Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 246

 

 

 

 

 

 

    2020           3               3                                       2020/ДШМ/246                                  

 

 

                                   Б.Хд холбогдох эрүүгийн

                                                  хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Г.Анармөнх,

өсвөр насны шүүгдэгч Б.Хгийн өмгөөлөгч Г.Мөнхцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 930 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өсвөр насны шүүгдэгч Б.Хгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1911015370611 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хатгин овгийн Б.Х, 2002 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-урт суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмэг эх, эцэг, авга ах нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багт оршин суух бүртгэлтэй,  /РД: ЛЮ02280615/;

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялыг Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 3 сар 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан,

Өсвөр насны шүүгдэгч Б.Х нь 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн орчимд иргэн А.Батхүслэнг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, Самсунг Галакси Эс-7 загварын гар утсыг нь залилан авсан,  

 

2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 15-16 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, 21 дүгээр байрны тоглоомын талбайд насанд хүрээгүй хохирогч М.Т хуурч, Самсунг эс-7 загварын гар утас, цүнхтэй эд зүйлийг залилан авсан,

 

2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр иргэн Х.Содбилэгийг Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрээс дагуулан явж, улмаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мандухай” зочид буудлын ар талд нүүрэн тус газарт нь алгадаж, зодно шүү гэж заналхийлж, Самсунг Жи-7 загварын гар утас, мөнгөн гинж зэргийг хууль бусаар авсан гэмт хэрэгт,

 

2019 оны 5 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Нарлаг шандын 49-2 тоотод байрлах иргэн Н.Мөнхцэцэгийн гэрт хонохдоо Самсунг Эс-6 эджэ плас, Самсунг Эс-5 загварын 2 ширхэг гар утас, Хаан банкны виза карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, улмаар виза картыг уншуулан 170.500 төгрөгийг бэлнээр авч, насанд хүрээгүй хохирогч М.Д 580.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Өсвөр насны шүүгдэгч Б.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хатгин овогт Б.Хг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Хг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Б.Хд оногдуулсан 2 жилийн хорих ял дээр 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялд шилжүүлэн 60 хоног хорих ялыг нэмж нэгтгэн 2 жил 60 хоногийн хугацаагаар биечлэн эдлэх ялыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Б.Хд оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Б.Хгийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 188 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Хгээс нийт 360.500 төгрөгийг гаргаж, хохирогч М.Д 170.500 төгрөг, хохирогч А.Батхүслэнд 150.000 төгрөг, хохирогч Х.Содбилэгт 40.000 төгрөг тус тус олгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дискийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Х давж заалдах гомдолдоо: “...Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн нийт 230 хоног цагдан хоригдсон. Миний бие сурах чин хүсэлтэй тул хорих ялыг өөрчилж өгнө үү. ...” гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Хгийн өмгөөлөгч Г.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 930 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Б.Х яагаад давж заалдах гомдол гаргасныг мэдэхгүй байна. Өсвөр насны шүүгдэгч Б.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэргүүдэд холбогдсон, хохирлоо бүрэн барагдуулаагүй, 360.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд эмээ, аав нарын хамт амьдардаг. Улаанбаатар хотод ажил хийх гэж ирээд уг гэмт хэрэгт холбогдсон. Ар гэрийн анхаарал халамж дутмаг байдгаас болж гэмт хэрэгт холбогдсон гэж үзэж байна. Б.Х нь хэрэгт холбогдсоноос хойш хотод оршин суух хаяггүй, хариуцах хүнгүй учир 188 хоног цагдан хоригдсон. Анхан шатны  шүүх хуульд заасан хамгийн бага ял шийтгэлийг оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч Г.Хатанбүүвэйд сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад ял эдлүүлэхээр заасан байгаа . ...” гэв.

 

Прокурор Г.Анармөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч Б.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа тухайн зүйл, хэсэгт заасан хамгийн хөнгөн ялыг оногдуулж шийдвэрлэсэн. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг 2 дахин багасгаж, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг эдлүүлэхээр заасан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Х нь 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн орчимд иргэн А.Батхүслэнг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, Самсунг Галакси Эс-7 загварын гар утсыг нь залилан авсан,

 

2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 15-16 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, 21 дүгээр байрны тоглоомын талбайд насанд хүрээгүй хохирогч М.Т хуурч, Самсунг эс-7 загварын гар утас, цүнхтэй эд зүйлийг залилан авсан гэмт хэрэг,  

 

2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр иргэн Х.Содбилэгийг Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрээс дагуулан явж, улмаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мандухай” зочид буудлын ар талд нүүрэн тус газарт нь алгадаж, зодно шүү гэж заналхийлэн Самсунг Жи-7 загварын гар утас, мөнгөн гинж зэргийг хууль бусаар авсан гэмт хэрэг,

 

2019 оны 5 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Нарлаг шандын 49-2 тоотод байрлах иргэн Н.Мөнхцэцэгийн гэрт хонохдоо Самсунг Эс-6 эджэ плас, Самсунг Эс-5 загварын 2 ширхэг гар утас, Хаан банкны виза карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, улмаар виза картыг уншуулан 170.500 төгрөгийг бэлнээр авч,  насанд хүрээгүй хохирогч М.Д 580.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

насанд хүрээгүй хохирогч А.Батхүслэнгийн “...47 дугаар байрны урд талын сандал дээрээс үл таних нэг эрэгтэй хүн нааш ир гээд дуудсан. Дуудаад байхаар нь очтол утсаар чинь ганц удаа ярьчихъя гээд асуухаар нь би өөрийн гар утсаа өгсөн. Намайг өөртэйгээ хамт сагсан бөмбөгийн талбай руу явъя гээд сагсан бөмбөгийн талбайн хажуугийн мухар гудамж руу дагуулж ороод нөгөө хоёр найзыгаа дуудаад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр хүнд хандан би өөрийнхөө гар утсыг авчихаад явъя гэж хэлэхэд ална шүү, очоод тэр хоёр найзыгаа хурдан дуудаад ир гэж хэлсэн. Би мухар гудамжнаас гараад холдоогүй байхдаа эргээд харахад хашаа даваад зугтааж байсан. Араас нь би тэр хулгайчийг бариад аваарай гэж орилсон боловч тэр хүн зугтаагаад явчихсан. 17-18 орчим насны 170 см орчим өндөртэй, туранхай биетэй, бор царайтай, хамрынхаа зүүн хэсэгт цоолсон, зүүн гартаа барын зурагтай өнгөгүй шивээстэй эрэгтэй хүн байсан. ...” /1хх 66-68/,

 

насанд хүрээгүй хохирогч М.Тийн "...2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг, 21 дүгээр байрны сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байхад 15 цагийн орчим 20 орчим насны 170-175 см өндөр, улбар шар өнгийн малгайг буруу харуулан өмссөн бүдэг цэнхэр яак, цагаан өнгийн фудболк, хар өнгийн жинсэн өмд, хар пүүз, цагаан өнгийн оймстой, зүүн хөмсгөнд ээмэгтэй, баруун хамрын нүхийг цоолоод ээмэг зүүсэн, зүүн гарын сарвууны ар хэсэг бугуй орчмоор 2 нүдтэй амьтны дүрс  шиг шивээстэй ах ирээд эхлээд надаас цаг асуухаар нь би 15 цаг 23 минут болж байна гэж хэлсэн. Ингээд тэр ахтай сагс тоглож байгаад 10 орчим минутын дараа гар утсаа өгч бай, хүн рүү залгаад өгье гэсэн. Тэгэхээр нь би өөрийн самсунг эс 7 загварын гар утсаа кодыг тайлаад нээж өгсөн. Тэр хүн нэг хүн рүү залгаж байгаа юм шиг чихэндээ утас барьж байгаад энэ дугаар луу чинь нэг хүн одоо буцаагаад залгана, тэр хооронд энэ утас чинь надад байж байг гэсэн. Тэгээд бид хоёр хамт сагсан бөмбөгийн талбайн хашаанаас гараад явж байгаад би гар утсаа авъя, өнөөдөр манай эгчийн төрсөн өдөр учир эрт орох ёстой гэхэд хуцалгүй дагаад явж бай, удахгүй утсаар ярьчихаад өгнө гээд яваад байхаар нь би тэр ахыг дагаад яваад 28 дугаар байрны урд талд очоод тэр ах намайг шүдэнз аваад ир гээд 100 төгрөг өгөхөөр нь би гүйгээд шүдэнз аваад ирэхэд нөгөө ах байж байсан. Шүдэнзийг нь өгсөн чинь одоо чи яваад манай найз охиныг аваад манай найз охин тэр харагдаж байгаа цагаан өнгийн самбарын хажууд байгаа дагуулаад ир гээд ойролцоо харагдаж байсан самбарыг зааж өгөхөөр нь би өөрийн хар өнгийн цүнхтэй эд зүйлээ тэр ахын хажууд нь үлдээгээд гүйж очоод тэр самбар дээр нь очсон чинь эрэгтэй хүүхдүүд байсан, эмэгтэй хүн байгаагүй. Тэгэхээр нь буцаад гүйгээд ирсэн чинь нөгөө ах миний цүнхийг гар утастай аваад явчихсан байсан. ...” /1хх 50/,

 

насанд хүрээгүй хохирогч Х.Содбилэгийн “...Би ганцаараа сургууль орох гэж байхад шар өнгийн цамцтай, хар өнгийн өмд, цагаан өнгийн кет зэрэг хувцас өмссөн туранхай биетэй, баруун бил үү, зүүн гарын сарвууны ар хэсэгт бар шиг дүрс бүхий шивээстэй, хамар, хөмсөгтөө ээмэгтэй 20 орчим насны нэг ах намайг дуудаад гар утсаараа нэг яриулчих гэхээр нь би өөрийн “Самсунг Жи-7” загварын гар утсаа гаргаад өгсөн чинь тэр ах хүн рүү залгаад байх шиг байсан. Тэгээд байн байн залгаад байгаа юм шиг чихэндээ миний гар утсыг барьж байгаад намайг дагаад яв, би утсыг чинь удахгүй өгнө гэж хэлээд намайг дагуулаад Төв гандангийн тэрүүгээр ороод Бөмбөгөр худалдааны төвийн урдуур түргэн хоолны хажуугаар яваад байрнуудын дунд хашаатай газар ирсэн. ...Ингээд байран дунд ирээд тамхи татаж байгаад миний гадуур хувцсыг тайлуулж өмсөж үзсэнээ багадсан хувцсаар ч би яахав гээд миний гадуур хувцсыг буцааж өгсөн. Тэгээд миний хүзүүнд байсан гинжийг мөнгөн гинж юм уу гэхээр нь би юм дуугарахгүй байсан чинь миний хацар руу гараараа 2, 3 удаа алгадсан. Тэгэхээр нь би уйлсан чинь миний гинжийг өөрөө тайлж авсан. Цагдаад мэдэгдэх юм бол дараа нь уулзана шүү дээ гэж хэлээд намайг айлгаад байсан. Мөн миний хэвлий хэсэг рүү 2 удаа гараараа цохисон. ...” /1хх 17/,

 

хохирогч М.Дэлгэрмаагийн “...Манайд 2 хоноод 2019 оны 5 дугаар сарын 7-ны өглөө 06:00 цаг өнгөрч сэрэхэд өөрийгөө Пүүжээ гэж танилцуулж байсан залуу миний Самсунг эс 6, манай дүүгийн Самсунг Эс-5 маркын гар утсыг, миний Хаан банкны виза карттай аваад явчихсан байсан. Тухайн үед миний Хаан банкны виза картанд 175,000 төгрөг байсан. Хоёр гар утас, Хаан банкны виза картаа хүлээн авсан. Гар утаснууд хэвийн ажиллагаатай байсан. Харин миний Хаан банкны виза картанд байсан мөнгө байхгүй байсан. ...” /1хх 83-84/,

 

            гэрч Т.Майдаржавын “...Б.Х гэж нэрийг нь бол мэдэхгүй. 2019 оны 5 дугаар сарын сард тухайн утсуудыг авч байсан. Нэг нь Самсунг эс 5 маркийн гар утасны арын таг нь хагархай юм байна, тагийг нь солих юм байна гээд 40.000-50.000 төгрөгөөр, Самсунг эс 7 маркийн гар утсыг 90.000 төгрөгөөр худалдаж авч байсан.  Надад тэр хүүхэд PC тоглоод хүүхдээс хожсон гар утас гэж хэлж зарсан. Түүнээс надад хулгайн гар утас гэж хэлээгүй. ...” /1хх 81-82/,

 

өсвөр насны шүүгдэгч Б.Хгийн яллагдагчаар өгсөн: “ ...2019 оны 5 дугаар сард, Модны 2-ын тэр хавьд нэг хүүхэдтэй таараад утсаар чинь яриад өгье гэж хэлээд “Самсунг Жи-7” загварын гар утсыг авсан. Тэгээд тэр хүүхдийг дагуулаад Гандангийн хажуугаар гараад Бөмбөгөр худалдааны төвийн урдуур ороод явж байхад нөгөө хүүхэд гар утсаа авъя гэсэн. Би гар утсыг нь авах зорилготой байсан болохоор гар утсыг нь өгөөгүй. Бөмбөгөр худалдааны төвөөс урд байрлах байран дунд “Мандухай” нэртэй” буудлын хажууд очоод надад гинжээ өгчих гэсэн чинь юм хэлэхгүй болохоор нь нэг удаа нүүрэн тус газар нь гараараа алгадсан чинь уйлаад байсан. ...” /1хх 24-25х/,

“...2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Бөмбөгөр худалдааны төвийн урд байрлах байрны тоглоомын талбай дээр нэг хүүхэд сагсан бөмбөг тоглож байхаар би очоод хамт байж байгаад утсаар нь хүн рүү залгана гэж хэлж аваад байрны хажууд дагуулж очиж, хамт сууж байгаад 1000 төгрөг өгч явуулаад шүдэнз аваад ир гэхэд нөгөө хүүхэд яваад шүдэнз авч ирээд надад хариулт мөнгө өгсөн. Тэгэхээр нь тэр хүүхдийг дахиад, манай найз охин тэр самбарын тэнд байгаа, очоод дуудаад ир гэж худал хэлж явуулаад, явангуут нь хар өнгийн цүнхийг нь “Самсунг Эс-7” загварын гар утастай нь аваад явсан. ...” /1хх 54-55/,

“...М.Дэлгэрмаагийн гэрээс “Самсунг галакси эс-6 Эджэ”, “Самсунг галакси Эс-5” маркийн 2 ширхэг гар утас болон Хаан банкны виза карт зэрэг эд зүйлийг нууцаар авсан. Намайг хулгай хийхийн өмнөх орой Дэлгэрмаа, Дөлгөөнөө бид гурав дэлгүүр орж ундаа авсан. Ундааны тооцоог картаа уншуулж хийсэн ба дэлгүүрийн худалдагч кодоо гэж асуухад Дэлгэрмаа кодыг хэлсэн. Тэр үед би кодыг нь цээжлээд авчихсан байсан болохоор картанд нь мөнгө байж магадгүй гэж бодоод авсан. ...”/1хх 241-242х/ гэх мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /1хх 27, 51, 69/, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 194-196/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

            Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, өсвөр насны шүүгдэгч Б.Хг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон тус тус гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Хгийн хохирогч А.Батхүслэнг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, Самсунг Галакси Эс-7 загварын гар утсыг, мөн хохирогч М.Т хуурч, Самсунг эс-7 загварын гар утас, цүнхтэй эд зүйлийг залилан авсан үйлдлүүдийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Х.Содбилэгийн нүүрэн тус газар нь алгадаж, зодно шүү гэж заналхийлж Самсунг Жи-7 загварын гар утас, мөнгөн гинж зэргийг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Н.Мөнхцэцэгийн гэрт хонохдоо Самсунг Эс-6 эджэ плас, Самсунг Эс-5 загварын 2 ширхэг гар утас, Хаан банкны виза карт зэргийг хулгайлж, улмаар виза картыг уншуулан 170.500 төгрөг авч, насанд хүрээгүй хохирогч М.Д 580.500 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Б.Хд оногдуулсан 2 жилийн хорих ял дээр 480 цаг нийтэд ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялд шилжүүлэн 60 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 2 жил 60 хоногийн хугацаагаар биечлэн эдлэх ялыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Б.Хд оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд тохирчээ.

 

            Өсвөр насны шүүгдэгч Б.Х өмнө нь Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 9 дүгээр сард суллагдсаны дараа дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлөгдөөгүй, хувийн байдлаас нь үзэхэд, түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймээс өсвөр насны шүүгдэгч Б.Хгийн “...ял шийтгэлийг хөнгөрүүлэх...”-ийг хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

Харин шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн өсвөр насны шүүгдэгч Б.Хд оногдуулсан 2 жил 60 хоногийн хорих ялыг 2 дахин багасгаж, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тогтоохдоо уг ялыг хоёр дахин багасаж ямар хэмжээгээр тогтоосноо тодорхой заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй  байхаар бичигдсэн байх” гэсэн заалтын шаардлагыг хангаагүй байна гэж үзэв.

Иймд дээрх заалтыг тодорхой болгон өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээн, өсвөр насны шүүгдэгч Б.Хгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 930 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Б.Хд оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Хд оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж, 1 жил 30 хоногийн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, өсвөр насны шүүгдэгч Б.Хгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

            ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ