| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2021/00370/И |
| Дугаар | 183/ШШ2021/00351 |
| Огноо | 2021-02-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 183/ШШ2021/00351
| 2021 02 08 | 183/ШШ2021/00351 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.О-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: А.Э-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.О, хариуцагч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.
Нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Э-тэй 2015 онд танилцаж үерхэж байгаад 2018.01.17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон. А.Э-тэй хамтран амьдрах хугацаанд бүх зүйлийг гэр бүлийнхээ сайн сайхан үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө хийж, хөдөлмөрлөж ирсэн. Энэ хугацаанд аав ээж шигээ сайхан гэр бүлийг бий болгоно гэсэн мөрөөдөл өвөрлөн ирсэн. 2019.01.19-нй өдөр эхнэ А.Э нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд энэ үед шүүгч салах шалтгаан биш гэж үзэн эвлэрүүлэн зуучлах төвийн сэтгэл судлаачид хандахыг зөвлөсөн. Сэтгэл судлаачтай уулзаад 2 талаас салах болсон шалтгааныг тайлбарлаад дуусахад сэтгэл судлаачийн зүгээс зөвхөн эхнэр болох А.Э-т хандан 30 минут зөвөлгөө өгч, нөхрийнхөө хэлж ярьж байгаа хий, алдаа зас, чиний буруу байна гэсэн. 2019.01.19-ний өдрөөс хойш 2 жил өнгөрсөн байна. Эхний жил 2 талаас дахиад харилцаагаа сайжруулж, аз жаргалтай амьдрахын тулд хийчээж эерэг хандлагууд харагдаж байсан. Гэвч дараачийн жилээс дахиад л эхнэрийн маань сэтгэл дундуур байдал, нөхрийгөө гэрээсээ хөөн нуруугаа харуулж унтаад жил боллоо. 2021.01.14-ний орой гэртээ согтуу орж ирэн агсан тавьж, гэрийн хамаг юмыг над руу шидэлж 3 настай хүү рүүгээ хүртэл аяга шидэж онох шахсан. Энэ байдал нь 1 биш удаа давтагдаж байна. Үнэндээ эхнэр маань хүндлэл гэж мэддэггүй. Миний хувьд эхнэр А.Э-тэй 2021.4 сараас хүүгээ дүүтэй болгоё, байраа томсгоё гэх мэт маш нээлттэй байдаг. Эхний ээлжинд санхүүгийн байдалдаа тааруулаад 70, 80 сая төгрөгөөр 2 өрөөнд ороод дараа нь 150 сая орчим аятайхан байршилтай, гоё орчинтой байранд оръё гэхэд эхнэр маань шууд тансаг байранд амьдарна л гэдэг. Миний хувьд архи дарсыг хэтрүүлэн хэрэглэх битгий хэл бараг уудаггүй, эхнэрийнхээ сэтгэлийг нь зовоож өөр хүнтэй явалдаж, хонуут өнжүүтээр явж байсан удаагүй. Эдгээр шалтгаануудын улмаас А.Э-тэй гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна гэв.
Хариуцагч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Э миний бие нь Г.О-тай 2015 онд танилцаж үерхэж байгаад 2018.01.17-ны өдөр гэрлэлтээ бүргүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2018.01.04-нд хүү Хантүшиг төрсөн. 2019 онд Г.О нь надад эрүүлдээ удаа дараа гар хүрч хүнд, хөнгөн гэмтэл бэртэлийг биед минь учруулж, сэтгэл санааны гүн хямралд оруулж байсан. Нөхрийн би л бүхнийг болгож байна гэсэн энэ үзлээс хөхний сүү татарч, дархлаа унаж амаар яр шарх гарах г.м олон сэтгэлийн шарх авсан. Өнгөрсөн хугацаанд Би л зүтгэж, Би л болгож байна гэж хажуудах ханьдаа халамж, анхаарал тавьж чадаагүйгээс өнөөдөр бид хоёрын босгосон амьдрал шүүхийн байгууллагад ирээд байна. 2019 онд шүүх хурал дээр шүүгч Б.М нөхөр Г. О нь Бүхнийг Би өөрөө л хийгээд, бүтээгээд байна гэсэн буруу хандлага, сэтгэл зүйчийн хувьд Гэр бүлийн харилцаанд эмэгтэй хүнийг сонсоод, жаахан урамшуулж, хайрлаж халамжлахад л эмэгтэй хүн уяраад уян зөөлөн болдог гэсэн зөвлөгөөг нөхөр Г.О-т хэлж өгч байсан. Гэтэл нөхөр Г.О нь энэ үйлдэлдээ ямар ч засах арга хэмжээ авахгүйгээр өдийг хүрсэн. Мөн гар хүрэх бүрдээ Энийг зодох гэж хэлдэггүй юм гэж хэлж дарамталдаг байсан. 2019 онд ХУД-ын иргэний хэргийн шүүхээс Г.О нь шүүхэд хурлын тов өгөөгүй тул шүүхийн арга хэмжээг үүгээр зогсоож байна гэж хариу өгснөөс хойш гэр бүл салаагүй ч 2019 оны 01 сараас 10 сарыг хүртэл би хүүтэйгээ хоёулахнаа хамт амьдарч байсан бөгөөд 2019 оны 10 сарыг хүртэл дуустал нөхөр Г.Оаас тусдаа амьдарсан. Энэ хугацаанд нөхөр Г.Оаас санхүүгийн ямар нэг дэмжлэг авч байгаагүй. Ингээд 2019 оны 10-р сард хадам ээж минь цусны хорт хавдар тусаж эмчилгээ таараагүйгээс хэтэрхий богино хугацаанд харамсалтайгаар хорвоог орхиж, удалгүй хадам аав минь хорвоог орхисон. Нөхөр Г.О-ыг сэтгэл санааны хүнд байдалтай байгаа тул өмнөх хийсэн алдааг нь уучилж бид гурав гэртээ хамтдаа амьдрах болсон. Нөхөр Г.О нь хамт амьдарсан хугацаанд ажил хийж байгаагүй. 2020.10-н сард ариутгалын компанид ажилд орсон ч 14 хонолгүй ажлаас гарсан. Мөн өмнө нь шинэ ажилд ороод туршилтын 3-н сарын хугацаанд л гологдоод ажлаас халагддаг байсан. Хүний үг сонсож, хүлээж авахдаа муу, би л гэсэн үзлээрээ хүмүүстэй таарахгүй муудалцаад гардаг байсан. Ажлаас халагдах бүрт нь Зүгээр дээ... за яахав өөрт тохирсон гоё ажил сайн судлаж байгаад ороход болно гэж хэлж урамшуулдаг байлаа. Бид хоёрын хувьд хоёулаа Солонгост боловсрол эзэмшсэн. Нөхөр Г.О-ын солонгос хэлний түвшин олон боломжит ажлын шаардлагад хүрэхгүй байсан тул би хэлний түвшинг чинь нэмэгдүүлэхэд туслая, мөн өөрийгөө хөгжүүлэхэд нь хэрэгтэй гээд бизнес, уран зохиол, хүний хөгжлийн талаарх ном, интернэтийн үнэгүй хичээлийг санал болгоход ердөөсөө ч хүлээж авч байсангүй. Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан гэртээ 2020.11.11-нээс эхлэн гэртээ карантилагдахад сүүлийн 3 сарын турш тасралтгүй пабжи гэдэг тоглоомыг тоглодог байсан. Эерэгээр харсан хүнд хөл хорио бидэнд гэр бүлтэйгээ хамтдаа цагийг үр бүтээлтэй өнгөрөөх, өсөж дэвшихэд маш үнэтэй цаг хугацааг бэлэглэсэн. Тэгэхэд энэ цаг хугацааг юун гэр бүлдээ зарцуулах нь байтугай нэхэмжлэх дээр бичсэн энэ хэрүүлийг өдөр бүр хийж байснаа тодоос тод бичсэнд нь үнэхээр харамсаж байна. А.Э миний хувьд нөхөр Г.О-т өөрийн 16 жилийн туршид сурч мэдсэн модны суулгац үржүүлгийн бүх нууцыг зааж өгч, хамт олон дунд таардаггүйм чинь ядаж биеэ даагаад бизнес хийх боломжийг гаргахад нь туслаж, дэмжиж ирсэн. Хүү О.Х-ийг хэвлийд байхад том гэдэстэй хэрнээ найз нартайгаа хамтран хөрөнгө оруулалт хийсэн мод үржүүлгээ, амжилттай үр шимийг нь хүртэхийн тулд, ганц амардаг байсан ням гарагт амралгүйгээр модны талбайдаа очиж, зэрлэг зулгааж бүтээлч, хөдөлмөрч, сайхан ирээдүйг мөрөөдөж амьдралдаа урам зоригтой байсан. Би анх Г.О-тай суухдаа маш сайн хань ижилтэй болсон болохоор, найз нөхөддөө, гэр бүлдээ бид хоёр 4 хүүхэдтэй болоод алдарт ээж болно гэсэн дэврүүн хүсэл, мөрөөдөлтэй байсан. Үнэхээр хамтдаа амьдраад амьдралын жижиг, сажиг бүхэнд үргэлж л Чи тэгээд салах өргөдлөө өгөөч, яваарай, зайлаарай гэдэг үг нь цаашлаад надад гар хүрчээд Энийг зодох гэж хэлдэггүй юм гээд бахархалтай зогсож байгаа эр хүнийг хараад хүүгээ ээж нь сайн хүн болгож, сайн боловсрол, эмэгтэй хүнийг хайрладаг, өр зөөлөн хүн болгож хүмүүжүүлнэ гэдэг сэтгэлийн хатуужилтай болгосон. Нөхөр Г.О нь эхнэрийнхээ ямар компанид ажилладагийг мэдэхгүй, нэхэмжлэх дээр бичсэн байгааг хараад дахиад л харамсаж байна. Ямар удаан хугацаанд Би гэр бүлээ авч явж байна гэж ганцаараа эндүүрч явсан юм бэ. Бид гурвуулаа энэ амьдралыг босгож энэ цэгт ирсэн. Цалин авчирдаггүй л гэж яриад байгаа юм. Тэгэхэд өнгөрсөн хугацаанд байр авахад зээлсэн зээлийн төлбөр, өдөр тутмын хоол хүнс, байрны төлбөр эдгээрийг би төлж ирсэн. Юнивишны төлбөрийг Г.О төлдөг байсан. 2019 онд нөхөр Г.О-ын нэхэмжлэхийн дагуу гэр бүл салсан байсан бол би өөрийгөө олон зүйлд буруутгаад харамсах байсан байх. Гэсэн ч нөхөр Г. О-ын хүнд хэцүү үед нь дэргэд нь байж түшиг тулга болж, үргэлж өөдөө тэмүүлэх хүсэл эрмэлзлэлтэй, эерэг, гэр бүлээрээ аз жаргалтай байхыг хичээж өдийг хүрчээд дахин энэ хүний гарын бай болж хамт амьдрахгүй гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч А.Э-т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохоор шаардсныг хариуцагч А.Э гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч, харин хүү О.Х-ийг өөрийн асрамжинд авч, тэтгэлэг тогтоолгоно гэж маргажээ.
Г.О, А.Э нар 2015 онд танилцаж, гэр бүл болж 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 000 дүгээр гэрчилгэгээр гэрлэлтээ бүртгүүлж, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүү О.Х-ийн эцэг, эх болцгоож, иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчид нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болсон байна. /хх-12/
Түүнчлэн гэрлэгчид нь өмнө нь энэ асуудлаар шүүхэд хандаж, шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авч, улмаар 2 жил гаруй хугацаанд эвлэрч, амьдарсан боловч дахин гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Гэрлэгчид цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх боломжгүй, цаашид хамтран амьдрах нөхцөл байдал байхгүй талаар хэн аль нь тайлбар гаргаж, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүү О.Х-ийг эх А.Э-ийн асрамжинд үлдэхээр харилцан тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасан Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ... эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэснээр эх А.Э нь хүү О.Х-ийг эцэг Г.О-тай уулзуулах нөхцлөөр хангаж, эцэг нь үр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэйг тайлбарлах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Г.О нь Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэр С.Шаравын гудамж, 27а байр, 30 тоот хаягт байрлалтай орон сууцыг хүү болон эхнэрийнхээ өмчлөлд үлдээж байгаа талаар тайлбар гаргасныг гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэж үзэхээр байна.
Дээрхийг нэгтгээд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүү О.Х-ийг эх А.Э-ийн асрамжинд үлдээж, хуульд заасны дагуу тэтгэлэг тогтоож шийдвэрлэсэн ба эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдаж, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 70 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулахгүй гэснийг дурдаж, хүүхдийн тэтгэлэгт тохирсон улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.О, Дэд А.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү О.Х-ийг эх А.Эийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү О.Х-ийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.О-аас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан эцэг Г.О-ыг хүүхдүүдтэй нь уулзуулахад болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх А.Э-т даалгасугай.
5. Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Г.О-аас хүүхдийн тэтгэлэгт тохирсон улсын тэмдэгтийн хураамжинд 53 081 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ