Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2021/00321

 

2021 оны 02 сарын 04 өдөр                         Дугаар 183/ШШ2021/00321                         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: д.м

 

Хариуцагч: э ХХК

 

Гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйн алданги 72,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У , хариуцагчийн өмгөөлөгч Э.Х , нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдан авагч Д.Ц  миний бие 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “А ” ХХК-тай “Орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээ” байгуулсан. Тус гэрээгээр “А ” ХХК болон “Э ” ХХК-ийн хооронд 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан Орон сууц захиалгаар барих гэрээг үндэслэн Улаанбаатар хот, ...... дүүрэг 4-р хороо Арцатын аманд баригдаж буй Х сити 2 хотхоны 1-р ээлжийн 6-р блокийн 1-р орц С тоот хаягт байрлах 55.12 м.кв 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг эрх шилжүүлэн авагчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. Тус үл хөдлөх хөрөнгө нийт 145.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашинаар бартер хийн худалдан авч, гэрээний эрхийг шилжүүлсэн авсан. 0000 УНЯ дугаартай ВМW маркийн WВА8А160901NU4896 дугаартай авто машиныг 60.000.000 төгрөгт тооцож, Гаалийн 022141012-19-IO4523R дугаартай мэдүүлэг бүхий Мercedes Вenz С250 Вlue ТЕС маркийн автомашиныг 85.000.000 төгрөгт тооцож, Улаанбаатар хот, ..... дүүрэг, 4-р хороо, Арцатын аманд баригдаж буй Х  сити 2 хотхоны 1-р ээлжийн 6-р блокийн 1-р орц С тоот хаягт байрлах 55.12 м.кв 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг эрх шилжүүлэн авах гэрээний дагуу худалдан авсан. 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан Орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээгээр “А ” ХХК болон “Э ” ХХК-ийн хооронд 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан Орон сууц захиалгаар барих гэрээний бүх заалт, эрх, үүрэг, эрх шилжүүлэн авагч Д.Ц-т шилжсэн болно. 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан Орон сууц захиалгаар барих гэрээний 2.1 дэх хэсэгт “Гүйцэтгэгч барилга угсралтын ажлыг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан дуусгавар болгоно” гэж заасан. Гэтэл барилга өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байгаа бөгөөд гэрээнд заасан хугацаа өөрчлөгдсөн эсэхэд ямар нэгэн тайлбар, хүсэлт гаргаагүй байсаар байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.”, 232.7-д “Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхтэй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй ” гэж тус тус заасны дагуу Орон сууц захиалгаар барих гэрээний 6.3 дахь хэсэгт “Гүйцэтгэгч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд буюу 2020 оны 1 улиралд багтаан ашиглалтад оруулж, Захиалагчид хүлээлгэж өгөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5-тай тэнцэх алдангийг Захиалагчид төлнө” гэж заасан. Гэрээний 6.3-т заасан зөрчлийг гаргаснаас хойш нийт 131 хоног болж байгаа бөгөөд мөнгөн дүнгээр тооцоход хоногт 725.000 төгрөг, нийт 94.975.000 төгрөгийн алданги болж байна. Иргэний хуульд заасны дагуу анзын нийт дүн гүйцэтгээгүй уургийн үнийн дунгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул нэхэмжлэгчийн зүгээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 72.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Түүнчлэн Гүйцэтгэгч нь удаа дараа гэрээг зөрчиж, гэрээний зөрчлүүдийг гаргасаар ирсэн. Анх гэрээ байгуулахад захиалагч нарт 1 м.кв-ийн үнэ 2.000.000 төгрөг байхаар тохирч, байгуулж байсан боловч одоогийн захиалга өгч буй шинэ захиалагч нарт орон сууцны 1 м.кв-ийн үнэ 1.350.000 төгрөгөөр худалдаалж байгаа, мөн анх орон сууц захиалахад өрөө бүрт уналттай тааз хийх, цонхны тавцанг чулуун материалаар хийнэ гэж тус тус тохиролцсон боловч өнөөдрийн байдлаар уналттай тааз болон чулуун тавцанг хийж чадахгүй гэсэн хариу өгч байна. Энэ нь захиалагч буюу нэхэмжлэгчид ихээхэн хохирол учруулж байгаа болно. Түүнчлэн Х  сити хотхоны газар нь Арцатын аманд байрлах газар бөгөөд Газрын тухай хуульд зааснаар аялал жуулчлалын зориулалтаар ашиглагдах учиртай газар байсан тул газрын маргаантай явсаар байна. Газрын маргаан нь даамжирч, улсын комисс тус шалтгаанаас болж хүлээн авахаас татгалзаж байна гэж нэхэмжлэгч үзэж байна. Дээрх шалтгаан нөхцөлүүдээс болж нэхэмжлэгчийн эрх ноцтой зөрчигдсөөр байна. Дээрх асуудлаар удаа дараа Гүйцэтгэгч компани болох Эрин инвестмент ХХК-ийн төв байранд очиж холбогдох ажилтантай уулзаж, өргөдлөө өгсөн боловч өнөөдрийг хүртэл албан хариу өгөөгүй, гэрээний үүргээ зөрчсөөр байна. Анх эрх шилжүүлэгч болон эрх хүлээн авагч, гүйцэтгэгч компани болох Э  ХХК-тэй гурван талт гэрээ байгуулах тухай мэдэгдэж, шаардлага тавьсан боловч гэрээ байгуулах шаардлагагүй гэж үзэж гэрээг байгуулаагүй. Тиймээс хариуцагчид эрх хүлээн авч байгаа тухай тодорхой мэдэгдсэн байдаг. Орон сууц нь шинээр баригдаж буй барилга тул байр орох хугацаа хүртэл нэхэмжлэгч байр түрээслэн суусаар байна. Гэрээнд заасны дагуу орон сууц хугацаандаа орсон бол нэхэмжлэгчийн хувьд хохирол учрахгүй байсан. Гэтэл нэхэмжлэгч нь 3 сараас хойш нөхөр, хүүхдийн хамт байр түрээслэн амьдарч байна. Энэ бол бодит хохирол гэж үзэж байна. Иймээс худалдах, худалдан авах гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй алданги болох 72.500.000 төгрөгийг хариуцагч Э  ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “Э т' ХХК нь 2019 оны 05 сарын 14-ний өдөр “А ’' ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр “А ” ХХК нь ......... дүүрэг, Богдхан уулын ДЦГ, Арцатын задгайд барилгын ажил гүйцэтгэх үүрэг хүлээсэн бөгөөд тус гэрээний төлбөрт бэлэн бусаар гэрээний 3.1 дэх хэсэгт заасан орон сууцуудыг “А " ХХК-д хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. Энэхүү Ажил гүйцэтгэх гэрээний 7.1 дэх хэсэгт “Гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд дуусгавар болгоогүй тохиолдолд ажил дуусгаагүй хоног тутамд гүйцэтгээгүй ажлын үнийн дүнгийн 0,05 хувьтай тэнцэх алдангийг Захиалагчид төлнө. Захиалагч алдангийг Гүйцэтгэгчид төлөх дараагийн төлбөрөөс хасаж тооцно” гэж заасан байдаг. Манай компани Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт шилжүүлж буй 192.4 м.кв орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэх зорилгоор 2019 оны 10 сарын 19-ний өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулан “А ” ХХК-д хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. Тус гэрээ нь 2019 оны 05 сарын 14-ний өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээнд заагдсан орон сууцуудыг шилжүүлэхтэй холбогдуулан байгуулсан гэрээ юм. Тус гэрээний 6.2 дахь хэсэгт “Захиалагч орон сууцны төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй төлбөрийн 0,5%-тай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө" гэж заасныг талууд үлдсэн гэрээ болох Ажил гүйцэтгэх гэрээний алдангитай холбоотой заалттай нийцүүлэн 0,05%-н алданги төлөхөөр харилцан албан бичиг хүргүүлж тохиролцсон байдаг. Иймд нэхэмжлэгч Д.Ц нь гэрээний алдангийг 0,5%-р тооцон нэхэмжлэх боломжгүй. Нэхэмжлэгч Д.Ц  нь 2019 оны 10 сарын 19-ний өдөр байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ"-ний оролцогч биш тул тус гэрээний дагуу манай компаниас алданги шаардах эрхгүй. Учир нь 2019 оны 10 сарын 19-ний өдөр манай компани болон “А " ХХК нь 2019 оны 05 сарын 14-ний өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт шилжүүлж буй 192.4 м.кв орон сууцыг шилжүүлэх зорилгоор “Орон сууц захиалан бариулах гэрээ" байгуулсан. Тус гэрээний дагуу “А ” ХХК-д шилжүүлэхээр болсон 192.4 м.кв орон сууцаас 67.52 м.кв орон сууцыг Д.Ц-т шилжүүлэхээр “Орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээ" байгуулсан байна. Гэтэл энэхүү эрх шилжүүлэх гэрээг байгуулахдаа “А ” ХХК нь манай компанид мэдэгдэж зөвшөөрөл аваагүй буюу бичгээр мэдэгдэл өгөөгүй. Манай компани “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний дагуу хүлээлгэн өгөх орон сууцыг гуравдагч этгээдэд шилжүүлэхийг зөвшөөрөөгүй. Иймд 2019 оны 10 сарын 19-ний өдрийн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний дагуу хүлээлгэн өгөх орон сууцыг хүлээн авах эрхийг хууль ёсны дагуу Д.Ц-т шилжсэн гэж үзэхгүй тул манай компани нэхэмжлэгч Д.Ц-т алданги төлөх хууль зүйн үндэслэлгүй байна. 2019 оны 10 сарын 19-ний өдрийн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-пий 6.2 дахь заалтыг үндэслэн үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг Д.Ц  хэрэгжүүлэх боломжгүй. Тухайн гэрээний нэг тал болох “А ” ХХК нь манай компанид хандан үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хэрэгжүүлэх боломжтой юм. Манай “Э” ХХК нь энэхүү хэрэгт хариуцагчаар оролцох хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгч нь “Орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу “А ” ХХК-г хариуцагчаар татан оролцуулах үндэслэлтэй. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Д.Ц-ын нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул түүний гаргасан 72.500.000 төгрөгийг манай компаниас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Д.Ц  нь “Э ” ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйн алданги 72.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч гэрээг нэхэмжлэгчтэй байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

“Э ” ХХК 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ХС23Г-19/07 тоот “Орон сууц захиалгаар барих гэрээ” байгуулж, ....... дүүрэг, Арцатын аманд баригдаж буй Х  сити-2 хотхоны 1 дүгээр ээлжийн 6 дугаар блокын 1 дүгээр орцны 4 дүгээр давхарын 55.12 м.кв талбай бүхий С тоот орон сууц, 3 давхарын 69.76 м.кв А тоот орон сууц, 3 дугаар давхарын 67.52 м.кв талбай бүхий В тоот орон сууцнуудыг захиалагч “А ” ХХК-нд хүлээлгэн өгөхөөр тохирчээ. /хх-ийн 9-10 дугаар тал/

 

Орон сууцны захиалагч “А ” ХХК 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Д.Ц-тай орон сууц захиалгаар барих ХС23Г-19/07 гэрээг үндэслэж, ........... дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын аманд баригдаж буй Х  сити-2 хотхоны 1 дүгээр ээлжийн 6 дугаар блокын 1 дүгээр орц С тоот хаягт байрлах 55.12 м.кв 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эрх шилжүүлэх гэрээгээр нэхэмжлэгчид шилжүүлэн өгчээ. /хх-ийн 7 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь эрх шилжүүлэн авах гэрээг үндэслэн орон сууц захиалгаар барих ХС23Г-19/07 гэрээний 2.1-д барилгыг 2020 оны 1 дүгээр улирлалд багтаан дуусгавар болгоно гэж заасан. Гэтэл өнөөдрийг хүртэл барилга ашиглалтад ороогүй байгаа тул гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй алданги 72.500.000 төгрөгийг “Э ” ХХК-иас гаргуулна гэжээ.

 

“Э ” ХХК, “А ” ХХК нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгаар барих ХС23Г-19/07 тоот гэрээний 5.2-т “гүйцэтгэгчээс зөвшөөрөл авснаас бусад тохиолдолд орон сууцыг хүлээн авах хүртэл хугацаанд орон сууцыг бусдад бэлэглэх, шилжүүлэх, худалдах, барьцаалах, түрээслэх, арилжих эрхгүй“ гэж заасан байх бөгөөд “А ” ХХК 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээ байгуулахдаа гүйцэтгэгч “Э ” ХХК-иас зөвшөөрөл авсан эсэх баримтгүй байна.

 

“А ” ХХК Д.Ц  орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэхдээ “Э ” ХХК-нд мэдэгдээгүй байгаа нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь заалт, орон сууц захиалгаар барих гэрээний 5.2 дахь заалтуудыг тус тус зөрчээ.

 

Мөн Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д “Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ” гэж заасан, зохигчийн хооронд байгуулагдсан эрх шилжүүлэх гэрээнд орон сууц захиалгаар бариулах гэрээний 6.3-д “гүйцэтгэгч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд буюу 2020 оны 1 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэж өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө” гэж заасан ба алданги шаардах эрхийг шилжүүлэх гэрээг бичгээр байгуулаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл /алданги/ анзын гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагыг хуульчилсан байх бөгөөд А ХХК Д.Ц-т орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэхдээ алданги шаардах эрхийг хуулийн дагуу олгоогүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Д.Ц  хариуцагч “Э ” ХХК-иас орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээгээр алданги 72.500.000 төгрөг шаардах эрхгүй байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д зааснаар Эрин инвестмент ХХК-нд холбогдох алданги 72.500.000 төгрөг гаргуулах тухай Д.Ц-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Ц-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 520.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

  

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.СОЛОНГО