Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2022/0365

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М*********** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М*********** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнханд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч *******   нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр анх шүүхэд “Нийслэлийн Засаг даргад хандсан 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг шийдвэрлэхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгах[1]” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.2. Дээрх нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Нийслэлийн Засаг даргад хандсан 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хүсэлтийг үндэслэлгүйгээр татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийн дагуу газрын байршлыг шилжүүлэх тухай шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах[2]” гэж эцсийн байдлаар тодруулан өөрчилсөн болно.

Хоёр. Маргааны үйл баримтын тухайд:

2.1. Нэхэмжлэгчид анх Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 64* дүгээр захирамжаар хур хог цэвэрлэсэн гэх үндэслэлээр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Төмрийн заводын  урд цэцэрлэгийн зориулалтаар 216 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлжээ[3].

2.2. Гэтэл уг газар нь дулааны төв 5б магистраль шугамаас 5 метрийн зайтай  байрлаж байгаа болох нь Улаанбаатар хотын дулааны сүлжээ ТӨХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2/2020 албан бичгээр тогтоогдсон[4].

2.3. Гэсэн хэдий ч 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Нийслэлийн өмчийн харилцааны газрын Барилгажсан талбайн дэвсгэр газрын төлөв, байдал чанарын улсын хянан баталгааны “...газар ашиглалтын аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйл одоогоор байхгүй, ...энд ахуйн болон үйлдвэрийн хог хаягдал, овоолсон шороо ихтэй,... цаашид хог хаягдлыг зөөж тэгшлэх...” гэх дүгнэлтийг[5] үндэслэн дээрх газрыг Нийслэлийн Засаг дарга 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/524 дүгээр захирамжаар 15 жилийн хугацаагаар үйлчилгээний зориулалтаар баталгаажуулан эзэмшүүлжээ.

2.4. Хожим нэхэмжлэгч Д.Г *********** олгосон газар нь инженерийн шугам сүлжээтэй давхцалтай байна гэх үндэслэлээр Нийслэлийн Засаг даргад хандан “газрыг байршлыг шилжүүлэх” хүсэлтийг гаргасныг Нийслэлийн Засаг дарга хүлээн авч холбогдох албан тушаалтнаараа дамжуулан 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 02-06/6759 дүгээр албан бичгээр “...хүсэлт гаргасан газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасны дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй мөн инженерийн шугам, сүлжээ бүхий газрын хамгаалалтын бүсэд хамаарч байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэх хариуг өгсөн байна.

2.5. Нэхэмжлэгчээс дээрх хариуг эс зөвшөөрч 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан болно.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “…2018, 2019 оноос эхлэн нэгэнт тус газрыг зориулалтын дагуу ашиглуулах боломжгүй тул газрын байршлыг өөр ашиглах боломжтой талбайд шилжүүлэн өгөх хүсэлтийг бусдын эзэмшил ашиглалтад байхгүй талбай байршилд шилжүүлэн өгөх тус байршлыг өөрийн зүгээс хайж олсон боловч шийдвэр гаргаж өгөлгүй байсаар өөр иргэн, хуулийн этгээдийн зүгээс хүсэлт гарган эзэмшилдээ авсан байдаг.

Хамгийн сүүлд 2021 оны 9 дүгээр сарын 22-ны хүсэлтээр нэгэнт дээрх эзэмшлийн газраа хууль болон гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжгүй байгаа тул уг газрын эрхийг Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газарт шилжүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргаж өгөхийг хүссэн боловч үндэслэлгүйгээр ямар нэг шийдвэр гаргалгүй хуулийн хугацааг өнгөрүүлж хууль бус эс үйлдэхүй гарган эрх, хууль ёсны ашиг сонирхлыг минь хөндсөн тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.

Миний бие Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмшигчийн эрхээ эдэлж чадахгүй өнөөдрийг хүрсэн ба энэхүү асуудлыг шийдвэрлэж өгөх, өөрийн санаачилсны дагуу хуульд нийцүүлэн байршлыг шилжүүлсэн шийдвэр гаргаж өгөхийг хүсэхэд хүртэл хууль бусаар хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа нь илтэд үндэслэлгүй хууль бус эс үйлдэхүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл анх газрыг олгохдоо эзэмшиж болно гэсний дагуу зориулалтын дагуу ашиглах үүднээс холбогдох байгууллагад хандсан, ашиглах боломжийг олгоно гэж итгэж хүлээсэн, өөрөө эзэмшүүлэх боломжтой байршил олж тус газарт эрхийг минь шилжүүлэн өгөхийг хүссэн, эцэст нь өөрсдөө та бүхэн боломжтой газраа шилжүүлэн олгож өгөхийг хүсэхэд дээрх байдлаар хандаж байгаа нь цаашид хариуцагч байгууллагад дахин итгэж хүлээх боломжгүй.

...Газрын тухай хуульд нэгэнт эрх бүхий байгууллагын зүгээс ашиглуулах боломжгүй байгаа газрыг газар эзэмшигчтэй тохиролцсоны дагуу нөхөн олговор өгч авах эсхүл өөр байршилд шилжүүлэн газрыг нь сольж авах сонголт хуулийн боломж байхад үүнийг ашиглахгүй байгаад маш их гомдолтой байна...” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М***********  шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...*******   нь Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах 216 м.кв газрыг Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/64* дугаар захирамжаар “хур хог цэвэрлэсэн” гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхтэй болсон. Тухайн газар дээр үйл ажиллагаа явуулах зорилгоор холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл хүсэхэд “инженерийн шугам, сүлжээтэй  давхцаж байгаа тул ямар нэгэн үйл ажиллагаа явуулах, барилга байгууламж барих боломжгүй байна” гэсэн агуулгатай албан бичиг ирсэн. *******   нь дахин Нийслэлийн Засаг даргад 2013 онд “Тухайн газрыг баталгаажуулж өгөөч” гэсэн хүсэлт гаргаж байсан. Үүний дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас дуудлага худалдааны анхны үнийг төлснөөр Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/524 дүгээр захирамжаар тус газрын эзэмших эрхийг олгож газрын гэрчилгээгээ авсан байдаг.

Газар эзэмших эрхээ авсан тул тус газраа үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахаар холбогдох байгууллагад хандсан боловч дахин инженерийн шугам сүлжээтэй давхацсан байна гэсэн хариу өгсөн тул Нийслэлийн Засаг даргад 2018, 2019 онд “тухайн эзэмшиж авсан газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй байгаа тул газар эзэмших эрхийн байршлыг шилжүүлж өгөөч” гэсэн агуулгаар нэхэмжлэгч хүсэлт гаргаж байсан. *******   нь бусдын эзэмшлийн газартай давхцаагүй, тус газарт хүсэлт гаргаж байгаагүй тийм байршилтай газрыг өөрөө олоод тус газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай хүсэлтийг 2018, 2019 онд Нийслэлийн Засаг даргад гаргаж байсан. Нийслэлийн Засаг даргаас энэ талаар хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байсаар тус газар нь өөр этгээдийн нэр дээр шилжсэн тул тус байршилд газар эзэмших эрх авах боломжгүй нөхцөл байдал үүссэн. 2021 онд Нийслэлийн Засаг даргад дахин бусдын эзэмших, ашиглах газартай давхцаагүй газарт шилжүүлж өгөөч гэсэн хүсэлт дахин гаргасан боловч хуульд заасан 30 хоногийн дотор хариуг өгөөгүй учир шүүхэд хандсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа  Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн албан бичгээр  инженерийн шугам сүлжээтэй давхацсан, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдэг үндэслэлээр татгалзсан байдаг. Шүүх холбогдох баримтуудыг цуглуулахад инженерийн шугам сүлжээтэй давхцаагүй байна гэсэн баримт ирсэн. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдэг шалтгаанаар тус хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байгаа нь *******  ийн гаргасан  хүсэлтийн үндсэн агуулгыг ойлгоогүй гэдгийг харуулж байна. 

Нийслэлийн Засаг даргаас өөрөө газар эзэмших эрхийг олгож, зориулалтын дагуу ашиглах эрхийг хангаж өгөхгүй, судлаагүй байж газрын газар эзэмших эрхийн байршлыг  солихоос татгалзаж байгааг нь хуульд нийцэхгүй байна. Тус газрын эзэмших эрх нь *******  ийн нэр дээр байдаг ч бодит байдал дээр Нийслэлийн Засаг даргын болон Баянгол дүүргээс тохижилт, түр зам болон авто машины зам барьсан байдаг. Тохижил хийсэн газар нь инженерийн шугам, сүлжээ, траншейны нүх байрласан байрласан байдаг. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан Нийслэлийн Засаг даргын үйлдэл нь үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү....” гэв.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Нэхэмжлэгч талын гаргасан газрын байршлыг шилжүүлэх тухай асуудлыг Нийслэлийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр шийдвэр гаргаж албан бичгээр хариуг өгсөн. Нийслэлийн Засаг даргад газрын байршлыг шилжүүлэх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй. Тиймээс Нийслэлийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй учир татгалзсан хариу өгсөн байдаг. Газрын байршлыг шилжүүлэх талаар хуулийн ямар нэгэн зохицуулалт байдаггүй. Тиймээс асуудлыг шийдэх боломжгүй байна гэж үзэж байна...” гэв.

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Дөрөв. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.2 Нийслэлийн Засаг дарга 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/524 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 216 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, үйлчилгээний зориулалтаар иргэн *******  т баталгаажуулан эзэмшүүлжээ.

4.3.Гэтэл тус 18641309607345 нэгж талбарын дугаар бүхий газар нь Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 08/314 дүгээр албан бичиг, түүний хавсралтад дурдсанаар инженерийн шугам сүлжээ буюу бохир усны шугамтай давхцалтай болох нь тогтоогдсон[6].

4.4. Нэхэмжлэгч *******   өөрийн эзэмшиж буй газрыг “инженерийн шугам сүлжээтэй давхцалтай” гэх үндэслэлээр тус газрын байршлыг Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд шилжүүлэхээр 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүсэлт[7] гаргахад тус газраас 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “...Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд 2500 м.кв газар болгон шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг хууль эрх зүйн хүрээнд судалж үзэхэд Газрын тухай хуульд байршил шилжүүлэх тухай зүйл, заалт тусгагдаагүй байх тул тус хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна...” гэсэн хариу[8]-г өгчээ.

4.5. Улмаар дээрх үндэслэлээрээ 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандан газрын байршлыг Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэхээр хүсэлт[9] гаргасныг хариуцагч судлан үзээд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 02-06/6759 дүгээр албан бичгээр “...хүсэлт гаргасан газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасны дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй мөн инженерийн шугам, сүлжээ бүхий газрын хамгаалалтын бүсэд хамаарч байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэх хариуг өгсөн байна.

4.6. Эдгээр хариуг эс зөвшөөрч буй үндэслэлээ шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлд “Гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авахад нөхөх олговор олгох” эсхүл Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлд “Гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авах” гэсэн заасныг баримтлан газрын байршлыг шилжүүлэх боломжтой” гэж маргасан.

4.7. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Нэхэмжлэгч талын гаргасан газрын байршлыг шилжүүлэх тухай асуудлыг Нийслэлийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр шийдвэр гаргаж албан бичгээр хариуг өгсөн. Нийслэлийн Засаг даргад газрын байршлыг шилжүүлэх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй. Тиймээс Нийслэлийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй учир татгалзсан хариу өгсөн” гэж тайлбарласан болно.

4.8. Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлд “Гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авах”, 42.1-т “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно.”, мөн хуулийн 43 дугаар зүйлд “Гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авахад нөхөх олговор олгох”, 43.1-т “Газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь энэ хуулийн 42.3-т заасан гэрээ байгуулсны дараа хууль болон уг гэрээнд өөрөөр заагаагүй бол ийнхүү гэрээ байгуулсан өдрөөс хойш 90 хоногийн дотор холбогдох газрыг чөлөөлж, тухайн шатны Засаг даргын мэдэлд шилжүүлнэ”  гэж заасан.

4.9.Хуулийн дээрх зохицуулалт нь зөвхөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах харилцааг зохицуулсан байна.

4.10.Харин энэ тохиолдолд нэхэмжлэгч *******  ийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах бодит шаардлага үүсээгүй, хуульд энэхүү маргааны үйл баримттай холбоотой асуудлыг хэрхэн зохицуулах талаар тусгаагүй байхгүй тул уг асуудлыг Нийслэлийн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд татгалзаж шийдвэрлэсэн Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасантай нийцэж байна.

4.11.Хариуцагчийн захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэрийн улмаас  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

4.12.Энэ талаар нэхэмжлэгчээс бодит үндэслэлийг нэрлэн зааж маргаагүй болно.

4.13. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд *******  ийн эзэмшиж буй Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Төмрийн заводын урд цэцэрлэгийн зориулалтаар 216 м.кв газар дээр Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргаас 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “Барилгажсан талбайн дэвсгэр газрын төлөв, байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлт”-ийг олгохдоо бодит байдалд огт нийцэмгүй дүгнэлт хийсэн болох нь шүүхээс маргаан бүхий газар дээр хийсэн үзлэг, түүний тэмдэглэл, фото зургаар тогтоогдсон[10].

4.14.Тодруулбал, бодит байдал дээр нэхэмжлэгч *******  ийн эзэмшиж буй  газар нь авто замтай шууд залгаа байрлах ба бүхэлдээ цементлэгдэж, эко хавтангаар бүрэгдсэн байхаас гадна бусдын эзэмшиж буй газрын орц гарцыг хаасан[11] байдалтай байсан болно.

4.15.Иймд дээрх үндэслэлүүдээр *******  аас Нийслэлийн Засаг даргад хандсан 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хүсэлтийг үндэслэлгүйгээр татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийн дагуу газрын байршлыг шилжүүлэх тухай шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д тус тус  заасныг баримтлан *******  ийн Нийслэлийн Засаг даргад хандсан 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хүсэлтийг үндэслэлгүйгээр татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийн дагуу газрын байршлыг шилжүүлэх тухай шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.БАТБААТАР

 

 

[1] Хавтаст хэргийн 1 хуудас

[2] Хавтаст хэргийн 168 хуудас

[3]  Хавтас хэргийн 10-11 хуудас

[4] Хавтас хэргийн 59 хуудас

[5] Хавтас хэргийн 7 хуудас

[6] Хавтас хэргийн 68-69 хуудас

[7] Хавтаст хэргийн 37 хуудас

[8] Хавтаст хэргийн 43 хуудас

[9] Хавтаст хэргийн 46  хуудас

[10] Хавтас хэргийн 82-83 хуудас

[11] Хавтаст хэргийн 84-86 хуудас