| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2024/0192/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/213 |
| Огноо | 2024-03-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Төгсжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/213
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч Л.Төгсжаргал, шүүгдэгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонпүрэв нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******д холбогдох эрүүгийн 23100 0000 2060 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ****** нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 7 дугаар гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ З.******ыг “гэртээ хариач гэж хэллээ” гэх шалтгаанаар нүүр, дух хэсэгт нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь духны эдийн хөнгөн зэргийн няцрал, дух, зүүн хөмсөг, баруун хацар, уруулд няцарсан шарх, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч ******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“Би 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэрийнхээ хажуу гудамжинд сууж байхад ****** ах ирсэн. Бид 2 дэлгүүрийн гадаа архи ууж байгаад маргалдаад би газраас чулуу аваад нүүрэн тус газар нь хэд хэдэн цохисон чинь яваад өгсөн. Араас нь очоод уучлалт гуйх гэсэн чинь “ах нь Цагдаад дуудлага өгсөн” гэсэн. Хохирогчийн зүгээс намайг зодож цохисон зүйл байхгүй. Бид өмнө нь маргалдаж муудалцаж байгаагүй. Тухайн үед бид хоёр хоёулаа согтуу байсан.
Энэ хэрэг гарахаас өмнө нь би толгойдоо бэртэл авсан байсан, тэгээд явж чадахгүй сууж байсан чинь 3.****** хажууд ирснээ “бос бос” гээд би “үгүй толгой өвдөөд байна” гэх шалтгаанаас болоод хоорондоо муудалцсан. Хохирогчид хохирол нөхөн төлбөрт 500.000 төгрөгийг өгсөн. Гэхдээ баримт байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршиг 2-р зэрэглэл гэж тогтоосон байсан. Гэмтлээс үүссэн хор уршгийн төлбөрийг төлнө. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Би одоо 64 настай ээжийнхээ хамт амьдардаг. Миний буруу хөнгөн ял шийтгэж өгнө үү.“ гэсэн мэдүүлэг,
Гурав. Эрүүгийн ******** дугаартай хэргээс:
1. Хан-Уул дүүрэг дэх Цагд******н 2 дугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасагт 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ***** дугаарын утаснаас ирүүлсэн “...манай эрэгтэй дүүг зүс таних согтуу хүн зодсон байна...” гэсэн дуудлага лавлагааны хуудас (хэргийн 4 дэх тал),
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад З.******ын хохирогчоор өгсөн:
“...Би өнөөдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээсээ гараад явж байтал ****** гэх хүн манай гэрийн гудамжны үзүүрт согтуу зогсож байхаар нь ******д хандан “гэртээ хариач, үхсэнээ хийж байгаа юм” гэтэл “танд ямар хамаатай юм” гээд өөдөөс дайраад, бид маргалдаж эхэлсэн. Гэтэл газраас чулуу аваад миний нүүр рүү цохисон. Тэр чулуу нь хурц үзүүртэй чулуу байсан. Би ******г 2-3 жилийн өмнөөс мэднэ. Уг нь гэмгүй л хүүхэд байсан юм. Өнөөдөр юу болсон юм мэдэхгүй байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Миний толгой нүүр, хацар, уруул, ам хэсэгт зүсэгдэж гэмтсэн. Би ******гийн биед халдаагүй. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Миний биед учирсан гэмтлийг дан ганц ****** учруулсан. Өөр хэн нэгэн байгаагүй. Би эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн 200.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 10-13 дахь тал),
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад З. ******ийн гэрчээр өгсөн:
“...Тухайн өдөр би гэртээ байж байтал 16:00 цагийн орчимд миний төрсөн дүү ****** согтууруулах ундааны зүйл хэрэглээд бусдад зодуулсан байдалтай гэрт орж ирсэн. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад зодсон хүн нь гээд зүс таних эрэгтэй манай хашааны үүдэнд ирчихсэн байсан. Тэгэхээр нь би тэр хүнийг байлгаж байгаад цагдаад дуудлага өгсөн. Дүү ******ын нүүр нь нилэнхүйдээ цус болсон, зүүн хөмсөгний дээд хэсэг, баруун нүдний доод хэсэг, хацар, уруулын баруун дээд хэсгээс нь цус гарсан байдалтай, толгой нь хагарсан байсан.” Гэсэн мэдүүлэг (хэргийн 16 дахь тал),
5. Хүний биед үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт баримтууд (хэргийн 6-7 дахь хуудас),
6. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13908 дугаартай:
“1. З.******ын биед духны эдийн хөнгөн зэргийн няцрал, дух, зүүн хөмсөг, баруун хацар, уруулд няцарсан шарх, духанд зулгаралт, гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон уд******н цохих үйлдлээр үүссэн байх боломжтой.
3. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 21-22 дахь тал),
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн:
“Миний бие прокурорын тогтоолыг уншиж танилцсан. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 20 цагийн орчимд Яармагийн 2 дугаар буудал дээр хүмүүстэй нийлээд архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэгж байгаад ****** ахтай таарч, гудамжны үзүүрт сууж байгаад хоорондоо муудалцсан. ****** ах намайг “зүгээр байгаарай” гээд хараалын үг хэрэглээд доромжлоод байсан. Тэгээд газраас чулуу аваад толгой хэсэгт нь хэд хэдэн удаа цохисон. Тэгтэл ****** ах надад зодуулаад нүүрнээс нь цус гараад, гэр рүүгээ орж гар нүүрээ угаах гээд явсан. Би араас нь очиж уучлалт гуйх гэж байгаад ахад нь баригдаад, цагдаад дуудлага өгсөн. Бид бие биеэ таньдаг болоод удаж байгаа ба өмнө нь маргалдаж байгаагүй. ****** намайг заамдаж боосон. Цохисон зүйл бол байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 18, 29 дэх тал), болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 30 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 45 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 46 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хэргийн 49 дэх тал), авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хэргийн 50 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 51 дэх тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хэргийн 52 дахь тал), Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоол (хэргийн 33-41 дэх тал), Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 19-ны өдрийн 385 дугаартай шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 02 сарын 27-ны өдрийн 04/4810 тоот шүүгдэгч ****** нь “Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦ/55 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг эдлээгүй, зайлсхийсэн тухай” албан бичиг зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Дөрөв. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч ****** нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 7 дугаар гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн З.******ыг “гэртээ хариач гэж хэллээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан, маргалдаж, түүний нүүр, дух хэсэгт нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь “духны эдийн хөнгөн зэргийн няцрал, дух, зүүн хөмсөг, баруун хацар, уруулд няцарсан шарх, духанд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Хүний эрхийн Түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дугаар зүйлд “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байх эрхийг баталгаажуулсан.
Хэргийн хохирогч З.******ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “...духны эдийн хөнгөн зэргийн няцрал, дух, зүүн хөмсөг, баруун хацар, уруулд няцарсан шарх, духанд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч ****** түүнийг чулуугаар нүүр, дух хэсэгт нь цохиж зодсон үйлдлийн улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон.
Шүүгдэгч ******гийн үл ялих зүйлээр шалтаглан, хүний халдашгүй дархан байдалд хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдлийг Хан-Уул дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Хэргийн шүүгдэгч ****** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч ******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч З.******ын биед учирсан хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн гэмт хэргийн хохирогчийн “сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааж хуульчилсан.
Энэ хэргийн хохирогч З.****** нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн мэдүүлэгт “...эмчилгээ хийлгэсэн 200.000 төгрөг нэхэмжилнэ” гэх боловч энэ талаар холбогдох баримтыг хэрэгт болон шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг түүний оршин суух гэрийн хаягаар хүргүүлэхэд төрсөн ахын эхнэр, бэр эгч гэх ******** 2024 оны 03 сарын 12-ны өдөр хүлээн авсан боловч хохирогч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болно.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан эрүүгийн гэмт хэргээс “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэг/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг 2023 оны 07 сарын 31-ний өдрийн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/268, А275 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр,
- мөн Улсын Дээд Шүүхийн 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг хор уршгийн хувийг 4-8 хувь, сэтгэцийн эмгэгийн “Хоёрдугаар” зэрэглэлд хамааруулж, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” хэмжээтэй байхаар тодорхойлсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “Хоёрдугаар” зэрэглэлээр тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрч маргаагүй байна. (хэргийн 54 дэх тал)
Шүүх, хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хэмжээг тодорхойлохдоо тухайн хэрэг гарахад хохирогч З.****** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нөхцөл байдал болон учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тус тус харгалзан гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2.750.000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг эдийн бус гэм хорын хохирол буюу сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт тооцон шүүгдэгчээр нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх, шүүгдэгч ******г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлт зэргийг тус тус харгалзан ******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.
Хэргийн 33-41 дэх талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт, 30-31 дэх талд авагдсан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоол баримтаар шүүгдэгч нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 04/4810 дугаартай албан бичигт ****** нь 600.000 төгрөгийн торгох ялын үлдэгдэлтэй байна гэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж зааснаар ******д энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаас тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Энэ хэрэгт ****** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ******д 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ******д энэ тогтоолоор оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өмнөх буюу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаас тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ****** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг баримтлан эдийн бус гэм хорын хохиролд тооцон ******гаас 2.750.000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч ******т олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч З.****** нь учирсан гэмтлийн улмаас хийлгэсэн эмчилгээ үйлчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Энэ хэрэгт ****** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД.