Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 00086

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир би даргалж,

Нарийн бичгийн даргаар П.Ундрах,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Хохирогч Х.Сугаржав,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,

Шүүгдэгч Н.Гансүх, Ж.Шоовдор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нямдоржийн Гансүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жадамбын Шоовдор нарт холбогдох эрүүгийн 201622000736 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Харчин Нямдоржийн Гансүх, 1986 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Түнэл сумын “Түнэл-илч” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт галч ажилтай, ам бүл 3, эх, эмээгийн хамт Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн РМ86090612 дугаартай,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Бархас Жадамбын Шоовдор, 1996 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 39-03 тоотод бүртгэлтэй, 10 дугаар багийн 04-05 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн РЮ96042417 дугаартай,

Шүүгдэгч Н.Гансүх нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Түнэл сумын төвд Х.Сугаржав, Э.Эрдэнэ-Очир нарыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан, шүүгдэгч Ж.Шоовдор нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын төвд Х.Сугаржав, Э.Эрдэнэ-Очир нарыг өмөөрсний улмаас Н.Гансүхийн толгойн тус газар модоор цохиж бие махбодид нь толгойн зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Гансүх нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Түнэл сумын төвд Х.Сугаржав, Э.Эрдэнэ-Очир нарыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн, шүүгдэгч Ж.Шоовдор нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын төвд Н.Гансүхийн толгойн тус газар модоор цохиж бие махбодид нь толгойн зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Н.Гансүхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 23-ны орой дэлгүүрийн гадаа зогсож байхад Шоовдор нь Э.Эрдэнэ-Очир, Х.Сугаржав нартай өгсөж яваад айл асуусан. Тэгээд бид нарын дунд маргалдаан гарсан. Бид нар жаахан халамцуу байсан. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Ж.Шоовдорын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Н.Гансүх дэлгүүрийн гадаа манай хоёр найзаас архины мөнгө нэхээд маргалдсан. Тэгэхээр нь би өмөөрөөд хашааны хажууд байсан гишүүг авч Н.Гансүхийн толгой руу цохисон... гэх мэдүүлэг,  

Хохирогч Х.Сугаржавын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 11-р сарын 22-ны орой 18 цагийн орчим Эрдэнэ-Очир бид хоёр Лхагваа ахын гэрээс мах авахаар явсан юм. Бид хоёрыг Олон булаг дэлгүүр өнгөрөөд явж байтал үл таних хүн хөөе хүрээд ир гэхээр нь эргээд хартал эргэн тойрон хүн байгаагүй, тэгэхээр нь цаашаа явах гэхэд дэлгүүрийн урд талд байдаг талхны цехийн таамбараас хоёр эрэгтэй хүн гарч ирээд бид хоёр дээр ирээд нэг нь хаанаас ирсэн хаанахынх уу, энд юу хийж яваа юм гэхээр нь хөрөө раман дээр ажиллаж байгаа талаараа хэлэхэд хэд хонож байгаа юм гэхээр нь 7 хонож байна гэж хэлсэн, тэгсэн мөнгөө гаргаад ир гэхээр нь байхгүй гэсэн чинь намайг мөргөчихсөн, тэгснээ юу гэнээ дахиад хэлдээ гэхээр нь би дуугараагүй, тэгсэн намайг цохиод бас алгадсан, тэгэхэд нь би юм дуугараагүй. ...Тэгсэн нөгөө эхэлж ирээд намайг мөргөсөн залуу наад хоёр пиздагаа оруулаад ир гэснээ нөгөө гарч ирсэн таампарлуугаа авч орсноо бид хоёрыг элгэдээд хооронд маань мөргөлдүүлээд байсан. ...Тэгээд байж байтал Шоовдор явж тамхи авах уу гэхээр нь нөгөө залуучууд байгаа гэхэд холоос харж байгаад байхгүй бол дэлгүүр оръё гээд явсан. ...Энэ үед Шоовдор хаанаас мод авсан юм мэдэхгүй намайг зуурчихсан байсан залуугийн толгой руу нь цохичихсон, тэгсэн нөгөө залуу намайг тавиад бид гурав зугтаачихсан. …Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Хохирогч Э.Эрдэнэ-Очирын мөрдөн байцаалтад өгсөн: …Бид хоёрыг Олонбулаг дэлгүүр өнгөрөөд явж байтал үл таних хүн хөөе хүрээд ир гэхээр нь эргээд хартал эргэн тойрон хүн байгаагүй, тэгэхээр нь цаашаа явах гэхэд дэлгүүрийн урд талд байдаг талхны цехийн таамбараас хоёр эрэгтэй хүн гарч ирээд бид хоёр дээр ирээд нэг нь хаанаас ирсэн хаанахын уу, энд юу хийж яваа юм гэхээр нь хөрөө раман дээр ажиллаж байгаа талаараа хэлэхэд хэд хонож байгаа юм гэхээр нь 7 хонож байна гэж хэлсэн, тэгсэн мөнгөө гаргаад ир гэхээр нь байхгүй гэсэн чинь 7 хонож байж мөнгө байдаггүй юм уу гэснээ Сугаржавыг алгадаад дараа нь нүүр лүү нь цохичихсон. Тэгсэн таампар дотроос нэг савхин куртик, савхин бээлийтэй залуу гарч ирээд Сугаржавын нүүр лүү хоёр гараараа зэрэг цохиод байсан, тэгж байснаа таампарлуу оруулаад Сугаржав бид хоёрыг хооронд нь мөргөлдүүлээд бас цохиж зодоод байсан. …Бид хоёр гэртээ харихад Сугаржавын хамраас цус гоожсон байсан, тэрийгээ угаасан. Тэгээд хоолоо хийж идээд дэлгүүр орж тамхи авахаар Шоовдор, Сугаржав бид гурав явсан. ...Би Донхорыг цохисон гэдгийг нь хараагүй, ямар ч байсан таг хийгээд дуу гарсныг мэдэж байна. Таг хийсэн дуу гарсны дараа зугтаарай гээд бид гурав зугтаасан. ...Надад ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга байна гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.Гансүхийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн: …Тэгээд нөгөө хоёр залуу яваад өгсөн. Тэр хоёрыг явснаас хойш бид нар дэлгүүрийн тэр хавиар 30 орчим минут болсон байх тэгж байж байгаад Энхээ, Мийгаа хоёр дэлгүүр лүү пиво авах гээд орсон тэгэхэд би дэлгүүрийн гадаа ганцаараа зогсож байхад доороос 3 залуу дэлгүүрийн тийшээ өгсөөд ирж явсан, би нэг их тоолгүй дэлгүүр лүү хараад зогсож байсан чинь нөгөө залуу миний араар өнгөрөөд явчих шиг болсон чинь миний араас хүнд юмаар цохихоор нь эргээд хартал нөгөө өмнө нь ирсэн саарал өнгийн куртиктэй өндөр залуу зогсож байхаар нь бариад автал хажуу талаас нэг залуу нь толгой руу юмаар цохичихсон, тэгээд би ухаан алдаад уначихсан… гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

Гэрч Д.Батцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: …орой 17 цагийн орчим манай хашаан дотор байдаг талх барьдаг цехийн үүдний таамбар дотор залуучууд шуугилдаад байхаар нь гараад хартал нэлээн олон согтуу залуучууд таамбарын гадаа зогсож байгаа бололтой зогсож байгаа хүмүүсийн дунд хоёр хүн нэг нэгийгээ заамдалцаад хэрэлдээд байгаа харагдсан. Тэгэхээр нь би очсон чинь үүдний таамбар дотор бас хэдэн залуучууд зогсож байсан, таамбар дотор байсан хүмүүс дотор миний таньдаг Энхтүвшин гэдэг залуу гадаа зууралдаад байгаа хоёр хүнийг хараад зогсож байсан. Тэр зууралдаад заамдалцсан хоёр хүний нэг нь Гансүх гэдэг хүн мөн болохыг би очиж хараад таньсан. Бусдыг нь анзаарч хараагүй. Намайг гэртээ орсноос хойш тэр залуучууд барагцаагаар 30 минутын турш хашгиралдаж байгаад явсан…гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,

Гэрч Ж.Бадралын мөрдөн байцаалтад өгсөн: …манай сумын залуучууд болох Гансүх, Баасанхишиг, Энхтүвшин, Энхбаяр, Мягмардорж нар хамт нийлээд архи уучихсан бололтой үдээс хойш 14, 15 цагаас эхлээд согтуу манай дэлгүүрийн урд талаар дээшээ доошоо уруудаад яваад байсан. Тэгж байгаад орой 20 цагийн үед тэд нар манай дэлгүүрийн гадаа бөөнөөрөө зогсчихсон байсан, тэгсэн гадаа хүмүүс чанга чанга дуугаралдаад мод хугарах чимээ гарсан, тэгэхээр нь би Энхбаярыг гараарай гадаа юу болоод байна гэсэн чинь Энхбаяр гараад гүйсэн, тэгэхээр нь би араас нь куртикээ өмсөөд дэлгүүрийн гадаа гартал Гансүх дэлгүүрийн довжоон дээр дээшээ хараад хэвтчихсэн хажууд нь Энхтүвшин, Мягмардорж хоёр Гансүхийг барьчихсан байж байсан. Тэгэхээр нь очоод хартал Гансүхийн толгойны орой хэсгээс нь цус гарч байсан… гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Гэрч Д.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: …Тэгсэн Эрдэнэ-Очир, Сугаржав хоёр яваад удаагүй байж байтал Шоовдор гэдэг бандийн утас дуугараад ярьснаа тантай хүн утсаар яръя гэж байна гээд гар утсаа надад өгсөн, тэгсэн нэг согтуу хүн утасны цаанаас чи хэн юм гээд хэл ам нь ойлгогдохгүй юм яриад байхаар нь би Лхагваа байна гэж хэлсэн, тэгсэн Донхор байна гэсэн тэгэхээр нь би яагаад хүүхдүүд явуулахгүй байгаа юм гэсэн чинь чи хэн юм гэж байснаа утсаа салгачихсан. Тэгээд би эхнэрлүүгээ залгаад хоёр хүүхэд маханд явуулсан чинь замд нь согтуу хүмүүс хоргоогоод байгаа юм шиг байна, урдаас нь очоод орхиоч гэж хэлсэн, тэгсэн эхнэр хашааны гадаа гартал нөгөө хоёр банди гэрийн гадаа оччихсон байсан, Сугаржав гэдэг бандийнх нь хамраас цус гарчихсан байсан гэсэн… гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Гэрч О.Энхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: …намайг пиво авах санаатай дэлгүүр лүү ороод байж байтал гадаа нижгэнээд хүмүүс хашгиралдаад эхлэхээр нь гараад хартал Гансүх дэлгүүрийн гадаа цустайгаа хутгалдчихсан Мийгаа, Баасанхишиг хоёр хүн хөөгөөд гүйж байсан. Тэр хоёр нэг их ч хол хөөгөөгүй буцаад ирсэн… гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

Гэрч Х.Мягмардоржийн мөрдөн байцаалтад өгсөн: …дэлгүүрийн таамбар дотор байхад гурван залуу хүрээд ирсэн. Гансүх нэг залуу руу нь очиж байсан, тэгсэн нэг мэдэхэд зодолдоод эхэлсэн, тэгсэн удаагүй Гансүх газарт уначихаар нь очоод үзтэл Гансүхийн толгойноос цус гарч байсан. Энэ үед нөгөө залуу зугтаагаад алга болсон…гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний шинжээч эмчийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 641 дугаартай …1.Х.Сугаржавын биед гэмтэл тогтоогдлоо. 2.Х.Сугаржавын биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байна. 5.Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 6. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно гэх,  

2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 642 дугаартай …1.Э.Эрдэнэ-Очирын биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлтүүд /хх-ийн 31, 33 дугаар хуудас/,

Мөн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 640 дугаартай …1.Н.Гансүхийн биед гэмтэл тогтоогдлоо. 2.Н.Гансүхийн биед толгойн зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, бүсэлхийн зөөлөн эдийн няцралт, цус хурал зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байна. 5.Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6.Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 38-р хуудас/,

Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 114, 116 дугаар хуудас/,

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 115, 116 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Иймд шүүгдэгч Н.Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан, шүүгдэгч Ж.Шоовдорыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Н.Гансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж шүүх үзэв.

Хохирогч Н.Гансүх нь шүүгдэгч Ж.Шоовдортой эвлэрсэн талаар 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн эвлэрлийн гэрээг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар “Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн… хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол” хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Шоовдорыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 82, 102 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, 93 см урттай, 7 см диаметртай мод 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах О.Уранчимэгт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харчин овогт Нямдоржийн Гансүхийг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэргийг, шүүгдэгч Бархас овогт Жадамбаагийн Шоовдорыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар шүүгдэгч Н.Гансүхэд 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Ж.Шоовдорыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.Гансүхэд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.4-т зааснаар шүүгдэгч Н.Гансүхэд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар хэрэгт хураагдан ирсэн СD 1 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, 93 см урттай, 7 см диаметртай мод 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах О.Уранчимэгт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Гансүх, Ж.Шоовдор нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.ЭРДЭНЭ-ОЧИР