Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2020/03255

 

   2020           12             18                                              183/ШШ2020/03255

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч O.Чулуунчимэг  даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, .................. тоот хаягт оршин суух О овогт Ж.Д /РД:000000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг ....................т байрлах НШШГГ /РД:000000/-т холбогдох

    Орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Га, нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн хураасан эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн ................. тоот хаягт байршилтай, 103,62 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу зах зээлийн үнийг үнэлгээчин 289.411.900 төгрөгөөр тогтоосон үнэлгээг төлбөр төлөгчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга бөгөөд Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Д.М-ын 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 4-190/34812 дугаартай мэдэгдлээр мэдэгдсэнийг 2020 оны 09 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Учир нь Х ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №01/71 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлангийн үнэлгээг тодорхойлсон байдал хэсэгт Хан-Уул дүүргийн ........ апартментэд байрлах 3 ширхэг орон сууцтай харьцуулсан судалгааг хийсэн боловч орон сууц худалдаалагдаж буй unegui.mn сайтаас хамгийн хямдаар худалдаагдаж буй орон сууцыг сонгон авч судалгааг хийн өмчлөгчийн эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн. Тиймээс барьцаа хөрөнгийг үнэлсэн үнэлгээчний 289.411.900 төгрөг гэсэн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн хураасан эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, ................ тоот хаягт байршилтай, 103.62 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг ШШГТХуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу зах зээлийн үнийг үнэлгээчин 289.411.900 төгрөгөөр тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Га шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Улсын Дээд шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 111 дүгээр тогтоолоор Ж.Д-ээс 275.025.450 төгрөгийг гаргуулж Л.Бд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 19290421 дүгээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй тул төлбөр төлөгч Ж.Д-ийн төлбөрт эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ................ тоот хаягт байршилтай, 103,62 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 19290421/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 19290421/07 дугаар тогтоолоор хураасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгөд үнийн санал ирүүлэхийг талуудад 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 4-190/31567 дугаар албан бичгүүдээр мэдэгдсэн боловч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн саналаа ирүүлээгүй тул 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 9/453 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Х ХХК-ийг томилоход үл хөдлөх эд хөрөнгийг 289.411.900 төгрөгөөр зах зээлийн үнийг тогтоож, үнэлгээний тайланг 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн. Талуудад хөрөнгийн үнэлгээг 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 4-190/34812 дугаар албан бичгээр мэдэгдэж, анхны албадан дуудлага худалдааг 2020 оны 10 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулахаар тогтоож, анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, мэдэгдлийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4-190/37400 дугаар албан бичгээр талуудад мэдэгдсэн. Хөрөнгийн үнэлгээ хийх нь үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход чиглэсэн үнэлгээний байгууллагын хараат бус үйл ажиллагаа байдаг. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байна гэж заасны дагуу хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийг ижил байрлалтай, ойролцоо талбайн хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгүүдтэй харьцуулан жиших аргаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна. Шинжээчийн тогтоосон үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт бага, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Иймд төлбөр төлөгч Ж.Д нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байгаа нь төлбөр авагчийн эрх ашгийг зөрчиж, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд нийцэхгүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  Ж.Д нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан, Хан-Уул дүүргийн ............. тоот хаягт байршилтай 103,62 м.кв талбайтай  3 өрөө орон сууцыг 289.411.900 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр Ж.Д-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/01414 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 оны 03-ны өдрийн 1944 дугаартай магадлалаар Ж.Дээс 275.025.450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Бд олгохоор шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч Ж.Д нь  дээрх орон сууцыг зах зээлийн үнээс багаар үнэлсэн гэж өөрийн шаардлага, үндэслэлийг тайлбарладаг.

Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газраас Хан-Уул дүүргийн .............. хаягт байршилтай 103,62 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 19290421/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 19290421/07 тоот тогтоолоор хураажээ. 

 

Нэхэмжлэгч тал Хан-Уул дүүргийн .................. тоот хаягт байршилтай 103,62 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь 310.000.000 төгрөг хэмээн тайлбарлаж байх боловч үүнийгээ баримтаар нотлоогүй болно.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар төлбөр төлөгч Ж.Д үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал өгөөгүй, төлбөр авагч Л.Б нь  шийдвэр гүйцэтгэх байгууллагад үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргаснаар 2020 оны 09 дугар сарын 18-ны өдөр шинжээчээр Х ХХК-ийг томилсон үйл баримт тогтоогдож байна.

Ийнхүү шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан... тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө; эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гэж заасантай нийцжээ.

“Х” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 289.411.900 төгрөг гэж тогтоосон байх ба үнэлгээг тодорхойлсон арга, аргачлал зэргийг дүгнэлтдээ тодорхой дурдаж, холбогдох фото зургуудыг хавсаргажээ.

Иймд хариуцагч байгууллага нь хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээдийг шинжээчээр томилж, уг байгууллагын үнэлгээ гаргах тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин эрх, үүрэгтэйгээ танилцаж, дүгнэлт гаргасан байгаа нь төлбөрт хураагдсан орон сууцыг үнэлэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч шаардлагаа баримтаар нотолж чадаагүй тул ...шинжээч орон сууцыг зах зээлийн ханшнаас бага үнэлсэн... гэх нэхэмжлэл үндэслэлгүй байна.

 

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг  баримтлан Хан-Уул дүүргийн ..............  тоот хаягт байршилтай 103,62 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 289.411.900 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Д-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Ж.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.4-т заасныг баримтлан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШЗ2020/16704 дугаартай захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    О.ЧУЛУУНЧИМЭГ