Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 1418

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/00566 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Э т т” ХК-д холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Т-,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У,

Хариуцагчийн өмгөөлөгч И.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Т- миний бие тус компанид 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн төлөөлөн удирдах зөвлөлийн, аудитын хорооны аудитын мэргэжилтэнээр ажилд орсон. Улмаар 2017 оны 01 дугаар сарын 12-ны өдөр Уулын хэлтсийн Төслийн ерөнхий зохион байгуулагчаар түр томилогдон ажиллаж байсан. 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Цогт цэций суманд зохион байгуулагдсан хүндэтгэлийн арга хэмжээнд тус компанийн дэд захирлын үүргээр оролцсон. Энэ арга хэмжээнд оролцсонтой минь холбогдуулан намайг архи уусан, компанийн эд хөрөнгийг зохих зөвшөөрөлгүй авч явсан, хотхоны журам зөрчсөн гэж ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халсан. Энэ өдөр би огт архи уугаагүй бөгөөд 16 цаг 44 минутад амралтын байрандаа ирсэн архи уугаагүй болох нь камерын бичлэг, харуул хамгаалалтын албаны ажилтнуудын гэх мэт зүйлсээр нотлогдож байгаа. Компанийн эд хөрөнгө болох автомашиныг зөвшөөрөлгүй авч яваагүй бөгөөд зохих зөвшөөрлөөр МХЕГ-ын удирдлагуудын үйлчилгээнд хэрэглэж, уул уурхай хариуцсан ахлах байцаагчийн шаардлагаар арга хэмжээнд хэрэглэж байсан. Мөн намайг 2017 оны 02 дугаар сарын 24 -ний өдөр зөвшөөрөл авалгүй ростерын ээлжнээс буусан гэх үндэслэл нь ямар ч үндэслэлгүй бөгөөд би өөрийн нэгжийн удирдлага болох уурхайн даргаас тухайн үед компаний эрх ашгийг бодож зохих зөвшөөрлийг авч буусан нь нотлогдож байгаа. Иймд намайг ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг хийж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Т- нь Гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/31 тоот тушаалаар Уурхайн уулын хэлтсийн Төслийн ерөнхий зохион байгуулагчаар 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс томилогдож хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Ц.Т-эд 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ажилтанд компанийн дүрэм, журам мэдээлэл танилцуулсан тухай акт хуудсаар Компанийн талаарх мэдээлэл өгч, холбогдох дүрэм журамтай танилцуулсан.

Ц.Т-ийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн, компанийн эд хөрөнгийг зохих зөвшөөрөлгүйгээр авч явсан, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр албан ёсоор зөвшөөрөл авалгүй ростерийн ээлжнээс буусан зөрчилд Компанийн хэмжээнд дагаж мөрдөгдөж буй

1. Гүйцэтгэх захирлын 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/151 дугаар тушаалаар батлагдсан “Согтууруулах ундаа, мансууруулах бодисын журам”-ын 5.1.2, 7.1.4, 12.1.5, 12.1.6-д заасан журмыг, мөн Гүйцэтгэх захирлын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/98 дугаар тушаалаар батлагдсан “Хотхоны журам”-ын 3.2.1, 3.2.2, 14.1, 16.3.(с), 17.5, 18.1 дэх заалтуудыг, Хөдөлмөрийн гэрээний 3.3, 3.5, 2.1, 5.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.2, 5.3.1, 5.3.5, 5.3.9 дэх заалтыг тус тус зөрчсөн.

Иймд Гүйцэтгэх захирал Компанийн дүрмээр өөрт олгогдсон эрхийн дагуу ажилтны гаргасан зөрчилд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38.1.2, 40.1.4, 131.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Ц.Т-ийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөр тасалбар болгож ажлаас халсан тушаал гаргаж, биелэлтийг хангуулсан нь хууль зүйн үндэслэлтэй.

2. Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолд “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил тус бүр тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй” гэж тайлбарласан.

- Ц.Т-ийн Цанхи хотхонд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зөрчилд ажилтны гаргасан сахилгын зөрчилд шийтгэл ногдуулахаар санал хүргүүлэх хуудаст Цанхи хотхонд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ирсэн зөрчлийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гаргасныг мөн өдрөө илрүүлсэн тухай тэмдэглэл, Согтуурлын зэрэг тогтоох сорил хийсэн тухай бүртгэл 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 17:20 минутанд бүртгэгдсэн. Мэдэгдлийн хуудсыг захиргааны ахлах мэргэжилтэн Д.Насанжаргал, хамгаалалтын ажилтан Б.Энхтүвшин, механик Б.Нямдэлгэр нар 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр, ХАБ-ын ахлах мэргэжилтэн Д.Цэнгэлжаргал 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр тайлбар өгч баталгаажуулсан баримт, Хууль сахиулахын их сургуулийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 04/720 тоот албан бичиг, Ц.Т-ийн 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр бичиж өгсөн мэдэгдэх хуудас зэрэг баримтуудаар гарсан зөрчлийн үйл баримт нотлогдоно.

- Компанийн эд хөрөнгийг зохих зөвшөөрөлгүйгээр авч явсан зөрчил нь Захиргааны ахлах мэргэжилтэн Д.Насанжаргалын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тайлбар, Уурхайн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хурлын протокол, Уурхайн засвар механикийн хэлтсийн гаргасан тодорхойлолт, Сумын ззсаг даргын онц байдал зарласан тухай захирамж, ХАБ-ын тайлан, акт зэрэг баримтуудаар зөрчлийн үйл баримт тогтоогдож байна.

- 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр албан ёсоор зөвшөөрөл авалгүй ростерийн ээлжнээс буусан зөрчил нь Ажлын цагийн бүртгэл 2017 оны 01, 02, 03 дугаар сар, Ц.Т-ийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Уурхайн дарга Д.Чинбатад гаргасан хүсэлт, Бүртгэл хяналтын карт /Тэргүүн дэд захирал Б.Ганхуяг хэн нэгэн ажилтан түүнээс ямар нэгэн чөлөө хүссэн, авсан тохиолдол байхгүй гэсэн бичиглэл бүхий/, Уурхайн хүний нөөцийн мэргэжилтэн Б.Чимэддуламын 2017 оны 03 дугаар сарын 29, 04 дүгээр сарын 03-ны өдрийн Компанийн албан ёсны интернетийн хаягаар ирүүлсэн цахим захидал, Уурхайн дарга Д.Чинбатын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан тайлбар, Ц.Т-ийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сургалт, судалгаа хүний нөөцийн албанд өгсөн тайлбар зэрэг баримтуудаар энэхүү зөрчил тус тус тогтоогдсон.

Давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна.

Уурхайн дарга Д.Чинбат Сахилгын шийтгэл ногдуулах тухай 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 04/110 тоот албан бичгийг Гүйцэтгэх захиралд явуулсан байна.

Цаг хугацааны хувьд 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 2 зөрчил гаргасан, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гаргасан зөрчлийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр илрүүлсэн байгаа нь дээрх тайлбарт нийцнэ.

3. Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т Ноцтой зөрчил гэдгийг тайлбарласан бөгөөд компанийн хөдөлмөрийн дотоод журмын 11.5.5-д мөн хөдөлмөрийн гэрээний 4.2.1, 4.2.5-д ноцтой зөрчилд ямар зөрчлийг тооцохыг харилцан тохиролцож нэрлэн заасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасны дагуу хариуцагч “Э т т” ХК-иас 1 227 906 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Т-эд олгож, нэхэмжлэгч Ц.Т-ийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Э т т” ХК-нд даалган, нэхэмжлэлийн шаардлагаас төслийн ерөнхий зохицуулагчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 70 200 төгрөгийг, хариуцагчаас 34 020 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвзрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны болоод үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэгчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийн тушаалын үндэслэл болох тодорхой зөрчлүүдийг гаргаагүй тул эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, улмаар ажилгүй байсан хугацааны цалин хөлс, түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагуудыг гаргасан. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байдал үүсгээд байна. Учир нь:

Анхан шатны шүүхийн шийдвэрт Ц.Т- нь 2017 оны 01 дүгээр сарын 11-нээс Уулын хэлтсийн төслийн ерөнхий зохион байгуулагчаар ЭТТ-123 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулж тухайн ажлыг гүйцэтгэх болсон гээд уг албан тушаал нь гурван сарын хугацаатай түр албан тушаал мөн хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын хооронд байгуулагдсан гэрээ хөдөлмөрийн гэрээ бус Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасны дагуу хөлсөөр ажиллах гэрээ хэмээн дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн “Э т т” ХК-ийн Ц.Т-ийг ажлаас халах тухай 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/166 тоот тушаалын үндэслэлүүдийг тогтоогдохгүй байна гээд уг тушаалыг үндэслэлгүй гэж дүгнэсэн.

“Э т т” ХК-ийн Б/166 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн боловч “талуудын хооронд байгуулагдсан ЭТТ-123 тоот хөлсөөр ажиллах гэрээ нь 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөр дууссан байна” гэсэн нь үндэслэлгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцохоор заасан атал шүүх талуудын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, сунгахтай холбогдсон субьектив эрхийг шүүх өөрөө дуусгавар болгохоор үнэлж шийдсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Б/166 тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн бол уг тушаал гарсан өдрөөс хойш хүчингүй бөгөөд уг тушаалын улмаас эрх нь зөрчигдсөн этгээдийн эрх зүйн байдал уг тушаал гарахаас өмнөх байдалд очсоноор эрх нь сэргээгдэх үр дагавартай. Мөн хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажил олгогч, ажилтан нарын хоорондын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, сунгахтай холбоотой харилцаа нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл тухайн харицлцааг хуульд заасан байдаг.

Өмнө дурьдсанчлан хэрэв Ц.Т-ийг ажлаас халсан Б/166 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй бол түүний эрх зүйн байдал 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар буюу хөдөлмөрийн гэрээний хугацаа үргэлжилж байх ёстой. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээний хугацаа нь үндэслэлгүй тушаал гарсан өдөр тасалдсан болохыг шүүх тогтоосон атлаа нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээний үлдэх хугацаанд ажилд эгүүлэн тогтоогоогүй шийдвэр нь хууль ёсны болоод үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагын ажилд эгүүлэн тогтоох шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Ц.Т- нь хариуцагч “Э т т” ХК-д холбогдуулан төслийн ерөнхий зохион байгуулагчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Хотхоны журмыг зөрчиж согтууруулах ундаа хэрэглэсэн, компанийн эд хөрөнгийг зохих зөвшөөрөлгүй авч явсан, албан ёсоор зөвшөөрөл авалгүй хуваарьт ээлжнээс буусан зэрэг зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлөх үндэслэлтэй гэж маргажээ.

 

Хариуцагч “Э т т” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/31 тоот тушаалаар нэхэмжлэгч Ц.Т- нь Уурхайн уулын хэлтсийн Төслийн ерөнхий зохион байгуулагчийн албан тушаалд түр томилогдсон байх бөгөөд талуудын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацааг 3 сар гэж тодорхойлсон байна. /хэргийн 3-6, 16 дугаар тал/

 

Ажил олгогчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 207 тоот тушаалаар уурхайн зохион байгуулалтын бүтэц орон тоог шинэчлэн баталсан байх ба тус тушаалын хоёрдугаар хавсралтын дагуу уурхай нийт 493 ажилтны орон тоотой, уурхай нь уулын хэлтэс, захиргаа удирдлагын хэлтэс, хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл ахуй байгаль орчны хэлтэс гэх 3 хэлтэстэй, мөн уурхайн хэлтэс нь төлөвлөлт, геологи, ашиглалт, засварын гэх 4 хэсэг, ачилт, экспортын нэг албатайгаар үйл ажиллагаа явуулахаар баталжээ. /хэргийн 1 дэх хавтас 228-231 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч Ц.Т-ийн ажлын байрны тодорхойлолтоос үзвэл түүний ажлын байр “Э т т” ХК-ийн төв оффист бус уурхайн хэсэгт хамаарахаар байх ба хэрэгт цугларсан баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар түүний ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулсан байнгын ажлын байранд хамаарах ажил, албан тушаал гэж үзэхгүй тул түүнийг томилсон гүйцэтгэх захирлын тушаал, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн нэртэй гэрээг төслийн хугацаанд хэрэгжихээр тогтоосон зэргээс үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх зөв дүгнэсэн байна. /хэргийн 67 дугаар тал/

 

Дээрх гэрээ хүчин төгөлдөр үйлчлэх 3 сарын хугацаанд нэхэмжлэгч тодорхой ажлыг хийж байсан талаар талууд маргаагүй бөгөөд зохигчид нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заасан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил нь цаашид хэрэгжээгүй, хэрэгжих боломжгүй болсон гэж тайлбарлажээ.

 

Иймээс анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 3 сарын хугацаа дуусгавар болох 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс цааш үргэлжилж сунгагдах эсэх нь тодрхойгүй гэж дүгнэснийг буруутгахгүй юм. Мөн гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох явдалд нэхэмжлэгч гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй тул гэрээ хүчин төгөлдөр үргэлжлэх байсан өдрийг хүртэлх хугацааны буюу 8 хоногийн ажлын хөлсийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Харин шүүх хариуцагч хууль бусаар хөлсөөр ажиллах гэрээг цуцласнаас нэхэмжлэгчийн авч чадаагүй ажлын хөлснийг гаргуулахдаа Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.

Мөн хариуцагч “Э т т” ХК нь давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдаж байх хугацаанд буюу 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/220 тоот тушаалаар нэхэмжлэгч Ц.Т-ийг Нягтлан бодох бүртгэлийн хэлтэст Нийтлэг үйлчилгээ, аж ахуй хариуцсан менежерээр томилсон байгаагаас үзэхэд зохигчид нэхэмжлэгчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтолгох тухай шаардлагын хүрээнд эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагад зохигчид эвлэрснийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/00566 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “нэхэмжлэлийн шаардлагаас төслийн ерөнхий зохицуулагчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг хүчингүй болгож, Хариуцагч “Э т т” ХХК нь нэхэмжлэгч Ц.Т-ийг Нягтлан бодох бүртгэлийн хэлтэст Нийтлэг үйлчилгээ, аж ахуй хариуцсан менежерээр томилж, зохигчид ажил эгүүлэн тогтоолгох шаардлагад эвлэрэн хэлэлцсэнийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, уг заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Э т т” ХК-иас 1 227 906 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Т-эд олгож, нэхэмжлэгч Ц.Т-ийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Э т т” ХК-нд даалгасугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ж.ОЮУНТУНГАЛАГ   

 

                                               ШҮҮГЧИД                           Д.БАЙГАЛМАА   

                       

                                                                                          С.ЭНХТӨР