| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Олзвойн Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2020/03967/И |
| Дугаар | 183/ШШ2020/03196 |
| Огноо | 2020-12-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 183/ШШ2020/03196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ............. тоот хаягт оршин суух Ө овогт Л.М/ РД:000000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ............. тоот хаягт оршин суух Б овогт Г.С /РД:00000000/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 589.000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сэ, хариуцагч Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сэ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 1 жилийн хугацаатайгаар, сарын 10 хувийн хүүтэйгээр Г.С-д 2.000.000 төгрөг зээлдүүлсэн ба 2017.12.24-ний өдөр 180.000 болон 31.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 130.000 болон 70.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 652.000 төгрөг шилжүүлснээс 52.000 төгрөг нь хэвийн боовны мөнгө тул 600.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 200.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 200.000 төгрөг, 2018.10.04-ний өдөр үндсэн зээл 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тодруулбал үндсэн зээл 2.000.000 төгрөгийг, хүүд 1.411.000 төгрөгийг, нийт 3.411.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн ба 10 сар зээл ашигласан тул 4.000.000 төгрөг нийт төлөх ёстойгоос 3.411.000 төгрөг төлөгдсөн байх тул үлдэх 589.000 төгрөгийг гаргуулж авмаар байна. Бэлэн мөнгө огт авч байгаагүй, бичгээр гаргасан нэхэмжлэлд 1.800.000 төгрөгийг зээлийн хүүд төлсөн гэж техникийн алдаа гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлага 600.000 төгрөг байснаа 11.000 төгрөгөөр багасгаж байгаа юм гэв.
Хариуцагч Г.С хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие өөрийн нэрээ С болгож өөрчилсөн ба тухайн өөрчлөгдсөн иргэний үнэмлэхийн хуулбараа шүүхэд өгсөн. 2.000.00 төгрөгийг гэрээ байгуулан зээлж авсан нь үнэн. Бид хамаатан садан улсууд юм. 2018 оны 4 дүгээр сард эмнэлэгт хэвтсэн байхад хэл амаар доромжлоод байсанд их гомдолтой байдаг. 2018 оны 8 дугаар сараас хэвийн ажил хийж болохоор болсон тул нэхээд байхаар нь 2018 оны 10 дугаар сард 2.000.000 төгрөгийг төлсөн. Дандаа дансаар төлдөг байсан. Минийхээр бол зээлийн хүүд 1.811.000 төгрөг төлөгдсөн байх учиртай. Мөнгө хүүлдэг хүн учраас хууль номоороо татвар төлөх ёстой байтал татвараа төлсөн бол өөр хэрэг. Би огт хүлээн зөвшөөрөхгүй, дансны хуулгануудыг тулгахад уг нь таарч байна. Гэхдээ би найз нөхдийн данснаас шилжүүлж байсан. 52.000 төгрөгөөр хэвийн боов авч байсан нь үнэн. Одоо ямар ч байсан төлөхгүй гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.М хариуцагч Г.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 589.000 төгрөг гаргуулахаар шаарджээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Л.М нь хариуцагч Г.С-д 2.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн байна /хх-5/.
Дээрх гэрээний дагуу хариуцагч Г.С гэрээний хугацаа дууссан 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн үндсэн төлбөр 2.000.000 төгрөгийг, хүүгийн 2.400.000 төгрөгийн хамт төлөх үүрэг хүлээсэн бөгөөд 2017 оны 12 дүгээр сарын 24-ний өдөр 211.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 200.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 600.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 80.000 төгрөг, 2018 оны 05 дүгээр сарын 23-ны өдөр 200.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 200.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 2.000.000 төгрөг, нийт 3.491.000 төгрөгийг төлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу болон өөрийн шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон.
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх ба мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д заасан “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг” хүлээдэг, “хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэснээр нэхэмжлэгч нь хариуцагчаас 10 сарын хугацааны хүүгийн үлдэгдэл 509.000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Өөрөөр хэлбэл гэрээний хугацаа дуусахаас 2 сарын өмнө үндсэн зээл 2.000.000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч төлсөн ба зээлийг ашигласан 10 сарын хугацааны л үүргийг нэхэмжлэгч шаарддаг.
Улмаар хариуцагч үндсэн зээл 2.000.000 төгрөгийг, 10 сарын хүү болох 2.000.000 төгрөгийн хамт нийт 4.000.000 төгрөг төлөх ёстойгоос 3.491.000 төгрөгийг төлж, 509.000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Хариуцагч нь 2.000.000 төгрөгийн зээл авсан талаараа болон 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 2.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн талаараа маргадаггүй ба гагцхүү зээлийн хүүд 1.811.000 төгрөг төлсөн гэж мэтгэлцдэг.
Гэвч хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн дансны хуулганаас нэг бүрчлэн түүвэрлэхэд хариуцагч нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 211.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 200.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 600.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 80.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 200.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 200.000 төгрөг, нийт 1.491.000 төгрөгийг зээлийн хүүд төлсөн байх ба хариуцагч зээлийн хүүд 1.491.000 төгрөг бус 1.811.000 төгрөг төлсөн талаарх татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Харин нэхэмжлэгч тал хариуцагчийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 80.000 төгрөг төлсөн төлөлтийг тооцоондоо оруулаагүй байх тул шүүх Сараагаас гэх утгатай 80.000 төгрөгийн шилжүүлгийг маргаан бүхий зээлийн эргэн төлөлтөд тооцсон болно.
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 509.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгож, хариуцагчаас 15.920 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.С-гаас зээлийн гэрээний үүрэгт 509.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 80.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.М-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.С-гаас 15.920 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.М-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ