| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Олзвойн Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2020/03994/И |
| Дугаар | 183/ШШ2020/03322 |
| Огноо | 2020-12-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2020/03322
2020 12 22 183/ШШ2020/03322
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч O.Чулуунчимэг даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ................ тоот хаягт байрлах А, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар / РД:0000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .............. тоот хаягт байрлах “Н” ХХК /РД:000000/-д холбогдох,
Гэрээний үүрэг хангуулж газрын төлбөр төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С, хариуцагчийн төлөөлөгч Л.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2014 оны 10 дугаар сард Н ХХК-ийн газар эзэмшихийг хүссэн өргөдлийн дагуу чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгож, улмаар 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр А/211 дугаартай Эрх олгох тухай, 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” А/212 дугаартай захирамжаар 2га газрыг “Модны үйлдвэрлэлийн зориулалтаар” баталгаажуулсан захирамжуудыг гаргасан. Энэхүү захирамжуудыг үндэслэн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 14/220 дугаартай “Газар эзэмшүүлэх гэрээ”, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 234 дугаартай “А-ийн хөрөнгө оруулалтын гэрээ”-г тус тус байгуулсан. Гэвч “Ө” ХХК нь “Газар эзэмшүүлэх гэрээ”-ний 4.2.1-д “Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд нь төлөх”, 4.2.4-д “Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх” зэрэг үүргээ биелүүлээгүй байна. Гэвч 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр А/14 дугаартай захирамжаар газар эзэмшүүлэх гэрээнд заасан төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, газар эзэмшигчээс газар эзэмшихтэй холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх зэрэг үүргээ биелүүлээгүй тул хөрөнгө оруулалтын болон газар эзэмших гэрээг цуцалсан. Иймд “Н” ХХК-иас Газар эзэмшүүлэх гэрээний 4.2.1, 4.2.4-д заасан гэрээний үүргийг хангуулахын тулд 2017 оны 2.400.000 төгрөг, 2018 оны 2.400.000 төгрөг, нийт 4.800.000 төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул гэрээний үүрэг хангуулж, газрын төлбөр төлүүлэх хүсэлтэй байна. Бид газрын төлбөрийг төлүүлэх талаар удаа дараа албан бичиг хүргүүлж мэдэгдэж байсан. Н ХХК нь “Газрын тухай” хуулийн 35.3.3 “Газрын төлбөрийг тогтоосон хугацаанд нь төлөх”, 40.1.1 “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль, тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.5 “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” мөн “Газрын төлбөрийн тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно”, “Татварын ерөнхий хууль”-ийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар хөөн хэлэлцэх Иргэний хуулийн хугацаа хамааралгүй тул төлөх бүрэн үндэслэлтэй байна. Манай байгууллага Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газар эзэмшүүлэх гэрээнд заасан газрын төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тул 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр А/14 дугаартай захирамжаар гэрээг цуцалсан. Үлдэгдэл 4.800.000 төгрөг байгаа ба энэ авсан газар нь төмөр зам баригдах ёстой байсан нь үнэн. Дэд бүтэц, цахилгаан зэрэг асуудлыг шийдэж чадаагүй байгаа ч төлбөрийг төлөх үүрэгтэй. Уг байгууллагатай холбоотой хувийн хэргийг шүүхэд бүхэлд нь гаргаж өгсөн. Дахиж гаргах баримт байхгүй, шүүх шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр энэ газрыг авсан. 2014 оноос хойш ажил хийх ямар ч нөхцөл боломжгүй хэдэн контейнер л байдаг. Модны үйлдвэрлэл явуулах гээд 16.000.000 төгрөгөөр бизнес төсөл хийлгэсэн боловч ямар ч тог цахилгаан, дэд бүтэцгүй учраас үйлдвэрлэл явуулах аргагүй байж байтал өөрсдөө газрын эрхийг цуцалсан. Дэд бүтэц гэдэгт цэвэр бохир ус, цахилгаан, төмөр замыг ойлгоно. Төслөө хэрэгжүүлж чадаагүй учраас төлнө гэдэг шударга бус. Үүргээ биелүүлж ажиллах таатай орчин нөхцөл бүрдүүлээгүй байж төлбөр нэхэж байгааг ойлгохгүй байна. Хариу тайлбар бичгээр өгөх хугацаа болон өмгөөлөгч авах шаардлагагүй гэж бодож байна гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаас татгалзаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 14/220 дугаартай “А-эд газар эзэмшүүлэх гэрээ”, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 234 дугаартай “А-ийн Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дагуу газрын төлбөр 4.800.000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгууллагыг төлөөлүүлэхээр 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Ө.С-т итгэмжлэл нэг жилийн хугацаатай олгосон байна.
Улмаар нэхэмжлэгч нь газрын төлбөр 4.800.000 төгрөгийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 14/220 дугаартай газар эзэмшүүлэх гэрээний 4.2.1-д “Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд нь төлөх”, 4.2.4-д “Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх гэсэн заалтууд гэж тайлбарладаг.
Харин хариуцагч дэд бүтэц гээд олон төрлийн асуудыг шийдэж өгөхгүй байсан гэж татгалздаг.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 14/220 дугаартай “ А-эд газар эзэмшүүлэх гэрээ”, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 234 дугаартай “А-ийн Хөрөнгө оруулалтын гэрээ” тус тус байгуулсан болох нь тогтоогдож байна.
Гэвч 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 14/220 дугаартай “А-эд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 1.1-т “энэхүү гэрээнд гэрээний салшгүй хэсэг болох дараах зүйлийг заавал тусгах бөгөөд эдгээрийн бүрдэл дутуу бол гэрээг хүчингүйд тооцох үндэслэл болно” гэж заагаад 5 дахь хэсэгт “Бүсэд хөрөнгө оруулах хэмжээ, үе шат зэргийг харуулсан тухайн хуулийн этгээдийн удирдлагын гарын үсэг, тамга тэмдэг бүхий хөрөнгө оруулалтын санал” гэжээ.
Уг санал хэрэгт авагдаагүй бөгөөд нэхэмжлэгч тал хариуцагч байгууллагатай холбоотой хувийн хэргийг бүхэлд нь гаргасан тул дахин гаргах баримт байхгүй гэдэг.
Энэхүү санал байхгүй тул 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 234 дугаартай “А-ийн хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 2.4-т хийгдэх ажлын үе шат тусгагдсан ч хэдийд хэдэн төгрөгийн хөрөнгө оруулах хэмжээ тусгагдаагүй байгаа нь талууд энэ талаар тохиролцоогүй байна гэж шүүх дүгнэхэд хүргэж байна.
Хавтас хэрэгт авагдсан 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 14/220 дугаартай А-эд газар эзэмшүүлэх гэрээнд “Бүсэд хөрөнгө оруулах хэмжээ, үе шат зэргийг харуулсан тухайн хуулийн этгээдийн удирдлагын гарын үсэг, тамга тэмдэг бүхий хөрөнгө оруулалтын санал”-ыг заавал тусгах бөгөөд эдгээрийн бүрдэл дутуу бол гэрээг хүчингүйд тооцох үндэслэл болохоор заасан байх тул тус гэрээ хүчингүй гэрээ байна.
Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.3-т зааснаар дээрх стандарт нөхцөл нь талуудын байгуулсан гэрээний салшгүй хэсэг байна.
Иймд нэгэнт нэхэмжлэлийн үндэслэл болсон 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 14/220 дугаартай “А-эд газар эзэмшүүлэх гэрээ” хүчингүй байх тул тухайн гэрээний дагуу төлбөр шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Түүнчлэн А бол хөрөнгө оруулалтыг татах, шинэ технологийг нэвтрүүлэх, экспортыг дэмжих, аялал жуулчлал, үйлчилгээг хөгжүүлэх зорилготойгоор байгуулагдсан тул Чөлөөт бүсийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “чөлөөт бүс байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж, хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгж, байгууллага итгэл үнэмшилтэй ажиллах таатай орчин, нөхцөл бий болгох” гэсэн зарчмаар ажиллах ёстой.
Гэтэл төрөөс уг нөхцөлийг бүрдүүлээгүй байхдаа газар эзэмшүүлэх гэрээг байгуулснаас болж, гэрээний талуудын хооронд газрын төлбөрийн маргаан, хуримтлал үүсэж буйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.3, Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 14/220 дугаартай “А-эд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар Н ХХК-д холбогдох А УТҮГ-ын газрын төлбөрт 4.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.14 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ