Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 91

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч А.Баясгалан

Хохирогч Б.Баянмөнх, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл /0303/

Шүүгдэгч Г.Энхтайван, түүний өмгөөлөгч З.Ариунцэцэг /1144/ нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Гомбожавын Энхтайванд холбогдох эрүүгийн 201726020196 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1974 оны 5 дугаар сарын 17-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 1-р хороо 61-164 тоотод оршин суух хаягтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, Боржигон овгийн Гомбожавын Энхтайван /РД:ХН74051777/.

 

Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичсэнээр/:

2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3-р эмнэлгийн хойд талд баригдаж буй шинэ барилгын 5 давхарт Г.Энхтайван нь иргэн Б.Баянмөнхтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Энхтайван мэдүүлэхдээ: “2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3-р эмнэлгийн хойд талд баригдаж буй шинэ барилгын 5 давхарт иргэн Б.Баянмөнхтэй байрны байршилаас болж маргалдсан. Баянмөнх эхнэр болон ахтайгаа ирсэн байсан. Тухайн байр гэрэлтүүлэггүй байсан бөгөөд Баянмөнхийн нуруу луу нь цохьсоноо санаж байна. Харин нүүр лүү нь цохьсоноо санахгүй байна. Тэгээд цагдаа дуудсан” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Баянмөнх мэдүүлэхдээ: “...2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 17-18 цагийн үед уг асуудал болсон. Энхтайваныг би 3 жилийн өмнөөс мэдэх болсон. Бид хоёр газар зарж байр өгч авалцах болсон ба энэ асуудал их удах болсон. Хохиролд 650.000 төгрөг авсан. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй. Бид сайн дураараа эвлэрсэн гэв.

 

Хохирогч Б.Баянмөнх мэдүүлэхдээ: “...2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 17-18 цагийн үед төрсөн ах Даваадорж надруу яриад Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Доктор авто сүлжээ автозасварын хойд талд баригдсан шинэ байрандаа иртэл Энхтайван гэх хүн хаалганы цоож солиод зогсож байна гэхээр нь …такси бариад яваад очтол 2 цагдаа ирчихсэн 5 давхарт Энхтайван эхнэртэйгээ, Даваадорж ах эхнэртэйгээ 4-үүлээ уулзаад зогсож байсан. Би очоод Энхдтайваныг надтай гэрээ хийгээд энэ байранд ор гээд оруулсан юм гэтэл цагдаа нар гэрээг үзээд энэ чинь иргэний маргаан байна гээд Энхтайван доош нь дагуулаад буусан. Удалгүй тог тасарсан. Гэтэл Даваадорж ахын эхнэр Эрдэнэзул Энхтайван тог тасалчихлаа гээд гараад ирсэн. ....уг байранд оршин суудаг Дашка гэх залуу гарч ирээд би хамгийн анх энэ байранд орсон. Манай эхнэр нилээн хэрүүл хийж байж орсон гээд ярилцаад зогсож байтал манай эхнэр 19 цаг өнгөрч байхад ирсэн. Бид нарыг ярилцаад зогсож байхад Энхтайван нэг согтуу хүнтэй гарч ирээд та нар доошоо буу гээд тэр залуутайгаа нилээд дайрч байтал манай эхнэр Мөнх-Учрал та надтай наймаа хийчээд одоо ингэж байдаг ямар муухай хүн бэ гэтэл Энхтайван пизда нар минь зайл гээд байсан. Тэгтэл хамт гарч ирсэн согтуу хүн нь чи энэ хүмүүсийн амьдралаар тоглосон юм биш үү гээд Энхтайвангийн цээж хавьд нь цохих гэхэд нь би боль гэж тэр хүнийг нь салгасан ...гэтэл доороос манаач гэх залуу нь гарч ирээд манай ах байгаан гээд доошоо аваад буусан. ...Энхтайван намайг заамдаж аваад шатны уруу татсан. Би хойшоо гэдийгээд зогсож байтал миний хамарны хэсэгт гараараа нэг удаа цохихоор нь би доошоо тонгойтол чамайг ална гээд дээрээс толгой руу цохиод хөл рүү өшиглөж байхад нь манай эхнэр Мөнх-Учрал чи манай нөхрийг зодлоо гээд Энхтайванг надаас салгаж холдуулсан би дээшээ босоод чи хүний нүүрлүү цохичихлоо гэтэл Энхтайван намайг ална гээд тэндээс нэг хаягдал төмөр аваад намайг цохих гээд дайрч байхад нь Дашка гэх залуу гарч ирж салгаад Баянмөнх ахаа та доошоо буу таныг харахаараа асаад байна гэхээр нь би Даваадорж ахтай хамт буусан. Намайг 1 давхарлуу бууж байхад манай эхнэр яаая гэж орилхоор нь би Даваадорж ахыг та манай эхнэрийг харж бай зодчиж магадгүй би цагдаа дуудъя гээд буусан. ...цагдаа нар Энхтайваныг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна эрүүлжүүлнэ гээд аваад явсан.

...Нүүрлүү гараа нэг удаа цохисоноос баруун нүдний ухархайн хана хугарсан байна гэсэн. Толгой дээрээс гараараа нилээн олон удаа цохисон. Мөн хөлөөрөө хөлрүү өшиглөөд байсан.

Бид 2 дунд өр авлагын асуудал байгаа. Энхтайваны байр барьсан энэ газарт миний хувийн амины орон сууц болон хажуу талд нь авто угаалгын газар байсан юм. Энхтайван нь надаас 2014 онд худалдаж авсан боловч өнөөдрийг хүртэл төлбөр тооцоогоо хийгээгүй сүүлдээ зугтаад байдаг болсон. Өш хонзонгийн асуудал байхгүй...” /хав 13-14 хуу/

 

            Гэрч Б.Бат-Өрнөх мэдүүлэхдээ: “...2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Энхтайван дарга ирээд нөгөө айлын хаалганы цоожны голыг сольсон. Гэтэл нөгөө айлын эхнэр нөхөр хоёр дүүгээ дуудаад 4-лээ болсон. Энхтайван дарга тэр хүмүүсийг явуулах гээд байрны тогийг бүхэлд нь тасалсан. Нөгөө хүмүүс явахгүй 5 давхарт зогсоод байсан. Манай ах Батхуяг манайд согтуу иртэл Энхтайван дарга хамт дээшээ гаръя гээд дагуулаад гарсан. Удалгүй би араас нь очиход Батхуяг ах Энхтайван даргатай зууралдсан байсан. .. би ахыгаа аваад доошоо буугаад эхнэрт нь өгч явуулсан. ..би гадаа зогсож байтал Энхтайван дарга араас гарч ирээд Бат-Өрнөхөө миний утас алга болчихлоо гэтэл нөгөө орилоод байсан эмэгтэй авцан байснаа надад энэ танай даргын утас гэж хэлж өгөөд явсан. ...нэг мэдсэн цагдаа ирээд Энхтайван даргыг аваад явж байсан” гэжээ. /хав 15 хуу/

 

            Гэрч Х.Дашнямбаатар мэдүүлэхдээ: “...2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 19 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар эмнэлгийн хойд талд шинээр баригдсан 6 давхар орон сууцны 4 давхарт 16 тоотод гэртээ иртэл Энхтайван ах гадаа пиво уугаад зогсож байсан. Би гэрлүүгээ яваад ортол тог тасарсан байсан. Эргэж гараад Энхтайван ахаас яагаад тог тасарчихав гээд асуутал удахгүй ирнэ доор юм хийж байгаа гэсэн. ...5 давхарт гартал нэг залуу урдаас гэрэл тусгаад хүүе сайн уу ахын дүү… гээд намайг танихаар нь хартал энэ байрны хажуу талд угаалгын угаалгын газар ажиллуулж амьдардаг байсан Батмөнх ах эхнэртэйгээ ахтайгаа ахынхаа эхнэртэй 4-лээ зогсож байсан. Би юу болсон гэтэл Батмөнх ах газраараа сольж авсан байрандаа орох гэтэл оруулахгүй гээд ийм юм болчоод байж байна гээд хэсэг ярьж байгаад би буцаж доошоо буугаад тогоо залгуулчих санаатай Энхтайван ах руу очоод тэр хүн чинь Баянмөнх ах байна шдээ та дээшээ гараад уулзчихвал яасын гэтэл уулзаад яриад байх юм байхгүй гээд уулзах шинжгүй би явлаа гээд зогсоод байсан. ...Би буцаад 5 5 давхарт гараад Баянмөнх ахыг та гарч уулзаад учраа олчооч гэтэл ...Энхтайван бид хоёрт уулзах шаардлага байхгүй гээд яриад зогсож байтал Энхтайван ах доороос нэг бүдүүн нилээн согтуу хүнтэй гарч ирээд Баянмөнх ах тэд нарыг энэ байрнаас гар гээд хөөтөл Баянмөнх ахын эхнэр нь чи бас нэг согтуу толгой дагуулаад ирсэн үү чамтай угаасаа ярих юм байхгүй чи муу угаасаа миний газрыг залилж авсан өгөх ёстой юмаа өгч чадахгүй муу луйварчин би гэртээ ормоор байна гээд орилж хашгираад байж байхад нь Энхтайван ахын дагуулж гарч ирсэн согтуу залуу нь Энхтайван ахыг чи энэ хүмүүсийг залилсан байна байранд нь оруулаач өрөвдөхгүй байна уу гээд Энхтайван ахтай зууралдаад цохитол Энхтайван ах энэ намайг цохичихлоо энэ юун хүн бэ гээд өөрөө орилоод байсан. ... Тэгээд Энхтайван ах Баянмөнх ахыг үзье гээд үсчиж дайраад байхад нь Баянмөнх ахын эхнэр чи одоо согтуу байж болиоч ичээч чи миний нөхрөөс хол бай гээд дундуур нь гүйж ороод байсан. Энхтайван ах Баянмөнхийн хувцаснаас нь зуурч доош нь дараад нурууруу нь гараараа дээрээс нь цохитол Баянмөнх ахын эхнэр Энхтайван ахын үснээс нь хойш зулгааж татаад гар утастай гараараа нүүрлүү нь цохитол Энхтайван ах зөрүүлээд эхнэрийнх нь үснээс зулгаатал эхнэр нь намайг зодоо аллаа гээд орилсон. ...Баянмөнх ах намайг энэ нэг юмыгаа аваач гээд зүгээр л зогсоод байсан. Энхтайван ах 5 давхарт байсан барилгын хогноос 20-30 см урттай төмөр аваад Баянмөнх ахруу дайрахаар нь би бас болиулсан. Төмрөөр бол огт цохиогүй үсчиж байхдаа гараараа ганц нэг цохисон байж магадгүй. Тэр 2-ыг холдуулж салгахгүй л бол Энхтайван ах Баянмөнхрүү үсчээд байсан учир би Баянмөнх ахыг та гар гээд доошоо буулгасан.

Миний мэдэж байгаагаар бол барьцалдаж аваад доош тонгойход нь нуруун дээр нь гараараа цохиж байсан. Үсчиж дайрч байхдаа цохисон эсэхийг мэдэхгүй. ... Баянмөнх ах зүгээр л зогсоод байсан Энхтайван ах үсчиж байгаад цохиул чих гээд байх шиг байсан. Баянмөнх ахыг зодолдчих уу гээд байсан... ” /хав 16 хуу/

 

            Гэрч Ц.Мөнхбат мэдүүлэхдээ: “...2016.12.23-ны өдөр Баянгол дүүргийн 4,5,6-р хорооны нутаг дэвсгэрт Бугат-115 чиглэлд цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Чулуунсүхийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 21 цагийн үед Булгат -10-аас Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Доктор авто засварын хойд талын баригдаж буй барилга дээр зодоон болоод байна гэх дуудлагын дагуу очиход ..Энхтайван гэх хүн орцныхоо үүдэнд сууж байсан. Дуудлага өгсөн гээд эрэгтэй, эмэгтэй хүмүүс машинаас бууж ирээд манайх энэ хүнд энэ хажуу талын газрыг зараад оронд нь байр автал энэ хүн одоо бид нарыг энэ байрыг ашиглалтанд ороогүй гэх шалтгаанаар хөөгөөд хаалганы гол сольсон гэхээр нь Энхтайван гэх хүнээс таньд бичиг баримт байна уу, хамт дотогш орж харъя гэтэл намайг оруулахгүй гээд шаардлага эсэргүүцээд надтай маргалдаад байсан. Би дотогш орж үзнэ гээд дагуулаад ортол 5 давхарт баруун талруу харсан хаалганы цоожны хэсгийг хөшсөн байдалтай байхаар нь та яагаад айлын хаалга хөшиж голыг нь сольж байгаан гэтэл Энхтайван гэх хүн би энэ байрны чинь эзэн нь байгаа юм улсын комисс хүлээж авсаны дараа би энэ хүмүүсийг оруулах байсын тэгтэл энэ хүмүүс дайраад орчихоор нь би хаалганы голыг нь сольсон юм гэсэн. Тэгтэл нөгөө хүмүүс нь энэ байранд 10-аад айл орсон байгаа энэ байранд орох гэрээ нь хүртэл байгаа наад хүн чинь сая тогоо өөрөө тасалчихсан гэхээр нь Энхтайван гэх хүнийг саатуулахаар аваад явтал даралт өндөртэй гэх шалтгаанаар аваагүй.

Харахад 2-лаа ил харагдах гэмтэл шархгүй зүгээр байсан. Чулуу модоор цохиулсан гээд ямар нэг цус нөж гарсан зүйл байгаагүй” гэжээ. /хав 18 хуу/

 

            Гэрч Н.Мөнх-Учрал мэдүүлэхдээ: “...Баянмөнх, Даваадорж хоёрыг та нар эндээс зайл ална шүү гээд дайрч байхад нь хамт гарч ирсэн нөгөө бүдүүн согтуу залуу нь Энхтайваныг чи өөрөө хулхидсан юм байна гээд Энхтайвантай барьцалдаж авахад нь Баянмөнх очиж салгатал галч гэх залуу нөгөө бүдүүн залууг дагуулаад доош буусан. Энхтайван дахиад Баянмөнхрүү дайраад заамдаж аваад цохиж өшиглөөд байсан. Би болиоч гэхээр надруу арай ч дайрч чадахгүй Даваадорж ах Баянмөнх хоёрлуу ээлжилж үсчээд биерүү нь цохиод хөл рүү нь өшиглөөд байхад тэнд амьдардаг гэх Дашка гэх залуу гарч ирээд дундуур нь ороод Энхтайван ахаа та ингэж болохгүй өөрөө хэрэгт орно шүү гээд салгахад Баянмөнхийн нуруун дээр мордчоод толгойруу нь цохиод байхаар нь Энхтайваны үснээс нь зулгаагаад татаж буулгасан. Энэ үед Баянмөнх Даваадорж хоёр хүрч болохгүй гээд доошоо зугтсан. ...тэгтэл чи яахаараа хүн үсддэг гичи бэ гээд миний үснээс буцааж зулгаагаад намайг бас цохиж өшиглөсөн. Тэр үед Дашка гэх залуу салгасан. Дашка гэх залуу байгаагүй бол төмрөөр ч цохих байсан. ” /хав 19-20 хуу/

 

            Гэрч Л.Эрдэнэзул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Баянмөнхрүү Энхтайван үсчиж дайраад толгойруу нь гараараа цохиод байсан. Баянмөнх тухайн үед хөдлөхгүй зогсож байсан. Энхтайван Баянмөнхийг доош нь суулгачихсан толгой дээрээс нь гараараа цохиж байсан. Мөн тэнд байсан барилгын хогноос төмөр аваад нуруун дундуур нь цохиж байхыг гэрэлд сайн харсан. Мөнх-Учрал чи хүн аллаа гээд Энхтайваны хүрэмнээс нь зулгааж байгаа харагдахаар нь би цагдаа дуудахаар доошоо буусан. ...Толгой мөрлүү нь гараараа цохиж байсан. Мөн хөл рүү нь өшиглөөд байсан. Төмөр турбагаар нурууруу нь нэг удаа хүчтэй цохихыг машины гэрэл цонхоор тусахад харсан. Мөн Мөнх-Учралын үснээс зулгаагаад доош нь дараад нэг хоёр цохиж байх шиг байсан. Энхтайван ухаантай байсан. Миний бодлоор бид нарыг айлгаж дарамтлах гэж пиво архи уусан байх. Энхтайванд гар хүрсэн хүн байхгүй...” гэжээ. /хав 21 хуу/

 

            Гэрч Б.Даваадорж мэдүүлэхдээ: “…Баянмөнхийг хананд шахаад нүүрлүү нь гараараа нэг удаа цохьсон. Баянмөнх яаая гээд доошоо тонгойгоод суутал дээрээс толгой нурууруу нь 2 гараараа бөмбөрдөж цохиод догуураа өшиглөөд байсан. Дотор бол нилээн үсчиж дайраад байсан. Тэр давхарт байсан төмрийн хаягдлаар хүртэл Баянмөнхийг цохисон...Энхтайванд гар хүрсэн хүн байхгүй. Надруу дайрахад нь Дашка гэх залуу наад ах чинь хамаагүй шдээ гэтэд надруу дайрахаа больчихсон...” гэжээ. /хх 23 хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 777 дугаартай дүгнэлтэд: 1.Б.Баянмөнхийн биед тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун дал, баруун, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. /хав 26 хуу/

 

            Шүүгдэгч Г.Энхтайваны иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 39,40 хуудас/

            Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хав 46 хуу/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

            Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Энхтайван нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар эмнэлгийн хойд талд баригдаж буй шинэ барилгын 5 давхарт иргэн Б.Баянмөнхтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Баянмөнх /хх 13-14/, гэрч Б.Бат-Өрнөх /хх 15/, Х.Дашнямбаатар /хх 16/, Ц.Мөнхбат /хх 18/, Н.Мөнх-Учрал /хх 19-20/, Л.Эрдэнэзул /хх 21/, Б.Даваадорж /хх 23/ нарын мэдүүлэг,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 777 дугаартай дүгнэлт /хх 26/, шүүгдэгч Г.Энхтайваны иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 39, 40/, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх 46/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Иймд шүүгдэгч Г.Энхтайваныг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Г.Энхтайван нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болно.

 

            Хохирогч Б.Баянмөнх нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар шүүгдэгч Г.Энхтайванд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

 

            Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримт хураагдаагүй, шүүгдэгч Г.Энхтайван нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Баянмөнхөд 620.000 төгрөгийн хохирлыг төлсөн, хохирогч гомдол саналгүй гэснийг тус тус дурдав.

                         

                        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Боржигон овгийн Гомбожавын Энхтайваныг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн Гомбожавын Энхтайванд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

  

3. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Баянмөнхөд 620.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

4. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Г.Энхтайваны батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.  

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг сануулсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч Г.Энхтайваны батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                   

 

               ДАРГАЛАГЧ

               ШҮҮГЧ                                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ