Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 08

 

Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн

хурлын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, шүүгч Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж даалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 133/ШШ2017/00482 дугаар шийдвэртэй,

Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэхэмжлэлтэй, Б-д

байгууллагад учруулсан гэм хорын хохирол 10.138.386 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 02 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б нь 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тушаалаараа нягтлан бодогч С-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд Сум дундын 5 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 190 дугаартай шийдвэрээр, Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 28 дугаартай магадлалаар хууль бус шийдвэр гаргаж, С-г ажлаас чөлөөлсөн болох нь нотлогдож, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаартай тушаалаараа ажилд нь эгүүлэн авч, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 900.000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 159.486 төгрөг, нийтдээ 1.059.486 төгрөг олгохоор шийдвэрлэгдэж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс гаргаж өгсөн нь санхүүгийн баримтаар баталгаажсан байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны даргын 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар тушаалаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны мэргэжилтэн Н-г ажлаас нь чөлөөлсөн нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 221 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 29 дугаартай тогтоолоор Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны дарга Л.Болормаагийн гаргасан шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй, буруу шийдвэр болохыг тогтоож, Н-г ажилд нь эгүүлэн тогтоож, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 09 дугаартай тушаалаараа ажилд нь эгүүлэн авч, ажилгүй байсан хугацааны цалинд 8.452.864 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 626.036 төгрөг нийтдээ 9.078.900 төгрөгийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс гаргаж өгсөн нь санхүүгийн баримтаар баталгаажсан байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Б нь хууль бус шийдвэр гаргаж, цалин давхардуулан олгож, байгууллагыг хохироосон, өөрийн илт буруутай үйлдлээс бусдад учруулсан хохирлыг төрийн байгууллагын төсвөөс барагдуулсан нь санхүүгийн хяналт шалгалтын байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон учраас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэг, Захиргааны Ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтан Б-с байгууллагыг хохироосон 10.138.386 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Б нь 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тушаалаар нягтлан бодогч С-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд Сум дундын 5 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 190 дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 28 дугаар магадлалаар хууль бус шийдвэр гаргаж, С-г ажлаас чөлөөлсөн болох нь нотлогдож 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар тушаалаараа ажилд нь эгүүлэн авч, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 900.000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 159.486 төгрөг, нийтдээ 1.059.486 төгрөг олгохоор шийдвэрлэгдэж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс гаргаж өгсөн нь санхүүгийн баримтаар тогтоогдож байгаа. Говь-Алтай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны даргын 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар тушаалаар ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны мэргэжилтэн Н-г ажлаас чөлөөлсөн нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 221 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 29 дүгээр магадлалаар ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны дарга Б-ийн гаргасан шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй, буруу шийдвэр болохыг тогтоож, Н-г ажилд нь эгүүлэн тогтоож 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 09 дүгээр тушаалаар ажилд нь эгүүлэн авч ажилгүй байсан хугацааны цалинд 8.452.864 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 626.036 төгрөг, нийтдээ 9.078.900 төгрөгийг ИТХ-ын төсвөөс гаргаж өгсөн нь санхүүгийн баримтаар тогтоогдож байна. Иймээс хууль зөрчиж хүмүүсийг ажлаас халж байгууллагад хохирол учруулсан учир гэм буруутай албан тушаалтнаар гэм хорыг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэрээр байгууллагаас тухайн мөнгийг гаргуулахаар заадаг. Гэтэл байгууллагын төсөвт тусгагдаагүй байдаг учир байгууллагын данс олон удаа хаагддаг. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанууд явагддаг гэх мэт хүндрэлүүд байдаг. Мөн аудитын дүгнэлтээр С болон Н-д өгсөн цалингийн олговорыг нэхэмжилж авах ёстой гээд манай дээр авлага үүсгээд дүгнэлт гаргасан байдаг. Тэгэхээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Захиргааны Ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн үед буруу шийдвэр гаргаж байсан албан тушаалтнаас хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа гэжээ.

Хариуцагч Б анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б нь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Ганзоригийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байна. Учир нь миний бие Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан шүүхийн шатанд байгаа болно. Хоёр хүний цалинг төсвийн тодотголоор тухайн үед шийдвэрлэсэн. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 103, Иргэний хуулийн 498 дугаар зүйлд хамрагдахгүй болно. Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Б-аас байгууллагад учруулсан гэм хорын хохирол 10.138.386 /арван сая нэг зуун гучин найман мянга гурван зуун наян зургаан/ төгрөгийг гаргуулан Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагч Б-с 177.164 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.Болормаа давж заалдах гомдолдоо: Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад үндэслэлгүй халагдсан. Одоо эрхэлсэн тодорхой ажилгүй. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэхэмжлэлээр сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 2017 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 133/ШШ2017/00482 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул уг шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хариуцагч Б-д холбогдуулан байгууллагад учруулсан гэм хорын хохирол 10.138.386 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

 

Хариуцагч Б нь Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн ажлын албаны даргаар ажиллаж байхдаа Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н, ажлын албаны нягтлан бодогч С нарыг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан байх бөгөөд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 23 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 29 дугаар тогтоол, Сум дундын 5 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 190 дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 28 дугаар шийдвэрүүдээр хариуцагчийн дээрх тушаалуудыг үндэслэлгүй гэж үзэж, Н, С нарыг ажилд нь эгүүлэн тогтоож, тэдний ажилгүй байсан хугацааны цалин 10.138.386 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүхийн дээрх шийдвэрүүдийг биелүүлж, нэхэмжлэгч байгууллага нь Н, С нарт ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болох 10.138.386 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогджээ.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар ...төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана...

Мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт ...гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй... гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримтууд хэргийн нөхцөл байдлаас үзэхэд хариуцагч Б-ийн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч байгууллагад 10.138.386 төгрөгний хохирол учирсан болох нь тогтоогдсон байх тул хариуцагч Б нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар хохирлыг хариуцах үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гүомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 133/ШШ2017/00482 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулв буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ

 

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

 

Т.ЖАРГАЛСАЙХАН