| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2024/0063/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/61 |
| Огноо | 2024-02-06 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/61
2024 02 06 2024/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Ц.Л,
хохирогч Д.Т,
иргэний нэхэмжлэгч Б.А,
шүүгдэгч Э.О нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Л-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Э.О-д холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
**** овогт Э.О /РД; **********/,
Шүүгдэгч Э.О нь;
2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 20 цаг 39 минутын орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Хүлэг” хүнсний захын баруун талын автозам дээр **-** *** улсын дугаартай “Daihatsu hijet” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа,
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг зөрчин зам тээврийн осол гаргаж, явган зорчигч Д.Т-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, насанд хүрээгүй С.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед;
шүүгдэгч Э.О “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
хохирогч Д.Т “...тухайн өдөр ажлаа тарж яваад машинд мөргүүлсэн, нэг сарын хугацаанд эмнэлгээр явсан, авч хэрэглэсэн эм тарианы үнэ 916.390 төгрөгийн баримтаа хэрэгт хавсаргуулсан. Би цаашид хот руу явж толгойн зураг авахуулна, биеийн байдал бүрэн эдгээгүй байгаа, мөн нүүрэндээ долоон оёдол тавиулсан бөгөөд сорви эдгэхээр нүдний эмчид үзүүлнэ.” гэв.
иргэний нэхэмжлэгч Б.А “…ослын улмаас С.Э-ын хамарт цус хурсан байна гэсэн, хамар нь байнга бөглөрдөг болсон болохоор хэвтэж эмчилгээ хийлгээд өнөөдөр эмнэлгээс гарч байгаа, зураг авахуулахад 150.000 төгрөгийн зардал гарсан, мөн унааны зардалд 150.000 төгрөг зарцуулсан тул нийт 300.000 төгрөг нэхэмжилнэ.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч Д.Т-ийн “...2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 20 цаг өнгөрч байхад гэртээ харих гээд 6-1 дүгээр байр талаас “Хүлэг” хүнсний зах тал руу зам хөндлөн гарч байгаад машинд мөргүүлж газар унасан. ...Намайг мөргөсөн машин ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлд явж байсан. ...Зам тээврийн ослын улмаас баруун талын гурван хавирга хугарсан, хөл, гар, нүүрэнд зулгаралт үүссэн. ...миний сэтгэцэд гэмтэл учраагүй тул энэ талаар нэхэмжлэх зүйлгүй. ...эмчилгээний зардалд 916.390 төгрөг нэхэмжилж байна. Цаашид Улаанбаатар хотод очиж толгойн зураг авахуулах шаардлагатай тул нэмж 600.000 төгрөг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24, 26, 28 дахь тал/,
иргэний нэхэмжлэгч Б.А-ийн “…Миний хүү С.Э зам тээврийн осолд орсноос хойш нийт 150.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан, уг мөнгийг нэхэмжилж байна, баримтыг тухай бүрт нь цуглуулж чадаагүй тул гаргаж өгөх баримтгүй байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,
насанд хүрээгүй С.Э-ын “...2023 оны 11 дүгээр сарын 21-ний орой Дэнж багт гэртээ харих гээд Согоот баг 6-1 дүгээр байрны урд талын автобусны зогсоол дээр такси хүлээгээд зогсож байхад замын эсрэг талд суудлын автомашины жолооч “Дэнж явна” гэж хашгирсан, уг машинд суух гээд танихгүй нэг эгчийн хамт зам хөндлөн гарч байхдаа ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй явж байсан цагаан өнгийн автомашинд мөргүүлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,
Э.О-гийн яллагдагчаар өгсөн “…2023 оны 11 дүгээр сарын 21-ний орой “** *****” ХХК-ийн захирал Д.Б-ийн нэр дээр бүртгэлтэй **-** *** улсын дугаартай “Daihatsu hijet” загварын тээврийн хэрэгслийг жолоодож “Хүлэг” хүнсний захын урд талын засмал замаар ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй явж байхад явган хүний гарцгүй газраар эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гарч ирээд мөргүүлсэн. ...Би машинаас бууж газарт хэвтэж байсан эгч дээр очоод тусалсан, тэр эгчтэй хамт явж байсан эрэгтэй өөрөө газраас босоод зогсож байсан. Би өөрийнхөө утаснаас эмнэлэгт дуудлага өгөх гэсэн боловч тасалдаад болохгүй байсан тул захирал Батбилэгийн утас руу залгаж болсон үйл явдлын талаар хэлсэн, цагдаад дуудлага өгчихөөд зогсож байхад Батбилэг захирал 4-5 минутын дараа осол болсон газарт ирээд мөргүүлсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг эмнэлэгт хүргэж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 5 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-ын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1053 дугаартай; “…1.С.Э-ын биед хамар ясны хугарал, зүүн өвдөг, зүүн шилбэ, хамрын нуруунд зулгаралт, зүүн гуя, хамрын нуруунд цус хуралт, зөөлийн эдийн няцрал, зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл зам тээврийн ослын үед мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл осол болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-ын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1055 дугаартай; “…1.Д.Т-ийн биед баруун 3, 4, 5-р хавирганы хугарал, зүүн нүдний зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, эрүү, баруун алганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хэвлий, зүүн бугалга, баруун өвдөгт зулгаралт, зүүн алга, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл зам тээврийн ослын үед мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл осол болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 57-58 дахь тал/,
мөрдөгч Б.Б-ийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаартай; “...**-** *** дугаартай “Daihatsu hijet” загварын тээврийн хэрэгслийн жолооч Э.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна. Явган зорчигч Д.Т, С.Э нар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6.“Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн зам гарна,”, мөн дүрмийн 5.8.“Замын дагуу үзэгдэлт халхалсан саад, зогсож байгаа тээврийн хэрэгслийн дэргэдүүр зам хөндлөн гарахдаа тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа эсэхийг магадлан мэдсэн байвал зохино.” гэсэн заалтыг зөрчсөн байна. Энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй байна.” гэсэн магадлагаа /хавтаст хэргийн 71-72 дахь тал/,
иргэн Ц.М-ийн “...2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 20.10 минутад Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр “Хүлэг” худалдааны төвийн баруун талын зам дээр хүн мөргүүлсэн байна.” гэх мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Хүлэг” худалдааны төвийн баруун талд байрлах төв зам дээр хэргийн газрын үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8-11, 12-13 дахь тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Мэдээлэл шуурхай удирдлагын төв”-ийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 17-19 дэх тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Мэдээлэл шуурхай удирдлагын төв”-ийн хяналтын камерын бичлэгийг хуулбарлан авсан хуурцгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 20 дахь тал/,
хохирогч Д.Т-ийн хэрэгт хавсаргуулсан хохирол, төлбөртэй холбоотой нийт 917.521 төгрөгийн баримтууд /хавтаст хэргийн 103-133 дахь тал/,
шүүгдэгч Э.О-гийн;
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 89 дэх тал/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 91 дэх тал/,
жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 97 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нараас болон Э.О-гоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрсдийн гаргасан дүгнэлтүүдийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч Э.О-г гэм буруутайд тооцох;
Шүүгдэгч Э.О нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 20 цаг 39 минутын орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Хүлэг” хүнсний захын баруун талын автозам дээр **-** *** улсын дугаартай “Daihatsu hijet” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа,
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг зөрчин зам тээврийн осол гаргаж, явган зорчигч Д.Т-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, насанд хүрээгүй С.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
хохирогч Д.Т-ийн “...2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 20 цаг өнгөрч байхад гэртээ харих гээд 6-1 дүгээр байр талаас “Хүлэг” хүнсний зах тал руу зам хөндлөн гарч байгаад машинд мөргүүлж газар унасан.” гэх,
иргэний нэхэмжлэгч Б.А-ийн “…Миний хүү С.Э зам тээврийн осолд орсноос хойш нийт 150.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан.” гэх,
насанд хүрээгүй С.Э-ын “...2023 оны 11 дүгээр сарын 21-ний орой Дэнж багт гэртээ харих гээд Согоот баг 6-1 дүгээр байрны урд талын автобусны зогсоол дээр такси хүлээгээд зогсож байхад замын эсрэг талд суудлын автомашины жолооч “Дэнж явна” гэж хашгирсан, уг машинд суух гээд танихгүй нэг эгчийн хамт зам хөндлөн гарч байхдаа ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй явж байсан цагаан өнгийн автомашинд мөргүүлсэн.” гэх,
Э.О-гийн “…2023 оны 11 дүгээр сарын 21-ний орой “** ***** *****” ХХК-ийн захирал Д.Б-ийн нэр дээр бүртгэлтэй **-** *** улсын дугаартай “Daihatsu hijet” загварын тээврийн хэрэгслийг жолоодож “Хүлэг” хүнсний захын урд талын засмал замаар ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй явж байхад явган хүний гарцгүй газраар эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гарч ирээд мөргүүлсэн.” гэх мэдүүлгүүд,
Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-ын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1053 дугаартай, мөн оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1055 дугаартай дүгнэлтүүд,
мөрдөгч Б.Б-ийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаартай магадлагаа,
иргэн Ц.М-ийн “...2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 20.10 минутад Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр “Хүлэг” худалдааны төвийн баруун талын зам дээр хүн мөргүүлсэн байна.” гэх мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Хүлэг” худалдааны төвийн баруун талд байрлах төв зам дээр хэргийн газрын үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Мэдээлэл шуурхай удирдлагын төв”-ийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хохирогч Д.Т-ийн хэрэгт хавсаргуулсан хохирол, төлбөртэй холбоотой нийт 917.521 төгрөгийн баримтууд зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар тогтоогдсон бөгөөд дээрх баримтууд хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүйгээс гадна шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Э.О-гийн гаргасан үйлдэл “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байгаагаас гадна Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Э.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн, гэм буруу нь болгоомжгүй хэлбэртэй,
автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөн түүний үйлдлийн улмаас хохирогч Д.Т-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, насанд хүрээгүй С.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан шалтгаант холбоо байна.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ анхаарал болгоомжгүй байсны улмаас уг гэмт хэрэг гарсан гэж үзэв.
Иймд шүүх шүүгдэгч Э.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Шүүгдэгч Э.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
Шүүхээс шүүгдэгч Э.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч “...шүүгдэгч Э.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн санал гаргаж,
шүүгдэгч Э.О нь өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож, “...би борлуулагч ажилтай тул зорчих эрхийг хязгаарлах ялаас өөр төрлийн ял оногдуулна уу.” гэсэн болно.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзав.
Шүүх шүүгдэгч Э.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасныг Улсын Их хурлын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж гэм буруутай этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж өөрчлөн найруулсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж заасан тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, мөн тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан үеийн хуулиар буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан болно.
Шүүгдэгч Э.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,
хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.
Бусад асуудал;
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч нь гэм буруутай үйлдлээрээ насанд хүрээгүй С.Э-ын биед хамар ясны хугарал, зүүн өвдөг, зүүн шилбэ, хамрын нуруунд зулгаралт, зүүн гуя, хамрын нуруунд цус хуралт, зөөлийн эдийн няцрал, зүүн тохойд цус хуралт бүхий гэмтлийг,
хохирогч Д.Т-ийн биед баруун 3, 4, 5-р хавирганы хугарал, зүүн нүдний зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, эрүү, баруун алганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хэвлий, зүүн бугалга, баруун өвдөгт зулгаралт, зүүн алга, баруун бугалганд цус хуралт бүхий гэмтлийг тус тус учруулсан нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол бөгөөд тэдний эмнэлгийн тусламж авч эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарах зардал нь хор уршигт тооцогдоно.
Шүүх шүүгдэгч Э.О-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
түүнээс нийт 1.067.521 төгрөг гаргуулж,
150.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.А-т,
917.521 төгрөгийг хохирогч Д.Т-д тус тус олгохоор шийдвэрлэсний дараа шүүгдэгч нь шүүхийн шийдвэрлэсэн хохирол, төлбөрийг бүрэн төлснийг дурьдах нь зүйтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Д.Т-ийн гаргаж өгсөн эм тарины баримтуудыг 916.390 төгрөг гэж тооцоолсон байх боловч тооцооны зөрүүтэй байдал үүссэн тул шүүх баримтуудыг нэгбүрчлэн тооцож үзэхэд 917.521 төгрөгийн баримт байсныг дурьдаж байна.
Харин шүүгдэгч Э.О-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн өнөөдрийн байдлаар хохирогч Д.Т, насанд хүрээгүй С.Э нарын эрүүл мэндэд учирсан хохирол бүрэн арилаагүй тул гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлын нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт нээлттэй үлдээв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Мэдээлэл шуурхай удирдлагын төв”-ийн хяналтын камерын бичлэгийг хуулбарлан авсан хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,
шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** овогт Э.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-г долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.О шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Э.Од торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Иргэний нэхэмжлэгч Б.А, хохирогч Д.Т нар нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлын баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж шүүгдэгч Э.О-гоос нэхэмжлэх эрхтэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Мэдээлэл шуурхай удирдлагын төв”-ийн хяналтын камерын бичлэгийг хуулбарлан авсан хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э