Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/64

 

 

 

 

 

                                   2024/ШЦТ/64

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Н  

Шүүгдэгч: С.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сын Гт холбогдох эрүүгийн 2312000000216 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотын ............... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Сын Г/РД:УШ............./,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Г нь 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Архангай аймгийн ........ сумын ...... багийн ...........барааны дэлгүүрийн үүднээс хохирогч Н.Мын улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль буюу автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 2312000000216 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           * Хохирогч Н.Мын өгсөн:

“...Би 2023 оны 05 дугаар сарын 29-ний өглөө 08 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэмандал сумын ...... газарт байдаг гэрээсээ ..... сумын .... багийн Хаан банкнаас мөнгө авах гээд эхнэрийн хамт орж ирсэн. Банкнаас мөнгө авчаад эхнэрийн хамт 11 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэмандал .............. барааны дэлгүүрийн хажууд байдаг Буян нэртэй цайны газарт эхнэрийн хамт хоол идээд гараад иртэл миний өөрийн эзэмшлийн улаан өнгийн мустанг 5 маркийн улсын дугааргүй мотоцикл алга болсон байсан. Би сумын төвөөр мотоциклоо хайгаад олдохгүй байхаар нь 17 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэмандал сумын цагдаад мотоциклоо хулгайд алдсан гэж мэдэгдсэн. Миний хулгайд алдсан мотоцикл улаан өнгийн. мустанг 5 маркийн улсын дугааргүй, гэрэл болон үрүүлийн хамгаалалтгүй, урд 2 дохио байхгүй, суудлын доор байдаг 2 талын таг байхгүй, өвдөгний хамгаалалтгүй мотоцикл байсан. Би хулгайд алдсан мотоциклоо зах зээлийн ханшаар 100.000 төгрөгөөр үнэлж байна. Би хулгайд алдсан мотоциклоо 2020 хүнээс 300 000 төгрөгөөр авч байсан. Би Эрдэнэ-Уул багийн малчин .......... гэх залуугаас 300 000 төгрөгөөр авч байсан. Миний хулгайд алдсан мотоцикл түлхүүргүй шууд асдаг байсан. Миний хулгайд алдсан мотоциклд эвдрэл гэмтэл үүсээгүй байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар тал/

 

*Хохирогч Н.Мын дахин өгсөн:

“...Намайг цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаас хойш С.Г нь 2023 оны 05 дугаар сарын 29-ний орой 19 цагийн орчимд миний Мустанг-5 маркийн мотоциклийг авчирч өгсөн. Би С.Гтэй хуурай ах дүү, бид хоёр олон жил айл аймаг хамт амьдарч байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 67 дугаар тал/

 

* Гэрч Ц.П.н өгсөн:

“...Би 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын ........... манай дэлгүүрт ........... камер шүүгээд байж байсан. Юу болсон талаар асуухад танай барааны дэлгүүрийн үүднээс улаан өнгийн мотоцикл хулгайд алдсан байна. Та харсан уу гэж асуухаар нь би мэдэхгүй гэсэн. Удалгүй О. цагдаа П....ахаа та мотоцикл авч яваа хөх өнгийн дээлтэй хүнийг таних уу гэж асуухаар нь би Алаг-Уул багийн иргэн С.Г юм шиг байна гэж хэлэхэд О... цагдаа гараад явсан.  Хөх өнгийн дээлтэй ...... багийн малчин С.Г гэх залуу авч явсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 13-14 дүгээр тал/

 

* Яллагдагч С.Гийн өгсөн:

“...Би тухайн үед 2023 оны 05 дугаар сарын 29-ний өглөө өөрийн гэр болох ......... гэх газар байх гэрээсээ лизингийн бараа авах зорилгоор сумын төв замын машинд сууж сум орсон тэгээд суманд байж байхад ......... гэх газар цуг байдаг манай найз М танай үхэр усанд унасан байна гэж хэлсэн. Тэгээд би Хаан банкны урд лизингийн бараа үзэж явж байхдаа Алтан булаг барааны дэлгүүрийн урд байсан мотоцикль нь иргэн Н.М ахын эзэмшлийн мотоцикль байсныг би мэдсэн ба өөрөө харагдахгүй байсан болохоор би шууд унаад явсан. Тэгээд Их нуурт унасан үхрээ очиж гаргаад орой 18 цаг өнгөрч байхад Э. сум руу очиж Н.М ахад мотоциклыг нь хүлээлгэж өгөхөд өглөө би мотоциклоо хулгайд алдчихаад цагдаад мэдэгдсэн дэлгүүрийн хяналтын камер шүүхэд бүрсгэр сайн харагдахгүй байсан болохоор цагдаад мэдэгдсэн гэж хэлсэн. Тэр үед би та түр хүлээж байхгүй яасан юм бэ? гэж хэлсэн харин камер шүүгээд танигдахгүй байсан гэж хариулт хэлсэн. Тэгээд өглөө хоёулаа цагдаа дээр очъё гэж хэлээд салсан. Сумын төвд манай аав болох Сынд хоноод өглөө манай аав хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 654-56 дугаар тал/

 

*Дамно ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн АЦ23-125 дугаартай:

“...2015 онд үйлдвэрлэгдсэн Мустанг-5 маркийн мотоциклийн 473.625/дөрвөн зуун далан гурван мянга зургаан зуун хорин тав/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 38-43 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

     Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар С.Г нь 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын ......... дэлгүүрийн үүднээс хохирогч Н.Мын улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль буюу автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч С.Г нь 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын .......... дэлгүүрийн үүднээс хохирогч Н.Мын улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикл буюу автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь хохирогч Н.Мын”...Би 2023 оны 05 дугаар сарын 29-ний өглөө 08 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэмандал сумын .......... .... гэх газарт байдаг гэрээсээ Эрдэнэмандал сумын Өлзийт багийн Хаан банкнаас мөнгө авах гээд эхнэрийн хамт орж ирсэн. Банкнаас мөнгө авчаад эхнэрийн хамт 11 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэмандал сумын ........ барааны дэлгүүрийн хажууд байдаг ..... цайны газарт эхнэрийн хамт хоол идээд гараад иртэл миний өөрийн эзэмшлийн улаан өнгийн мустанг 5 маркийн улсын дугааргүй мотоцикл алга болсон байсан. Би сумын төвөөр мотоциклоо хайгаад олдохгүй байхаар нь 17 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэмандал сумын цагдаад мотоциклоо хулгайд алдсан гэж мэдэгдсэн. Намайг цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаас хойш С.Г нь 2023 оны 05 дугаар сарын 29-ний орой 19 цагийн орчимд миний Мустанг-5 маркийн мотоциклийг авчирч өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Ц.П.....”...Би 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын ........... цагдаа камер шүүгээд байж байсан. Юу болсон талаар асуухад танай барааны дэлгүүрийн үүднээс улаан өнгийн мотоцикл хулгайд алдсан байна. Та харсан уу гэж асуухаар нь би мэдэхгүй гэсэн. Удалгүй О.......цагдаа П.... ахаа та мотоцикл авч яваа хөх өнгийн дээлтэй хүнийг таних уу гэж асуухаар нь би Алаг-Уул багийн иргэн С.Г юм шиг байна гэж хэлэхэд О. цагдаа гараад явсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч С.Гийн мэдүүлэг, Дамно ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн АЦ23-125 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч С.Гийн иргэн Н.Мын эзэмшлийн Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч С.Г нь тухайн нөхцөл байдалд нуурын усанд унасан байсан үхрээ гаргах зорилгоор мотоциклийн эзэнд мэдэгдэлгүйгээр түр унаж яваад буцааж авчирч өгсөн үйл баримт тогтоогдох ба автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн хувьд гэмт этгээд тухайн тээврийн хэрэгслийг өөрийн өмч болгох, завших ямар нэгэн зорилгогүй, түр унах, зугтаах, оргох зэргээр авч явсан байх бөгөөд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргээс сэдэлт, санаа зорилгын хувьд дээрх шинжээрээ ялгаатай юм.

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Гийн бусдын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч С.Гийг бусдын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Улсын яллагч шүүгдэгчийг дээрх гэмт  хэрэгт гэм буруутайд тооцуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч улсын яллагчтай маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирол хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан, хохирогч Н.Мт гэмт хэргийн улмаас 497.250 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Шүүгдэгч нь Мустанг-5 маркийн мотоциклийг хохирогч Н.Мт буцаан өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

             Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ. Шүүгдэгч нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй гэж дүгнэв.  

 

Шүүгдэгч С.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Сын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гийг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч С.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

           7.  Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР