Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2021/00325

 

    2021          02             04                                              183/ШШ2021/00325

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

              Нэхэмжлэгч: ................ тоот хаягт байрлах Ё ХХК /000000000/-ийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .................. тоот хаягт оршин суух Б овогт С.Б /РД:0000000000/-д холбогдох

Тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 9.984.660 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г,  хариуцагч С.Б,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов. 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “БНСУ-ын хуулийн этгээд “Ё” компани нь Олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг ба МУ-ын УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2005 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн В-2407 шийдвэрээр Улаанбаатар хотод төлөөлөгчийн газар байгуулан ажиллаж  байна. Иргэн С.Б нь “Ё” компаниар 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 468.000 кг маскны багц, 2.068 кг живх болон салфекта, мөн машин зэргийг тээвэрлүүлсэн буюу тээврийн хөлс нь 3500 ам.доллар болсон. Гэвч тухайн үедээ ачаагаа авахдаа тээврийн хөлсөө өгөөгүй, удаа дараа тээврийн хөлсөө шаардсан ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийг төлөөгүй тул иргэн С.Б-гаас 3.500 ам.доллар буюу нийт 9.984.660 /есөн сая есөн зуун наян дөрвөн мянга зургаан зуун жаран/ төгрөгийг Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжилж байна. Төлсөн гэж удаа дараа худлаа ярьж байгаа ба төлсөн бол ядаж данснаас нь мөнгө гарч, манайд төлсөн баримт байх ёстой” гэв.

Хариуцагч С.Б  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие С.Б нь БНСУ-аас машин оруулж ирж борлуулдаг. Энэ үйл ажиллагааг явуулаад 10 гаруй жил болж байна. Энэ компанитай нэг ч удаа түншлэх холбоо байгаагүй бөгөөд зээл авсан удаа байгаагүй. Би нь БНСУ-аас машин оруулж ирэхдээ Bа ХХК болон B ХХК-тай хамтран 4-5 жил харилцаж байгаа. Хэрэв зээл авах бол тухайн үед хэзээ хэрхэн өгөх талаар гарын үсэг зуруулж авдаг бөгөөд нэг ч удаа ийм байдалд орж байгаагүй. 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Д нэртэй контейнерт миний 4 машин болон Н эгчийн бараа байсан. Тухайн үед B компаниар ирж байгаа гэж бодож байсан. Ё гээд ирсэн гэхээр нь утсаар лавлаж байгаад бэлэн 3.500 $ авч очиж, тухайн үед бичиг баримтаа авсан. Ингэж авахад 2 хүүхэн байсан ба тэр хоёр эмэгтэйг хэн гэдгийг мэдэхгүй. Би маш яаруу явж байсан. Учир нь баяр болох гээд, бас энэ чингэлэг маш удаж ирсэн. Тухайн үед энэ хүүхнүүд утсаар намайг маш их загнаж байсан. Ороод чингэлгийн бичгээ аваад доллароо өгөөд шууд чингэлгээс авсан. Тооцоо дууссан учраас чингэлэг олголт хийдэг. Ингээд би тооцоо байхгүй учир чингэлгээс бараагаа аваад ажлаа хийдгээрээ хийгээд явж байтал 9 билүү 10 сард над руу ярьсан. Та тооцоогоо хийсэн баримтаа авч ир гэсэн. Би тэгж баримт цуглуулж, тухай бүрд тэмдэглэж явдаггүй. Би болон манай нөхөр бид хоёр хувийн бизнестэй тул тийм их бичиг баримт хэрэглэдэггүй. Энэ компаниас над руу зөндөө ирж уулзсан. Өөрсдийн буруутай үйлдлийг өөр хүнд тохож явааг би маш их гайхаж байна. Дахиад хэлэхэд би энэ компанид өргүй. Би бие даасан бизнестэй болон хувь компаниас зээл авдаггүй. Шүүх хуралдаанд хэлэх зүйл гэвэл бараа буюу 4 автомашин тээвэрлүүлсэн талаараа маргахгүй. Дарханбаяр гэх чингэлгээс энэ 4 бараа гарсан нь үнэн. Гагцхүү би өдрөө санахгүй байгаа ч бэлнээр 3500 ам.доллар төлөөд биллээ авч байсан тул хүлээн зөвшөөрөхгүй. Нэг баримт өгсөн санагдаж байгаа ч одоо сайн мэдэхгүй байна. Машиндаа хайгаад олоогүй, дансны хуулгаа гаргаж өгсөн байгаа. Вальютын ченж М-ны данс руу воны мөнгө шилжүүлсэн байгаа. Надад гэхдээ доллар бэлэн байж байсан санагдаж байна. 2 удаа хийсвэрээр төрсөн учир заримдаа юм мартаж санадаг ч өгсөн гэдгээ бол санаж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад               

                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ё” компани нь С.Б-д холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 3500 ам.доллар буюу 9.984.660 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан бөгөөд үндэслэлээ ачааг тээвэрлүүлсэн хөлсийг бэлнээр төлсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тайлбарласан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Талуудын хооронд 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр  ачаа тээвэрлэлтийн гэрээ амаар байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь өөрийн зардлаар БНХАУ-ын Ч боомтоос усан онгоцоор портер маркийн автомашин 3, бонго маркийн автомашин 1-ийг тус тус Улаанбаатар хотод тээвэрлэн хүргэх, хариуцагч нь ачаа тээвэрлэлтийн хөлс 3500 ам.долларыг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Талуудын маргаагүй тайлбараар хариуцагч нь дээрх автомашинуудыг З.Д гэх чингэлгээр тээвэрлүүлсэн, тээвэрлэлтийн хөлс 3500 ам.доллар болсон үйл баримтад талууд маргаагүй болно.

Талуудын энэ тохиролцоо нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т заасан тээвэрлэлтийн гэрээний шинжийг агуулсан гэрээ байна.

Хэдийгээр гэрээний талууд энэ талаар бичгээр тохиролцоо хийгээгүй байх боловч С.Б-гийн захиалгын дагуу импортын ачааны тээвэрлэлтийг зохион байгуулах ажлыг хийж гүйцэтгэсэн талаар зохигчид маргахгүй бөгөөд хэрэгт ачааг илгээсэн нэхэмжлэх авагдсан, хариуцагчаас тээвэрлэлтийн хөлс гаргуулахаар шаардаж байгаа учир тэдний хооронд тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт “тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй бөгөөд ачаа тээвэрлэлтийн гэрээ нь хуульд нийцсэн байх тул шүүх хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Учир нь Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Зохигчид ачаа тээвэрлүүлсэн эсэх, түүнийг бүрэн бүтэн хүлээн авсан эсэх үйл баримтад маргаагүй, харин үүргийг төлсөн эсэх асуудалд маргасан байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “...бэлнээр 3500 ам.долларыг аваачиж өгсөн” гэж тайлбарладаг боловч тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу болон өөрийн шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон.

Хариуцагч тал “...бэлнээр 3500 ам.долларыг аваачиж өгсөн, үүнийг өгөх үед 2 хүүхэн байсан бөгөөд тэр хоёр эмэгтэйг хэн гэдгийг мэдэхгүй. Би маш яаруу явж байсан болохоор баримт өгсөн эсэхийг санахгүй байна. Машиндаа хайгаад олоогүй” гэж тайлбарлаж, өөрийн эзэмшлийн ХААН банкин дах 00000000 дугаарын дансны 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хуулга гаргаж өгсөн байх ач холбогдолтой гэх хэсэг нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 45.300.000 төгрөгийн зарлага, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 22.300.000 төгрөгийн зарлага, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 6.705.000 төгрөгийн зарлага, 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 5.551.050 төгрөгийн зарлага, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 14.150.000 төгрөгийн зарлага, 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 11.150.000 төгрөгийн зарлагуудыг нэрлэн заасан.

Гэвч эдгээр зарлагаар гарсан мөнгөнүүд нэхэмжлэгч байгууллагад шилжээгүй байх ба шүүх хариуцагчийг нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангаж, 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн.

Гэвч хариуцагчийн татгалзал баримтаар тогтоогдохгүй, 3500 ам.долларыг хэрхэн төлсөн талаараа баримтыг гаргаж өгөөгүй, шүүхэд нотлох баримт гаргуулах талаар ямар нэг хүсэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Дээрх байдлаас дүгнэхэд “Ё” ХХК-иар С.Б нь 4 ширхэг автомашин тээвэрлүүлсэн, уг ачаагаа хүлээн авсан байх тул хариуцагч нь нэхэмжлэгчээр ачаа тээвэрлүүлсэнтэй холбоотой зардал, хөлсийг төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэлийн шаардлага 3500 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны зарласан ханш 2852,76 төгрөгөөр тооцсон байх тул бүхэлд нь хангалаа.

Тодруулбал нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Монгол банкны зарласан ам долларын ханш 2852,76 төгрөгөөр харьцуулан үүргийн гүйцэтгэлийг Монгол мөнгөн тэмдэгтэд хөрвүүлж нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт нийцсэн, Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасантай харшлаагүй байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                             ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Б-гаас 9.984.660 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ё” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174.705 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б-гаас 174.705 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                 О.ЧУЛУУНЧИМЭГ