Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/56

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,

Улсын яллагч Ө.Манзушир,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Х овогт Д-ын Б-д холбогдох 2316002040060 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр **** аймгийн **** суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “****” сургуульд мэдээлэл зүйн багш ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ****, **** дүүргийн **** хороо, *** тоотод түр оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, *** регистрийн дугаартай, Х овгийн Д-ын Б,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Б-ыг ашиг олох зорилгоор 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд самсунг-А73 загварын утас ашиглан цахим орчинд “****” нэртэй покер тоглоомын ширээ нээж мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Д.Б ашиг олох зорилгоор 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд самсунг-А73 загварын утас ашиглан цахим орчинд “****” нэртэй покер тоглоомын ширээ нээж мөрийтэй тоглоом зохион байгуулсан болох нь:

 

         1.Д.Б нь “*****” гэх клуб нээж өөрийн эзэмшлийн хас банкны ***** тоот дансаар мөрийтэй тоглоом зохион байгуулж байна гэх Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны мэдээлэл, хавсралт /хх- ийн 02-03-р хуудас/,

 

          2.Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлуулах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 12-р хуудас/,

 

          3.Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай прокурорын зөвшөөрөл санал /хх-ийн 13-р хуудас/,

 

  4.2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Хас банкны 20/413 тоот албан бичгээр ***** дансны эзэмшигч Д.Бын дансны хуулга, /хх-ийн 18-21-р хуудас/,

           5.Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, дэслэгч Б.Төрбатын 2024 оны 03 дүгээр сарын 15-ны өдрийн Хас банкны ***** дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн“...Д-ын Б-ын эзэмшлийн ***** дугаарын дансанд үзлэг хийсэн” гэх тэмдэглэл, /хх-ийн 22-24-р хуудас/,

 

           6.2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр яллагдагч Д.Бын самсунг-А73 маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 12-22-р хуудас/,

 

          7.“Угалз мэргэн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Р.Цанжидмаагийн 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, /хх-ийн 40-43-р хуудас/ зэрэг улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан...” бол гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

 

Шүүгдэгчийн үйлдэл нь мэдээллийн технологи буюу интернэт орчин дахь олон нийтийн сүлжээ ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “poker” тоглоомыг бусад этгээдүүд мөрий бооцоо тавин тоглох боломжийг бий болгосноороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрийтэй тоглоом зохин байгуулах” гэмт хэргийн “...мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан...” шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

          Иймд шүүгдэгч Д.Б-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

 

          2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

        Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгож, торгуулийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Б-д сануулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх зэргийг шүүгдэгчид мэдэгдэв.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 4 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилжээ.

 

          Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэн олж авсан хууль бус хөрөнгө, орлогыг хураан авч улсын орлого болгож, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд тусгасан гэж ойлгоно.

 

          Иймээс шүүгдэгч Д.Б-ын  гэмт хэрэг үйлдэж хууль бусаар олсон ашиг орлого болох гэмт хэрэг үйлдэж олсон орлого 130,000 (Нэг зуун гучин мянга) төгрөг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 601,600 (Зургаан зуун нэг мянга зургаан зуу) төгрөгийн үнэлгээ бүхий самсунг-А73 маркийн гар утсыг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэлээ.

 

          Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Б-ын эзэмшлийн ХАС банк дахь ***** дугаарын дансны зарлагын шилжилт хөдөлгөөн, интернэт болон мобайл банк руу хандах эрхийг хязгаарласан  2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 51 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х овогт Д-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

 

4.Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Б-д сануулсугай.

 

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б-ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 130,000 (Нэг зуун гучин мянга) төгрөг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 601,600 (Зургаан зуун нэг мянга зургаан зуу) төгрөгийн үнэлгээ бүхий самсунг-А73 маркийн гар утсыг тус тус шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгосугай.

 

7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Б-ын эзэмшлийн ХАС банк дахь ***** дугаарын дансны зарлагын шилжилт хөдөлгөөн, интернэт болон мобайл банк руу хандах эрхийг хязгаарласан  2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 51 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохыг тус тус дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

          10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ЭНХБААТАР