| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2024/0052/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/218 |
| Огноо | 2024-02-29 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/218
2024 02 29 2024/ШЦТ/218
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
улсын яллагч: Г.Нандин-Эрдэнэ,
хохирогч Г.Б түүний өмгөөлөгч Б.Уранцэцэг,
шүүгдэгч Л.Н түүний өмгөөлөгч Ц.Батмэнд нарыг оролцуулан эрүүгийн ********** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Л.Н нь 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 08 цаг 40 минутын орчимд **** дүүргийн *** дүгээр хороо, "Э" урд гарцан дээр "Toyota Prius-30" маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1 "Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө" гэх заалтыг зөрчсөний улмаас цахилгаан скүүтэртэй явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан Г.Б ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокуророос Л.Н ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Г.Б , гэрч Ч.Б , М.А нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээч эмийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №7354 тоот актын дүгнэлт, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, Баянзүрх техникийн хяналын үзлэгийн төвийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын мөрдөгч, Т.Б-ын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 701 тоот магадлагаа, шүүгдэгч Л.Н ийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Л.Н нь 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 08 цаг 40 минутын орчимд **** дүүргийн *** дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө, Монгол шуудангийн урд гарцан дээр "Toyota Prius-30" маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1 "Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө" гэх заалтыг зөрчсөний улмаас цахилгаан скүүтэртэй явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан Г.Б ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Н ийн дээрх Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хохирогч Г.Баяржаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Н ийн мэдүүлсэн: “...Тухайн өдөр 2023 оны 6 дугаар сарын 25-ний өдөр найз охиныхоо ээжийг эмнэлэгт хүргэхээр явж байсан. Төв шуудангийн урд уулзвараар тэмдэгтэй ногоон гэрлээр баруун эргэсэн. Уулзвар чөлөөтэй байсан тул гарч явж байсан скутертэй зорчигч гэнэт хурдтай орж ирээд мөргөлдсөн. Буугаад биеийн байдлыг нь асуугаад хамт гэмтлийн эмнэлэг ороод үзүүлнэ гэсэн чинь “би ажлынхаа эмнэлэгт ороод үзүүлнэ. Миний бие зүгээр байна” гэхэд нь би “эмнэлэг рүү явж байна хамт очоод зургийг чинь авхуулъя” гэсэн. Гэтэл “би зүгээр байна ажлынхаа эмчид очоод үзүүлнэ” гэж хэлсэн. Хэрэв зорчигч уулзвар нэвтэрч байхдаа дүрмээ баримталж цахилгаан скутерээ бариад гарсан бол би зам тавьж өгөх боломж нөхцөл бүрдэх байсан гэж бодож байгаа. Гэтэл гэнэт хурдтай ороод ирсэн болохоор харагдаагүй. Гэмтлийн эмнэлэгт хамтдаа очоод зургийг нь авхуулсан. Тэгээд хугарал гэмтэл байхгүй гэсэн онош гараад гэмтлийн эмнэлгийн урд “гомдол саналгүй гээд чи ч болгоомжтой яв би ч болгоомжтой явъя” гэж надад хэлээд гар бариад салсан. Гэтэл түүний дараа цагдаад гомдол мэдээлэл өгсөн байсан. Гэмтлийн эмнэлгээр авхуулсны дараа өдөр нь хувийн дүрс оношилгооны газар авхуулсан зураг хоёр дээр эргэлзээтэй асуудал үүсээд байгаа. Эхний үзүүлсэн эмнэлэгт хугарал гэмтэлгүй гэж гараад хоёр дахь үзүүлсэн хувийн эмнэлэгт нь нь хугарал гэмтэлтэй гэж гарсан нь эргэлзээтэй санагдаж байна...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “…Би 2023 оны 06 дугаар сарын 05-ны өглөө 08 цаг 30 минутын орчимд хойноосоо урагшаа чиглэлд явж байгаад Төв шуудангийн зүүн урд талын гэрэл дохион дээр ирээд нэмэлт ногоон гэрлээр баруун гар тийш эргэх үйлдэл хийж байхад шуудангийн урд талын явган хүний гарцан дээр 3 дугаар эгнээгээр эргээд ортол хойноосоо урагшаа чиглэлтэй цахилгаан скутэртэй хүн хурдтай яваад машины урдуур ороод ирсэн. Тэгээд тоормосоо гишгээд зогстол нөгөө скутэртэй хүнийг машины зүүн урд хэсгээр мөргөөд унагасан юм. Тэгээд машинаасаа бугаад очтол мөргүүлсэн хүн газар унаад босоод ирсэн байсан. Би тэр хүнээс “зүгээр үү” гэж асуусан чинь “би зүгээр ээ” гэж байсан. Тэгээд нөгөө хүнээ дагуулаад замын эсрэг талд гараад “эмнэлэг явах уу яах уу” гэж асуусан чинь “би зүгээр ээ ажил руугаа ороод эмчид үзүүлээдхий” гэж байсан. Тэгээд мөргүүлсэн хүнтэйгээ утсаар яриад “Гэмтлийн эмнэлэгт үзүүлээрэй” гэж хэлсэн гээд эмнэлэг дээр ирээд бид хоёр хамт ороод үзүүлсэн. Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн чинь “хугарал гэмтэл байхгүй байна. Зөөлөн эдийн гэмтэлтэй байна” гэсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэгийн үүдэн дээр тэр залуутай дахиж уулзаад ямар нэгэн гомдол санал байхгүй хоёулаа болгоомжтой явахгүй бол гээд гар бариад салсан юм. Тэгээд нөгөө хүний ар гэрээс нь над руу залгаад хууль дүрмийн дагуу явна аа гээд хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,
хохирогч Г.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тухайн өдөр өглөө эрт ажил руугаа явж байхдаа төв шуудангийн уулзвараар цахилгаан скутерээр явж байсан. Цахилгаан скутерийг барьж гарахад төвөгтэй байдаг. Тухайн үед ногоон гэрэл асаж, бүх хөдөлгөөн зогссон байсан. Тэгээд нэг мэдэхэд цагаан машинд мөргүүлээд шидэгдсэн. Би гүн шоконд орсон. Шүүгдэгч “Би хадам ээжийгээ яаралтай эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй байна. Үүний дараа Гэмтлийн эмнэлэг рүү явж үзүүлье” гэсэн. Миний утас замын гол руу шидэгдсэн байсан. Шүүгдэгч миний утсыг замын голоос авч ирж өгөөд машинаа хөдөлгөсөн. Шүүгдэгч надтай гэмтлийн эмнэлэг рүү шууд явахгүй гэсэн учир би яаралтай тусламж авах зорилгоор ажлынхаа эмчид үзүүлсэн. Тэгээд ажлын эмчид үзүүлэхэд Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв рүү явахыг зөвлөсөн учир би ажлынхаа хүнээр машинаа бариулаад Гэмтэл орсон. Энэ үед Н найз охиныхоо хамт ирсэн байсан. Тэгээд гэмтэл дээр очоод шинжилгээ хийлгэсэн. Одоо миний зүгээс шүүгдэгчээс гарч байгаа эмнэлгийн болон эд материалын зардлуудыг бол нэхэмжилж байна. Эмчилгээ болон гар утасны хохирол 3.187.139 төгрөг нэхэмжилж байна. Мөн би цэргийн хүн бөгөөд тухайн өдөр бэлтгэлээ хийхээр явж байсан бөгөөд шалгалтдаа орж чадаагүйн улмаас цаашид ажлаа хийх эсэх асуудал яригдаж байгаа. Мөн би тэтгэвэртээ гарах сүүлийн 5 жилийн хугацаа орсон байгаа тул чөлөө авах боломжгүй байдаг. Үүнээс шалтгаалан эмнэлэгт үзүүлж чадахгүй байна. Иймд сэтгэл санааны хувьд хохиролтой байгаа...” гэв.
мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр *** дүүргийн ** дугаар хороо, **** өргөн чөлөө, Т***гийн урд талын явган гарцан дээр скуүтертэй гарч яваад урдаасаа зүүн тийш эргэж байгаа Тоёота приус маркийн ***улсын дугаартай автомашинд мөргүүлсэн байгаа. Мөргүүлээд нөгөө талын эсрэг урсгалд уначихсан байсан. Нэлээн хол шидэгдэж унасан байсан. Би явган хүний гарцаар хойноосоо урагшаа чиглэлд зөвшөөрсөн ногоон гэрлээр гарч байсан. Намайг мөргөсөн машин нь ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлд яваад шуудангийн урд хэсгээр зүүн гар тийш эргэх үйлдэл хийхдээ гарцан дээр намайг мөргөсөн байгаа. Мөргүүлж унаснаас болж миний биед хүндэвтэр гэмтэл учирсан байна. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй уншиж танилцсан байгаа. Эмчилгээний зардал биеийн зураг авхуулсан, мөн эм тариа авсан гээд зардал гараад байгаа. Эцсийн байдлаар зардал гарч дуусаагүй байгаа. Нэг мөр авч ирнэ ээ. Гар утасны дэлгэц хагарч гэмтсэн байгаа, гар утсаа үнэлгээ хийлгэж нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. iPhone-12 загварын гар утас байгаа, дэлгэж солиход ямар үнэтэй байдгийг мэдэхгүй байна. Зах зээлийн ханшаар нь үнэлгээ хийлгэж төлүүлнэ ..." гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
иргэний нэхэмжлэгч С.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ганболд овогтой Б нь 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 206.000 төгрөг гарсныг яллагдагч Л.Н оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү... гэх мэдүүлэг /хх-ийн 17/,
гэрч Ч.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр манай ээж болох А , тэгээд би машин бариад Л.Н бид гурав явж байсан, тэгээд өглөө 08 цаг 40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр болох талбайн баруун талаар урагшаа яваад Төв шуудангаараа баруун гар тийш эргээд явж байхад явган хүний гарцан дээр цахилгаан скүүтэртэй эрэгтэй хүнийг мөргөсөн осол гарсан байгаа, тэгээд ослын дараа жолооч Н бид хоёр буугаад хартал махлаг биетэй өндөр нуруутай эрэгтэй хүн байсан. Тэгээд тэр залуу гэмтэл орох гэсэн чинь орохгүй ээ гээд яваад өгсөн. Би тухайн осол гарах үед машины хойд талд суугаад явж байсан. Урд талын сандал дээр манай ээж сууж явсан, тухайн скүүтэртэй хун нь хойноосоо урагшаа чиглэлд зам хөндлөн гарч байсан юм. жолооч ойролцоогоор 30 км цагийн хурдтай явж байсан гэж ойлгож байгаа, ямар ч байсан талбайн баруун талаар яваад л нэмэлт ногоон гэрэл асах үед баруун гар тийш эргэх үйлдэл хийгээд л явган хүний гарцаар хойноосоо урагшаа чиглэлд зам хөндлөн гарч байсан хүнийг машины урд хэсгээр мөргөж унагасан асуудал гарсан байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 21/,
гэрч М.А ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр охин Б , түүний найз залуу болох Л.Н нарын хамт эмнэлэгт үзүүлэх гээд явж байгаад Төв шуудангийн урд талын гэрэл дохиотой явган хүний гарцан дээр хойноосоо урагшаа чиглэлд гарцаар гарч байсан цахилгаан скүүтэртэй хүнийг мөргөөд унагачихсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24/
102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлага, лавлагааны хуудас /хх-2 хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүхийн анагаах ухааны хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Т.А-ий 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гаргасан 7354 дугаартай"... 1. Г.Б-н биед баруун 4, 5-р хавирганы хугарал, баруун гуяны булчин шөрмөсний заагийн суналт, баруун гуяны цус хуралт, өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 41-42/,
Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 49-55, 172/,
Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ийн “...Ай фоне 12 загварын эвдрэл нийт 1.275.000 төгрөг...” гэх дүгнэлт, /хх-ийн 67-69/,
2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Цагдаагийн ерөнхий газрын “...Жолоочийн үнэмлэхийн төлөв: Хүчинтэй..." гэх Л.Н ийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 77/,
Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Т.Б-ын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гаргасан 701 дугаартай мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 26/
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 963 дугаартай: “...2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 7354 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Г.Б-ын биед баруун 4, 5 дугаар хавирга, өвчүү ясны бүдэрхийн дээд хэсэгт зөрүүгүй далд хугарал, баруун гуяны булчин шөрмөсний заагийн суналт, баруун гуяны цус хуралт, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээч нарын дүгнэлт /хх-ийн 147-148/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Л.Н нь 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 08 цаг 40 минутын орчимд **** дүүргийн *** дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө, Монгол шуудангийн урд гарцан дээр "Toyota Prius-30" маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1 "Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө" гэх заалтыг зөрчсөний улмаас цахилгаан скүүтэртэй явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан Г.Б ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Л.Н ийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч Л.Н ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Л.Н ид 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Л.Н нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б нь эмчилгээ болон эм тариа, өмгөөлөгчийн хөлс, гар утасны хохиролд нийт 5.056.500 төгрөгийг, шүүхийн хэлэлцүүлэгт “Мамба Дацан” эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн талаарх 1.127.339 төгрөг нийт 6.183.839 төгрөг нэхэмжилсэн болно.
Шүүх уг нэхэмжлэлээс 5.056.500 төгрөгийн нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэв.
Харин “Мамба дацан” эмнэлэгт энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан ямар гэмтлийг эмчлүүлснийг нотолсон нотлох баримт байхгүй. Зөвхөн төлбөр төлсөн гэх баримтыг гаргаж өгсөн байх тул 1.127.339 төгрөгийн нэхэмжлэлийг энэ удаагийн шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхилоо.
Шүүгдэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн эмчилгээний зардалд 1.014.800 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчээс 4.041.700 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Б д олгов.
Мөн энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд тэрээр цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлүүлэхээр заасан ба Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн 206.000 төгрөгийг шүүгдэгч Л.Н нь шүүхийн шатанд төлсөн болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** овогт Л.Н ийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Н ийг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н нь энэ тогтоолоор оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Л.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Л.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н оос 4.041.700 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Б (РД:)-д олгосугай.
7.Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Н ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР