Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/57

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Б.Мандалмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,

Хохирогч: Г.А ,

Шүүгдэгч: А.Н, Э.Б, тэдгээрийн өмгөөлөгч Б.Ууганжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овгийн А-н Н , Б овгийн Э-н Б нарт холбогдох 2426000000042 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.                                            

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Н, Э.Б нар нь бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн ***** тоот хашаанаас хохирогч Г.А гийн өмчлөлийн “Go 8G” загварын 150сс мотортой мотоциклийг авч 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч А.Н, Э.Б нар нь бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн ***** тоот хашаанаас хохирогч Г.А гийн эзэмшлийн “Go 8G” загварын 150сс мотортой мотоциклийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/, хохирогч Г.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн “Би 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө 09 цагийн үед гэрээсээ гараад хартал мотоцикль алга болсон байсан. Би урд орой нь буюу 2024 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө 23 цагийн үе аавынхаасаа ирээд мотоциклио гэрийнхээ зүүн талд данхраадаад тавьсан юм. Тэгээд өглөө сэрэхэд алга болсон байсан. Мотоциклийн түлхүүр зоолттой байсан хашааныхаа хаалгыг цоожилсон байсан. Өглөө сэрээд харахад хашааны том, жижиг хаалга хоёулаа онгорхой байсан. Би өөрийн хүү болон найз залуу Э нарын хамт гэртээ хоносон. Миний мотоцикль шинэ загварын Даюун буюу “Go 8G” загварын 150сс мотортой тээврийн хэрэгсэл байгаа юм. Толгой дээрээ шар өнгийн хөгжимтэй. Мотоцикльдоо планет-5 мотоциклын 2 ширхэг босоо дохио нэмж тавьсан. Хойд талдаа туузан гэрэлтэй. Амаржин, суудал зэрэг нь бүгд гялгартайгаа 2.900.000 төгрөгөөр худалдаж авсан улсын дугааргүй мотоцикль байгаа юм. Миний алдсан мотоцикль арал, моторын дугаар, гаднах шинжээрээ мөн байна. Миний мотоциклийн урд карлон дээр байсан алтан шаргал өнгийн буган сувинер 25,000 төгрөгөөр авч байсан. Планет-5 мотоциклийн дохио 2 ширхгийг 50,000 төгрөгөөр, улаан өнгийн хамгаалалтын каск 1 ширхгийг мотоцикльд дагалдаж ирж байсан хойд урд дугуйны хошуу хэсэгт байх гэрэлтэй хошууны таг 2 ширхгийг 8,000 төгрөгөөр, 2 метр урттай мотоциклийн ар хэсэгт байсан туузан гэрэл 32,000 төгрөгөөр, мотоцикльд дагаж ирсэн гэх 1 ширхэг толь ханцуйвчаа 25.000 төгрөгөөр тус тус худалдаж авсан. Мотоциклийн хөгжим эвдэрсэн байсан. Алдсан мотоциклио буцаан авсан. 2 ширхэг толь, 2 ханцуйвч, хөгжим зэрэг нь эвдэрсэн байсан. Эвдэрсэн зүйлсийн үнэ болох 180,000 төгрөгийг бэлнээр авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүйгэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12, 15 хуудас/,

Гэрч Ц.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө босоод бие засчихаад хартал хашааны хаалга онгорхой амбаарын хажуу талд байсан мотоцикль алга болсон байсан. Тухайн шөнө мотоциклийн түлхүүр нь зоолттой байсан. Ер нь хашаандаа зоолттой орхичихдог юм. Би урд шөнө нь унтахаасаа өмнө хашааны хаалгаа хаагаад гинжээр ороосон байсан. Алдагдсан мотоцикль нь урдаа планет-5 мотоциклийн дохиотой, хөх өнгийн ханцуйвчтай, шар өнгийн хөгжимтэй, ардаа 2 туузан гэрэлтэй 2023 оны 10 дугаар сард авсан шинэвтэр мотоцикль байгаа юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/,

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө Арвайхээр сумын 1 дүгээр багийн ***** тоотод байх өөрийн хашаанаас 2024 оны 01 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Г.А  нь өөрийн эзэмшлийн “Go 8G-150сс” загварын улсын дугааргүй ногоон өнгийн тээврийн хэрэгслээ алдсан гэх хэргийн дуудлага мэдээлэлд хэргийн газрын бүрэлдэхүүний хамт очсон юм. Тэгээд хохирогчоос алдагдсан тээврийн хэрэгслийн содон шинж тэмдгийн талаар асууж тодруулаад гадуур алдагдсан тээврийн хэрэгслийг эрэн сурвалжилж ажиллахад Арвайхээр сумын төв барааны захын ар хэсэгт А.Н  гэх залуу алдагдсан тээврийн хэрэгсэлтэй ижил загварын тээврийн хэрэгслийг уначихсан явсан. Тухайн мотоциклийг хэний мотоцикль унаж яваа талаар асуухад миний мотоцикль байгаа юм. Би шинэ мотоцикль авсан юм гэж ярьсан. Гэхдээ нударга, толь, хөгжим зэрэг нь таарахгүй байсан болохоор хохирогчид үзүүлье гэж бодоод тухайн мотоциклийн болон арлын дугаарын зургийг нь дарсан юм. Тухайн зураг нь надад байгаа гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/,

            2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2-6 хуудас/,

    Монгол улсын хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 11 дугаартай:... “Go 8G” загварын 150сс мотортой мотоциклийн зах зээлийн үнэ цэнэ 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган төгрөг/” гэсэн үнэлгээний тайлан, /хх-ийн 29-32-р хуудас/,

           2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 38 хуудас/,

            2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 39 хуудас/,

            2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 52-56-р хуудас/,

            2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 57-58-р хуудас/,

            2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 113-116 хуудас/,

      2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2426000000042 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 117-118 хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзэж байна.

              Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.             

              Шүүгдэгч А.Н, Э.Б нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

              Шүүгдэгч А.Н, Э.Б нар нь хохирогч Г.А д 2,700,000 төгрөгийн үнэ бүхий мотоцикль, мотоциклийн бариул 2 ширхэг зэргийг буцаан өгсөн, мотоциклийн ханцуйвч 2 ширхэг, хөгжим 1 ширхэг, толь 2 ширхэг зэргийн эвдрэл гэмтлийн үнэ 180,000 төгрөгийг төлсөн. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн тул шүүдэгч А.Н, Э.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

              Эрүүгийн хариуцлагын талаар:

          Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

              Иймд Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овгийн А-н Н , Б овгийн Э-н Б нарыг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н , Э.Б нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-д зааснаар шүүгдэгч А.Н, Э.Б нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,

Шүүгдэгч А.Н, Э.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.А д 2,700,000 төгрөгийн үнэ бүхий мотоцикль, мотоциклийн бариул 2 ширхэг зэргийг буцаан өгсөн, мотоциклийн ханцуйвч 2 ширхэг, хөгжим 1 ширхэг, толь 2 ширхэг зэргийн эвдрэл гэмтлийн үнэ 180,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Н, Э.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болно” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй” гэж тус тус хуульчилсан байх тул,

Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, 

Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Н , Э.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х овгийн А-н Н, Б овгийн Э-н Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овгийн А-н Н , Б овгийн Э-н Б нарыг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н , Э.Б нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-д зааснаар шүүгдэгч А.Н , Э.Б нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шүүгдэгч А.Н , Э.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.А д 2,700,000 төгрөгийн үнэ бүхий мотоцикль, мотоциклийн бариул 2 ширхгийг буцаан өгсөн, мотоциклийн эвдрэл гэмтлийн үнэ 180,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Н , Э.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Н , Э.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                               Х.ОТГОНЖАРГАЛ