Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2021/00340

 

     2021          02             05                                              183/ШШ2021/00340

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Cүхбаатар дүүргийн .............. тоот хаягт байрлах “З” ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ........... байрлах, “М” ХХК /0000000/-д холбогдох

Гэрээ цуцалсны үр дагаварт 12.154.700 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “З” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, гэрч Т.С,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “З” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь хариуцагчтай Амины орон сууцны хөрөнгө оруулалт, зураг төсөл зохиох, боловсруулах 310 тоот гэрээг 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан ба уг гэрээгээр ......... тоот 214.83 метр квадрат бүхий амины орон сууцыг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр барьж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэрээ байгуулмагц “Б” хотхоны барилга 1, 2, 3-ын зураг төслийн үнэ 68.391.070 төгрөгийн 30 хувь болох 20.517.321 төгрөгийг, Хан-Уул дүүргийн ........... тоот 1400 метр квадрат газартай байшинг 110.000.000 төгрөгт, Б.С-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн ........... тоот нэг өрөө орон сууцыг 53.380.000 төгрөгт тооцож, т-ын зохиогчийн хяналтын үнэ 10.000.000 төгрөгт тооцож гэрээ хийсэн. М ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул талууд харилцан тохиролцож гэрээгээ цуцалж, тооцоо нийлсэн. Талуудын хамгийн сүүлд тооцоо нийлсэн баримтаар М ХХК нь 12.154.700 төгрөг өгөх ёстой ба 9.635.770 төгрөгийг бэлнээр, 3.519.000 төгрөгийн обой буцаасан мөнгө гэж хуваагдаж байгаа. Өмнө нь актаар тохиролцсон орон сууцыг Т.С-т шилжүүлж өгөөгүй байсан тул байрны мөнгөө нэхэж байсан ба анхан шатны шүүхээс шийдвэр гарсны дараа шилжүүлж өгсөн учраас одоо 12.154.700 төгрөг л нэхэмжилж байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Гэрээг цуцалсан актад 2 талын хүлээх үүрэг, буцаах эд хөрөнгийн төлбөрийг тусгасан. Гэрээ цуцлагдсантай холбоотойгоор нэхэмжлэгч нь зураг төслийг магадлан итгэмжлэлээр одоог хүртэл оруулах үүргээ биелүүлээгүй байгаа ба манай зүгээс 90 хувийн төлбөрийг төлсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зургаа ашиглаж чадахгүй хохирч байна гэжээ.

 

Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

З ХХК нь М ХХК-д холбогдуулан гэрээ цуцалснаас үүсэх үр дагаварт 12.154.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх дараах үндэслэлээр зарим хэсгийг нь  хангаж шийдвэрлэв.

“З” ХХК  нь  “М” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 310 дугаартай “Амины орон сууцны хөрөнгө оруулалт, зураг төсөл зохиох, боловсруулах” тухай гэрээг байгуулжээ.

Уг гэрээгээр захиалагч “З” ХХК нь Е хотхоны барилга номер 2-ын 0 тоот 214.83 метр квадрат талбайтай амины орон сууцанд хөрөнгө оруулалт хийх, түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулах, гүйцэтгэгч “М” ХХК нь гэрээнд хавсаргасан зураг төслийн дагуу барилгын ажлыг гэрээнд заасан  хугацаанд гүйцэтгэхээр харилцан тохиролцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу болон өөрийн шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон.

Нэхэмжлэгч 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр тооцоо нийлсний дагуу зураг төслийн үнийн төлөөгүй үлдэгдэл 9.635.770 төгрөг, обой буцаасны 3.519.000 төгрөгийг нэхэмжилж, хариуцагч нь гэрээ цуцлагдсантай холбоотойгоор нэхэмжлэгч нь зураг төслийг магадлан итгэмжлэлээр оруулах үүргээ одоог хүртэл биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.

Зохигч амины орон сууцны хөрөнгө оруулалт, зураг төсөл зохиох боловсруулах 310 тоот гэрээг 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулж, М ХХК амины орон сууцыг 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр барьж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон ч гэрээ хэрэгжээгүй, талууд гэрээгээ  2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гэрээг цуцалсан талаар бичгээр баримт үйлдсэн байх ба талууд гэрээ цуцлагдсан үйл баримттай маргадаггүй.

Дээрх гэрээг цуцалсан баримтад гэрээг цуцлав гээд нэгдүгээрт: зураг төслийн үнэ болох 20.517.321 төгрөгийг нэг сарын хугацаанд буцаан олгох, нийт үнэ 68.391.070 төгрөгөөс төлсөн төлбөр бартерын бараа материалыг тооцоо нийлж, үлдэгдэл төлбөрийг нэг сарын хугацаанд барагдуулах, хоёрдугаарт: Б.Пүрэвсүрэнгийн нэр дээрх Хан-Уул дүүргийн ........... тоот, 1400 м.кв газар болон 8*10 хэмжээтэй байшингийн гэрчилгээ шилжүүлж өгөх, гуравдугаарт: Т.С-ын нэр дээрх Баянзүрх дүүргийн ........... 31.4 м.кв 1 өрөө орон сууцыг шилжүүлэх, дөрөвдүгээрт: Хан-Уул дүүргийн ..................-ны зургийн өөрчлөлтийн 3.676.000 төгрөгийг буцаан төлөх, тавдугаарт: зохиогчийн хяналтын 10.000.000 төгрөгөөр тохирсон боловч гэрээгээр баталгаажна, зургаадугаарт: 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн дотор 13 айлын орон сууцны барилгын зохиогчийн хяналтын үнэ 1.553.000 төгрөгийг төлөх, долоодугаарт: зохиогчийн хяналтын 10.000.000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээний 3.2-ын 2-т заасан үнийн дүнд оролцуулсныг буцаан төлөх, наймдугаарт: Хан-Уул дүүргийн .............ын эскиз болон ажлын зургийг магадлалаар оруулж баталгаажуулах ба баталгаажуулахад шаардлагатай бичиг баримтын бүрдлийг М ХХК гаргаж өгөх зэргийг тусгаж талууд гарын үсгээ зуржээ.

Үүний дараа буюу 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр талууд дахин мөн өдрийн байдлаарх анхан шатны баримтаа тулган шалгаж, тооцоо нийлсэн байх ба уг баримтад дараах зүйлсийг нэг бүрчлэн бичжээ. Үүнд:

Нэгдүгээрт: 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “М” ХХК нь 9.635.770 төгрөгийг “З” ХХК-д төлөх;

Хоёрдугаарт: Хан-Уул дүүргийн ................  тоот 2 айлын газар болон байшингийн үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг Б.П-д өгөх;

Гуравдугаарт: Баянзүрх дүүргийн ................. 31.4 м.кв 1 өрөө орон сууцыг Т.С-т тус тус шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байна.

Ийнхүү гэрээ цуцлагдаж, талууд 2 талын хүлээх үүрэг, буцаах эд хөрөнгө болон төлбөрийн талаар тохиролцсон байх ба Хан-Уул дүүргийн .............  тоот 2 айлын газар болон байшингийн үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг Б.П-д өгөх, Баянзүрх дүүргийн ............ 31.4 м.кв 1 өрөө орон сууцыг Т.С-т тус тус шилжүүлэн өгөх  үүргээ “М” ХХК биелүүлжээ.   

Талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх ба талууд харилцан тохирч үүргийн харилцааг цаашид дуусгавар болгосон байх тул гэрээ цуцлагдсан байна.

Ийнхүү цуцлахдаа Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар гэрээг цуцлах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх ёстой ба талууд 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гэрээг цуцалсан талаар бичгээр баримт үйлдэж, хамгийн сүүлийн байдлаар 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр тооцоогоо нийлжээ.

Энэ нь талуудын байгуулсан гэрээний 7 дугаар зүйлд заасан “Энэхүү гэрээг хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө цуцалж болно. Захиалагч нь гэрээг цуцлахаар бол бичгээр хүсэлт гаргах бөгөөд хүсэлтийн дагуу гүйцэтгэгч гэрээ цуцалсан тухай мэдэгдэж, баримт үйлдэнэ” гэж заасантай нийцжээ.

Нэгэнт талууд цуцлахдаа 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар тооцоогоо нийлсэн байх тул түүнд бичигдсэн 9.635.770 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.518.930 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон ба талууд хамгийн сүүлд тооцоо нийлэхэд хариуцагч 9.635.770 төгрөг төлөх үүргийг хүлээсэн байхад ханын цаасны буцаалтын мөнгө 3.519.000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь талуудын 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар тооцоогоо  нийлсэн баримтын баруун доод буланд цэнхэр балаар “3.519.000 Нимоны буцаасан обой  13.154.770” гэж бичсэн байх ба уг бичвэр нь хэдийд хэрхэн бичигдсэн, талууд уг тохиролцоог хүлээн зөвшөөрсөн эсэх нь ойлгомжгүй байх тул тухайн нотлох баримтыг “тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх” зарчмын үүднээс нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр тооцоо нийлсний дагуу зураг төслийн үнийн төлөөгүй үлдэгдэл 9.635.770 төгрөг, обой буцаасны 3.519.000 төгрөг, нийт 12.154.700 төгрөг гэж нэхэмжилдэг ч математик тооцооллоор нийлбэр нь 13.154.770 төгрөг болдгийг дурдах нь зүйтэй.

Харин хариуцагчийн “гэрээ цуцлагдсантай холбоотойгоор нэхэмжлэгч нь зураг төслийг магадлан итгэмжлэлээр оруулах үүргээ одоог хүртэл биелүүлээгүй байгаа бөгөөд манай зүгээс 90 хувийн төлбөрийг төлсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэх тайлбар нь талуудын 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр тооцоо нийлсэн баримтаар үгүйсгэгдэж байна.

Өөрөөр хэлбэл “З” ХХК нь зураг төслийг магадлан итгэмжлэлээр оруулах үүргийг талуудын хамгийн сүүлд тооцоо нийлж, гарын үсэг зурсан баримтаар хүлээгээгүй байна.

Мөн 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр тооцоо нийлсний дагуу зураг төслийн үнийн төлөөгүй үлдэгдэл 9.635.770 төгрөгөөс Т.С гэх хүнд мөнгө өгч байсан, З ХХК-ийн захирал Х.Д-д дансаар мөнгө шилжүүлж байсан гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарладаг ч гэрч Т.С “ ...М ХХК болоод н.Э захирлаас нэг ч төгрөг бэлнээр болон дансаар авч байгаагүй” гэж мэдүүлж байх ба хэрэгт шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч талаас гаргуулсан Х.Д-гийн ХААН банкны 0000000000 тоот дансны хуулгыг шүүн үзэхэд “М” ХХК болоод захирал Д.Энхтүвшин нараас ямар нэг мөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогдсонгүй.

Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч Х.Т  нь шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд ирж оролцоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан  “М” ХХК-иас 9.635.770 төгрөгийг гаргуулж “З” ХХК-д олгож, үлдэх 2.518.930 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

           

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485.700 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас  473.028 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ З “ХХК-д олгосугай.

 

3 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                                  О.ЧУЛУУНЧИМЭГ