Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/233

 

 

 

 

 

 

          2024            3           27                                         2024/ШЦТ/233

 

                                                                                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******т холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Өлзийжаргал, шүүгдэгч ****** нарыг  оролцуулан, нарийн бичгийн дарга Д.Отгонпүрэв шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*************

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ****** нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “******” караокены гаднах сандал дээрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хохирогч С.******ын эзэмшлийн Самсунг Зи Фолд 4 загварын гар утсыг хулгайлан авч, бусдад  2.800.000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.   

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ****** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч ******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үнэ зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй. Хэргийн үйл баримт, зүйлчлэл дээр маргахгүй. Хохирогчид учирсан  нөхөн төлбөрт 4.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж, 1.000.000 төгрөгт идэшний үхэр өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,

 

Хоёр. Эрүүгийн ******* дугаартай хэргээс:

 

1. 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хэргийн 7-9 дэх тал),

 

2. Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл: Үзлэгээр:

“Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо "******" төвийн хяналтын камерын бичлэгийг шалгахад 2023 оны 01 дүгээр сарын 25-ний өдөр 21 цаг 24 минутад хохирогч сандал дээр сууж байхад цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн гутал, хар өнгийн эрэгтэй хажууд нь зогсож байгаад, тухайн эрэгтэй цааш явж байх бөгөөд хяналтын камерын бичлэгийг цааш үргэлжлэн шүүхэд 2023 оны 01 сарын 26-ны өдөр 01 цаг 22 минутад тухайн эрэгтэй ******" төвийн гадна алдагдсан гэх гар утсыг оролдож байгаа нь бичлэгт буусныг үзлэг хийн тэмдэглэл үйлдэв.” гэсэн тэмдэглэл, уг дүрс бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон Мөрдөгчийн тогтоол баримт (хэргийн 10, 12-13 дахь тал),  

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.******ын хохирогчоор өгсөн:

“...2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “******” төвд байдаг “*****” нэртэй караокед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гар утсаа алдсан. Сэжиглэж байгаа хүн байхгүй. Самсунг Зи фолд 4 загварын хөх өнгийн гар утас байсан. Утасны код нь зураасан кодтой. Тоогоор илэрхийлбэл 1258. Би өөрийн гар утасны имей кодыг мэдэхгүй байна. Би гар утсаа 7.000.000 төгрөгөөр үнэлж байна.

...Нөхөн төлбөр авч хохирлоо барагдуулсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 18-19, 70, 72 дахь тал),

 

4. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ТХҮ-123/0118 дугаартай:

“...Z fold-4 гар утас 2023 оны 9 дүгээр сарын байдлаар 2.800.000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов.” гэсэн үнэлгээний тайлан, дүгнэлт (хэргийн 20-23 дахь тал),

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...Би 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо “******” нэртэй зочид буудлын 2 давхрын тайчдаг бааранд найз ******гийн хамт орохоор явж байхад нэг үл таних эмэгтэй шатны өөдөөс харсан сандал дээр тасарчихсан сууж байсан. Тэгээд би тухайн эмэгтэйн хажууд нь буюу сууж байсан сандал дээр Самсунг Зи Фолд 4 загварын дэлгэгддэг гар утас байхаар нь аваад халаасандаа хийгээд, дээшээ тайчдаг баар руу ороод согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад сүүлдээ би өөрөө тасарчихсан, бааранд ганцаараа сэрсэн.

Найз ****** яваад өгчихсөн байсан тул би тухайн баарнаас гараад 1-р хороололд байдаг гэр рүүгээ харьсан. Тухайн өдрөөс хойш арваад хоногийн дараа уг гар утсыг Сүхбаатарын талбайн баруун талд байдаг Монтел гар утасны төвийн гадна зогсож байдаг гар утас авдаг хүмүүст 1.200.000 төгрөгөөр зарчихсан. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Өлзийжаргалын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан эрүүгийн 2310007021460 дугаартай тогтоолтой  танилцлаа. Уг тогтоолоос асууж тодруулах зүйл байхгүй. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.

Ямар ч байсан шөнө дунд байх Баянгол ресторанаас гараад найзынхаа хамт тайчдаг баар байдаг гэдгийг мэдээд Хан-Уул дүүрэг рүү явсан. Ингээд тухайн газар онгорхой байхаар нь ороод дахин ширээний ард сууж архи ууж байгаад гадаа гарч тамхи татчихаад буцаад ороход 1 дүгээр давхрын буйдан дээр эмэгтэй хүн түүний хажуу талд утас байхаар нь хажууд нь сууж байгаад аваад явсан. Уг утсыг өөртөө байлгаж байгаад Цагдаагийн  байгууллагаас ярьсны дараа буцааж өгсөн. Би нэлээдгүй согтсон байна. Өөрийн хийсэн үйлдлээ бараг санахгүй шахуу байна. Тухайн үед болсон үйл явдал орон гаран санагдаж байна. Би хохирлыг төлж барагдуулсан. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 27-28, 34-35 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 38 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хэргийн 39 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 40 дэх тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хэргийн 42 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 57 дахь тал), Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоол (хэргийн 64-68 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлсэн болно.

 

Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч ****** нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “******” төвийн караокены гаднах сандал дээр сууж байсан иргэн С.******ын хажуудаа тавьсан байсан 2.800.000 төгрөгийн Z fold-4 загварын Самсунг маркийн гар утсыг утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар бусдад худалдан борлуулж мөнгийг нь өөртөө авч ашигласан  үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан байдаг.

 

Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсныг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

 

Хэргийн нөхцөлд шүүгдэгч ****** нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “******” караокены гаднах сандал дээрээс иргэн С.******ын эзэмшлийн 2.800.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Z fold-4 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч яван эд хөрөнгөд нь хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэхүү гэмт үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хэргийн шүүгдэгч ****** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг тус тус өгсөн болно.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.

 

Иймд шүүгдэгч ******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,  ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан. 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” үүрэгтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт шинжээчээр ажилласан Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ТХҮ-123/0118 дугаартай үнэлгээний тайлан дүгнэлтээр хохирогч С.******ын хулгайд алдсан Самсунг Z fold-4 загварын гар утасны зах зээлийн үнэ цэнийг  2023 оны 9 дүгээр сарын байдлаар 2.800.000 төгрөг гэж тодорхойлж тогтоосон ба уг үнэлгээний тайлан дүгнэлтэд хэргийн талууд, оролцогчид маргаагүй тул тухайн гэмт хэргийн улмаас хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөг гэж тогтоосон үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.******ад учирсан эд хөрөнгийн хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч ****** нь “4.000.000 төгрөгийг шилжүүлгээр, 1.000.000 төгрөгт тооцон идэшний үхэр өгсөн “ талаар мэдүүлсэн ба хохирогч С.****** нь “нөхөн төлбөр авч хохирлоо барагдуулсан тул шүүх хуралдаанд суух шаардлагагүй” хэмээн гомдол саналгүй болохоо илэрхийлсэн талаарх баримт хэргийн 70, 72 дахь талд тус тус авагдсан баримттай байна.  

 

Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон шүүгдэгчээс гаргуулах баримт бүхий төлбөргүй байна.

 

Шүүгдэгч ****** нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан талаар хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 57 дахь тал), Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоол баримт (хэргийн 64-68 дахь талд) тус тус авагдсан ба хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул шүүгдэгчийн урьд гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.  

 

Хэргийн шүүгдэгч ****** нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж арилгасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний  үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх, шүүгдэгч ******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг хохирогчид нөхөн төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч нь “гомдол саналгүй” гэснийг болон улсын яллагчаас гаргасан санал дүгнэлт зэргийг тус тус харгалзан,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэсэн зохицуулалтыг журамлан хэрэглэх боломжтой гэж дүгнэв. 

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ******т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн нэг жилийн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно. .

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий CD нэг ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан журмын дагуу эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.  

Энэ хэрэгт ****** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.****** нь “нөхөн төлбөр авч хохирлоо барагдуулсан, гомдол саналгүй” гэснийг тус тус  дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                      

 

                                                             ТОГТООХ нь:

 

1. ******ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан ******т мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ******т хорих ял оногдуулахыг тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд “зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авч, уг арга хэмжээний хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар ****** нь тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу ял оногдуулахыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон шүүгдэгч ****** нь хохирогч С.******ад 5.000.000 /таван сая/ төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус тэмдэглэсүгэй..

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD нэг ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргуулахаар үлдээсүгэй.

 

7. Энэ хэрэгт шүүгдэгч ****** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   С.БАЗАРХАНД