| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2024/0043/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/58 |
| Огноо | 2024-03-06 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Ц.Нэргүй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,
Шүүгдэгч: Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн Ц-н Д-д холбогдох 2326003750048 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Д нь 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт хохирогч Г.О-г төөрөгдөлд оруулан “Хуриманд явах гэсэн юм. Монетон ээмэг, бөгж байвал зүүлгээч” гэж хуурч, түүний өмчлөлийн 1,256,300 төгрөгийн үнэ бүхий монетон бөгж 2 ширхгийг авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Д нь 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт хохирогч Г.О-г төөрөгдөлд оруулан “Хуриманд явах гэсэн юм. Монетон ээмэг, бөгж байвал зүүлгээч” гэж хуурч, түүний өмчлөлийн 1,256,300 төгрөгийн үнэ бүхий монетон бөгж 2 ширхгийг авсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7 хуудас/, хохирогч *********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ажил дээрээ байж байтал Ц.Д “Би хуриманд явах гэсэн юм. Зүүлгэх монетон ээмэг, бөгж байвал зүүлгээч” гэсэн. Тэгэхээр нь надад гоёлын ээмэг бөгж зөндөө байна. Тэд нараас авах уу гэсэн чинь үгүй ээ надад монетон ээмэг бөгж л хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр нь би өөрийн зүүж байсан ээмэг бөгжөө өгөөд нэмж нэг монетон бөгж гэрээсээ очиж авч өгсөн. Тэгээд 7 хоногийн дараа миний монетон ээмгийг авчирч өгөхдөө **********-н байранд байдаг ахындаа цүнхээ орхичихсон байсан чинь ах хөдөө мал руугаа явчихжээ. Хоёр бөгж чинь цүнхэн дотор байгаа гэж хэлсэн. Тэрнээс хойш бөгжөө асуухаар дандаа худлаа хэлээд хөдөө ажлаар явж байна, ажил явдал гарчихлаа гэдэг байсан. 07 дугаар сард утас нь дуудаад ашиглалтад байхгүй болчихсон. Тэгэхлээр нь би гэрийнх нь хаягаар очоод хүүгээс нь утасны дугаарыг аваад ярьсан чинь би ломбардад тавьчихсан юм. Би одоо самарт явж байна. Ирээд аваад өгье гэсэн. Тэгээд би ойр ойрхон ярьж байсан чинь за удахгүй очлоо гээд таг болчихсон. Ц.Д нь манай бага хүүгийн цэцэрлэгийн багшаар ажилладаг байсан юм. Одоо бол ажилдаа очихгүй гарчихсан гэсэн. Би өөрийн хоёр бөгжөө 2022 оны 06 дугаар сард Улаанбаатар хотоос Мөнгөн завьяагаас 1 граммыг нь 130,000 төгрөгөөр худалдан авч байсан санагдаж байна. Тухайн хоёр бөгж нийлээд 7.8 грамм гэдгийг Ц.Д ломбардад тавьсан бичгээс харсан. Би Ц.Дэмбэрэлдуламтай 2023 оны 09 дүгээр сарын сүүлээр ярихад аймагт байна гэсэн. Тэрнээс хойш 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр одоо танд аваачиж өгнө гэж над руу мессеж бичээд дахиж холбоо бариагүй. Ц.Д нь миний хоёр бөгжийг Хүнс барааны зах дотор байрлах Хангамж худалдааны төвийн 1 давхарт байрлах Ц.Д гэх хүний ломбардад 740,000 төгрөгөөр тавьсан байсан. Ц.Д-с хоёр ширхэг монетон бөгжөө нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/,
Гэрч Ц.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Ц.Д гэх хүнийг танихгүй. Тухайн монетон хоёр бөгжийг ломбарданд тавьж, 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 700,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр нэмээд 40,000 төгрөг авсан. Баримт нь байгаа. Уг хоёр бөгж одоо байхгүй. Улаанбаатар хотод ломбардад тавиад удсан зүйлүүдийг борлуулсан. Гэрээн дээр ломбардад тавьсан эд зүйлсийг 1 сар хадгална гэж байгаа. Манайх дахин нэг сар үргэлжлүүлж хадгалдаг. Тэгээд авахгүй бол гэрээний заалтын дагуу худалдан борлуулдаг гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 хуудас/,
Монгол улсын хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11/31 дугаартай:... 2 ширхэг 7.39 грамм жинтэй монетон бөгжний зах зээлийн үнэ цэнэ 1,256,300 төгрөг гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 25-27 хуудас/,
2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 31 хуудас/,
2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2326003750048 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 33-34 хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзэж байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ц.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Д нь хохирогч Г.О-д 1,260,000 төгрөгийг төлсөн. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн тул шүүдэгч Ц.Д-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б овгийн Ц-н Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.О-д 1,260,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болно” гэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй” гэж тус тус хуульчилсан байх тул,
Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овгийн Ц-н Д-г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.О-д 1,260,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ