Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/208

 

 

 

 

 

 

       2024              3           19                                         2024/ШЦТ/208           

                  

                                                          

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******од холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 20-ны өдрийн 0474 дугаартай шүүгчийн захирамжаар тус шүүхэд шилжүүлснээр 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Д.Ууганцэцэг, шүүгдэгч М.****** нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга М.Солонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.****** нь:

-  2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ****** тоотоос иргэн Н.******ийн эзэмшлийн суурин хөрөөг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 2.000.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

- 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр *********** хэсэг карьерын задгайд оршин суух иргэн С.******гийн гэрийн гадна байсан мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 1.128.000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч М.****** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч М.******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“Мотоциклийг авахдаа би нөхөрт нь ****** гуайн нөхрөөс зөвшөөрөл аваад авч явсан. Тухайн үед С.****** эгч байхгүй байсан. Би хониндоо явж байгаад .****** ахтай таарсан, тэгээд “ахаа би мал хариулахаа болих гэж байгаа, цалин мөнгөө дутуу өгөөд байна, сарын цалин өгөх байсан чинь 400.000 төгрөг өгсөн, та намайг төв рүү дөхүүлээд өгөөч” гэсэн чинь “ах нь боломжгүй, гэртээ ганцаараа байдаг, мал ахуйгаа харна, чи ахынхаа мотоциклийг аваад яв” гээд түлхүүрээ надад өгсөн. Тэгээд би мотоциклийг авч яваад алга болгосон болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг гэдгийн хүлээн зөвшөөрөх ёстой гэж бодсон. Мотоциклийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй. Уг нь ижилхэн мотоцикл аваад өгье гэж хэлж байсан. Суурин хөрөөг авсан үйлдэлд маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг,

 

Хоёр. Эрүүгийн ****** дугаартай хэргээс:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хэргийн 19 дэх тал),

 

2. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 20-23, 25-26  дахь тал)

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.******ийн хохирогчоор өгсөн:

“...2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр манайх ******тоотоос хөдөө мал дээр гарахаар нүүсэн. Нүүхдээ өөрийн авга дүү болох ******2016 онд Гурвалжны гүүр орчимоос 3.500.000 төгрөгөөр худалдан авч байсан өөрийн суурин ногоон өнгийн хөрөөг хариуцуулж үлдээгээд нүүсэн. 2021 оны 12 сард манай дүү ****** над руу холбогдож “хөрөөг алдсан талаар цагдаад мэдэгдлээ” гэж хэлсэн. Би алдсан хөрөөгөө зах зээлийн ханшаар нь үнэлж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 31-32 дахь тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.******ын гэрчээр өгсөн:

“...Би 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 19:00 цагийн орчимд ****** тоотод ирсэн чинь гэр хүйтэн болохоор нь галаа түлэх гээд мод руугаа яваад мод авах гэтэл суурин хөрөө байхгүй байсан. Тус алдагдсан хөрөө нь миний ах ******ийн хөрөө байгаа юм. Тухайн хөрөөний загварыг нь мэдэхгүй. Тухайн хөрөө нь ногоон өнгөтэй, хэмжээг нь мэдэхгүй.

Намайг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 09:00 цагийн орчимд гэрээс гарахад хөрөө байсан. Тэр үед манай гэрт манай найз ******, түүний эхнэр ****** нар гэрт үлдсэн. Би ******, ****** нарыг сэжиглэж байна. Манай хашаанд хоёр нохой уяатай байдаг. Орж ирэх хүн байхгүй гэж бодож байна. Манай ах ****** тухайн хөрөөг 2.000.000 төгрөгөөр үнэлж байгаа.” гэсэн мэдүүлэг (хэргийн 34-35 дахь тал),

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.******ийн гэрчээр өгсөн:

“...Би 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр би фейсбүүк, олон нийтийн цахим сүлжээнээс хуучин эд зүйлс зардаг группээс хөрөө /Хужаа ногоон хөрөө/ худалдаж авахаар үл таних хүнтэй утсаар холбогдож,Баянгол дүүргээс ирээд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах үл таних айлын хашаанд ирээд үзсэн ба гайгүй хөрөө байсан. Ажиллуулж үзэхэд зүгээр ажиллаж байсан тул би 450.000 төгрөгөөр худалдаж авсан.

Тэгээд би Баянгол дүүргийн хорооллын ойролцоо байх өөрийн хашаандаа тавьсан. Би анх хөрөө худалдаж авахаар очсон газраа хашааг нь харвал танина. Хашаан дотор нь орвол хөрөө хаана байсныг нь зааж өгч чадна. Хөрөө зарсан хүнийг би танихгүй. Одоо хөрөө худалдаж аваад 2-3 жил өнгөрсөн тул би царайг нь хараад ч танихгүй. Тухайн хөрөө хашаанд байж байгаад л эвдэрсэн. Надад хэлэхдээ яг хүнийх гэж хэлээгүй. Барилгын ажил зогссон тул бид нар намар зараад хавар буцаагаад авдаг гэж хэлж байсан. Амбаар дотор нь зөндөө багаж байгаа, авбал аваарай гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 37-38 дахь тал),

 

6. Гэрч Ц.******ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хэргийн 201 дахь тал),

 

7. “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 22/001 дугаартай:

“...1. 2021 оны 12 сарын 24-ний өдрийн байдлаар цахилгаан суурин хөрөө зэрэг нь зах зээл дээр доорх үнэ ханштай худалдаалагдах боломжтой байна. Үүнд:

-  220В ажилладаг, 2020 онд ашиглалтад орсон цахилгаан суурин хөрөө,  нийт дүн  2.000.000 /хоёр сая/ төгрөг...” гэсэн хөрөнгийн үнийн тодорхойлолт (хэргийн 49-50 дахь тал),

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.******гийн хохирогчоор өгсөн:

“...Миний бие ******** хэсэг карьерын задгай тоотод оршин суудаг. Одоогоор гэртээ малчин ажилтай. 2022 оны 03 дугаар сарын 21-ний өглөө нөхөр ****** малаа хариулах гээд явсан юм. Хониндоо яваад гэртээ ирэхэд нь гэрийн гадаа байсан мотоцикл нь байхгүй байсан гэж нөхөр ****** хэлсэн. Уг алга болсон мотоцикл нөхөр ******, бид хоёрын хөрөнгө байгаа юм. 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн орой гэртээ ирээд нөхөр ******тэй уулзахад “Урд талын айлын малчин хүүхдүүд болох ******, ****** нар малын эзэнтэй муудалцаад, гэрийн гадаа байсан мотоцикл аваад явсан юм шиг байна” гэсэн.

Тэгэхээр нь би маргааш өглөө нь буюу 2022 оны 03 сарын 23-ны өдөр ******ын ******** дугаарын утсаар холбогдоход “Би мотоциклыг чинь авчихсан байгаа.” гэхэд нь би “За за” гээд утсаа салгасан. Тэрнээс хойш ирэхгүй болохоор нь утсаар нь залгатал “эгчээ би мотоциклыг чинь аваачаад өгнө” гэж худлаа яриад, дараа  “Элбэг” супер маркетын хашаанд байгаа” гэхээр нь тэнд нь яваад очсон чинь байхгүй байсан.

Тэгээд хэд хоногоос холбогдоход “Эмээлтийн МТ колонк  дээр байгаа” гэхээр нь бас тэр газарт нь дахин очоод үзтэл байхгүй байсан. Ингээд би ******ыг худлаа яриад байна гэж мэдээд, Цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргасан юм аа.

Уг мотоциклийг 2019 оны 6 сарын орчимд манай хүү ****** худалдан авч өгч байсан. 2.0 сая гаран төгрөгөөр худалдан авч байсан байх, үнийг нь  сайн санахгүй байна. Нүүдэлчин гэх нэртэй Хятад мотоцикл байсан. Би алдагдсан эд зүйлээ зах зээлийн үнэлгээгээр үнэлж байна. ******ыг сайн танихгүй. Манай урд айлын үхэрчин.” гэсэн мэдүүлэг (хэргийн 127-128 дахь тал),

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.******ийн гэрчээр өгсөн:

“...М.****** нь 2022 оны 3 дугаар сард манай саахалт айлын туслах малчнаар анх ирж байсан. Тэр үед танилцаж байсан. Би 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өөрийн эзэмшлийн мотоциклоо өөрийн гэр болох ******** карьерын задгай тоотод, гэрийн гадаа түлхүүрийг нь мотоциклийн толгойд үлдээгээд малдаа явсан байсан юм. Би малаа хариулж явж байгаад 18:00 цагийн орчимд санагдаж байна гэртээ ирсэн чинь гэрийн гадаа байсан мотоцикл алга болсон байсан. Тэгээд ****** гэх залуутай утсаар яриад “Чи миний мотоциклийг аваад явсан юм уу” гэсэн чинь “Тиймээ, би удахгүй танд аваачаад өгнө” гэж хэлээд алга болсон. Би олон удаа гар утас руу нь залгасан. Утсаа авахгүй байсаар байгаад сүүлдээ гар утас нь ашиглалтад байхгүй болсон.

2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө нэг удаа надаас миний мотоциклыг гуйж аваад Эмээлт явж байсан. Харин 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэрийн гадаа байсныг надад хэлэлгүй, зөвшөөрөлгүй авч явсан байсан. Манай том хүү ****** 2019 оны 06 дугаар сард авч өгч байсан. Гэрчилгээ нь миний нэр дээр байдаг, миний эзэмшлийн эд хөрөнгө байгаа юм...” гэсэн мэдүүлэг (хэргийн 190 дэх тал),

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******* гэрчээр өгсөн:

“...М.****** гэдэг хүнийг огт танихгүй. Манай аав ******, ээж ****** нар надад “мотоцикл алга болсон байна” гэж надад хэлэхдээ “манай хажуу айлын туслах малчин гэх залуу хулгай хийгээд аваад явсан байна” гэж хэлж байсан. 2019 оны 6 дугаар сард уг мотоциклыг авч байсан санагдаж байна. Он, сар, өдөр үнийн дүнг нь сайн мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар 1.900.000-2.000.000 төгрөгийн хооронд авч байсан санагдаж байна. Гэрчилгээ нь манай аав Ж.******ийн нэр дээр байдаг, манай эзэмшлийн эд хөрөнгө байгаа юм.” гэсэн мэдүүлэг (хэргийн 192 дахь тал),

 

11. Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ХУ2-22-448 дугаартай “...Нүүдэлчин нэртэй, Хятад улсад үйлдвэрлэгдсэн мотоцикл, 2016 оны 6 сард худалдан авч байсан, ажиллагаа хэвийн гэх, ...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.128.000 /нэг сая нэг зуун хорин найман мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэх үнэлгээний тайлан дүгнэлт  (хэргийн 134-135 дахь тал),

 

12. Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол (хэргийн 112-113 дахь тал),

 

13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.******ын яллагдагчаар өгсөн:

“...Би 2021 оны 12 дугаар сарын 25-ний өдөр ******** тоотод байдаг найзындаа байж байгаад найз ****** ажилдаа явахаар нь би гэрт ганцаараа үлдсэн. Тэгээд гадаа хашаанд нь байсан суурин хөрөөг хараад, гар утсаараа фейсбүүк орж, “суурийн хөрөө авна” гэсэн зарын дагуу дугаараар нь холбогдоход, танихгүй хоёр хүн ирж үзсэн ба суурин хөрөөг үзээд “450.000 мянган төгрөгөөр авна” гэхээр нь би  “ав ав” гэж хэлээд, чинь дансаа өгчих гэхээр нь найзынхаа эхнэрийн дансыг өгөөд 450.000 төгрөг шилжүүлж авсан.

Тэгээд би ******ын гэрээс гараад ******гийн эхнэртэй утсаар яриад өөрийнхөө дансыг өгөөд ******гийн эхнэр миний данс руу 450.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед би архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн байсан болохоор суурин хөрөө зарсан мөнгөөрөө архи уусан. Архи уусандаа найзынхаа суурин хөрөө зарсан. ******ням бид хоёр анх 437 дугаар хорих ангид танилцаж байсан. Би утасны дугаарыг нь мэдэхгүй байна. Суурин хөрөөг зарахдаа би ганцаараа байсан.

...Би Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд айлын мал маллаж байсан. Одоо тэр айлын нэрийг эзний нэрийг санахгүй байна. тэнд мал маллаж байхад хажуу айлын ****** гэдэг ахтай танилцсан. Тэгээд мал маллаж байсан айл цалингаа дутуу өгөхөөр нь малаа маллахаа болиод явахаар шийдсэн. Тэгээд 2022 оны 3 сарын 22-ний өдөр би ****** ахад мал маллахаа болиод явлаа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хамт айлд очоод, тэндээ тухайн айлын хүмүүстэй нэг шил архи хувааж уусан. Тэгээд би ****** ахыг “та намайг Төв аймаг руу дөхүүлээд өгөөч” гэтэл ****** “би ганцаараа байгаа болохоор амжихгүй байх, өөрөө миний мотоциклоор явчих, гэрийн гадаа байгаа, юмнуудаа эхлээд зам руу дөхүүлчхээд хүрээд ир, тэр хооронд би малаа хотлуулчихъя, тэгээд би чамайг хүргэж өгье” гээд мотоциклынхоо түлхүүрийг өөрөө надад өгсөн. Тухайн үед ****** ахын гэрт хүн байхгүй, эзэнгүй байсан.  Тэгээд би ****** ахын мотоциклыг аваад ачаа бараагаа  аваад явж байтал замд мотоцикл нь эвдрээд явах боломжгүй болсон тул нэг цүнхтэй хувцсаа мотоциклтой  хамт тэнд нь үлдээгээд, бусад эд зүйлээ аваад явган цааш явж, төв замаас замын унаанд сууж, хот руу орж ирсэн. Тэгээд маргааш өглөө нь 07 цагийн үед мотоциклоо очиж авахаар Драгон төвөөс унаанд суугаад Эмээлт рүү явсан. Мотоцикл үлдээсэн газарт очтол цүнхтэй хувцас, мотоцикл хоёр байхгүй болчихсон байсан.   

Тэгэхээр нь ****** ах руу залгаад “ахаа би мотоцикл чинь эвдрэхээр нь хээр үлдээгээд өнөөдөр ирээд авах гэтэл байхгүй, алга болчихсон байсан” гэж хэлсэн. Тэгтэл эхнэр нь ****** гэдэг эгч над руу утсаар залгаад “чи яагаад гэрийн гаднаас мотоцикл хулгайлаад авчхав, чамайг цагдаад өгнө“ гээд байсан. Тэрнээс хойш би тэр хоёртой уулзаагүй. Хөх өнгийн хуучин Хятад мотоцикл байсан. ****** ах өөрөө надад түлхүүрээ өгсөн. ...Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй” гэсэн мэдүүлэг (хэргийн 61-62, 180-182 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 70 дахь тал), үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа (хэргийн 71 дэх тал), авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хэргийн 72 дахь тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хэргийн 73 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хэргийн 74 дэх тал), Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 11 дугаартай тогтоол (хэргийн 198-202 дахь тал), Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоол (хэргийн 203-204 дэх тал), Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоол (хэргийн 205-215 дахь тал), Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоол (хэргийн 216-219 дэх тал), Ялын тооцооны тодорхойлолт (хэргийн 226 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлсэн болно.

 

Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч М.****** нь

- 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр *******тоотоос иргэн Н.******ийн эзэмшлийн суурин хөрөөг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 2.000.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

- 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ******* хэсэг карьерын задгайд оршин суух иргэн С.******гийн гэрийн гадна байсан мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 1.128.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан байдаг.

 

Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авсныг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

 

Хэргийн нөхцөлд шүүгдэгч М.****** нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ******** тоот иргэн Н.******ийн эзэмшлийн 2.000.000 төгрөгийн үнэ бүхий суурин хөрөөг хулгайлан авч,  өөрийн өмч хөрөнгө мэт захиран зарцуулж бусдад худалдан борлуулж олсон орлогыг хувийн хэрэглээндээ ашигласан, мөн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ********* хэсэг карьерын задгайд оршин суух иргэн С.****** /******/-гийн гэрийн гадна байсан 1.128.000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан үйл баримт тус тус тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэхүү гэмт үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хэргийн шүүгдэгч М.****** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.******гийн мотоциклыг түүний нөхөр, хэрэгт гэрчээр асуугдсан Ж.******ийн зөвшөөрснөөр авч явсан хэмээн мэдүүлсэн хэдий ч энэ нь гэрч Ж.******ийн “...Би 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өөрийн эзэмшлийн мотоциклоо өөрийн гэр болох ********** хэсэг карьерын задгай тоотод, гэрийн гадаа түлхүүрийг нь мотоциклийн толгойд үлдээгээд малдаа явсан байсан юм. Би малаа хариулж явж байгаад 18:00 цагийн орчимд санагдаж байна гэртээ ирсэн чинь гэрийн гадаа байсан мотоцикл алга болсон байсан. Тэгээд ****** гэх залуутай утсаар яриад “Чи миний мотоциклийг аваад явсан юм уу” гэсэн чинь “Тиймээ, би удахгүй танд аваачаад өгнө” гэж хэлээд алга болсон. Би олон удаа гар утас руу нь залгасан. Утсаа авахгүй байсаар байгаад сүүлдээ гар утас нь ашиглалтад байхгүй болсон.”  (хэргийн 190 дэх тал) гэсэн, хохирогч С.******гийн  “...2022 оны 03 дугаар сарын 21-ний өглөө нөхөр ****** малаа хариулах гээд явсан юм. Хониндоо яваад гэртээ ирэхэд нь гэрийн гадаа байсан мотоцикл нь байхгүй байсан гэж нөхөр ****** хэлсэн. Уг алга болсон мотоцикл нөхөр ******, бид хоёрын хөрөнгө байгаа юм. 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн орой гэртээ ирээд нөхөр ******тэй уулзахад “Урд талын айлын малчин хүүхдүүд болох ******, ****** нар малын эзэнтэй муудалцаад, гэрийн гадаа байсан мотоцикл аваад явсан юм шиг байна” (хэргийн 127-128 дахь тал) гэсэн тэдний тогтвортой өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг үгүйсгэх үндэслэл бүхий баримт нотолгоо хэрэгт авагдаагүй байхаас гадна тэдгээр нь өр авлага, өс хонзон зэрэг хувийн сэдэлттэй бусад таарамжгүй харилцааны улмаас шүүгдэгчийг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх сэжиг бүхий үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хуулийн үндэслэл бүхий хэдий ч шүүгдэгч нь тодорхой давтамжтай хоёр удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан  “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно” гэсэн зохицуулалтыг журамлаагүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хууль хэрэглээний зөрчилтэй байдлыг шүүх зөвтгөн залруулж, хэргийг эцэслэн шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчихгүй юм.

 

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч М.******ыг үргэлжилсэн үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.    

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,  ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан. 

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага хохирогч нь гаргах эрхтэй ба “Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Дээрх хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Н.******ийн алдагдсан “220В ажилладаг, 2020 онд ашиглалтад орсон цахилгаан суурин хөрөө” 1 ширхгийг 2.000.000 төгрөг гэж, хохирогч С.******гийн алдагдсан “Нүүдэлчин нэртэй Хятад мотоцикл” 1 ширхгийг 1.128.000 төгрөг гэж тус тус тогтоосон “Мастер үнэлгээ” ХХК, Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 49-50, 133-135 дахь тал) хэрэгт авагдсан байх ба дээрх эд хөрөнгийн үнэлгээ, дүгнэлтэд хэргийн хохирогч болон шүүгдэгч талууд маргаагүй болно.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдөөгүй байх тул хохирлын дүн нийт 3.128.000 /гурван сая нэг зуун хорин найман мянга/ төгрөгийг гэм буруутай этгээд болох шүүгдэгч М.******оос гаргуулж, хохирогч Н.******т 2.000.000 /хоёр сая/  төгрөг, хохирогч С.******д 1.128.000 /нэг сая нэг зуун хорин найм мянга/ төгрөгийг тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл,  6.6 дугаар зүйлд  тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүх, шүүгдэгч М.******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлт зэргийг тус тус харгалзан

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор М.******од 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэн, уг ялыг нээлтэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Мөн шүүгдэгч нь Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил 04/ дөрөв/ сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа ****** дугаар нээлттэй, хаалттай хорих ангид биеэр эдэлж байсан, 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар уг ялаас эдлээгүй үлдсэн 03 /гурав/ сар 17 /арван долоо/ хоногийн хорих ялын үлдэгдэлтэй байгаа талаарх Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 121 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, ялын тооцооны тодорхойлолт /хэргийн 226 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Иймд “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу шүүгдэгч М.******од энэ тогтоолоор оногдуулсан 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх буюу Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 121 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 /нэг/  жил 04 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн  03 /гурав/ сар 17 /арван долоо/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг нийт 01 /нэг/ жил 01 /нэг/ сар 17 /арван долоо/ хоногийн хорих ял гэж тогтоож шийдвэрлэв.   

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ЦХШЗ/40 дугаартай захирамжийг үндэслэн ялтан М.******ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа ****** дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас шилжүүлэн авч, цагдан хорих 461 дүгээр ангид хүлээлгэн өгч, мөн өдрөөс нэг сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих (хэргийн 225, 226 дахь тал) таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хэргийг хянан шийдвэрлэсэн энэ өдрийг хүртэл яллагдагч, шүүгдэгчээр цагдан хоригдсон нийт 54 /тавин дөрөв/ хоногийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь тус тус заасан журмын дагуу түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. (хэргийн 222-223 дахь тал)

 

Энэ хэрэгт М.******ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                      

 

ТОГТООХ нь:

 

1. ******ыг үргэлжилсэн үйлдлээр, “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.******од 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан М.******од энэ тогтоолоор оногдуулсан 10 /арав/ сарын хорих ял дээр өмнөх буюу Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 /нэг/  жил 04 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 03 /гурав/ сар 17 /арван долоо/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний  биечлэн эдлэх ялын хэмжээг нийт 01 /нэг/ жил 01 /нэг/ сар 17 /арван долоо/ хоногийн хугацаагаар хорих ял гэж тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар М.******од оногдуулсан 01 /нэг/ жил 01 /нэг/ сар 17 /арван долоо/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.******ын цагдан хоригдсон нийт 54 /тавин дөрөв/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч М.******оос нийт 3.128.000 /гурван сая нэг зуун хорин найман мянга/ төгрөг гаргуулж,

- хохирогч ******т 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг,

- хохирогч ******д 1.128.000 /нэг сая хоёр зуун хорин найман мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Энэ хэрэгт шүүгдэгч М.******ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба М.******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.******од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   С.БАЗАРХАНД