Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 734

 

 

 

 

 

 

 2020           06            04                                           2020/ДШМ/734                          

 

 

Х.И-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                                

яллагдагч Х.И-ын өмгөөлөгч Ц.Амар,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/ШЗ/713 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Хурцын бичсэн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 27 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Х.И-т холбогдох 1910019410159 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Х-гын И, Орхон аймагт 1998 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эмээ, ах, эгч нарын хамт амьдардаг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 8 дугаар баг, Бүрэн бүст, 5 дугаар хорооллын 13 дугаар байрны 9 тоотод оршин суух хаягтай, хэрэг холбогдох үедээ Баянгол дүүрэг 0 дүгээр хороо, 00 байрны 00 тоотод түр оршин сууж байсан, /регистрийн дугаар: 000000000/,

2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;

Х.И- нь 2019 оны 05 дугаар сараас 07 дугаар сарын хооронд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Зэрэгт трейд” ХХК-ийн түрээслэн ажиллаж байсан агуулахад нууцаар, хууль бусаар нэвтэрч 4,956,000 төгрөгийн үнэ бүхий 61 хайрцаг тахианы мах авсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Х.И-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... 1. 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр “Зэрэгт трейд” ХХК-иас цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байхад хохирогч, иргэний нэхэмжлэгчээр Н.Жаргалсайханыг тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Н.Жаргалсайхан нь компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар ажилладаг бол тэр талаар нотлосон баримт хэрэгт авагдаагүй байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно” гэж, 3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна” гэж, 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлнэ” гэж тус тус заасан бөгөөд хэргийн 54, 55 дугаар хуудаст авагдсан эд хөрөнгийн тооллогын бүртгэл нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй, хэн, хаанаас гаргаж өгсөн нь тодорхойгүй, энэ баримтаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тодорхойлсон нь үндэслэлгүй байна.

3. Х.И-ын өгсөн мэдүүлгээс үзэхэд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэргийн шинж байгааг шалгах шаардлагатай.

4. Х.И- нь 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан бөгөөд энэ ялыг эдэлсэн эсэх нь тодорхойгүй, шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэх нь эргэлзээтэйн дээр баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангахгүй байна” гэсэн үндэслэлээр Х.И-т холбогдох хэргийг прокурорт буцааж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Хурц бичсэн прокурорын эсэргүүцэлдээ: “... 1. “Зэрэгт трейд” ХХК-ийн захирал Н.Жаргалсайхан нь компанийн хэвлэмэл маягтаар гомдол гаргаж, тамга дарж баталгаажуулсан бөгөөд гэрчүүдийн мэдүүлгээр тус компанийн захирал болох нь нотлогддог. Хуулийн этгээдийг зайлшгүй хохирогчоор тогтоох шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх тогтоох нь зүйтэй.

2. Хэргийн оролцогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар маргаангүй. “Зэрэгт трейд” ХХК-иас томилогдсон тооллогын комиссын тайланг хуулбарлаж хэрэгт хавсаргасан нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзвэл шүүхийн хэлэлцүүлэгт уг тайланг баталгаажуулан авах боломжтой.

3. Х.И- нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Тэрээр компанийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд биш бөгөөд бусдад мэдэгдэхгүй, нууц далд аргаар, агуулахын цоожийг боолтоор нь тайлж дотогш нэвтэрч эд зүйл хууль бусаар авч байгаа нь хулгайлах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг хангасан болно.

4. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Х.И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн боловч тогтоолоо хүндэтгэн үзэх шалтгаангүй гардаж аваагүй болох нь яллагдагчийн мэдүүлэг, шүүхийн тэмдэглэл, урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Иймд шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

                Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Амар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны, үндэслэлтэй гарсан.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Х.И-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Х.И-т холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчийг буруу тогтоосон, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэхдээ хууль зөрчсөн гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй гарчээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн гэх “Зэрэгт трейд” ХХК-ийг бус, иргэн Н.Жаргалсайханыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж, 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Мөрдөгч, прокурор дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно”-ийн 1.2 дахь заалтад “хохирогч, хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг;” гэж тус тус заасан бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч, хууль ёсны төлөөлөгчийн эрх зүйн байдал, эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тус хуулиар харилцан адилгүй зохицуулжээ.

Гэмт хэргийн улмаас хуулийн этгээдэд хохирол учирсан бол дээрх хуулийн зохицуулалтын дагуу тухайн хуулийн этгээдийг хохирогчоор тогтоох ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахдаа хууль, дүрэмд заасан итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий хүнийг, эсхүл итгэмжлэлийг үндэслэн төлөөлөх эрх олгогдсон хүнийг мөрдөгч, прокурорын шийдвэрээр хууль ёсны төлөөлөгчөөр томилж, төлөөлөн оролцуулна.

Нөгөө талаар, Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” хэмээн хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг тодорхойлсон атал хохирогчоор хохирол хүлээсэн хуулийн этгээдийг бус, үүсгэн байгуулагч, эсхүл төлөөлөгч иргэнийг хохирогчоор тогтоож, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан хууль бус ажиллагаа явуулахгүй байхыг прокурор цаашид анхаарвал зохино.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Зэрэгт трейд” ХХК-ийн эд хөрөнгийн тооллого хийсэн бүртгэлийн хуулбар хэрэгт авагдаж, уг баримтаар шинжилгээ хийн, хохирлын хэмжээг тогтоожээ.

Нотлох баримтын нэг төрөл болох баримт бичиг нь эд мөрийн баримтын шинжгүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна” гэж заасан журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлнэ. Гэтэл мөрдөгч уг журмыг зөрчиж хэн, хаанаас, хэрхэн авсан, өгсөн нь тодорхой бус хөрөнгийн тооллогын баримтын хуулбарыг хэрэгт хавсаргаснаас хохирлын хэмжээнд эргэлзээ төрүүлэх нөхцөл байдлыг үүсгэсэн байна.  

Дээрх хууль зөрчсөн ажиллагаануудыг шүүх хуралдаанаар залруулах боломжгүй байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “... хэргийг шүүхээр хэлэлцүүлэх ...”-ийг хүссэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Харин яллагдагч Х.И-ын үйлдэл эрхэлж байсан ажилтай нь холбоогүй талаарх гэрчүүдийн мэдүүлэг болон эрүүгийн хэрэг үүсгэж, яллдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр бусдын хөрөнгийг авсан гэх хэргийн зүйлчлэлийн талаар анхан шатны хууль зүйн дүгнэлт өгөхгүйгээр зөвхөн яллагдагчийн мэдүүлэгт тулгуурлан завших гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгуулах шийдвэр гаргасан нь үндэслэл муутай байна.

            Мөн яллагдагч Х.И- нь өмнөх шүүхийн шийтгэх тогтоолыг гардаж авахаас зайлсхийснээс шалтгаалан уг тогтоол биелэгдээгүй болох нь шүүгчийн туслахын тэмдэглэл, урьдчилсан хэлэлцүүлэгт өгсөн яллагдагчийн мэдүүлэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3в/1029 тоот албан бичиг, Улсын ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 72 тоот албан бичиг зэргээр тогтоогдож байхад анхан шатны шүүх “... энэ ялыг эдэлсэн эсэх нь тодорхойгүй ...” гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй тул шүүгчийн захирамжийг тодорхойлох хэсгийн 3, 4 дэх заалтад заасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/ШЗ/713 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 27 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ         

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН