Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/68

 

 

                                                                                

 

 

                                           

 

                 2024/ШЦТ/68

 

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч П.Дониддолгор, шүүгч Э.Дулмаа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Т

         Улсын яллагч: Б.Н

         Иргэдийн төлөөлөгч: Ц.Б  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Э.Б/цахимаар/    

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э

Шүүгдэгч: С.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сын Эд холбогдох эрүүгийн 2412000000013 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1967 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн .. суманд төрсөн, 57 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Сын Э/РД:АМ6....../

 

                                                       Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.Э нь согтуурсан үедээ 2023 оны 11 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ...... тоотод байх гэртээ хохирогч Г.Этой хэрүүл маргаан үүсгэн харилцан зодолдож, улмаар түүнийг орон дээр дарж унагаан өмсөж байсан пудволкны захаар хоолойг нь боож, механик амьсгал бүтэлтийн улмаас амьсгал зүрх судасны цочмог дутагдалд оруулж амь насыг нь хохироосон буюу хүнийг алсан  гэмт хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Бы шүүх хуралдаанд мэдүүлсэн:

“...Архангай аймагт 2, 3 удаа очсон, хэргийн материалтай танилцсан. Миний ойлгосноо цуг архи уусан гэх залуутайгаа өмнө Э бэлгийн харилцаанд орж байсан. Энэ хоёр хүний мэдүүлэг зөрүүтэй байсан. Нэг нь нэгийгээ харсан гэдэг бол нөгөөдөх нь хараагүй гэж мэдүүлсэн. Мэдүүлгээс харахад манай аавыг эсэргүүцээд байхад дарж унагаад унтуулах зорилготой байсан гэж. Миний харж байгаагаар тийм зүйл болоогүй цохиж унагаад санаатайгаар хүн алсан. Эцгийнхээ цогцсыг харахад энэ тэнд хөхөрч няцарсан байсан, санаатай алсан. Сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ, ар гэрийнхэнд хүнд цохилт болсон, эдлэх ялыг эдлүүлэх саналтай байна...” гэх мэдүүлэг,

 

*Эрүүгийн 2412000000013 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

            Мөрдөн байцаалтын үед:

            *Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Бы өгсөн:

“...Намайг Өмнөговь аймагт байхад 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нагац эгч Б над руу залгаад аав чинь Архангай аймагт урьд шөнө нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд би ах дүү нартайгаа ярилцаж байгаад өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө ирсэн. Өнөөдөр ажил явдлыг нь хийгээд Ц гэх газар ил оршуулсан. Намайг харахад нүүр болон хүзүү, цээж, бэлэг эрхтэн зэрэг ил харагдах гэмтэлтэй байсан. Би аавыгаа ямар хүнтэй хамт амьдарч байсан талаар нь мэдэхгүй байна. Сая ажил явдлаар нь ямар хүн байсан талаар нь харлаа. Хамгийн сүүлд 2023 оны 10 дугаар сарын дунд үеэр нэг ярьсан Архангай аймгийн төвд амьдарч байгаа талаараа хэлсэн би ах дүү нараас нэг эмэгтэй хүнтэй ойрын хэдэн жил амьдарч байгаа талаар сонссон гэхдээ энэ талаар би аавтай огт ярьж байгаагүй. Миний аав хараа муутай гэдгийг мэднэ. Өөр ямар нэгэн архаг хууч өвчин гэх зүйл байхгүй. Ер нь бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Ажил төрөл хийж байх хугацаандаа бол хэрэглэдэггүй, харин ажилгүй үедээ бол 1 сард 4-5 удаа хэрэглээд байдаг байсан. Би ер нь бол утсаар холбоотой байдаг байсан. Одоохондоо надад санал гомдол гэх зүйл байхгүй байна. Нас барсан шалтгаан нөхцөлийн дүгнэлт гарсны дараа санал хүсэлтээ хэлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/,

 

            *Гэрч С.Цийн өгсөн:

“...Би тухайн өдөр ажил дээрээ байж байгаад жолооч Бтой нэг архи хувааж уугаад дэлгүүрээс нэг шил хараа нэртэй 0.75 литрийн архи аваад танил ах болох Г.Эын гэрт мотоциклтойгоо ганцаараа очсон чинь гэртээ эхнэрийнхээ хамт байсан Г.Э ах архи уусан бололтой халамцуу байсан. Тухайн үед 19 цаг өнгөрөөд 20 цаг болох гэж байсан би архи уух уу гэхэд зөвшөөрсөн би дэлгүүрээс авсан архиа гаргаж ирээд задлаад бид хоёр хувааж уусан эхнэр нь 2-3 удаа уусан, Г.Э ах бид хоёр архи ууж байхад эхнэр нь болох С.Э бид хоёрын бичлэг хийгээд байсан би боль гэж хэлсэн чинь бичлэгээ хийгээд байсан. Бид хоёр архиа ууж дуусгаад намайг дахин нэг шил архи аваад өг гэхээр нь би зөвшөөрөөд дэлгүүр гарахаар болоод Г.Э ах бид хоёр гэрээс нь гарсан чинь урд талынхан зам дээр зам ангийн хүмүүс ажил хийж байсан модны гишүү хугарч унасан байсан түүнийг Г.Э аваад гэрийнхээ үүдний амбаарт оруулсан бид хоёр гараад урд талынх нь дэлгүүрээс 0.75 литрийн хараа нэртэй архи авч ороод хувааж уухаар болоод задалсан тухайн үед 21 цаг өнгөрөөд 22 цаг болох гэж байсан. Тухайн архинаас бага зэрэг уугаад би согтоод орон дээр нь хэвтсэн Г.Э эхнэртэйгээ чанга дуугаар юм яриад хуучлаад байсан. Би бараг 2 цаг гаруй хэвтсэн байх гэхдээ унтаагүй хоорондоо чанга чанга яриад байсан учраас би унтаж чадаагүй явах гээд боссон Г.Э ах гал тогооны өрөө рүүгээ ороод буцаж гарч ирэхдээ хувхай гичий чинь гэж хэлээд буцаад гараад ирсэн. Тэгсэн чинь С.Э гэх эхнэр нь урдаас нь очоод Г.Эын нүүр хэсэг рүү баруун зүүн гараараа нэг нэг удаа алгадсан тэгсэн чинь Г.Э ах алхаж ирээд орон дээрээ суусан намайг хэвтэж байгаад босож ирэхэд сүүлд авсан архи талдаа орчихсон байсан. Би явлаа гэж хэлээд явсан намайг явах үед 00 цаг өнгөрөөд 01 цаг болж байсан байх гэж бодож байна намайг аавын гэр рүү явж байхад аймгийн төвийн гудамжны гэрэл унтарсан. Манай эхнэр жирэмсэн төрөх гээд аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаа манай хүүхдүүд манай аавын гэрт байгаа учраас би аавын гэрт очиж амарсан юм. Г.Эын гэрт би архи уух гэж очсон өөр ямар нэгэн зорилго байхгүй. Би урьд өмнө Г.Эын гэрт архи ууж байгаад С.Этай нэг удаа бэлгийн харьцаанд орж байсан. Намайг босох үед Г.Эын нүүр гэмтсэн зүйлгүй зүгээр байсан С.Э түүнийг алгадсаны дараа ч зүгээр байсан ямар ч цус гарсан зүйлгүй байсан. Би яг ямар хувцастай байсан эсэхийг анзаараагүй гэхдээ бүтэн хувцастай байсан. Эхнэртээ алгадуулах үед нүдний шил нь хөргөгчийн араар унаад эхнэр нь аваад хөргөгч дээр тавьж байсан. Намайг байх хугацаанд нэг удаа л муудалцаад эхнэр нь 2 удаа алгадсан Г.Э эхнэрээ цохиогүй. Тэгээд би боль гэж хэлээд салсан үүний дараа би 20 гаруй минут сууж байгаад гарсан. Надад ямар нэгэн тийм үйлдэл гаргасан зүйл байхгүй. Бичлэг хийгээд байна гэхээр нь л очиж боль гэж утсыг нь авах гэж ойртсон өөр ойртож очсон зүйл байхгүй. Г.Э, С.Э хоёр нэлээн согтсон байсан. Харин би нэг их согтоогүй тэр хоёрыг бодвол гайгүй байсан. Мотоциклоо зүгээр бариад харьсан. Намайг байхад дээрх үйлдэл хийгээд хувцсаа тайлаагүй, харин бид хоёр нэг удаа хамт гарч бие зассан өөр зүйл болоогүй. Г.Э миний сууж байсан буйдан дээр суугаад эхнэр нь эсрэг талын орон дээр хувцастайгаа суугаад үлдсэн хоорондоо хэрүүл маргаан хийгээгүй зүгээр үлдсэн. Архи уугаад сууж байхад гаднаас ямар ч хүн орж ирээгүй, дэлгүүр явах үед ч хүн таараагүй дэлгүүрийн эзэн нь намайг ажлаа хийж байгаа юу гэж асуусан өөр зүйл болоогүй. Би дугаарыг нь мэдэхгүй шууд гэрт нь явж орсон. Хамгийн сүүлд Г.Этой 10 дугаар сарын 27-ны өдөр таарсан надаас эм авах гэсэн юм гэхээр нь би өөрт байсан 20 мянган төгрөгөө өгсөн архи битгий уугаарай гэж хэлсэн би архи уухгүй байгаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 дугаар тал/,

 

*Гэрч С.Агийн өгсөн:

“...Тухайн байр миний эзэмшлийн байр байгаа юм. 2023 оны 09 дүгээр сарын 20-ны үед Г.Э нь эхнэрийн хамт манайд ирээд бид хоёр байр түрээсэлж байсан чинь байрны эзэн нь гар гээд байна танайд түрээслэх байна уу гэж асуусан тэгээд би тухайн 20 дугаар байранд нэг байр байдаг очиж үзээд болно гэвэл түрээсэлж болно гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр очиж үзээд орохоор болоод 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ хийгээд 1 сард 180.000   төгрөгөөр түрээсэлсэн, гэрэл цахилгаан хэрэглээгээ өөрсдөө хийхээр тохирсон юм үүнээс хойш 1 сарын төлбөрөө өгсөн 2 дахь сарын төлбөр төлөх хугацаа болоогүй байсан. Би 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр очиж үзэхэд С.Э гэртээ ганцаараа байсан. Би байр хэр дулаахан байгаа талаар асуухад зуухнаас жаахан утаа гараад байна янзлаад өг гэж хэлсэн. Би за гэж хэлээд явсан өнөөдөр буюу 11 дүгээр сарын 08-ны өглөө 10 цаг өнгөрч байхад Г.Эын найз нь гээд нэг залуу ирээд нас барсан талаар нь хэлсэн. Түрээсэлж эхэлснээс хойш ямар нэгэн тийм зүйл мэдэгдээгүй, намайг 06-ны өдөр очих үед С.Э эрүүл байсан. Энэ хоёрын талаар би сайн мэдэхгүй байна. Ер нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг талаар бол мэдэж байна, 10 дугаар сарын сүүл үеэр нэг очиход хоёулаа согтуу байсан би архи ууж болохгүй талаар нь ярьж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр тал/,

 

*Яллагдагч С.Эы өгсөн:

“...Би санаатай алаагүй талийгаач нь өөрөө намайг архи уусан үедээ дарамталж зоддог байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 145-146 дугаар тал/,

 

           *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 114 дугаартай:

            “...Амь хохирогч Г.Эын цогцост хүзүүнд дарагдлын ором, зулгаралт, баруун хуухнаг, шодойд шарх, нүүр, цээж, баруун шуу, нуруунд зулгаралт, өвчүүний дотор гадаргууд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Баруун хуухнаг, шодойн шарх, баруун шуу, нурууны зулгаралт, өвчүүний цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хүзүүний дарагдлын ором гэмтэл нь мохоо зүйлийн хэсэг газрын дарах, шахах, үрэх үйлчлэлээр, нүүр, цээж, нурууны зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүсэх боломжтой. Нүүр, хүзүү, цээжний зулгаралт, хүзүүний дарагдлын ором, хуухнаг, шодойн шарх, өвчүүний цус хуралт гэмтлүүд нь нас барахын өмнө үүссэн шинэ гэмтлүүд байна. Хуухнаг, шодойн шарх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Амь хохирогч Г.Э нь механик амьсгал бүтэлтийн улмаас амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ. Шинжилгээгээр зүрхний булчингийн эмгэгшил, ходоодны салстын үрэвсэл, уушигны хатгаа өвчтэй байна. Үхэлд хүргэхгүй. Амь хохирогч Г.Э нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. 2-р бүлгийн цустай байна... гэх дүгнэлт /хх-ийн 117-121 дүгээр тал/,

      *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 90 дугаартай:

      “...Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн, зах, ханцуй, урд хормой хэсгээрээ хар хөх өнгийн оруулгатай босоо захтай хагас ханцуйтай цамцны захны дотор хэсэгт гэмтэл үүссэн байна. Хар өнгийн баруун зүүн гуяны дээд хэсэгт 2 ширхэг далд халаастай, ногоон өнгийн “Sport” гэсэн латин бичиглэлтэй даавуун өмд, саарал өнгийн баруун зүүн гуяны гадна хэсгээр цагаан өнгийн одны дүрслэлтэй ноосон өмд, хар өнгийн урд хэсгээрээ цагаан өнгийн латин үсгийн бичиглэлүүдтэй дотуур хувцас зэрэг нь ямар нэгэн гэмтэлгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн, зах, ханцуй, урд хормой хэсгээрээ хар хөх өнгийн оруулгатай босоо захтай хагас ханцуйтай цамцны захны дотор хэсгийн шар өнгийн оруулганд баруун талын үзүүр хэсгээс 3 см зайд 2 см хэмжээтэй ханзралт, уг гэмтлээс 5.3 см зайд 2.1 см хэмжээтэй ханзралт, уг гэмтлээс 10 см зайд 2.3 см хэмжээтэй ханзралт, уг гэмтлээс 11 см зайд 1.9 см хэмжээтэй ханзралт үүссэн байх ба уг гэмтэл нь хувцасны оёдлоор залгагдсан хэсэгт үүссэн, эдлэлийн хэсгүүд залгаасаар салсан, оёдлын утаснууд тасарсан, тасарсан утаснууд нь үзүүр хэсгээрээ суналттай мушгирсан, оёдлын алхамт илэрсэн, өнгөө алдаж гандаагүй байх тул татаж чангаах хүчний үйлчлэлэээр үүсгэгдсэн шинэ ханзралт байна. Гэмтэл үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 71-73 дугаар тал/

 

     *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 119, 122 дугаартай:

     “...Тус лабораторид даавуун дээр бохирлогдсон цусанд бүлэг тодорхойлох, цус мөн эсэхийг тогтоох шинжилгээ хийх боломжгүй. №119 тоот биологийн шинжилгээний хариу: Амь хохирогч Г.Э нь 2-р бүлгийн цустай байна. №122 тоот биологийн шинжилгээний хариу: Гэрч С.Э нь 3-р бүлгийн цустай байна...” гэх дүгнэлт/хх-ийн 80-81 дүгээр тал/

 

      *Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 5607 дугаартай:

      “...Шинжилгээнд ирүүлсэн Г.Э, С.Э, С.Ц нарын хумсан дээрх ДНХ-ийн тогтцыг тогтоов. Г.Э, С.Э, С.Ц нарын ДНХ-ийн тогтцыг тогтоов. Г.Э, С.Э нарын хумсан дээр цус илэрсэн. С.Ц хумсан дээрээс биологийн ул мөр илрээгүй. Г.Эын хумсан дээрээс өөр хүний биологийн ул мөр илрээгүй гэж дүгнэв. С.Эы хумсан дээрээс Г.Эын цус илэрсэн...” гэх дүгнэлт/хх-ийн 95-96 дугаар тал/

 

    *Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 03 дугаартай:

    “...Шинжлүүлэгч С.Э нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Сэтгэцийн өвчингүй байсан тул тэр үедээ өөрийн хийж буй үйлдлийг зөв ойлгож, удирдаж чадах чадвартай байсан байна. Шинжлүүлэгч нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө өвчингүй байсан байна. Сэтгэцийн өвчингүй тул түүнд албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Энэ хүнд албадан эмчилгээний ямар нэг арга хэмжээ авах шаардлагагүй. Шинжлүүлэгч С.Э нь тухайн үед болсон хэргийн үйл явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Шинжлүүлэгч С.Э нь хэрэг хариуцах чадвартай...гэх дүгнэлт /хх-ийн 179-181 дүгээр тал/

 

*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7 дугаар тал/,

*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 8-20 дугаар тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 171 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.    

 

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч С.Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Э нь 2023 оны 11 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын .......... тоотод байх гэртээ хамтран амьдрагч Г.Этой хэрүүл маргаан үүсгэн бэлэг эрхтнээс нь зулгааж, татах, биеийг маажих зэргээр харилцан зодолдож, улмаар түүнийг орон дээр дарж унагаан өмсөж байсан пудволкны захаар хоолойг нь боож, механик амьсгал бүтэлтийн улмаас амьсгал зүрх судасны цочмог дутагдалд оруулж амь насыг нь хохироосон гэх үйл баримт  тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч С.Э үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Бы“...2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нагац эгч Б над руу залгаад аав чинь Архангай аймагт урьд шөнө нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд би ах дүү нартайгаа ярилцаж байгаад өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө ирсэн. Өнөөдөр ажил явдлыг нь хийгээд Цагаан толгой гэх газар ил оршуулсан. Намайг харахад нүүр болон хүзүү, цээж, бэлэг эрхтэн зэрэг ил харагдах гэмтэлтэй байсан. Би аавыгаа ямар хүнтэй хамт амьдарч байсан талаар нь мэдэхгүй байна. Сая ажил явдлаар нь ямар хүн байсан талаар нь харлаа. Хамгийн сүүлд 2023 оны 10 дугаар сарын дунд үеэр нэг ярьсан Архангай аймгийн төвд амьдарч байгаа талаараа хэлсэн би ах дүү нараас нэг эмэгтэй хүнтэй ойрын хэдэн жил амьдарч байгаа талаар сонссон гэхдээ энэ талаар би аавтай огт ярьж байгаагүй...” гэх мэдүүлэг, гэрч С.Цийн “...Би тухайн өдөр ажил дээрээ байж байгаад жолооч Бтой нэг архи хувааж уугаад дэлгүүрээс нэг шил хараа нэртэй 0.75 литрийн архи аваад танил ах болох Г.Эын гэрт мотоцикльтойгоо ганцаараа очсон чинь гэртээ эхнэрийнхээ хамт байсан Г.Э ах архи уусан бололтой халамцуу байсан. Тухайн үед 19 цаг өнгөрөөд 20 цаг болох гэж байсан би архи уух уу гэхэд зөвшөөрсөн би дэлгүүрээс авсан архиа гаргаж ирээд задлаад бид хоёр хувааж уусан эхнэр нь 2-3 удаа уусан, Г.Э ах бид хоёр архи ууж байхад эхнэр нь болох С.Э бид хоёрын бичлэг хийгээд байсан би боль гэж хэлсэн чинь бичлэгээ хийгээд байсан. Бид хоёр архиа ууж дуусгаад намайг дахин нэг шил архи аваад өг гэхээр нь би зөвшөөрөөд дэлгүүр гарахаар болоод Г.Э ах бид хоёр гэрээс нь гарсан чинь урд талынхан зам дээр зам ангийн хүмүүс ажил хийж байсан модны гишүү хугарч унасан байсан түүнийг Г.Э аваад гэрийнхээ үүдний амбаарт оруулсан бид хоёр гараад урд талынх нь дэлгүүрээс 0.75 литрийн хараа нэртай архи авч ороод хувааж уухаар болоод задалсан тухайн үед 21 цаг өнгөрөөд 22 цаг болох гэж байсан. Тухайн архинаас бага зэрэг уугаад би согтоод орон дээр нь хэвтсэн Г.Э эхнэртэйгээ чанга дуугаар юм яриад хуучлаад байсан. Би бараг 2 цаг гаруй хэвтсэн байх гэхдээ унтаагүй хоорондоо чанга чанга яриад байсан учраас би унтаж чадаагүй явах гээд боссон Г.Э ах гал тогооны өрөө рүүгээ ороод буцаж гарч ирэхдээ хувхай гичий чинь гэж хэлээд буцаад гараад ирсэн. Тэгсэн чинь С.Э гэх эхнэр нь урдаас нь очоод Г.Эын нүүр хэсэг рүү баруун зүүн гараараа нэг нэг удаа алгадсан тэгсэн чинь Г.Э ах алхаж ирээд орон дээрээ суусан намайг хэвтэж байгаад босож ирэхэд сүүлд авсан архи талдаа орчихсон байсан...” гэх мэдүүлэг, амь хохирогч  нь механик амьсгал бүтэлтийн улмаас амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсныг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 114 дугаартай дүгнэлт, “... Г.Эын хумсан дээрээс өөр хүний биологийн ул мөр илрээгүй гэж дүгнэв. С.Эы хумсан дээрээс Г.Эын цус илэрсэн...” Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 5607 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.  

 

Улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч болон иргэдийн төлөөлөгч нар нь шүүгдэгч С.Эыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэх дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан болно.

 

Шүүгдэгч С.Э нь амь хохирогч Г.Эыг пудволкны захаар хоолойг нь боосон гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогч амь хохирсон үр дагавар хоорондын шалтгаант холбоотой,  шүүгдэгчийн хохирогчийн хоолойг боож амь насыг хохироосон үйлдэл нь хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний дээрх хууль бус үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон хор уршигт хүргэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

 

Болгоомжгүй хүний амь насыг хохироох гэмт хэргийн хувьд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаг бөгөөд шүүгдэгч С.Э нь  хүний биед халдсаны улмаас бусдын амь нас хохирох боломжтой болохыг мэдэж байсан түүний бусдын амь насыг хохироосон үйлдлийг болгоомжгүй үйлдэл гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

 

              Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Эг хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь  үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байх бөгөөд шүүгдэгч С.Эг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         

             Хохирол хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дэх хэсэгт “... Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно...”гэж тус тус хуульчилжээ.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 508.2 дахь хэсэгт тус тус зохицуулсан. Амь хохирогчийн нас барсантай холбогдуулан оршуулгын зардлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлээгүй бөгөөд сэтгэцэд учирсан хохирол, сэтгэл санааны хохирлыг хуульд заасны дагуу нэхэмжлэх талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирол болох гэмт хэрэг үйлдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн 82,500,000/наян хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч С.Эаас  гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сэлэнгэ аймгийн ........ тоотод оршин суух хаягтай М овогт Эын Бд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

         Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

          Шүүгдэгч С.Эд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй байгааг дурдан анх удаа гэмт хэрэг үйлдсэнг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон  шүүгдэгч С.Э болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруу, хэргийн зүйчлэлийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол,  хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг зэргийг харгалзан 8/найм/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.   

Шүүгдэгч С.Эы 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 77/далан долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдсан сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалах нь зүйтэй байна.     

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт Сын Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эг 8/найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эд оногдуулсан 8/найм/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эы 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 77/далан долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг,  511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эгаас 82,500,000/наян хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сэлэнгэ аймгийн ........... тоотод оршин суух хаягтай М овогт Эын Б/РД:ТА.............../-д олгосугай.

            6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдсан Сиди 1/нэг/ ширхэгийг хэргийн хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалсугай.

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                          П.ГАНДОЛГОР

 

                        ШҮҮГЧИД                                          П.ДОНИДДОЛГОР

 

                                                                     Э.ДУЛМАА