Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 07

 

Х, О, О нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, шүүгч Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж даалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 133/ШШ2017/00441 дугаар шийдвэртэй,

ГХ, О, О нарын нэхэмжлэлтэй,

А-д холбогдох

тээврийн хөлс 37.710.177 төгрөг гаргуулах тухай үндсэн, 2.200.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

НэхэмжлэгчИ, О болон С-н итгэмжлэгдсэн төлөөлөгч О нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Х, С, О нар нь 2016 онд Говь-Алтай аймгаас Ховдын чиглэлийн замд өөрсдийн ачааны авто машинаараа Алтайн титэм тэнгэр ХХК-ийн нэр дээр 6 дугаар сараас эхлэн ажилласан. 2016 оны 6, 7 дугаар сарын тээврийн хөлсийг авсан. 2016 оны 8 дугаар сар, 2016 оны 9 дүгээр сарын эхний 10 хоногийг ажлын хөлсийг аваагүй байгаа ба Алтайн титэм тэнгэр ХХК-ийн захирал М.Алтанхүү БУЗ ХХК-иас 4 удаагийн шилжүүлэгээр 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр урьдчилгаа 5.000.000 төгрөг Хас банкны 5001728906 тоот дансаар, 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 5323065647 тоот ХААН банкны дансаар 26.569.810 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 5323065647 тоот ХААН банкны дансаар, 9 дүгээр сарын тээврийн хөлс болох 5.000.000 төгрөг, 5001728906 тоот Хас банкны дансаар 9.246.450 төгрөгийг тус тус авсан баримтыг хавсаргав /8, 9 дүгээр сарын тээврийн хөлсийг авч хувьдаа ашигласан, тээврийн хөлсийг одоо хүртэл өгөхгүй БУЗ ХХК-тай тооцоо хийгээгүй мөнгө аваагүй гэж худал ярьж явсаар байгаа тул А-ээс бид гурвын нийт 37.710.177 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж биднийг хохиролгүй болгож өгнө үү. Бид 2016 оны 12 дугаар сард аймгийн Цагдаагийн газар хандаж, хүсэлт өгсөн боловч залилангийн шинж чанар байхгүй иргэн хоорондын маргаан гэж үзсэн ба аймгийн Прокуророос мөн иргэний маргаан гэж үзсэн тул иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж байгаа болно гэжээ.

Хариуцагч Алтайн титэм тэнгэр ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Алтайн титэм тэнгэр ХХК-ийн захирал А би 2016 оны 8-9 сард Алтайгаас Ховдын чиглэлийн замд Х, С, О нартай хамтран ажиллаж байсан юм. Эдгээр хүмүүс нь надаас үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байгаа тул миний бие дээрх хүмүүсээс 2.200.000 төгрөгийг нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргаж байна шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар манай аймгийн жолооч нар хамтран зам дээр ажиллах болсон. Гэтэл одоог хүртэл 8 дугаар сар, 9 дүгээр сарын тээврийн хөлсийг авч чадаагүй байгаа. Бусад жолооч нар тээврийн хөлсөө авсан байгаа. Алтайн титэм тэнгэр ХХК-д ажилласан 3 жолооч тээврийн хөлсөө аваагүй байгаа. Тээврийн хөлсөө авах гээд Өвөр монгол компанитай нь холбогдохоор та нарын тээврийн хөлсийг өгсөн гэж хэлдэг. Иймд тээврийн хөлс 13.155.397 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 6 дугаар сараас Ховд, Говь-Алтай аймгийн зам тавих ажил Алтайн титэм тэнгэр ХХК-ийн нэр дээр манай аймгийн жолооч нар ажилласан. 6 дугаар сар, 7 дугаар сарын тээврийн хөлсийг авсан. 8 дугаар сарын тээврийн хөлс, 9 дүгээр сарын эхний 10 хоногийн тээврийн хөлсийг одоог хүртэл аваагүй байгаа. Тухайн тээврийн хөлсийг 3 жолооч нь тус бүрдээ бодуулсан байгаа. С-ын тээврийн хөлс 12.302.610 төгрөг, Х-ийн тээврийн хөлс 13.155.397 төгрөг, О 12.252.170 төгрөг, нийт 37.710.177 төгрөг 8 дугаар сарын 8-ний өдрөөс 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Хаан банк, Хас банк, бэлнээр нийт 4 үйлдлээр 45.816.260 төгрөгийг А нь хувьдаа ашигласан байгаа. Тухайн 3 хүнд тээврийн хөлсийг нь өгөөгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа гэжээ.

Хариуцагч Алтайн титэм тэнгэр ХХК-ийн захирал А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие А нь 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгаас Ховдын чиглэлд 80 км газрын засмалын ажилд Хятадын хэлмэрч болох Өнөрбаттай хэлэлцэж, эхнэр О-нх нь БУЗ ХХК-тай гэрээ хийж машин ажиллуулахаар жолооч нарыг Өнөрбаттай уулзуулсан. Ингээд ажил эхэлж манай компани жолооч нарын амрах байр, гуанз, үйлчилгээний машин болон тогооч, нягтлан, жолооч гэх 3 хүн цалинжуулж ажиллуулсан юм. БУЗ ХХК 6, 7 дугаар сарын жолооч нарын тээврийн хөлсийг манай компанийн дансаар олгосон юм. Үүнд компаниас гарч байгаа зарлага болох мөнгө юу ч өгөөгүй. Үүнээс үүдэн Өнөрбаттай маргаан үүссэн. Ингээд манай компани нь жолооч нартай гэрээ хийх гэтэл нэг ч жолооч гэрээ хийгээгүй, гэрээ хийхээс татгалзсан. 8, 9 сард жолооч нар хийсэн ажлынхаа падааныг надад өгөлгүй Өнөрбатад өгөөд 9 дүгээр сарын 12-ны өдөр Өнөрбатыг хот руу шөнөөр явуулсан байсан. Би сүүлд мэдээд араас нь очиж уулзсан. Ингээд Өнөрбаттай тохиролцохгүй байсаар 10 дугаар сарын 01-ний өдөр компаниас гарсан зарлага болох мөнгийг хувийн дансаар авсан юм. Үүнд татварын 10 хувь болох 9.246.000 /нөат/, жолоочийн цалин болон 2 гэрийн түрээс 5.000.000 төгрөг, бусад зарлага болох 26.000.000 төгрөг, үүний 10.000.000 нь 8, 9 сарын урьдчилгаа гэж тохиролцож авсан юм. Эдгээр мөнгөнүүдийг тээврийн хөлс гэж хийснийг сүүлд нь мэдсэн. Ингээд Өнөрбат 11 дүгээр сарын 10-ны өдөр нутаг явлаа гэж уулзаад 12 дугаар сарын 15-нд 8, 9 сарын тооцоо хийж мөнгө өгөхөөр тохироод явсан. Гэтэл нутаг руугаа яваагүй, одоо гомдол гаргаж буй иргэн И.Хүнбишпүрэвтэй хуйвалдан намайг гүтгэж цагдаад 12 дугаар сарын 4-ний өдөр өргөдөл өгсөн байсан. Ингээд би 01 дүгээр сарын 03-ны өдөр цагдаагаас салаад Өнөрбаттай уулзах гэтэл чадахгүй явсаар хот явж Өнөрбаттай уулзсан юм. Гэтэл гэрээний дагуу 8, 9 сарын тооцоог хийхгүй, өөр нөхцлөөр тооцоо хийх акт хүргүүлсэн тул манай компани зөвшөөрөөгүй гэрээний дагуу хийхээ мэдэгдсэн. Одоо БУЗ ХХК-ийг шүүхэд өгөхөөр болсон тул жолооч нарыг хамтрахыг хүсч байна. Өргөдөл гаргасан И.Хүнбишпүрэв нь Өнөрбаттай холбоотой учир тээврийн хөлсөө авсан байхыг үгүйсгэхгүй. Эдгээр жолооч нар 6, 7, 8, 9 сарын татварын 10%, сарын хоолны мөнгө, 1 сарын компанийн авлага 100.000 төгрөг болон эдгээр мөнгөнүүдээс зугтан Өнөрбаттай хуйвалдан явснаас ийм зүйлд хүрсэн. 2016 онд манай компанийг жолооч нартай тохироод гэрээ хийгээд яв гэж хэлсэн. 7 дугаар сар дуустал гэрээ хийгээгүй. Тухайн жолооч нар нь манай компанитай гэрээ хийгээгүй байгаа. 6 дугаар сар, 7 дугаар сард жолооч нар падаан өгөөд тооцоогоо бодуулсан. Тухайн тооцооны дагуу 6 дугаар сар, 7 дугаар сарын тээврийн хөлсийг олгосон. 8 дугаар сар, 9 дүгээр сарын тооцоог хийх гэтэл жолооч нар нь падаанаа өгөөгүй. Өвөрмонгол хүмүүстэйгээ хамт Улаанбаатар хот явсан байсан. Би араас нь Улаанбаатар хот орж уулзахад бас падаанаа өгөөгүй. 24 жолоочийн хоолны мөнгө 2 гэрийн түрээс, ажилласан 2 хүний цалин, шатахууны мөнгө гэж 25.000.000 төгрөг өгсөн. Татварт 9.000.000 төгрөг өгсөн. Тухайн тээврийн хөлс олдохгүй байгаа шалтгаан нь жолооч нар падаанаа өгөхгүй байгаа учир тээврийн хөлс олдохгүй байгаа гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Алтайн титэм тэнгэр ХХК-иас 12.302.610 /арван хоёр сая гурван зуун хоёр мянга зургаан зуун арван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С, 13.155.397 /арван гурван сая нэг зуун тавин таван мянга гурван зуун ерөн долоон/ төгрөг гаргуулж Х, 12.252.170 /арван хоёр сая хоёр зуун тавин хоёр мянга нэг зуун далан/ төгрөг гаргуулж О-д тус тус олгож, сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 346.501 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Алтайн титэм тэнгэр ХХК-иас 346.501 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х, О, С нарт олгож, хариуцагч Алтайн титэм тэнгэр ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 50.150 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан буцаан олгохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан давж заалдах гомдолдоо: Говь-Алтай аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 133/ШШ2017/00441 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Үүнд: Нэхэмжлэгч Х, О, О нар нь Алтайн титэм тэнгэр ХХК-тай ямар нэгэн хөлсөөр ажиллах гэрээ, хэлцэл байгуулаагүй. Эдгээр нэхэмжлэгч нарыг хөлсөөр ажиллуулсан зүйл байхгүй байна.

Алтайн титэм тэнгэр ХХК болон нэхэмжлэгч  Х, О, О нарын хооронд ямар нэгэн иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байхад үндэслэлгүйгээр 37.710.177 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн байгаа тул Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 133ШШ2017/00441 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарчээ.

 

Нэхэмжлэгч Х, О, С нар нь хариуцагч Алтайн титэм тэнгэр ХХК-ний захирал А-д холбогдуулан тээврийн хөлсний дутуу 37.710.177 төгрөг гаргуулах, хариуцагч Алтайн титэм тэнгэр ХХК-ний захирал А нь нэхэмжлэгч Х, О, С нараас 2.200.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нар нь 2016 оны 6 дугаар сараас хариуцагч А-тэй ам хэлцэл байгуулан Говь-Алтай аймгаас Ховд аймгийн чиглэлд хийгдэх засмал замын ажилд өөрсдийн машинтайгаа нэгдэн хариуцагчийн үүсгэн байгуулсан Алтайн титэм тэнгэр ХХК-д орж ажиллаад тухайн оны 6, 7 дугаар сарын тээврийн хөлсөө авсан.

8 дугаар сар, 9 дүгээр сарын эхний 10 хоногийн ажлын хөлсийг аваагүй, уг замын ажлын захиалагч болох БУЗ ХХК-иас 4 удаагийн шилжүүлгээр бидний ажил /тээвэр/-ын хөлс орж ирснийг Алтайн титэм тэнгэр ХХК нь бидэнд өгөхгүй чирэгдүүлж байна гэж маргажээ.

Уг замын ажлын захиалагч болох БУЗ ХХК, хариуцагч Алтайн титэм тэнгэр ХХК хоёрын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлд заасан тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан, харин Алтайн титэм тэнгэр ХХК, нэхэмжлэгч С, Х, О нарын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ үүссэн байна.

Эдгээр нь тус тусдаа бие даасан харилцаанууд бөгөөд дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр байдлын хувьд БУЗ ХХК, Алтайн титэм тэнгэр ХХК-ний хооронд байгуулсан гэрээ бичгээр хийгдсэн, Алтайн титэм тэнгэр ХХК, жолооч нарын хооронд хөлсөөр ажиллах гэрээг бичгээр байгуулаагүй боловч хөлсөөр ажиллах гэрээний хэлбэрийн талаар Иргэний хуулийн зохицуулалтанд хуульд тухайлан заагаагүй тул хэлцлийн хэлбэрт тавигдах Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлах буюу хэлбэрийн хувьд хууль зөрчөөгүй, мөн агуулгын хувьд хууль зөрчөөгүй, талуудын болон гуравдагч этгээдийн эрх ашигт харшлаагүй байна гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаар Алтайн титэм тэнгэр ХХК нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар хүлээсэн үүргээ, нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан ...хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэсний дагуу тус тусын үүргээ гүйцэтгэсэн учраас аль ч гэрээний хувьд хуульд заасан үүрэг шаардах эрх нэхэмжлэгч нарт, харин хариуцагчид хөлс төлөх үүрэг үүссэн бөгөөд гэрээний харилцаа нь тус тусдаа өөр өөр харилцааг зохицуулсан, хоёр талт харилцаа буюу нэг гэрээний үүргийн биелэлтээс хамаарахгүйгээр нөгөө гэрээний үүрэг хэрэгжихээр байна гэж үзсэн нь мөн үндэслэлтэй байна.

 

Дээрх байдлаас үзэхэд Алтайн титэм тэнгэр ХХК, нэхэмжлэгч нарын хоорондын гэрээний харилцаа буюу ажил гүйцэтгэсэн талаар маргаагүй, харин хариуцагч нь ажлын гүйцэтгэлд төлөх хөлсний асуудал дээр БУЗ ХХК-аас мөнгө орж ирээгүй гэж маргаж байна.

БУЗ ХХК-иас ачаа тээвэрлэлтийн ажлын хөлс орж ирээгүй гэдгээр Алтайн титэм тэнгэр ХХК нь нэхэмжлэгч нарт ажлын хөлс төлөхөөс татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй юм гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн О, Ө нарыг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргахад шүүх шийдвэрлээгүй гэх гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгасан байгаа нь хүсэлтийг шийдвэрлэсэн гэж үзнэ.

 

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэгч нараас 2.200.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь юунд гарсан ямар зардал, ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь тодорхой бус байна гэж дүгнэн хэлэлцэхгүй орхисон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 133/ШШ2017/00441 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ

 

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

 

Т.ЖАРГАЛСАЙХАН