| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2024/0225/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/205 |
| Огноо | 2024-02-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Мөнхболд |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/205
2024 02 27 2024/ШЦТ/205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Э.Мөнхболд,
шүүгдэгч С.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт … овогт С.Д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ************* дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч С.Д нь 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ….. дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ….. …..… давхарт саунд оруулаагүй гэх шалтгаанаар иргэн Л.С маргалдан түүний нүүр, толгойн тус газарт цохиж улмаар түүний биед хамар ясны хугарал, хамрын нуруу, хуйханд шарх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч С.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч С.Д-д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч С.Д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч С.Д нь 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр … дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ……. ……… давхарт саунд оруулаагүй гэх шалтгаанаар иргэн Л.С маргалдан түүний нүүр, толгойн тус газарт цохиж улмаар түүний биед хамар ясны хугарал, хамрын нуруу, хуйханд шарх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Л.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн 14 цагийн үед ….. дүүргийн …-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ….. …. саунаас гараад зохион байгуулагчид сауны түлхүүрийг өгчхөөд явж байхад … давхарт хамт ажилладаг С.Д таарахад С.Д нь "чи намайг саунд оруулсангүй" гэж хэлэхээр нь "би түлхүүрийг нь зохион байгуулагчид өгчихсөн" гэж хэлэхэд С.Д нь "чи саундаа үхээрэй, би орохгүй" гэж хэлэхээр нь би "чи юу гээд байгаа юм" гэж хэлэхэд Д нь миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлж цээж рүү түлхээд нүүр рүү нь нэг удаа цохисон, тэгээд нүүрээ хамгаалж гараараа дарахад миний толгой дээрээс гараараа олон удаа цохиж байгаад хөл рүү өшиглөсөн. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ...” гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 6-7/,
гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 17-н 18-ны өдрүүдэд 48 цаг …… ээлжид гарсан. Би тухайн үед харуул хийдэг байсан одоо бол би халагдсан ажиллахгүй байгаа. 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр намайг ажил дээрээ байхад хөнгөний багш С боксын багш Д нар үүд хэсэгт хоорондоо маргалдаад байгаа юм шиг байсан тэгж байснаа хөнгөний багш С нь боксын багш Д цохиод авсан тэгэхэд нь Д багш зөрүүлээд нэг цохиод тэгээд л 2 тийшээ салаад яваад өгчихсөн барьцалдаж зууралдсан юм хараагүй..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн "...Л.С-ийн биед хамар ясны хугарал, хамрын нуруу, хуйханд шарх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх дүгнэлт, /хх-ийн 8-9/,
Шүүгдэгч С.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны "...Надад ямар нэгэн санал гомдол байхгүй, ………. дугаартай прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг, /хх-ийн 34/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч С.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч С.Д нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч С.Д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч С.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч С.Д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгчийн хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч …….. овогт С.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д нь энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан С.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР