Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2021/00352

 

2021 02 08

183/ШШ2021/00352

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Г -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: М.Ч-д холбогдох

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч М.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 онд М.Ч-тэй танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2019 оны 7 сарын 19-ний өдөр охин минь төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2020 онд салсан. Бид салснаас хойш охин минь миний асрамжинд амьдарч өсч торнисон. Одоо бид хоёр тус тусдаа амьдарч байгаа хамтран амьдрах боломжгүй болсон. Тухайн үед буцаад хамт амьдрая гэхэд татгалзсан. Хүүхдийн тэтгэмжийг би өөрөө олгон гэж хэлсэн. Иймд Ч.М охины минь эцэг мөн болохыг тогтоож хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч М.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Г-тай 2018 од танилцаж, охин М нь 2019.07.19-ний өдөр төрсөн. 2019 оны 8 сараас 3 сарын турш хамтран амьдарсан. Хамтран амьдрах хугацаанд охин М-г миний ээж болох Д.О-т 7 цаг орхиж архи ууж, хаяж явдаг байсан ба энэ байдал нь удаа дараа давтагдсан. Д.Г нь хүнтэй харьцах харилцааны доголдолтой сэтгэцийн өөрчлөлттэй тул хамтран амьдрах боломжгүй болсон. Охин М нь надаар овоглосон боловч нэгэнт шинжээчийн дүгнэлтээр миний хүүхэд биш гэж гарсан тул одоо овгийг нь солиулах асуудал ярихаар байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Д.Г нь эцэг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх ба нэхэмжлэлийн үндэслэлээ ...М.Чтэй 2018 онд танилцсан. Ч.М нь М.Ч-ийн охин мөн тул мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулна... гэж тайлбарласан байна.

Хариуцагч М.Ч нь охин Ч.М-гийн эцэг биш гэх тайлбарыг гаргаж мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулыг хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүхээс нэхэмжлэгч Д.Г-гийн охин Ч.М-гийн биологийн эцэг мөн эсэхийг тогтоолгох хүсэлт гаргасныг хангаж, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 16347 дугаар шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжаар Шүүхийн шинжилгээний хүрээлэнг шинжээчээр томилсон ба 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 464 дүгээр дүгнэлтээр ...хүний геномын микросателлит D18S51, Penta E, D13S317...локусын аллелиар М.Ч нь Ч.Мгийн биологийн эцэг байх боломжгүй... гэжээ. /хх-ийн 20/

Нэхэмжлэгч Д.Г нь дээрх дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргасныг шүүх дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй юм.

Тодруулбал, М.Ч-ийг 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Ч.Мгийн биологийн эцэг байх боломжгүй талаар гаргасан дээрх дүгнэлтийг зохигч талуудаас авсан шинжилгээнд үндэслэж хуульд заасан журмын дагуу холбогдох мэргэжлийн байгууллагын шинжээч гаргасныг буруу гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм.

Дээрхээс дүгнэхэд М.Ч-ийг 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү О.Ж-ийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Ч.М-гийн биологийн эцгээр тогтоох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Ч.М-гийн эцэг тогтоолгох тухай Д.Г-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ