| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэнжаргалын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 124/2022/0005/з |
| Дугаар | 124/ШШ/2022/0029 |
| Огноо | 2022-05-30 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 124/ШШ/2022/0029
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын ... дугаар баг ... тоотод оршин суух, иргэн, Х овгийн О-ийн Г,
Хариуцагч: Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.О-д холбогдуулан гаргасан,
“Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.О-ын Улаангом сумын ... баг, ... тоот хаягтай, улсын бүртгэлийн ...... дугаарт бүртгэгдсэн ....... дугаар гэрчилгээ бүхий 26,4 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг түдгэлзүүлсэн улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулж, О.Г миний өмчлөлийн тухайн орон сууцны 6 тоот байрыг хууль ёсны дагуу өмчлөх эрхийг хангаж, захиран зарцуулах, бусдад худалдах, шилжүүлэх эрхийг хангаж, өгөхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Г, хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.Г нь тус шүүхэд Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.О-д холбогдуулан “Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.О-ын Улаангом сумын 3-р баг, 22 дугаар байрны 1 давхрын 6 тоот хаягтай, улсын бүртгэлийн ...... дугаарт бүртгэгдсэн ...... дугаар гэрчилгээ бүхий 26,4 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг түдгэлзүүлсэн улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулж, О.Г миний өмчлөлийн тухайн орон сууцны 6 тоот байрыг хууль ёсны дагуу өмчлөх эрхийг хангаж, захиран зарцуулах, бусдад худалдах, шилжүүлэх эрхийг хангаж, өгөхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг гаргасан байна.
2. Маргаан бүхий захиргааны акт болох хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.О-ын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 7460 дугаар дүгнэлтээр “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд эрхийн улсын бүртгэлийн ...... дугаартай бүртгэлүүдийг иргэн С.П, С.М нарын иргэний хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч О.Г нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч Улсын бүртгэлийн ерөнхий газар гомдол гаргасан байх бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 7/1021 дугаартай албан бичгээр “Улсын байцаагчийн дүгнэлт Улсын бүртгэлийн болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн хариуг хүлээн авч 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр буюу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.
4. Нэхэмжлэгч О.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие өөрийн өмчлөлийн Улаангом сумын 3-р баг, 22 дугаар байрны 1 давхрын 6 тоот хаягтай, улсын бүртгэлийн ...... дугаарт бүртгэгдсэн, ...... дугаар гэрчилгээ бүхий 26,4 м.кв талбай бүхий орон сууцны байраа 2021 оны 8 дугаар сард бусдад зарсан ба холбогдох өргөдөл, баримтыг бүрдүүлэн улсын бүртгэлийн хэлтэст байрны гэрчилгээ шилжүүлэх хүсэлт гарган хандсан боловч өнөөдрийг хүртэл өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Улсын бүртгэлийн хэлтсийн хууль бус үйлдлийг тогтоолгож, худалдсан байрныхаа гэрчилгээг хууль, журмын дагуу бусдад шилжүүлж, тухайн үл хөдлөх хөрөнгийн бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгах талаар шүүхийн байгууллагад хандаж байна.
2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэн С.М-аас Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэрээр Улаангом сумын 3-р багийн нутаг дэвсгэрт орших 22 дугаар орон сууцны байрны 1 давхрын 6 тоотод байрлах 26,4 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдан авч, улсын бүртгэлээс ..... дугаарт бүртгүүлсэн .... дугаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан.
Энэхүү өөрийн өмчлөлийн байраа 2021 оны 8 дугаар сард бусдад худалдан шилжүүлэхээр тохиролцон улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл, холбогдох баримт бичгийг бүрдүүлэн Улсын бүртгэлийн байцаагч Г.Бд өгсөн. Гэтэл Г.Б нь үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхгүй гэж хэлсэн ба шалтгааныг хяналтын улсын байцаагч Г.Оаас тодруул гэсэн. Улмаар хяналтын улсын байцаагч Г.Од 2021 оны 8 дугаарын 23-ны өдөр байрны шилжилт хөдөлгөөн хийлгэх талаар өргөдөл өгсөн.
Хяналтын улсын байцаагч Г.О надад өргөдлийн дагуу асуудлыг хянан үзэж байна гээд 2 сар гаруй хугацаа өнгөрсөн. Улмаар Г.О 2021 оны 11 дүгээр сард "...чиний байр ямар нэгэн маргаангүй гэсэн шүүхийн бичиг тодорхойлолт авч ирсэн нөхцөлд өргөдлийн дагуу байр шилжүүлэх боломжтой..." гэж хэлж байсны дагуу Увс аймаг дахь Шүүхийн тамгын газраас авч байсан тодорхойлолтоо өгч байсан. Гэтэл хяналтын улсын байцаагч Г.О 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 7460 дугаар "Эрхийн улсын бүртгэл түдгэлзүүлэх тухай" дүгнэлт гаргасан байсан.
Хяналтын улсын байцаагч Г.О-ын дүгнэлт хууль бус болох тухай, хүчингүй болгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан боловч 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн албан бичигтээ дүгнэлтийг хэвээр үлдээж, улмаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтойг дурдсан албан бичгээ шуудангаар ирүүлсэн.
Иймд хяналтын улсын байцаагч Г.О-ын Улаангом сумын 3-р баг, 22 дугаар байрны 1 давхрын 6 тоот хаягтай, улсын бүртгэлийн ..... дугаарт бүртгэгдсэн ...... дугаар гэрчилгээ бүхий 26,4 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг түдгэлзүүлсэн улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулж, О.Г миний өмчлөлийн тухайн орон сууцны 6 тоот байрыг хууль ёсны дагуу өмчлөх эрхийг хангаж, захиран зарцуулах. бусдад худалдах, шилжүүлэх эрхийг хангаж, аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох шилжилт хөдөлгөөний бүртгэл хийхийг даалгаж өгнө үү” гэжээ.
5. Нэхэмжлэгч О.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие маргаан бүхий 6 тоот байрыг 2018 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар 3 хүн С.М-аас авлагатай байсан учир авлагадаа авсан. Улсын бүртгэлийн газар руу байрны бүртгэл мэдээлэл шилжсэний дараа хууль дүрэм журамд заасны дагуу бүх баримтыг бүрдүүлж, давхар худалдан авах гэрээ хийж авсан. 4 жилийн дараа уг байрыг зарах гэсэн боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас заруулахгүй байгаа. 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байр зарах гэрээ хийж, бүх бичиг баримтаа бүрдүүлж, Улсын бүртгэлийн хэлтэст яваад очтол Улсын бүртгэлийн газраас байр шилжүүлэх үйл ажиллагааг хийхгүй байсаар байгаад 2021 оны 12 дугаар сар хүргэсэн. Байрны гэрчилгээ шилжүүлэх байцаагч нь Г.Б байсан учир Г.Б-тай очиж уулзахаар Г.О байцаагч руу шилжүүлсэн байгаа гэж хэлсэн. Г.О байцаагчтай очоод уулзахаар хуульд заасан хугацаа болох 30 хоног хэтэрч 90 хоногийн дараа “шүүхээс уг байр маргаангүй гэсэн бичиг авч ир” гэдэг байдлаар асууж тодруулж байгаад 2021 оны 12 дугаар сард миний байрыг зарж, борлуулахыг түгдэлзүүлсэн улсын байцаагчийн дүгнэлтээ гаргасан байсан. Дүгнэлттэй танилцаад Улсын бүртгэлийн Ерөнхий газарт гомдол гаргасан боловч шүүхээр асуудлыг шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн тул захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Г.О-ын уг дүгнэлт нь иргэний өмчлөх эрхээ захиран зарцуулах эрхэд халдсан гэж үзэж байна. Би ямар нэгэн байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өр төлбөргүй. Гэмт хэрэгт холбогдсон өр авлага байхгүй, байрны гэрчилгээний маргаангүй байхад эд хөрөнгө захиран зарцуулах эрхэд халдаж үзэмжээрээ дүгнэлт гаргаж байгаад гомдолтой байна. Г.О байцаагч нь миний асуудлыг судалж үзээд болгоно гэж байснаа хуулийн хугацаа хэтрүүлж 3 сарын дараа ийм шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн Захиргааны ерөнхий хуулийн дагуу процесс ажиллагаа хийгдээгүй. Миний эрхийг хөндсөн захиргааны акт гаргах гэж байгаа талаараа надад мэдэгдэж, сонсох ажиллагаа хийгээгүй. Ямар нэгэн байдлаар нотлох баримт гаргаж өгөх эрхийг хязгаарласан. Улсын байцаагчийн дүгнэлтэд О.Г, С.П нарын байрыг хүчинтэй гэж дурдсан байгаа боловч энэ хэсгийн байрны бүртгэл давхардсан гэх дүгнэлт гаргаагүй. С.П-ын 1 тоот 21 м/кв, О.Г миний байрны 6 тоот 24, 6 м/кв учир м/кв давхардаагүй мөн хаалганы дугаарлалт давхардаагүй. Байрны албан ёсны план зургаас харвал давхардсан зүйл байхгүй. Миний байрны гэрчилгээ нь план зурагтайгаа м/кв таарч байгаа боловч С.П-ын байрны м/кв таардаггүй. Иймд байрыг давхардсан гэж улсын байцаагч дүгнэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Маргаан бүхий байрны аль хэсэг давхардсан талаар Г.О байцаагчаас асуухаар Г.Б байцаагч давхардсан гэж хэлсэн гэж хариулсан. Г.Б байцаагаас асуухаар би тийм зүйл хэлээгүй гэж төрийн байгууллагын ажилтнуудын хоорондын асуудлаас болж иргэн хохирогч болоод үлдэж байна. Мөн дүгнэлтэд байрны хаягийн дугаар давхардсан гэж үзсэн байсан.
Анх маргаан бүхий байрны гэрчилгээ гаргаж өгсөн тухайн үед улсын бүртгэгчээр ажиллаж байсан Л.Бат-Өлзийг шүүх хуралдаанд гэрчээс асуулгаж байсан. Л.Бат-Өлзий байцаагч гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “С.П-ын байрны гэрчилгээ гарахдаа нар буруу дугаарлаж гэрчилгээ гаргаж өгч байгаагүй. Өөрийнхөн гуйсны дагуу барилгын план зураггүйгээр барилгын үйл явц 50 хувтай байх үед 90 хувийн гүйцэтгэлтэй гэрчилгээ гаргаж өгсөн” гэж мэдүүлсэн. Улсын хэмжээнд бүх гэрчилгээ нар зөв дугаарлагддаг. Г.Б байцаагч шүүхэд өгсөн тайлбартаа “нар буруу дугаарласан практик байхгүй” гэж хэлж байсан. Г.О улсын байцаагчийн дүгнэлтэд “ингээд энэ тал нь давхардсан” гэх ямар ч нотлох баримт байхгүй. С.П-ын байр болох өмчийг худалдан борлуулахыг мөн адил улсын байцаагчийн дүгнэлтээр түдгэлзүүлсэн байгаа. Гэтэл С.П-ын зүгээс О.Г бид хоёрын байр энэ талаараа давхардсан байгаа гэдэг ямар нэгэн хүсэлтийг Улсын бүртгэлийн хэлтэст гаргаагүй байгаа. Улсын бүртгэлийн хэлтсээс дур мэдэн уг байр маргаантай гэдэг байдлаар дүгнэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Маргаан бүхий байрны гэрчилгээ давхардаж олгогдсон гэдгийг Улсын бүртгэлийн газраас хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үнэхээр давхардсан бол 1 давхрын 1 тоот гэсэн хоёр гэрчилгээ гарсан байгаа. С.П-ын 1 тоот, Чулуундарийн 1 тоот гэсэн хоёр гэрчилгээнүүд давхардаж олгогдсон гэж үзэж байна. Манай байрны гэрчилгээг гаргаж өгсөн Б байцаагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нар буруу тойрч гэрчилгээ гаргах практик байхгүй гэдгээ хэлж байсан.
С.П-ын зүгээс О.Г миний хууль ёсны өмчлөлийн байрыг “миний байр” гэж маргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр миний байрыг 2 жил гаруй хууль бусаар ашиглаж түрээсийн орлогыг С.П-т өгч өр төлбөр барагдуулж байсан. Намайг тэгж хохироож байсан учир С.П-ын гэрчилгээг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаны улмаас С.П-ын байрны гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тухайн үед С.П-ын зүгээс “би О.Г-тай ямар нэгэн байдлаар хамааралгүй учир хамааралгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэж гомдол гаргасан учир давж заалдах шатны шүүхээс С.П-ын гомдлыг хангаж шийдвэрлэсэн. Тухайн үед би С.М-аас тусдаа нэхэмжлэл гаргасан боловч адилхан хэргийн нэхэмжлэл гаргасан байх тул нэг шүүх хуралдаанаар явуулна гэж шүүхээс шийдвэрлэж, С.П, С.М, О.Г-ын нэхэмжлэлтэй хэрэг гээд шүүхийн шийдвэрийг нэг гаргасан байсан.
С.П-ын гэрчилгээг хууль бус болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч намайг нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон гэдгээ Улсын бүртгэлийн хэлтэст очиж хэлж, шүүхийн шийдвэрийг танилцуулахад Улсын бүртгэлийн хэлтэс буруугаар ойлгож, С.М-тай холбоотой шүүх хуралдааны дүгнэлтүүдийг харчхаад “С.П, С.М нарын маргаан эцэслэн шийдвэрлэгдсэний дараа О.Г-ын асуудал шийдвэрлэгдэх юм байна” гэж ойлгоод улсын байцаагчийн дүгнэлт гаргасан. С.П С.М-ын шүүх хуралдаан Дээд шатны шүүх хүртэл явагдаж С.П-ын байранд оруулсан хөрөнгө тогтоогдохгүй байна гэсэн ерөнхий шийдвэр гарч байгаа гэсэн. Тухайн шийдвэрт С.Пын 1 тоот гэрчилгээ үнэн зөв гэсэн шийдвэр гарсан байсан. Миний байрыг хүчингүй болгочихвол би С.М-аас авлагаа авч чадахгүй болчхоод байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очихоор С.П, С.М, О.Г-ын нарын дунд байрыг өгсөн гэж хэлдэг” гэжээ.
6. Хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч О.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Увс аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.О би "Улаангом сумын 3-р баг. 22 дугаар байрны 1 давхрын 6 тоот хаягтай, улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэгдсэн, .... дугаар гэрчилгээ бүхий 26.4 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой иргэн О.Г-ын нэхэмжлэлтэй танилцаж тайлбар гаргах нь:
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт "Үнэн зөв бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх" тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дэх хэсэгт "Хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх" хориглох гэх, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт "Эрхийн улсын бүртгэлийг давхардуулж, эсхүл хуурамч баримт бичигт үндэслэн хийсэн талаар гомдол гарсан бол улсын байцаагчийн шийдвэрээр тухайн бүртгэлийн хөдөлгөөнийг түдгэлзүүлж, шаардлагатай гэж үзвэл эрх бүхий байгууллагад шилжүүлж шалгуулна." гэж заасныг тус тус баримтлан иргэн О.Г-ын "Улаангом сумын 3-р баг, 22 дугаар байрны 1 давхрын 6 тоот хаягтай, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, .... дугаар гэрчилгээ бүхий 26.4 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө нь иргэн С П-ын ..../.....тоот хаягтай байршилтай, улсын бүртгэлийн ..... дугаарт бүртгэгдсэн ...... дугаар гэрчилгээтэй, 21мкв талбайтай хөрөнгөтэй давхардсан, мөн шүүхээр маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа нь тогтоогдсон учраас 2021 оны 12 дугаар сарын 16 өдөр 7460 дугаартай эрхийн улсын бүртгэл түдгэлзүүлэх дүгнэлт үйлдсэн болно” гэжээ.
7. Хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.О шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Иргэн О.Ганболд 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Увс аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргасан байсан. Улсын бүртгэлийн .... дугаартай хөрөнгийн бусдад шилжүүлэх гэсэн боловч шилжүүлэхгүй байна гэсэн агуулгатай өргөдөл ирсэн. Тухайн үед манай хэлтсийн дарга солигдож, өөр хүн томилогдоогүй байсан тул О.Г-ын өргөдлийг эд хөрөнгийн улсын байцаагч Г.Б-д өгсөн байсан. О.Г-ын өргөдөл шийдвэрлэгдэхгүй байж байтал Улсын бүртгэлийн хэлтсийн дарга 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр шинээр томилогдож, О.Г-ын өргөдлийг шийдвэрлэхийг надад даалгасан. Тухайн үед би ковидын халдвар авч хүндрэлд орж эмнэлэгт 20-иод хоног хэвтэн эмчлүүлсэн. Ажилдаа буцаж ороод О.Г-ын гаргасан өргөдлийг хянаж үзэж, дүгнэлт гаргасан. Миний бичсэн дүгнэлтийг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналт шалгалтын газрын ахлах байцаагч хянаж шалгасны үндсэн дээр баталгаажсан. Нэхэмжлэгч О.Г зүгээс “улсын ахлах бүртгэгч Г.Б-ийн үгээр маргаан бүхий байрыг давхардсан гэж дүгнэлт гаргасан” гэж тайлбарласан.
Иргэн С.М С.П нарын маргаан 2013 оноос хойш шүүхээр явж байгаа.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “улсын бүртгэлийн үйл ажиллагаа нэгдмэл тогтолцоо, арга зүйтэй байх, төвлөрсөн удирдлагатай байх, хараат бус байх, үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх, нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх, иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж, хуулиар тогтоосон нууцыг чанд хадгалах, хуульд зааснаас бусад тохиолдолд улсын бүртгэлийн талаарх мэдээлэл ил тод, нээлттэй, нийтэд хүртээмжтэй байх зарчимд үйлчилнэ” гэж заасан. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-т “хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх” гэж заасан байдаг. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-т “Эрхийн улсын бүртгэлийг давхардуулж, эсхүл хуурамч баримт бичигт үндэслэн хийсэн талаар гомдол гарсан бол улсын байцаагчийн шийдвэрээр тухайн бүртгэлийн хөдөлгөөнийг түдгэлзүүлж, шаардлагатай гэж үзвэл эрх бүхий байгууллагад шилжүүлж шалгуулна” гэж заасан байдаг. Дээрх хуульд заасныг үндэслэн дүгнэлт гаргасан. Захиргааны хэргийн шүүхэд эд хөрөнгийн улсын ахлах бүртгэгч Г.Б хариуцагчаар оролцож гаргасан тайлбартаа маргаан бүхий байр давхардсан хэсгийг тайлбарласан байсан. байрны хаалгыг буруу дугаарласнаас болж 1 байр 2 дугаартай болсон. Өөр хэлбэл нэг байрыг 1, 6 тоот гэж дугаарлаж давхардуулж гэрчилгээ олгосон. 1 тоотод байрны гэрчилгээг тухайн үед улсын бүртгэгчээр ажиллаж байсан Л.Б 2014 онд гэрчилгээ олгогдсон байсан. Иргэн О.Г-ыг өөрт байгаа хөрөнгийг бусдад шилжүүлэх талаар гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан талаар улсын ахлах бүртгэгч Г.Б-аас тайлбар авсан. Уг тайлбарт “О.Г-ын өмчлөлд бүртгэлтэй 6 тоот байр нь иргэн С.П-ын .... гэсэн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээтэй давхардаж байна гэж тайлбарласан. Дээрх хууль болон нотлох баримтуудыг үндэслэн дүгнэлт гаргасан” гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
8. Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгч О.Г-ын нэхэмжлэлийн шаардлагын “Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.О-ын Улаангом сумын 3-р баг, 22 дугаар байрны 1 давхрын 6 тоот хаягтай, улсын бүртгэлийн ..... дугаарт бүртгэгдсэн .... дугаар гэрчилгээ бүхий 26,4 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг түдгэлзүүлсэн улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай хэсгийг хангаж, үлдэх 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийн .... дугаартай бүртгэлд холбогдох хэсгийг хүчингүй болгож, “О.Г миний өмчлөлийн тухайн орон сууцны 6 тоот байрыг хууль ёсны дагуу өмчлөх эрхийг хангаж, захиран зарцуулах, бусдад худалдах, шилжүүлэх эрхийг хангаж өгөхийг даалгуулах” тухай хэсгийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэв.
9. Нэхэмжлэгч О.Г нь “Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.О-ын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Эрхийн улсын бүртгэл түдгэлзүүлэх” тухай 7460 тоот дүгнэлтийн О.Г-ын Улаангом сумын 3-р баг, 22 дугаар байрны 1 давхрын 6 тоот хаягтай, улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэгдсэн .... дугаар гэрчилгээ бүхий 26,4 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг түдгэлзүүлсэн хэсгийг хүчингүй болгуулж, тухайн 6 тоот байрыг захиран зарцуулах, бусдад худалдах, шилжүүлэх эрхийг хангаж өгөхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцсон болно.
10. Нэхэмжлэгч талаас “О.Г-ын өмчлөх эрхийг хязгаарласан, өмчлөх эрхэд халдсан шүүхийн шийдвэр гараагүй байхад уг байр маргаантай гэдэг байдлаар дүгнэлт гаргаж байгаа нь иргэний өмчлөх болон захиран зарцуулах эрхэд халдсан ” гэж марган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
11. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 20 дугаар зүйлийн 20.1.14, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасныг үндэслэн О.Г-ын өмчлөлд бүртгэлтэй 6 тоот байр нь иргэн С.П-ын Ү-1520004456 дугаарт бүртгэгдсэн ..... дугаар гэрчилгээтэй давхардаж байна гэж үзэж дүгнэлт гаргасан” гэх тайлбар гарган шүүх хуралдаанд оролцжээ.
12. Нэхэмжлэгч О.Г нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр .... улсын бүртгэлийн дугаартай Улаангом сумын 3-р баг Бадрахын 22-р байрны 06 тоот 26.4 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх тухай мэдүүлгийг холбогдох баримтыг хавсарган Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан гаргажээ.
13. Улсын бүртгэлийн хэлтсийн ахлах бүртгэгч Г.Б уг мэдүүлэг, холбогдох баримтуудыг хүлээн авч хянаад Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-д “Хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн, хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг хориглоно” гэж заасныг үндэслэн О.Г-ын өмчлөх эрхийн бүртгэл нь иргэн, захиргааны шүүхээр шийдвэрлэж байгаа хэрэг маргаантай холбоотой гэж үзэн уг шилжилт хөдөлгөөнийг бүртгэхээс татгалзжээ.
Мэдүүлэг гаргагч О.Г улсын бүртгэгчийн татгалзлыг эс зөвшөөрч 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д зааснаар Улсын бүртгэлийн хэлтсийн даргад хандан өргөдөл, хүсэлтийг гаргасныг 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хяналтын улсын байцаагч Г.О-ын нэр дээр цохолт хийж, шилжүүлжээ.
14. Хариуцагч хяналтын улсын байцаагч Г.О О.Г-ын өргөдөл, хүсэлтийн дагуу Улсын бүртгэлийн хэлтсийн ахлах бүртгэгчийн үйл ажиллагааг хянаад Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 20 дугаар зүйлийн 20.1.14, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасныг баримтлан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд эрхийн улсын бүртгэлийн .....дугаартай бүртгэлүүдийг иргэн С.П, С.М нарын иргэний хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхээр дүгнэлт гаргажээ.
15. Ингэхдээ нэг орон сууцад хоёр бүртгэл хийгдсэн, эрхийн улсын бүртгэлийн Y-1520005429, Y-1520004456 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг С.П, О.Г нарт давхардуулан олгосон, энэ асуудлаар шүүхийн маргаантай байгаа гэх улсын ахлах бүртгэгчийн тайлбар, татгалзлыг үндэслэлтэй гэж үзсэн байна.
16. Хавтаст хэрэгт авагдсан эрхийн улсын бүртгэлийн ...... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн материалаас үзэхэд С.М нь 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаангом сумын 3-р багийн 6-1 тоотод байрлах /Бадрах 22-р байр/ 3 давхар 864 м.кв талбай бүхий 16 айлын дуусаагүй барилгын анхны өмчлөгчөөр бүртгүүлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан байна.
16.1.Улмаар бүртгэлийн байгууллага С.М, С.П нарын хооронд байгуулагдсан 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хамтран ажиллах болон хамтран өмчлөх гэрээ, орон сууцны барилгын өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай гэрээ, хэлцлийг үндэслэн уг дуусаагүй барилгын хамтран өмчлөгчөөр С.П-ыг нэмж бүртгэн С.М, С.П нарт 864 м.кв талбай бүхий дуусаагүй барилгын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000200486 тоот гэрчилгээ олгожээ.
16.2. Дараа нь 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн С.М, С.П нарын нотариатаар гэрчлэн баталгаажуулсан бэлэглэлийн гэрээг үндэслэн 864 м.кв дуусаагүй барилгыг 2 салгаж, 531 м.кв талбайтай хэсгийг С.Мад /Y-1520003912 дугаартай/ 333 м.кв талбайтай хэсгийг С.П-т /.....дугаартай/ өмчлүүлэн тус тусад нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосон байна.
16.3. Тус 16 айлын орон сууцны анхны буюу хэсгээр өмчлөгч С.М нь өөрийн өмчлөлийн 531 м.кв талбай бүхий хэсгээ 2013 оны 11 дүгээр 28-наас 2019 оны хооронд бүртгэлийн байгууллагад хандан цувуулан салгуулж, 3 давхрын нийт 213 м.кв /55м.кв, 43.2 м.кв, 28 м.кв, 49 м.кв, 37.8 м.кв/ 5 айлын , 1 давхрын нийт 170 м.кв /45 м.кв, 28.5 м.кв, 28.9 м.кв, 26.4 м.кв, 42 м.кв / 5 айлын , өөрийнх нь нэр дээр үлдсэн 187.4 м.кв бохир талбай бүхий хэсгийн хамт нийт 11 орон сууц болгож, тус тусад нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авчээ.
16.4. С.П нь 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бүртгэлийн байгууллагад хандан өөрийн өмчлөлийн 333 м.кв талбай бүхий хэсгийг салгуулж, 21 м.кв бүхий нэг байр, 45 м.кв бүхий 5 байр, 30 м.кв бүхий нэг байр, 57 м.кв бүхий нэг байр буюу нийт 8 айлын орон сууц болгож, тус бүрд нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан ба үүнд: 2 давхрын 5 айлын орон сууц, 1 давхрын 3 орон сууц багтсан байна.
16.5. Үүнээс үзэхэд эрхийн улсын бүртгэлийн ..... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө /нийт 8 бүртгэл/ С.П-тай, бусад эрхийн улсын бүртгэлийн ..... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө /нийт 11 бүртгэл/ С.М-тай тус тус холбоотой байна.
17. Нэхэмжлэгч О.Г-ын хувьд С.М-тай 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө хэсэгчлэн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх ба гэрээгээр С.М-ын нэр дээрх ..... улсын бүртгэлтэй, ..... тоот гэрчилгээтэй 213.8 м.кв хэмжээтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс 26.4 м.кв 1 давхрын 6 тоот байрыг худалдах, худалдан авахаар харилцан тохиролцжээ.
Уг гэрээг үндэслэн улсын бүртгэлийн хэлтсээс Улаангом сумын 3-р баг Бадрахын 22 дугаар байрны 6 тоот 26.4 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийг О.Гад шилжүүлж, эрхийн улсын бүртгэлийн Ү-1520005429 дугаарт бүртгэж, 000377685 тоот гэрчилгээ олгосон байна.
17.1 О.Г 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан “Улаангом сумын Бадрахын 22-р байрны 1 тоот байрыг С.П-ын нэр дээр бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004456 дугаартай бүртгэл, тус байрны гэрчилгээг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасныг шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд ..... дугаартай хоёр бүртгэлийн давхардлын асуудлаар дүгнэлт хийн шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэрийг 2021 оны 01 сарын 15-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн 42 дугаартай магадлалаар хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
17.2. Иймээс шүүх тус хэргийг дахин хэлэлцээд “С.П-ыг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл үндэслэлтэй эсэх талаар О.Г маргах эрхгүй буюу тухайн үед хийгдсэн улсын бүртгэлийн байгууллагын шийдвэр үйл ажиллагаа нэхэмжлэгч О.Гад чиглээгүй, түүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээргүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” гэж дүгнэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэжээ.
18. Энэхүү анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаартай тогтоолд 14 хоногийн дотор хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч гомдол гаргаагүй учир хуулийн хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд үүний дараа 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр маргаан бүхий улсын байцаагчийн дүгнэлт гарсан байна.
19. Түүнчлэн Улаангом сумын 3-р 16 айлын орон сууцны барилгын хэсгээр өмчлөгч болох С,П, С.М нар 16 айлын орон сууцны барилгад оруулсан хөрөнгө оруулалт болон өмчлөлийн асуудлаар /оногдох хэсгийн талаар/ 2013 оноос хойш маргасан байна.
19.1 С.П нь 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Хамтран ажиллах болон хамтран эзэмших, өмчлөх гэрээний дагуу 16 айлын орон сууцны 1 давхрын 3, 5, 6 тоот байрыг эзэмших, 420 м.кв газрыг хамтран эзэмшигчээр гаргуулах, илүү оруулсан хөрөнгө оруулалт болох 25.600.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг С.Мад холбогдуулан гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Улаангом сумын 3 дугаар баг 8-1 тоотод байрлах 16 айлын орон сууцны 1 давхрын 1, 2 тоот байрны эзэмшигч, өмчлөгчөөр тогтоолгох” гэж өөрчлөн 4 тоот байр эзэмших болон 420 м.кв газрыг хамтран эзэмшигчээр тогтоолгох, илүү оруулсан 25.600.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудаасаа тус тус татгалзсан ба хариуцагч С.М хамтран ажиллах, хамтран эзэмших, өмчлөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 246.700.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
19.2. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 495 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч С.П-ын “гэрээний дагуу 16 айлын орон сууцны 1 давхрын 2 тоот байрыг эзэмших” тухай шаардлагыг хангаж, үлдэх “16 айлын орон сууцны 1 давхрын 1 тоот байрыг эзэмших” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч С.М-ын хамтран ажиллах, эзэмших, өмчлөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 246.700.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
19.3. Тус шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч С.П давж заалдах гомдол гаргасан байх бөгөөд Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 04 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 476 дугаар зүйлийн 476.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.П-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Увс аймгийн Улаангом сумын 3-р баг 8-1 тоотод байрлах 16 айлын / Бадрахын 22-р байр/ орон сууцны 1 давхрын 1 тоот 21м.кв, 2 тоот 45 м.кв байрны эзэмшигч, өмчлөгчөөр С.П-ыг тогтоож”... гэж өөрчлөлт оруулжээ.
20. Давж заалдах шатны шүүх Улаангом сумын 3-р баг 8-1 тоотод байрлах 16 айлын / Бадрахын 22-р байр/ орон сууцны 1 давхрын 1 тоот байрны эзэмшигч, өмчлөгчөөр С.П-ыг тогтоосон байна. Уг маргаан бүхий 1 тоот байрыг Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 сарын 25-ны өдрийн 99 дүгээр шийдвэрийн дагуу А.Чулуундарь нь С.М-аас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар шилжүүлэн авсан авч эрхийн улсын бүртгэлийн ..... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан нь холбогдох баримтуудаар тогтоогдож байна.
21. Иргэний хэргийн шүүх С.М, С.П нарын дунд үүссэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэрээр О.Г-ын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөгдөөгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч О.Г-ын өмчлөх эрхийг хязгаарласан, өмчлөх эрхэд халдсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй байна.
22. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дүгээр зүйлийн 18.2-д “Улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг улсын ерөнхий байцаагч, хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч, орон нутаг дахь хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч /цаашид “улсын байцаагч” гэх/ хэрэгжүүлнэ гэж” заажээ.
23.Улсын байцаагч нь мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.1-д зааснаар хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх бүртгэлд засвар өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн хуулийн этгээд албан тушаалтанд шаардлага тавьж хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах эрхтэй.
24. Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “Эрхийн улсын бүртгэлийг давхардуулж эсхүл хуурамч бичиг баримт үндэслэн хийсэн талаар гомдол гарсан бол улсын байцаагчийн шийдвэрээр тухайн бүртгэлийн хөдөлгөөнийг түдгэлзүүлж, шаардлагатай гэж үзвэл эрх бүхий байгууллагад шилжүүлж шалгуулна” гэж заажээ.
25. 2021 онд нэхэмжлэгч О.Г, С.П, С.М нарын зүгээс улсын бүртгэл давхардсан асуудлаар Улсын бүртгэлийн хэлтэст гомдол гаргасан нь тогтоогдоогүй бөгөөд харин О.Г 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өөрийн нэр дээрх хөрөнгөө Б.Мөнхтүвшинд шилжүүлэх бүртгэлийг бүртгэж өгөхийг хүсэж өргөдөл гаргасан байна.
26. О.Г-ын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүссэн байх бөгөөд мөн хуулийн 5.3 дахь хэсэгт зааснаар Улсын бүртгэлийн байгууллага О.Г-ын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэснийг нотолж, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна.
27. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”,4.1.5-д зааснаар нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх зарчимтай тул нэхэмжлэгч О.Г-ын Улаангом сум 3-р багийн Бадрахын 22 байрны 6 тоот 26.4 м.кв орон сууцны өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэлийг үгүйсгэх боломжгүй байна.
30. Хариуцагч хяналтын улсын байцаагч нь хуульд зааснаар эрхийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх эрхтэй боловч энэ тохиолдолд хууль болон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг буруу тайлбарлан хэрэглэж, “нэхэмжлэгчийн өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн дүгнэлтийг гаргасан” гэж дүгнэв.
31. Иймээс О.Г-ын нэхэмжлэлийн “Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.О-ын Улаангом сумын 3-р баг, 22 дугаар байрны 1 давхрын 6 тоот хаягтай, улсын бүртгэлийн..... дугаарт бүртгэгдсэн ... дугаар гэрчилгээ бүхий 26,4 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг түдгэлзүүлсэн улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.О-ын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлтийн ..... дугаартай бүртгэлд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.
32. Өмчлөх эрхийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэх асуудал нь улсын бүртгэгчийн чиг үүрэгт хамаардаг бөгөөд улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулаад нэхэмжлэгч О.Г улсын бүртгэгчид хандан уг асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн “О.Г миний өмчлөлийн тухайн орон сууцны 6 тоот байрыг хууль ёсны дагуу өмчлөх эрхийг хангаж, захиран зарцуулах, бусдад худалдах, шилжүүлэх эрхийг хангаж, өгөхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
33. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.1 дэх, 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх, 20 дугаар зүйлийн 20.1.14 дахь, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дах хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч О.Г-ын “Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.О-ын Улаангом сумын 3-р баг, 22 дугаар байрны 1 давхрын 6 тоот хаягтай, улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэгдсэн ..... дугаар гэрчилгээ бүхий 26,4 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг түдгэлзүүлсэн улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хяналтын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Эрхийн улсын бүртгэл түдгэлзүүлэх” тухай 7460 тоот дүгнэлтийн ..... дугаартай бүртгэлд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн “О.Г миний өмчлөлийн 6 тоот орон сууцыг хууль ёсны дагуу өмчлөх эрхийг хангаж, захиран зарцуулах, бусдад худалдах, шилжүүлэх эрхийг хангаж, өгөхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Гад олгосугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ОЮУНГЭРЭЛ