| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2024/0225/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/199 |
| Огноо | 2024-02-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/199
2024 02 27 2024/ШЦТ/199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч А.Оргилбаяр,
шүүгдэгч У.М , түүний өмгөөлөгч Н.Санчиндорж нарыг оролцуулан эрүүгийн ************дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
У.М нь согтуурсан үедээ 2022 оны 05 дугаар сарын 28-ны шөнийн 23 цагийн орчимд **** дүүргийн *** дугаар хороо *** дугаар байрны *** тоотод өөрийн найз Ц.М тай маргалдаж улмаар ууж байсан пивоны шилээр толгойн тус газарт нь цохnж эрүүл мэндэд нь “уруул, зуун зулайн хуйханд няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зулайн хуйх, баруун шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос У.М ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Ц.М ын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 7922 тоот актын дүгнэлт, шүүгдэгч У.М ын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар У.М нь согтуурсан үедээ 2022 оны 05 дугаар сарын 28-ны шөнийн 23 цагийн орчимд **** дүүргийн *** дугаар хороо *** дугаар байрны *** тоотод өөрийн найз Ц.М тай маргалдаж улмаар ууж байсан пивоны шилээр толгойн тус газарт нь цохnж эрүүл мэндэд нь “уруул, зуун зулайн хуйханд няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зулайн хуйх, баруун шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч У.М ын хохирогч Ц.М ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
Шүүгдэгч У.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “…Бид 2 тухайн үед найзын харилцаатай байсан. Тэгээд ажлаа тараад уулзахаар болсон. Уулзаад ганц 2 шар айраг ууж маргалдаад ийм асуудал гаргасан...” гэв.
шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2022 оны 5 дугаар сарын 28-ны 22 цагийн үед **** дүүргийн *** дугаар хороо *** дугаар байрны *** тоотод өөрийн найз Ц.М тай согтууруулах ундааны зүйл хэрэглэж сууж байгаа бид 2 хардалтын улмаас маргалдсан. Түүнээс болж би нэг зүйл аваад шидсэн. Яг юу авч шидсэнээ санахгүй байна. М цагдаад дуудлага өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51/,
хохирогч Ц.М ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Надад У.М нь 2022 оны 4 дүгээр сарын 16, 2022 оны 8 дугаар сарын 10-ны орой архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ агсам согтуу тавьж надад гэмтэл учруулсан байгаа. Би 4 дүгээр сарын 16-ны шөнө гэмтэд аваал Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд үзүүлсэн. Харин 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр З аймаг Т суманд байсан болохоор сумын эмнэлэгт боолт хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,
Зөрчлийн **********дугаартай хэргээс хуулбарласан материалууд /хх-ийн 47-52/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Б-ын 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 7922 дугаартай: “...1. Ц.М ын биед уруул, зүүн зулайн хуйханд няцарсан шарх, баруунд нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зулайн хуйх, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 31-32/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч У.М ын согтуурсан үедээ 2022 оны 05 дугаар сарын 28-ны шөнийн 23 цагийн орчимд **** дүүргийн *** дугаар хороо *** дугаар байрны *** тоотод өөрийн найз Ц.М тай маргалдаж улмаар ууж байсан пивоны шилээр толгойн тус газарт нь цохnж эрүүл мэндэд нь “уруул, зуун зулайн хуйханд няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зулайн хуйх, баруун шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч У.М-ын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч У.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 450 нэгжээр торгох ял оногдуулж, түүний үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 450.000 төгрөгийн торгох ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйг дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** овогт У.М ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч У.М ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.1-т зааснаар У.М ыг энэ тогтоолоор оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4.Шүүгдэгч У.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР