Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2023/00030

 

Г.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2022/01985 дугаар шийдвэртэй,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 11 дүгээр сарын 16ы өдрийн 210/МА2022/01991 дүгээр магадлалтай,

 

Г.Мын нэхэмжлэлтэй

МД” ХК-д холбогдох

  

Даатгалын гэрээний нөхөн төлбөрт 38,751,589 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О-ы хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О-, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч “МД” ХК-д холбогдуулан Даатгалын гэрээний нөхөн төлбөрт 38,751,589 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2022/01985 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан МД ХК-иас 31,001,271 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Мт олгож, нэхэмжлэлээс үлдэх 7,750,318 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351,707 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МД ХК-иас 312,956 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Мт олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 210/МА2022/01991 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2022/01985 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 312,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1 Магадлалын Хянавал хэсгийн 1.в хэсгийн 5 дугаарт “Нэхэмжлэгч Г.М тээврийн хэрэгсэл жолоодон тухайн шороон замаар хөдөлгөөнд оролцсон зорилго нь даатгалын тохиолдол бий болсон явдалд нөлөөлөхгүй, даатгалын тохиолдол бий болгох нөхцөл орчныг санаатай бүрдүүлсэн буюу туршилт хийсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Мөн даатгалын гэрээний 3.1.9-т зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах үед учирсан хохирол гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй, уг заалт тухайн маргаанд шууд хамааралтай биш байна” гэжээ.

Гэтэл даатгуулагч Г.Мыг осол гарах анхдагч шалтгаан нөхцөл зорчих хэсгийн хашлага давж зөвшөөрөлгүй орц гарцаар нэвтэрч эгц өндөр уул руу гарсантай холбоотой гэж үзсэн тул Нийслэлийн автозамын хөгжлийн газраас даатгуулагчийн зорчсон уулын зам руу гарсан орц, гарц, зам нь зөвшөөрөлтэй эсэхийг тодруулахад 2021.10.05-ны өдрийн №3/1804 тоот Хариу албан бичгээр тухайн орц, гарц нь зөвшөөрөлгүй, зам нь холбооны антен руу чиглэсэн зам гэх тайлбарыг ирүүлсэн. Мөн даатгуулагч хэрэгт авагдсан гэрэл зураг болон бичлэгт зөвшөөрөлгүй орц, гарцаар зорчих хэсгийн хашлага давж тухайн эгц уул руу гарсан болох нь нотлогддог. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талыг тээврийн хэрэгсэл жолоодон тухайн шороон замаар хөдөлгөөнд оролцсон зорилго нь даатгалын тохиолдол бий болсон явдалд нөлөөлөхгүй, даатгалын тохиолдол бий болгох нөхцөл орчныг санаатай бүрдүүлсэн буюу туршилт хийсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Мөн даатгалын гэрээний 3.1.9-т зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах үед учирсан хохирол гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй, уг заалт тухайн маргаанд шууд хамааралтай биш байна гэж дүгнэсэн.

Хариуцагч талаас эдгээр ослын гэрэл зураг болон дүрс бичлэгийг шүүхэд гарган өгч үзлэг хийлгэсэн учир нь даатгуулагч замын зорчих хэсгийг даван зөвшөөрөлгүй орц гарцаар гарч сүлжээний антен байгаа эгц өндөр гуу жалга ихтэй, том чулуу нурангитай уул руу явсныг нотлох зорилготой билээ. Гэтэл шүүх энэхүү нотлох баримтыг үнэлж дүгнэж үзэлгүй Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд заасан “Зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн осол” гэх үндсэн эрсдэлд дээрх осол нь хамаарна гэж үзэв” гэж дүгнэж даатгагчаас даатгалын нөхөн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний Гурав. Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл 3.1 “Даатгагч дараах тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй" Үүнд: 3.1.1-т “Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн” 3.1.9-т “Зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах үед учирсан хохирол" зэрэгт нөхөн төлбөр олгохгүй гэдгийг тодорхойлон заасан байдаг. Даатгагч нь даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан эрсдэлийг хамгаалах боловч даатгуулагч тухайн осол бий болгох орчин нөхцөлийг бүрдүүлсэн, хууль дүрэм журамд заасан хориглосон хэм хэмжээг зөрчсөний улмаас үүссэн хохиролд нөхөн төлбөр олгох боломжгүй байдаг тул гэрээ болон Даатгалын тухай хуулиар энэхүү тохиолдлуудыг хуульчлан оруулж өгсөн байдаг.

Даатгалын тухай хуулийн 8.5 “Даатгагч дараах үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно” 8.5.1 “Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн” 8.5.2 “Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан” зэрэг тохиолдолд даатгагч тал нөхөн төлбөрийг татгалзах эрхтэйг хуульчлан оруулсан. Даатгуулагч Г.Мын гаргасан осол нь даатгалын гэрээнд заасан нөхөн төлбөр олгохгүй 3.1.1 3.1.9-т заасан нөхцөлд хамаарч байх тул даатгагч №205115042050200005 тоот даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр олгох боломжгүй юм.

Иймд давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад бүрэн бодитой үнэлэлт дүгнэлт өгч хэргийг тал бүрээс нь шийдвэрлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2023.01.19ий өдрийн 001ШХТ/2023/00087 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн боловч хяналтын шатны шүүхээс ижил төстэй хэрэг маргааныг урьд шийдвэрлэж гаргасан тогтоолын үндэслэл, дүгнэлтээс зөрүүтэй байгаа эсэх нөхцөл байдлыг тодруулах нь хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах Улсын дээд шүүхийн бүрэн эрхэд нийцэхийн зэрэгцээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан шаардлага хангасан гэж дүгнэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр гомдлыг хүлээн авчээ.

 

ХЯНАВАЛ:

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О-ы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

 

7. Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч “МД” ХК-д холбогдуулан Даатгалын гэрээний нөхөн төлбөрт 38,751,589 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шаардлагын үндэслэлээ “...“МД” ХК-тай 2021.06.19-ний өдөр тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан ба даатгалын хураамж болох 1,184,000 төгрөгийг бүрэн төлсөн. Гэтэл 2021.08.22-ны өдөр даатгуулсан автомашинаараа зорчиж явах үедээ осолд орж, даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрөө авахаар шаардахад  татгалзсан. ... Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын гэрээний 4.2 дахь хэсэгт заасны дагуу нөхөн төлбөрийг гаргуулж өгнө үүгэж тодорхойлжээ.

 

8. Хариуцагч “МД” ХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “... даатгуулагч даатгалын тохиолдол бий болох орчин нөхцөлийг бүрдүүлсэн, зөвшөөрөлгүй орц, гарцаар нэвтэрч, нийтийн хэрэгцээний бус замаар зорчсон, зорчих хэсгийн хашлага давсан, тээврийн хэрэгслийн туулах чадвар, уул усанд найдвартай эсэхийг туршсан буюу зорчих хэсэггүй, хад чулуутай газраар явснаас осол гарсан нь Даатгалын гэрээний 3.1.1, 3.1.3, 3.1.9 дэх нөхцөлийг бүрдүүлсэнгэж маргасан байна.

 

9. Анхан шатны шүүх зохигчдын хооронд даатгалын гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгчийн зорчсон газар нь гэрээ болон хуульд заасан “зам” гэх ойлголтод хамаарах ба энэ “зам”-аар зорчихдоо тээврийн хэрэгслийг уул хаданд туулах чадварыг туршсан, шалгасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, даатгуулагч даатгалын тохиолдол үүсэх нөхцөл, орчныг санаатай бий болгосон гэх үндэслэлгүй гэж дүгнэн, Даатгалын гэрээний 2.1.1 дэх хэсэгт заасны дагуу даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд 80 хувийн нөхөн төлбөр олгохоор талууд тохиролцсон байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 31,001,271 төгрөгийг хангаж, үлдэх хэсэг болох 7,750,318 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гэж үзэж хэвээр үлдээжээ.

10. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байх ба зохигчид эдгээр асуудлаар харилцан маргаагүй байна.

10.1. Нэхэмжлэгч Г.М хариуцагч МД ХК-тай 2020.06.19-ний өдрөөс 2023.06.18-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай, 205115042050200005 тоот Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, өөрийн эзэмшлийн 77-66 УБХ улсын дугаартай, Jeep Wrangler Rubicon маркийн автомашиныг 148,000,000 төгрөгөөр үнэлэн даатгуулсан. Улмаар даатгуулагч даатгалын хураамж 1,184,000 төгрөгийг 2020.06.19-ний өдрөөс эхлэн жил бүр төлөхөөр үүрэг хүлээсэн бол даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд тээврийн хэрэгсэлд учирсан хохирол буюу даатгалын нөхөн төлбөрийг олгох үүргийг даатгагч хүлээжээ.

10.2. Зохигчид даатгалын гэрээг бичгээр байгуулж, гол нөхцөлийг бүрэн тусгасан байх тул Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

10.3. Нэхэмжлэгч Г.М нь даатгалын хураамжид 1,184,000 төгрөг төлсөн.

10.4. Даатгалын гэрээний хүчинтэй хугацаанд буюу 2021.08.22-ны өдөр Г.М нь даатгагдсан тээврийн хэрэгслийг жолоодож Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн зам, Богд уулын энгэрт Могул тауны баруун замаар замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын хажуу руу онхолдож тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан осол гаргажээ.

10.5. Ослын улмаас даатгалын зүйл болох 77-66 УБХ улсын дугаартай, Jeep Wrangler Rubicon маркийн тээврийн хэрэгсэлд 38,751,589 төгрөгийн хохирол учирсан нь Г.Мт холбогдох 2110001521 дугаартай зөрчлийн хэргийн баримт, Вендо ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

 

11. Даатгалын зүйл болох тээврийн хэрэгсэлд гэмтэл, хохирол учрах болсон шалтгаан буюу зам тээврийн осол нь даатгалын тохиолдолд хамаарах эсэх нь зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл болжээ. Зам тээврийн осол нь даатгалын тохиолдолд хамаарах боломжтойг хариуцагч үгүйсгээгүй ч маргаан бүхий тохиолдолд осол болох нөхцөл орчныг даатгуулагч өөрөө бий болгосон, зорчих хэсгийн хашлага давж, нийтийн хэрэгцээний бус замаар явснаас тээврийн хэрэгсэл осолдсон тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д заасан “Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн” гэх үндэслэлд хамаарна гэж маргажээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо энэ тухай дурдсан байх бөгөөд шүүх хуралдааны явцад уг гомдлоо дэмжин тайлбарлаж байна.

 

12. Анхан шатны шүүх даатгуулагч Г.Мын зорчиж явсан хэсэг нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт "зам" гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг хэлнэ гэх ойлголтод хамаарах тул түүний гаргасан осол нь Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд заасан Зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн осол гэх үндсэн эрсдэлд тооцогдоно” гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх “даатгалын гэрээнд заасан “Зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн осол”-ыг даатгалын тохиолдол гэж үзэхээр заасан ба зам тээврийн хөдөлгөөний осол гэдэгт автомашин хөдөлгөөнд оролцох үед гарах бүх төрлийн ослыг ойлгоно” гэх агуулгатай дүгнэлт өгчээ.

 

13. Хэргийн нөхцөл байдлаас үзвэл хариуцагч нь “МД” ХК нь нэхэмжлэгч Г.Мын гаргасан ослыг зам тээврийн осол мөн эсэх талаар маргаагүй, харин жолооч нийтийн хэрэгцээний бус замаар буюу хэт өгсүүр газраар явснаас зам тээврийн осол гарах нөхцөл орчныг өөрөө бүрдүүлсэн гэж маргасан байна. Тухайн осол нийтийн хэрэгцээний зам дээр гарсан эсэх нь зам тээврийн осол мөн эсэхийг тодорхойлох хүчин зүйл болохоос гадна осол тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах явцад үүссэн эсэх нь зам тээврийн осол мөн эсэхийг тогтооход хамааралтай. Иймд даатгалын тохиолдол буюу зам тээврийн ослын талаар өгсөн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэстэй. Харин давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээхдээ гагцхүү осол гарсан эсэхээр хязгаарласан нь учир дутагдалтай байх бөгөөд осол гарсан хэдий ч уг ослыг гарах орчин нөхцөлийг даатгуулагч бүрдүүлсэн эсэх талаар дүгнэх шаардлагатай байжээ. Учир нь осол гарахад хүргэсэн тээврийн хэрэгсэл эзэмшигчийн үйлдэл, эс үйлдэл уг ослыг даатгалын хамгаалалтад багтах эсэхэд нөлөөлөхөөр талууд харилцан тохиролцож гэрээндээ заах боломжтой бөгөөд энэ нь гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцнэ. Даатгалын гэрээний 3.1.1-д “Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болгох нөхцөл орчныг бүрдүүлсэн” гэж заасан байна.

 

14. Маргаан бүхий тохиолдолд тээврийн хэрэгслээр хотоос гарч, хэт өгсүүр зам руу орсноор осол гарах нөхцөл бүрдүүлсэн гэж хариуцагч талаас тайлбарласныг шүүх хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Нэхэмжлэгчийн зорчиж явсан зам нь хотын суурьшлын бүсээс гадна хэсэг буюу уулархаг хэсэгт хамаарах, өгсүүр зам болохыг илтгэсэн гэрэл зураг, шүүхийн үзлэгийн тэмдэглэл хэрэгт авагдаж, эдгээр баримтаар тус замаар тээврийн хэрэгсэл тодорхой хэмжээнд зорчдог болох, зорчих зурвас буюу шороон зам үүссэн үйл баримт тогтоогдож байна. Харин тээврийн хэрэгслийн жолооч энэ хэмжээний төвөгшилтэй замаар зорчихдоо орчны онцлог байдлыг мэдрэн зохистой арга хэмжээ авч чадсан эсэх нь түүний жолоодох ур чадвараас шалтгаалах бөгөөд тухайн тохиолдолд ердийн боломжит байдлаас хэтэрсэн, хэн ч болов сэргийлэх боломжгүй, аюул бүхий өгсүүр замд гарч, даатгалын эрсдэл бий болох орчин нөхцөлийг бүрдүүлсэн гэх үндэслэлгүй байна.

 

15. Түүнчлэн даатгуулагч зорчих хэсгийн хашлага даван хохирол учруулсан үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй гэх агуулга бүхий гомдлыг хариуцагч “МД” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргажээ. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Г.М хатуу хучилттай замаас гарч хөдөөгийн замд орохдоо замын хажуугийн суваг дамнуулсан цементэн тавцанг давж гарсан нөхцөл байдал тогтоогдож байх ба энэ нь дээр дурдсан зорчих хэсгийн хашлага давсан гэх нөхцөл байдалд хамаарахгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

16. Анхан ба давж заалдах шатны шүүх даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг учирсан хохирлын 80 хувиар тогтоож хариуцагчаас 31,001,271 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байх ба даатгуулагч зам тээврийн осол гаргасанд болгоомжгүй сэдэлтээр гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй. Иймд хоёр шатны шүүх хуулийн холбогдох заалт, талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний  2.11 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

17. Эдгээр үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О-ы хяналтын журмаар гаргасан “Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн, зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах үед учирсан хохирол, даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан зэрэг тохиолдолд даатгагч тал нөхөн төлбөрийг татгалзах эрхтэй” гэх агуулгаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2022/01985 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16ы өдрийн 210/МА2022/01991 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч “МД” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О-ы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2022.12.26-ны өдөр төлсөн 312,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                                       Н.БАЯРМАА

                                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН