Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 124/ШШ2022/0028

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


   Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
       Гомдол гаргагч: Увс аймгийн Улаангом сумын ...-р баг ... тоотод байрлах “У” ХХК, 
   Хариуцагч: Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.Д-д холбогдуулан гаргасан,
     Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч Ц.Д-ийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 0050484 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч “У” ХХК-ийн захирал Д.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, хариуцагч Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч Ц.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Гомдол гаргагч “У” ХХК нь тус шүүхэд Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч Ц.Д-д холбогдуулан “Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч Ц.Д-ийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 0050484 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлыг гаргасан байна.
     2. Хариуцагч Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч “иргэн Б.Я-ийн 3-р багт байрлах “У” ХХК-ийн Түшиг хүнсний дэлгүүрээс Jujube tea нэрийн бүтээгдэхүүний хэрэглэх хугацаа дууссан байсан гэсэн гомдлын дагуу хяналт шалгалт хийж “Хэрэглэх хугацаа хэтэрсэн бараа бүтээгдэхүүнийг худалдсан” гэж үзэн 0050484 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дахь хэсэгт заасныг баримтлан тухайн хуулийн этгээдийг 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
   3. Хариуцагч мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч уг шийтгэлийн хуудсыг “У” ХХК-ийн захирал Д.Ж-д 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мэдэгдсэн байх бөгөөд гомдол гаргагч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор буюу 2021 оны 04 сарын 27-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан байна.
     4. Гомдол гаргагч “У” ХХК шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “Д.Ж миний бие 1951 онд төрсөн, 73 настай. Би Улаангом сумын 3-р багт Уу -ширэг ХХК-и харьяа Түшиг дэлгүүрийг 2010 оноос хойш одоог хүртэл ажиллуулж байна. Хүнсний дэлгүүрийг 12 жил ажиллуулж байгаа ба энэ хугацаанд ямар нэг зөрчил гаргаж байгаагүй хуулийн хүрээнд ажиллаж байгаа билээ. Тэгтэл 2022 оны 04 сарын 06-ны өдөр Я гэх иргэн 2022 оны 2 сард манай дэлгүүрээс зөгийн бал худалдан авсан байх ба хугацаа нь дууссан байна гэх гомдол Аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гаргасан байгаа. Тэгээд МХ Газар-ын улсын байцаагч манай дэлгүүрт ирж үзлэг хийгээд 5 ширхэг зөгийн бал байсныг хураан авсан. Тэгтэл Аймгийн МХГ-ын улсын байцаагч Ц.Д гэгч манай У гэх нэртэй ХХК-ийг хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн зарсан гэж 5 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргаж байна. Яагаад гэвэл: Манай дэлгүүр тусгай худалдагчтай бөгөөд би худалдагчдаа барааныхаа хугацаа, шошгыг сайн харж бараагаа зарж бай гэх үүрэг даалгаврыг байнга өгч шаардлага тавьдаг байсан. Манай дэлгүүр хугацаа дууссан бараа зарсан буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч компанийн буруутай үйл ажиллагаанаас зарагдсан бараа биш худалдагчийн буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна. Дэлгүүрийн худалдагчийн үүрэг, хариуцлага гэж байгаа. Худалдагч маань энэ үед хариуцлага алдаж хугацаа дууссан бараа зарсан байна. Иймээс тухайн торгуулийг АА-н нэгж биш худалдагч хариуцах байтал АА-нэгж дээр торгууль ногдуулсанд гомдолтой байна. Мөн тухайн зөгийн бал худалдан авсан иргэнд ямар нэг хохирол учраагүй. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 3.1-д : Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заажээ. Тэгтэл хуульд худалдсан, үйлчилсэн бол гэж заасан байхад АА-н нэгжийг торгож буйн хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд МХГ-ын улсын байцаагчийн 2022-04-18-ны өдрийн № 0050484 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
   5. Гомдол гаргагч “У” ХХК-ийн захирал Д.Ж шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Д манай дэлгүүрт шалгалтаар ирж, зөрчил илрүүлсэн. Тухайн шийтгэлийг компанид биш худалдагчийн хариуцлагагүй байдалтай холбоотой байх тул худалдагчид хариуцлага хүлээлгэж өгнө үү. Би өөрөө эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай мөн банкны өр зээлтэй учир гомдлын шаардлагыг хангаж өгнө үү. Уг бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан иргэний эрүүл мэнд хохирсон зүйл байхгүй. Би тухайн бараа бүтээгдэхүүний хугацаа дууссан байгааг мэдээд юмны цаагуур хийчхээд хөдөө яваад иртэл худалдагч ажлын хариуцлага алдаж, уг хугацаа дууссан бараа бүтээгдэхүүнийг иргэнд худалдан борлуулсан байсан. “У” ХХК-ийн худалдагчид хариуцлага тооцож, шийтгэл оногдуулж өгнө үү. Би худалдагдагчдаа хандаж байнга барааны хугацаа харж байж худалдан борлуулах ёстой гэдэг шаардлагыг тавьдаг байсан боловч алдаа гаргасан байна” гэжээ.

   6. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Д.Ж нь 1951 онд төрсөн, 73 настай, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах “У” ХХК-ийг 2010 онд байгуулсан бөгөөд 12 жилийн хугацаанд худалдааны үйл ажиллагаа явуулж байна. Иргэн Я 2022 оны 2 дугаар сард “У” ХХК-ийн дэлгүүрээс зөгийн балтай цай гэх бүтээгдэхүүнийг худалдан авсан бөгөөд уг бүтээгдэхүүний хугацаа дууссан гэдэг үндэслэлээр 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан байсан. Уг гомдлын дагуу Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Д “У” ХХК-ийн дэлгүүрт очиж хяналт шалгалт хийж, хугацаа дууссан 4 ширхэг зөгийн балтай цай байсныг хураан авч, “У” ХХК-ийг 5.000.000 төгрөгөөр торгосон. “У” ХХК-ийг торгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж гомдол гаргасан. Компанийн захирал нь байнга барааны шошго, хугацааг харах ажлыг шаардлага байхгүй учир дэлгүүрийн худалдагчид барааны хугацаа шошгыг сайн харж худалдан борлуулах ёстой гэдэг үүрэг чиглэлийг өгч ажиллуулж байсан. Хариуцагч тайлбартаа “Прокурорын газраас аж ахуй нэгжийг торгох нь зүйтэй гэх албан шаардлага тавьж байгаа” гэж тайлбарласан. Прокурорын албан шаардлагаар ажил үүргээ биелүүлж болохгүй. Хуульд заасны дагуу албан ажлаа хийж хэрэгжүүлэх ёстой. “У” ХХК-ийн захирал Д.Ж-ийн хувьд 12 жил худалдаа үйлчилгээ явуулахдаа олон худалдагч авч ажиллуулж байсан боловч нэг л болж өгөхгүй байсан учир сүүлийн жилүүдэд өөрийн охиноо худалдагчаар ажиллуулж байгаа гэдгээ хэлж байсан. Дэлгүүрийн худалдагчаар худалдагчийн мэргэжилтэй Н байнга тогтмол ажиллаж байсан бөгөөд тухайн өдөр Н худалдагчаар ажиллаж байсан байдаг. Гомдол гаргагч Д.Ж өндөр настай хүн учир самгардаад тухайн өдөр хэн худалдагчаар ажиллаж байсныг мэдэхгүй байх шиг байна. Гомдол гаргагч Д.Ж шүүхэд тайлбар гаргахдаа “тухайн өдөр охин Н худалдагчаар ажиллаж байсан” гэж тайлбарласан байсан. 
    Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг хууль зүйн үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. 
   Яагаад гэвэл дээрх хуульд “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн бүтээгдэхүүнээр үйлчилсэн хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, торгоно гэж заасан байх тул худалдагч тухайн өдөр иргэн Б.Я-д хугацаа дууссан зөгийн балтай цайг зарж борлуулсан тул худалдагчийг 500.000 төгрөгөөр торгох нь үндэслэлтэй юм. Б.Я хугацаа нь дууссан барааг худалдан авснаар бараа бүтээгдэхүүнээс хордох юм уу эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн эрсдэл гаргаагүй. Иргэн Б.Я хугацаа нь дууссан барааг худалдан авсныхаа дараа барааны хугацааг шалгаж, дууссан байгааг мэдээд Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан байдаг. Б.Я хугацаа нь дууссан бараа худалдан авснаар түүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн зүйл гараагүй учир аж ахуй нэгжийг 5.000.000 төгрөгөөр торгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Д-ийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 050485 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

     7. Хариуцагч Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч Ц.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ” Ц.Д миний бие нь Улаангом сумын иргэн Б.Я 98456789, ОЭ47122271 нь 2022-04-06-ны өдөр 3-р багт байрлах У ХХК-ны Түшиг хүнсний дэлгүүрээс Jujube tea нэрийн бүтээгдэхүүнийг худалдан аваад гэртээ очоод харахад хэрэглэх хугацаа дууссан байсан гэсэн гомдлыг Jujube tea бүтээгдэхүүний хамт МХГ-т 2022-04-12-ны өдөр ирүүлэхэд 2022-04-14-ны өдөр Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.Ундармаа, Э.Номиндалай нарын хамт У ХХК-ний Түшиг дэлгүүрт захирал Д.Ж, дэлгүүрийн эзэн Г.Н-ийн хамт худалдаа хийж байхад нь хяналт шалгалтыг хийсэн. Тухайн үед өөр худалдагч байгаагүй.
    1. Худалдагчийн буруугаас хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн худалдсан байхад У ХХК-ны Түшиг дэлгүүрт торгууль тавьсан гэх гомдолд тайлбар хийх нь:
Гомдлын дагуу хяналт шалгалт хийх явцад Jujube tea нэрийн бүтээгдэхүүний хэрэглэх хугацаа 2022-02-24 дууссан 5 ширхэг үлдэгдэл байсан ба мөн Джехруст чихэр /2021-12-19-д дууссан/х1,5 кг, Pop tattoo чихэр /2021-05-03-нд дууссан/ х 11ш, Заморский сувенир чихэр 2,5 кг тус тус хэрэглэх хугацаа хэтэрсэн байсан тул нийт 177000 төгрөгийн бүтээгдэхүүнийг хурааж, Улаангом сумын Албадлагын арга хэмжээ авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах орон тооны бус комисст шийдвэр гаргуулахаар шилжүүлсэн.
•    Тухайн бүтээгдэхүүний хэрэглэх хугацаа дуусаад 51 хоносон байхад ААН дотоодын хяналт хийж, хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнүүдийг лангуун дээрээс татан аваагүй байсан. Энэ бүтээгдэхүүнээс гадна 4,0 кг, 11 ширхэг 112000 төгрөгийн бүтээгдэхүүний хэрэглэх хугацаа 3-11 сараар хэтэрсэн зөрчилтэй байсан тул хураасан.
•    Хяналт шалгалтаар очих үед өөрсдөө буюу Д.Ж, охин Г.Н-ийн хамт худалдаагаа хийж байсан. Өөр худалдагч байгаагүй.
•    №47 тоот "Хялбаршуулснаар шийдвэрлэсэн зөрчлийн хэргийн материал дахь "Холбогдогчийн мэдүүлэгт: Ц.Д /ЭАХХХ-ын улсын байцаагч Асуулт: Танай дэлгүүрийн дотоод хяналтыг хэн хариуцдаг вэ ? гэхэд Д.Ж / У ХХК ий захирал/ Хариулт: Би өөрөө хариуцдаг. Аль болохоор шаардлага хангасан бүтээгдэхүүн зарахыг хичээдэг" гэсэн тайлбар өгч байсан зэргээр тус тус нотолж У ХХК-д торгуулийн арга хэмжээ авах нь зөв гэж үзэж байна.
2. Зөгийн бал худалдаж авсан иргэний биед ямар нэг хохирол учраагүй байхад Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1-д зааснаар ААН-д торгууль тавьсан нь хууль зүйн үндэслэлгүй гэсэнд тайлбар хийх нь:
•    Зөрчлийн тухай хуулийн 6,15 дугаар зүйл. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих.
6.15 дугаар зүйлийн 3.1 дэх заалт нь доорх агуулгатай. Үүнд:
>    Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх
>    Хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн
>    Хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэснээс "Хэрэглэх хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг худалдсан" гэх үндэслэлээр арга хэмжээ авсан болно” гэжээ.
    8. Хариуцагч Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.Д шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Улаангом сумын иргэн Б.Я Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан. Иргэн Я нь 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр “У” ХХК-ийн дэлгүүрээс Зөгийн бал гэх цайг худалдан аваад гэртээ очоод хугацааг нь хартал хугацаа нь дууссан гэх агуулгатай гомдол ирсэн. Гомдлын дагуу “У” ХХК-ийн дэлгүүрт очиж хяналт шалгалт хийх үед тухайн хугацаа нь дууссан 4 ширхэг зөгийн балтай цай гэх бүтээгдэхүүнийг лангуун дээр байхад нь олж, хураан авсан. Дэлгүүрийн нийт бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийж, хэсэг хугацаа нь дууссан бүтээгдэхүүн байсныг хураан авч торгуулийн арга хэмжээ авсан. Намайг дэлгүүрт очиж хяналт шалгалт хийх үед Д.Ж болон Н гэх охин нь хажууд байсан. Иргэн Яд худалдаа хийсэн худалдагч охин дэлгүүрт байгаагүй. “Ууширэг” ХХК-ийн дэлгүүрийн үндсэн худалдагч нь Н гэдгийг би мэдэж байгаа боловч иргэн Яд худалдаа хийсэн охин уг дэлгүүрт 1 жил орчим ажиллаж байгаа. “У” ХХК-ийн худалдагчтай байгуулсан албан ёсны хөдөлмөрийн гэрээ байгааг мэдээгүй учир шалгаагүй. Хүнсний тухай хуулийн 6.15 дугаар зүйлд “худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж нь хэрэглэх хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдсан бол аж ахуй нэгжийг 5.000.000 төгрөгөөр иргэнийг 500.000 төгрөгөөр торгоно” гэсэн хуулийн заалт байгаа. 
      Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь бусад аж ахуй нэгжүүдийг удаа дараа 500.000 төгрөгөөр торгож эсвэл дотоод хяналт руу оруулж аж ахуйн нэгжүүдийг 5.000.000 төгрөгөөр торгох нь ихэдсэн гэж үзэж аж ахуй нэгжийг 1.000.000 төгрөгөөр, иргэнийг 100.000 төгрөгөөр торгож байсан. Уг асуудал Увс аймгийн Прокурорын газрын хяналтад очиж олон удаа шүүмжлүүлсэн. 2022 оны нэгдсэн зөвлөгөөнөөр нэр дурдаж “Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар хуулийг буруу хэрэглэж байна” гэж дурдсан. 
       Мэргэжлийн хяналтын газраас зөрчил гаргасан аж ахуй нэгжүүдийн худалдагчийг давхар торгох ёстой гэж үзэж байгаа боловч Прокурорын газраас хүлээн зөвшөөрөөгүй. Яагаад гэвэл тухайн аж ахуй нэгжийн эд хөрөнгийг худалдагч мэдэх ёсгүй, эд хөрөнгөө аж ахуйн нэгж л мэддэг тул хүний хөрөнгийг устгах юм уу? Авч далд хийх эрх худалдагчид байхгүй гэж үзэж байгаа. Увс аймгийн Прокурорын газраас Мэргэжлийн хяналтын газарт албан шаардлага ирүүлдэг бөгөөд хуулийг зөв хэрэглэж торгууль ноогдуулахгүй бол хяналтын улсын байцаагч нарын цалингийн болон сахилгын арга хэмжээг авдаг. 
     Прокурорын газар болон Мэргэжлийн хяналтын газрын нэгдсэн зөвлөгөөнөөр шүүмжлүүлсэн гэдгээ ерөнхий байдлаар тайлбарласан. Хуулийн этгээд гэдэг утгаар нь  аж ахуй нэгжид торгууль тавьдаг. “У” ХХК-ний хувьд хуулийн этгээд гэдэг утгаар нь торгууль оногдуулсан. Иргэн өөрийн хөрөнгөөрөө үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд иргэнд торгууль тавьдаг. Зөрчлийн тухай хуульд хугацаа хэтэрсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан тохиолдолд хуулийн этгээдэд торгууль оногдуулахаар заасан болохоос хохирол учирсан, хор уршиг бий болсон  тохиолдолд торгууль оногдуулна гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн энэ зүйл заалтаар шийтгэл оногдуулахад заавал хохирол, хор уршиг учирсан байхыг  шаардаагүй байна  ” гэжээ.

      9. Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад.

ҮНДЭСЛЭХ нь:

     10. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан гомдол гаргагч түүний өмгөөлөгч, хариуцагчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 
     11. “У” ХХК-ийн захирал Д.Ж нь Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.Д-ийн 2022 оны 04 сарын 18-ний өдрийн 0050484 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасан байх бөгөөд шүүх хуралдаанд гомдлоо дэмжиж оролцсон болно.
   12. Гомдол гаргагчаас “Манай дэлгүүр хугацаа дууссан бараа зарсан буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч компанийн буруутай үйл ажиллагаанаас зарагдаагүй тул худалдагч бараа материалын хугацааг харж худалдах үүрэгтэй  учир худалдагчид хариуцлагыг хүлээлгэх ёстой” гэдэг үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн байна. 
   13. Хариуцагч улсын байцаагч гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
    14. 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.Д нь 0050484 дугаартай шийтгэлийн хуудсаар “У” ХХК-ийг "Хэрэглэх хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг худалдсан" зөрчил гаргасан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1-д заасныг баримтлан 5.000.000 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. 
      15. Гомдол гаргагч “У” ХХК-ийн захирал Д.Ж нь “Хэрэглэх хугацаа хэтэрсэн бараа бүтээгдэхүүнийг худалдсан” гэх зөрчлийг үгүйсгээгүй бөгөөд гагцхүү хариуцлага хүлээх субъектийн талаар маргасан байна. 
       16. Гэрч Б.Я мэдүүлэгтээ “2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 53000 төгрөгийн худалдаа хийсэн. Авсан зүйлээс зөгийн балтай цайны хугацаа дууссан байсан учраас гайгуу юм болов уу гэж бодоод найруулж үзэхэд хөөсрөөд байсан. Тэгээд Мэргэжлийн хяналтын газар аваачаад өгчихсөн. Худалдагчаар нэг өндөр охин байсан. Нэрийг нь мэдэхгүй зүгээр худалдагчаар л ажиллаж байсан. Уг нь би дандаа хугацааг нь дууссан эсэхийг  үзэж байж авдаг юм. Тэр өдөр хугацааг нь анзааралгүй итгээд авсан. Сургамж аваг гэдэг үүднээс мэргэжлийн хяналтын газар мэдэгдсэн юм гэж мэдүүлжээ.
      17. Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1-д “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн” гэж, мөн хуулийн 3.2-д “хүний эрүүл мэндэд хортой сав, баглаа боодол ашиглан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулсан, үйлчилсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заажээ.
      18. 2009 оны 08 сарын 28-ны өдөр “У” ХХК нь “зоогийн газар, гуанз, цайны газрын үйлчилгээ, гадаад дотоод худалдаа, хүнс ундаа тамхи голлосон төрөлжсөн бус барааны дэлгүүр”-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдаж хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлж 4004248 регистрийн дугаартай гэрчилгээ авсан байна. “У” ХХК-ийн иргэний эрх зүйн чадвар нь ийнхүү улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсжээ.
    19. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг нэхэмжлэгч, хариуцагч байж чадах тодорхой зорилго бүхий тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэж заажээ.
    20. Түшиг хүнсний дэлгүүр нь “У” ХХК-ийн нэрийн дор үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд тус дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн тухайн хуулийн этгээдийн эд хөрөнгө гэж тооцогдох учраас худалдагч хуулийн этгээдийн өмнөөс  хариуцлага хүлээх хууль эрх зүйн үндэслэл байхгүй байна.
      21. “У” ХХК-д хуулийн этгээд гэдэг утгаар нь шийтгэл оногдуулсан. Иргэнд зөвхөн өөрийн хөрөнгөөрөө үйл ажиллагаа явуулсан тохиолдолд торгууль тавьдаг. Зөрчлийн тухай хуульд хугацаа хэтэрсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан тохиолдолд хуулийн этгээдэд торгууль оногдуулахаар заасан болохоос хохирол учирсан, хор уршиг бий болсон тохиолдолд торгууль оногдуулна гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн энэ зүйл заалтаар шийтгэл оногдуулахад заавал хохирол учирсан, хор уршиг бий болсон байхыг шаардаагүй байна” гэсэн хариуцагчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар хууль зүйн үндэслэлтэй юм.
      22. Иймд “У” ХХК-ийн хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, хүнсний бүтээгдэхүүн худалдсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1-д заасан зөрчлийн шинжийг агуулсан байх тул гомдол гаргагчийн Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч Ц.Дгийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 0050484 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг хангахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 
    
      23. Гомдол гаргагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул “У” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
     1. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч “У” ХХК-ийн “Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч Ц.Д-ийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 0050484 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
     2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр  зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгүүдэд зааснаар гомдол гаргагч “У” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.          

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Т.ОЮУНГЭРЭЛ