгнэлт:

            Шүүгдэгч Б.Мөнхбат нь 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 06 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар палас төвийн ард Пумагийн 12 дугаар байрны орчим хохирогч Ж.Болортуяагийн эд зүйлсийг дээрэмдэн авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн толгой руу нь гараараа цохиж, цээжрүү нь хөлөөрөө өшиглөн биед нь тархи доргилт, баруун хацар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстад шарх, баруун хацрын цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж, цаасны хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн довтолж, хохиргчид 250,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Ж.Болортуяа /хх 14-15, 85, 164/, хохирогч Б.Мөнхбат /хх 17-18/, гэрч Т.Отгонжаргал /хх 19/, Т.Ууганбаяр /хх 64/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 3204 /хх 20/, 2017 оны 2 дугаар сарын 17-ний өдрийн 320 дугаартай дүгнэлт /хх 162-163/, шинжээч эмч Д.Мөнхбат /хх 86/, шүүгдэгч Б.Мөнхбатын иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 41, 43/, хохирогч Ж.Болортуяагийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,  өвчний түүх /хх 44, 48, 69-75/, гэрч Н.Тунгалагтамир /хх 147/, үр хөндөлтийн түүх /хх 150-151, 159-161/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 2 дугаар сарын 17-ний өдрийн 320 дугаартай дүгнэлт /хх 162-163/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

           

            Иймд шүүгдэгч Б.Мөнхбатыг бусдын эд зүйлийг дээрэмдэн авах зорилгоор зэвсгийн чанартай зүйл хэрэглэн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтлон дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Б.Мөнхбат нь бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Анх удаа гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Б.Мөнхбат нь бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж чанар бага зэргийг харгалзан шүүхээс оногдуулах хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах, дээрх нөхцөл байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Мөнхбатын цагдан хоригдсон 107 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цэнхэр өнгийн цаасны хутгыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, иргэний бичиг баримт хавсаргаж ирүүлээгүй, шүүгдэгч хохирогчид 250.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдлаа.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Цагаангууд овогт Батхуягийн Мөнхбатыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар шүүгдэгч Цагаангууд овогт Батхуягийн Мөнхбатыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 05 /тав/ сарын хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Мөнхбатад оногдуулсан 03 жил 05 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхбатын цагдан хоригдсон 107 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цэнхэр өнгийн цаасны хутгыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, иргэний бичиг баримт хавсаргаж ирүүлээгүй, шүүгдэгч хохирогчид 250.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Мөнхбатын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мөнхбатын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

                        ДАРГАЛАГЧ

                        ШҮҮГЧ                                                                                  Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                        ШҮҮГЧИД                                                                Ч.ОТГОНБАЯР

 

 

                                                                                                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ