Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/235

 

 

 

 

 

 

   2024            03           27                                         2024/ШЦТ/235                                 

                                                                                                         

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ******д холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч ******, түүний өмгөөлөгч Б.Төмөрбаатар нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Д.Отгонпүрэв шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*********

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч ****** нь 2023 оны 07 дугаар сарын 26-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 01 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 10 цагийн орчимд, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Механик инженерийн сургуулийн хойд замд Тоёота приүс маркийн ****** УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно:

а/ ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч ******ээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Миний хувьд хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргахгүй. Хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлэх урьд гаргасан хүсэлтээ дэмжиж байна. Хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг ойлгосон байгаа.” гэсэн мэдүүлэг   

 

Хоёр. Эрүүгийн ********** дугаартай хэргээс:

 

1. Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Хан-Уул дүүргийн замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч албан тушаалтай, дэд ахлагч ******ын 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл” (хэргийн 2 дахь тал),

 

2. Драгерь багажаар согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад 6820 маркийн 0392 серийн дугаартай хяналтын төхөөрөмжийн заалтаар 2.03% үзүүлэлт зааж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаарх тэмдэглэл болон баримтжуулсан гэрэл зураг (хэргийн 4-6 дахь тал),

 

3. Цагдаагийн Ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаагаар ****** нь 2023 оны 07 дугаар сарын 26-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох “эрх хасагдсан” төлөвтэй гэх жолоодох эрхийн лавлагаа баримт (хэргийн 12 дахь тал),

 

4. Жолоочийн лавлагаа мэдээлэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7-3.1,  2023 оны 07 сарын 26-аас 2024 оны 07 сарын 26 хүртэл нэг жилийн хугацаагаар  эрх хассан талаарх тэмдэглэгээ баримт, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд зөрчилд шийтгэл оногдуулах тухай №0442693 дугаартай Шийтгэлийн хуудас баримт (хэргийн 66, 72 дахь тал),

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ****** гэрчээр өгсөн:

“...Би 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр 3 хороонд механик инженерийн сургуулийн урд уулзвар дээр хяналт шалгалт хийж байхдаа Тоёота приус маркийн автомашин жолоодон явсан иргэнийг шалгахад тухайн жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан, драгерь багаж үлээлгэн үзэхэд 2.03% согтолттой байсан.

Тухайн иргэн машинаа бариад талбайгаас хөдөлсөн гэж хэлсэн ба хоёр лааз пиво уусан гэж байсан. ****** нь машиндаа ганцаараа явж байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 29 дэх тал),

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******ийн яллагдагчаар өгсөн:

“...Би 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүрэг 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн эргэх уулзварын хажууд өглөө 10:00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж байгаад цагдаагийн ажилтанд шалгуулсан. Тухайн үед би шөнө 05:00 цаг хүртэл өөрийн найз болох ******, ****** нарын хамт Баянзүрх дүүрэг Дүнжингарав худалдааны төвийн хажууд сөжү 400 грамм орчим, пиво 4 лаазыг уусан байсан. Тэгээд өглөө нь 07:00 цагийн орчим гэртээ ирсэн ба тэр үед ээжтэйгээ маргалдаад, гэрээс гарахдаа найз охин болох ******тэй гар утсаараа яриад ******ийн гэрт очих санаатай гарсан.

Гэрийн гадаа байсан ****** УНҮ улсын дугаартай цагаан өнгийн приус 30 маркийн авто машинаа унаж явж байгаад цагдаад баригдсан. Би гэрийн гаднаас хөдлөөд 200 метр орчим газар жолоо барьсан. Би 2012 оны 10 сард иргэний бүртгэл мэдээллийн төвд хүсэлт гарган овог нэрээ сольж ******* байсныг *********** болгон солиулсан. Ганцаараа 400 грамм орчим сөжү, 4 лааз пиво уусан.

****** нь одоо хөдөө ажлаар явж байгаа. ****** Улаанбаатар хотод байгаа. Харин манай найз охин болох ******ээс салж байгаа болохоор ирж байцаалт өгөх боломжгүй байгаа.” гэсэн мэдүүлэг, хүсэлт  (хэргийн 52 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 59 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 70 дахь тал), жолоочийн лавлагаа мэдээлэл (хэргийн 71, 72 дахь тал), Шихихутаг Их сургуулийн суралцагчийн тодорхойлолт (хэргийн 75 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Хэргийн шүүгдэгч ******ийн өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай гаргасан хүсэлтийг прокурор 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 21 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэн, улмаар хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг түүнд танилцуулахад ****** нь хүлээн зөвшөөрснөөр тээврийн прокуророос эрүүгийн ********* дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгагдаж тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд ******ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Дөрөв. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч ****** нь 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдсэний улмаас нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 10 цагийн орчимд, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, механик инженерийн сургуулийн хойд замд тоёота приүс маркийн ****** УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно:

а/ ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтогдсон байна.

 

Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн буюу “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч ****** нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж  хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Иймд шүүгдэгч ******ийг Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журамт зөрчин “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасан журмын дагуу Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос санал болгож, шүүгдэгч ****** хүлээн зөвшөөрсөн “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял” нь хуульд нийцсэн, “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журамт зөрчих” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор байна.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч ****** нь прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосноо илэрхийлсэн тул  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, прокурорын гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ял төрөл ,хэмжээний дотор ******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв. 

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. ******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан ******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ****** нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

5. Энэ хэрэгт ****** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  зөвхөн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” үндэслэлээр давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд, дээрх үндэслэлээр  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.    

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.БАЗАРХАНД