Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2021/00108

 

   2021          01             19                                             183/ШШ2021/00108

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч O.Чулуунчимэг даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ............. тоот хаягт оршин суух Б овогт Б.Ч /РД:000000000/, 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг .............. тоот хаягт оршин суух Д овогт Б.Б /РД:000000000/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ............... байрлах Т ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.О, М.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Э, Д.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон тэдгээрийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б миний бие “Т” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг үндсэн ажилчин билээ. Би байгууллагын бусад ажилчидтай сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж "Т” ХХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийг байгуулан 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улсын бүртгэлд бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бид арван ажилчин нэгдэж, тус үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч гишүүдээр ажиллаж байсан. Гэтэл “Т” ХХК-ийн удирдлага намайг илт хууль бус үндэслэлээр тодруулбал үйлдвэрчний эвлэл байгуулсан, байгууллагын нууц задруулсан гэж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. “Т” ХХК-ийн удирдлага Хөдөлмөрийн тухай хууль, Үндсэн хууль, Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулиудыг зөрчиж намайг үндэслэлгүй ажлаас халсанд гомдолтой байна. Иймд Бямбаагийн Б намайг ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 28.524.774 төгрөгийг бодож олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.

Баасандуламын Ч миний бие “Т” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг үндсэн ажилчин билээ. Би байгууллагын бусад ажилчидтай сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж "Т” ХХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийг байгуулан 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улсын бүртгэлд бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бид арван ажилчин нэгдэж, тус үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч гишүүдээр ажиллаж байсан. Гэтэл “Т” ХХК-ийн удирдлага намайг илт хууль бус үндэслэлээр тодруулбал үйлдвэрчний эвлэл байгуулсан, байгууллагын нууц задруулсан гэж ажил олгогчын санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. “Т” ХХК-ийн удирдлага Хөдөлмөрийн тухай хууль, Үндсэн хууль, Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулиудыг зөрчиж намайг үндэслэлгүй ажлаас халсанд гомдолтой байна. Иймд Баасандуламын Ч намайг ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин урамшууллыг бодож олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Ч нь Монгол Улсын иргэний хувьд олон нийтийн байгууллагад эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын хууль бус ажиллагааг аялдан дагалдаж, Т ХХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийг Моногол Улсын хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин байгуулж, улмаар тус үйлдвэрчний эвлэлийн гишүүн гэдэг нэрийн дор ажил олгогч Т ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох, саатуулах, компанийн бизнесийн нэр хүндэд халдах зэргээр Хөдөлмөрийн гэрээний 13.3.2.14, 13.3.2.21 заалтыг тус тус зөрчиж, хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 1.4-т заасан үндэслэлээр түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогч санаачилж цуцалсан юм. Энэ нь нэхэмжлэгч Б.Чгийн буруутай үйл ажиллагатай холбоотой. Ажлаас халсан 2020-04-06-ны өдрийн 375/20 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд оператор Б.Ч нь өөр компанийн /Т ХК/ Үйлдвэрчний эвлэлийн /ҮЭ/ хороотой хамтарч компанийн нэр ашиглан, хууль бус ҮЭ хороог байгуулахад оролцож ажил олгогч, ажилчдыг төөрөгдүүлэн, компанийн ажилчдыг ажил олгогчийн эсрэг турхирах үйл ажиллагаа явуулж, ажлын байрны хөдөлмөрийн хэвийн ажиллагааг алдагдуулж, компанийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулах үйлдэл хийсэн. Нэхэмжлэгч нь ажил олгогч тэдний хөдөлмөрийн харилцааг санаачлан цуцлах болсон үндэслэлийг “ҮЭ-ийн байгууллагыг байгуулж эвлэлдэн нэгдэх эрх”-ээ эдэлснээс болсон гэж нэхэмжлэлдээ дурдсан боловч МУ-ын Үндсэн хууль /1992 он/-ийн 16.10 дахь заалт, БНМАУ-ын ҮЭ-ийн эрхийн тухай хууль /1989 он/-д зааснаар Монгол Улсын иргэн нь эвлэлдэн нэгдэх, эрх ашиг сонирхлоо хангах зорилгоор төрийн бус байгууллага байгуулах эрхээ эдлэхдээ “Төрийн бус байгууллагын тухай хууль” /1997 он/ болон ҮЭ-ийн нэгдсэн холбоо зэрэг дээд шатны байгууллагаас гаргасан зохих журмыг баримтлах ёстой. Үүнээс гадна нэгэнт өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангах буюу хамгаалах зорилгоор төрийн бус байгууллага байгуулж байгаа бол түүнийгээ эрх зүйн харилцааны субьект болгохын тулд /хуулийн этгээд болохын тулд/ төрийн зохих байгууллагад бүртгүүлж албан ёсны этгээд болох хууль зүйн шаардлага “Улсын бүртгэлийн ерөнхий хууль” /2018 он/-иар тавигддаг билээ. Уг шаардлагыг хангасны үндсэн дээр иргэдийн байгуулсан төрийн бус байгууллага түүн дотроо ҮЭ-ийн байгууллага нь өөрийн гишүүд, дэмжигчид зэргийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хангах, хамгаалахтай холбогдсон эрх, үүргүүдээ сая эдэлж хэрэгжүүлэх хууль зүйн нөхцөл бүрдэх юм. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулгад дурдсагдсан ҮЭ байгуулсан гэж алаас халагдах болсон гэх нь үндэслэлгүй бөгөөд хууль бус ҮЭ хороо буюу хуулийн этгээд байгуулсан болох нь улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 1945 тоот дүгнэлтээр тогтоогдсон юм. Иймд нэхэмжлэгчийн байгуулсан гэж байгаа ҮЭ хороо нь байгуулагдаагүй, байгуулах үйл ажиллагаа нь хууль тогтоомж зөрчсөн шинжтэй тул бид хууль бус байгууллагыг бий болгож ажтл олгогчийг төөрөгдүүлсэн, ажлын байран дээрх хөдөлмөрийн хэвийн ажиллагааг алдагдуулсан гэж үзэж байна. Б.Ч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6.2-т заасан ажилтан нь хууль, гэрээний дагуу шударгаар хөдөлмөрлөх, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх тухай хуулиар хүлээсэн үүргээ болон тус компанитай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 13.3.2.14-д заасан Компанийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулах үйлдэл хийсэн, 13.3.2.21-д заасан холбогдох хууль тогтоомжид заасан бусад буруутай үйлдэл хийсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас халсан болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.    

Нэхэмжлэгч Б.Б нь Монгол Улсын иргэний хувьд олон нийтийн байгууллагад эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын хууль бус ажиллагааг аялдан дагалдаж, Т ХХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийг Моногол Улсын хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин байгуулж, улмаар тус үйлдвэрчний эвлэлийн гишүүн гэдэг нэрийн дор ажил олгогч Т ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох, саатуулах, компанийн бизнесийн нэр хүндэд халдах зэргээр Хөдөлмөрийн гэрээний 13.3.2.14, 13.3.2.21 заалтыг тус тус зөрчиж, хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 1.4-т заасан үндэслэлээр түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогч санаачилж цуцалсан юм. Энэ нь нэхэмжлэгч Б.Бын буруутай үйл ажиллагатай холбоотой. Ажлаас халсан 2020-04-06-ны өдрийн 376/20 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд оператор Б.Б нь өөр компанийн /Эс-Тавантолгой ХК/ Үйлдвэрчний эвлэлийн /ҮЭ/ хороотой хамтарч компанийн нэр ашиглан, хууль бус ҮЭ хороог байгуулахад оролцож ажил олгогч, ажилчдыг төөрөгдүүлэн, компанийн ажилчдыг ажил олгогчийн эсрэг турхирах үйл ажиллагаа явуулж, ажлын байрны хөдөлмөрийн хэвийн ажиллагааг алдагдуулж, компанийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулах үйлдэл хийсэн. Нэхэмжлэгч нь ажил олгогч тэдний хөдөлмөрийн харилцааг санаачлан цуцлах болсон үндэслэлийг “ҮЭ-ийн байгууллагыг байгуулж эвлэлдэн нэгдэх эрх”-ээ эдэлснээс болсон гэж нэхэмжлэлдээ дурдсан боловч МУ-ын Үндсэн хууль /1992 он/-ийн 16.10 дахь заалт, БНМАУ-ын ҮЭ-ийн эрхийн тухай хууль /1989 он/-д зааснаар Монгол Улсын иргэн нь эвлэлдэн нэгдэх, эрх ашиг сонирхлоо хангах зорилгоор төрийн бус байгууллага байгуулах эрхээ эдлэхдээ “Төрийн бус байгууллагын тухай хууль” /1997 он/ болон ҮЭ-ийн нэгдсэн холбоо зэрэг дээд шатны байгууллагаас гаргасан зохих журмыг баримтлах ёстой. Үүнээс гадна нэгэнт өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангах буюу хамгаалах зорилгоор төрийн бус байгууллага байгуулж байгаа бол түүнийгээ эрх зүйн харилцааны субьект болгохын тулд /хуулийн этгээд болохын тулд/ төрийн зохих байгууллагад бүртгүүлж албан ёсны этгээд болох хууль зүйн шаардлага “Улсын бүртгэлийн ерөнхий хууль” /2018 он/-иар тавигддаг билээ. Уг шаардлагыг хангасны үндсэн дээр иргэдийн байгуулсан төрийн бус байгууллага түүн дотроо ҮЭ-ийн байгууллага нь өөрийн гишүүд, дэмжигчид зэргийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хангах, хамгаалахтай холбогдсон эрх, үүргүүдээ сая эдэлж хэрэгжүүлэх хууль зүйн нөхцөл бүрдэх юм. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулгад дурдсагдсан ҮЭ байгуулсан гэж алаас халагдах болсон гэх нь үндэслэлгүй бөгөөд хууль бус ҮЭ хороо буюу хуулийн этгээд байгуулсан болох нь улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 1945 тоот дүгнэлтээр тогтоогдсон юм. Иймд нэхэмжлэгчийн байгуулсан гэж байгаа ҮЭ хороо нь байгуулагдаагүй, байгуулах үйл ажиллагаа нь хууль тогтоомж зөрчсөн шинжтэй тул бид хууль бус байгууллагыг бий болгож ажтл олгогчийг төөрөгдүүлсэн, ажлын байран дээрх хөдөлмөрийн хэвийн ажиллагааг алдагдуулсан гэж үзэж байна. Б.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6.2-т заасан ажилтан нь хууль, гэрээний дагуу шударгаар хөдөлмөрлөх, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх тухай хуулиар хүлээсэн үүргээ болон тус компанитай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 13.3.2.14-д заасан Компанийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулах үйлдэл хийсэн, 13.3.2.21-д заасан холбогдох хууль тогтоомжид заасан бусад буруутай үйлдэл хийсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас халсан болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Б.Б, Б.Ч нар нь  хариуцагч “Т” ХХК-д  холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахаар шаарджээ.

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Учир нь нэхэмжлэгч нар нь 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 375/20, 376/20 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох” тухай ажил олгогчийн тушаалыг 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр танилцаж, гардан авсан болох нь шүүх хуралдаанд оролцсон зохигчдын тайлбар, гэрч А.Г нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Улмаар 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэгч нар нь А.Б, Н.С, Г.Т, Б.З, Ч.Б, Ц.Б, Л.Г, Д.Б нарын  хамт “Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийг гаргасан байх ба 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн тус дүүргийн шүүхийн шүүгчийн 183/ШЗ2020/06181 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжаар “ ...ажил олгогч нь ажилтан тус бүртэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, улмаар ажилтан тус бүртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал гаргасан нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд хамаарч байна ...” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзжээ.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч нар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хуулийн хугацаанд буюу нэг сарын хугацаандаа гаргажээ.

Үүний дараа нэхэмжлэгч нар нь дахин 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд хандсан гэх ба /нэхэмжлэгч нарын төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбараар/   нэхэмжлэгч Б.Бын тухайд 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 183/ШЗ2020/09734 дугаартай тус шүүхийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэлээ татан авч хэргээ хэрэгсэхгүй болгосон байна.

Харин нэхэмжлэгч Б.Чгийн тухайд дахин 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд хандсан гэх ба 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШЗ2020/09727 дугаартай тус шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг “..Б.Ч нь шүүхэд нэхэмжлэл гаргах, түүнд гарын үсэг зурах эрхийг 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр С.Эд олгосон байх ба нэхэмжлэлд өмгөөлөгч А.О гарын үсэг зурсан буюу төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр” хэрэгсэхгүй болгожээ.

Гэтэл нэхэмжлэгч нар нь хамгийн сүүлд буюу гурав дах удаагаа шүүхэд хандахдаа Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан нэг сарын хугацааг өнгөрсний дараа ханджээ.

Тодруулбал нэхэмжлэгч нар нь 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор “Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийг гаргах ёстой атал 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гаргасан болох нь нэхэмжлэл бүрийн ард дарагдсан шүүхийн нэхэмжлэл хүлээн авсан дардсаар тогтоогдож байна.

Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжууд гарснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3-т заасан “Талууд эвлэрсэн, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон бол талууд болон шүүхээс явуулсан сүүлийн ажиллагаа дуусгавар болсноор хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсоно” гэснээр хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсжээ.

Шүүх хэрэг шийдвэрлэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон бол гэдэг шалтгаануудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, 117 дугаар зүйлийн дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох зэрэг шүүхийн ажиллагааг хамааруулан ойлгодог.

Хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсвол хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолдог бөгөөд 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс нэг сарын хугацааг тоолоход 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр багтаан дахин шүүхэд нэхэмжлэл гаргах учиртай.

Гэхдээ 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр нь бямба гараг таарч байх тул дараагийн ажлын эхний өдөр болох 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр гаргах ёстой байжээ.

Уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болох хэдий ч нэхэмжлэгч нарын тухайд хүндэтгэн үзэх шалтгаан хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.  

Хөдөлмөрийн Хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасан “хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно.

Харин хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй юм. Хуульд заасан хугацааны дотор гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэлтэй эсэхийг шүүх хянан шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ.

Хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тухай нэхэмжлэгч нар шүүхэд нотлоогүй, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргаагүй болно.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжуудыг бичгээр гардан авмагцаа шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж хуралдаан дээр тайлбарлаж байгаа хэдий ч энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан биш, хуулийг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй юм.

Өөрөөр хэлбэл ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг, нэхэмжлэлд нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Э гарын үсэг зураагүй шалтгаанаа арилгаж шүүхэд нэхэмжлэлээ дахин гаргах нэг сарын хугацаа байхад тухайн хугацаагаа баримтлаагүй байгааг шүүх зөвтгөх боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээ хуульд заасан хугацааны дотор гаргасан гэх байдлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Нэгэнт хуулиар тогтоосон хугацаандаа гомдол буюу нэхэмжлэлээ шүүхэд гаргаагүй байх тул ажлаас халагдсан тушаалын хууль зүйн үндэслэлийг хянах боломжгүй нөхцөлийг үүсгэж байна.

“Нэхэмжлэл” нь маргаантай эрх зүйн харилцаанаас үүссэн, хууль зүйн актад үндэслэсэн тодорхой процессын журмаар хэлэлцэж шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаж нэг этгээдээс нөгөө этгээдэд холбогдуулсан гаргасан шаардлага байдаг.

Гэтэл энэ шаардлагаа гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана”  гэж заасан хугацааг баримтлаагүй байхад тушаалыг хянах нь ач холбогдолгүй байна.

Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2, 129.3-т заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-д   холбогдох, өмнөх ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх, буруу халсан үеийн олговор гаргуулах тухай Б.Ч, Б.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            О.ЧУЛУУНЧИМЭГ