Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар шш/2022/0030

 

                        

                           Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

                 татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл би Д.Т-ийн Увс аймгийн Тэс сумын 2021.11.02-ны өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай" Б/16 тоот захирамжийг хүчингүй болгуулж, Тэс сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, Санхүүгийн хяналт, Аудитын албаны улсын байцаагч Л.Ч-ийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 34/01/60 тоот актыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй Увс аймгийн Тэс сумын Засаг дарга, Увс àéìãèéí Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Л.Ч нарт холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Д овогтой Т миний бие боловсролын салбарт 19 жил ажиллаж байгаа бөгөөд үүнээс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс Увс аймгийн Засаг даргын Б/151 тоот захирамжаар Тэс сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон.

Мөн Увс аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн Б/12 тоот захирамжаар Тэс сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн захирлын албанд жинхлэн томилогдсон.

Боловсролын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Тэс сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн Б/03 захирамжаар Тэс сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлаар томилогдсон. Тус сургуульд захирлаар ажиллах хугацаандаа багш ажилчдын нийгмийн асуудал, мэдлэг, мэргэжил дээшлүүлэхэд онцгой анхаарч эрх мэдлийн хүрээнд шийдэж болох бүхий л асуудлыг боломжит хэлбэрээр шийдэж ирсэн бөгөөд сургуулийн гадна, дотно орчны тохижилтод хөрөнгө оруулалт хийж, материаллаг баазыг бэхжүүлсэн билээ.

2017 оны 12 дугаар сарын 16-нд гадаад улсын төслийн санхүүжилтээр сургуулийнхаа бүх суралцагчдыг дүрэмт хувцастай болгож сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн 3,4,5, шатанд бичсэн төслөөрөө шалгаруулалтад тэнцэж хэрэгжүүлэн сурагчдын эрүүл аюулгүй сурч хөгжих орчин бүрдүүлэх зорилтын биелэлтийг ханган ажилласан. Мөн 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургуулийн барилгад хийгдсэн их засварын үр дүнд өргөтгөлийн барилга тусгуулснаар Урлаг, спорт заал, багш хөгжлийн төв, номын сантай болж бүрэн тохижуулах зэрэг шинэлэг бүтээлч, санаачилгатай ажлуудыг хийсэн.

Боловсролын тухай хуульд заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд ямар нэгэн алдаа дутагдалгүй ажиллаж байсан болно. Намайг ажиллаж байх хугацаанд төрийн аудитын төлөвлөгөөт шалгалт хийгдэж зөрчил илэрч байгаагүй. 2020 он болон 2021 онд Увс аймгийн дотоод аудитын хяналт шалгалт хийгдээгүй болно.

Миний бие нь Увс аймгийн Боловсролын газрын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 302 тоот албан бичиг удирдамжийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 01-нээс 04-ний өдрүүдэд зохион байгуулагдсан "Цахим сургууль", "Сургуулийн менежмент"-ийн туршлага судлах сургалтад оролцож байх хугацаанд, мэдэгдэлгүйгээр ажлаас чөлөөлсөн нь хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул гомдолтой байна. Иймд Увс аймгийн Тэс сумын 2021.11.02-ны өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай" Б/16 тоот захирамжийг хүчингүй болгуулж, Тэс сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Т нь нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: “Д овогтой Т намайг Увс аймгийн Дотоод Аудитын хорооны 2021 оны 06 дугаар сарын 11- ний өдрийн 06 дугаар тогтоолыг үндэслэн Тэс сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 02- ны өдрийн Б/16 тоот захирамжаар ажлаас чөлөөлсөн. Миний бие нь Тэс сумын Засаг даргын ажлаас чөлөөлсөн захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний бие нь Ерөнхий боловсролын сургуулийн 2-р сургуулийн захирлаар 2016 оны 12 сарын 26-нд Аймгийн Засаг даргын Б/ 151 тоот захирамжаар томилогдон ажиллаж эхэлсэн. Тэгтэл Санхүүгийн хяналт, Аудитын албаны улсын байцаагч Л.Ч нь тухайн үед хяналт шалгалтаар ирсэн бол надад удирдамж, ямар шалгалт хийх талаараа огт танилцуулаагүй. Улсын байцаагч нь Дотод аудитын даргын удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус шалгалт хийгээд надад 410,760 төгрөгийн эд хөрөнгө дутагдуулсан гэх акт тавьсныг огт ойлгохгүй байна. Тухайн үед хяналт, шалгалт хийсэн бол ямар дутагдал, зөрчил гаргасан ямар эд хөрөнгө дутагдуулсан талаар надад огт танилцуулаагүй. Би тухайн үед акт тавигдсаныг мэдээгүй. Байцаагч нь акт тавьсан бол надад хуулийн хугацаанд танилцуулах ёстой үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Надад 2-р сургуулийн захирлаар ажиллаж байхдаа ямар нэг эд хөрөнгийг хувьдаа ашиглах ямар ч санаа зорилго байхгүй. Захирлын үүрэгт ажилдаа хууль тогтоомжийг хэрэгжүүлэн, Төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлан хариуцлагатай ажиллаж байсан болно. Улсын байцаагчийн актыг 2022 оны 04 дүгээр сарын 08-нд хүлээн авсан болно. Иймээс ямар ч үндэслэлгүй 410760 төгрөгийн эд хөрөнгө төлүүлэхээр тавьсан актыг хүлээн зөвшөөрөхгүй нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргаж байна. Иймд Улсын байцаагчийн 2021-05-20-ны өдрийн 34/01/60 тоот актыг хүчингүй болгож, ажлаас чөлөөлөгдсөн нэхэмжлэлтэй хамтруулан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Тэс сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Аймгийн засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/67 тоот захирамжаар тус сумын Засаг даргаар томилогдож сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаар захирамжаар ажлын хэсгийн ахлагчаар томилогдож тухайн ажлын хэсэг суманд үйл ажиллагаа явуулж байгаа ОНӨААТҮГазар, төсөвт байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж хяналт шалгалт хийж 2021 оны 01 дүгээр сарын 19 өдөр Таван улиасны төвийн их эмчийн салбар, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаатай танилцаж хяналт шалгалт хийхээр ажлын хэсэг очоод тус сургуулийн захирал байхгүй улмаас буцаж, дахин 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр очиж ажилласан.

Энэ үед байгууллагын ажилчдын цагийн бүртгэл 03 сарын 01-ээс хойш 6 өдрийн бүртгэл байхгүй, ковидын үед байгууллагын хоолны хүнсний үлдэгдлийг зорилтод бүлгийн иргэдэд тараасан бичиг баримт, нотлох зураг байхгүй, санхүүгийн мэдээллээ байгууллагын самбар дээрээ 2021 оны 10 дугаар сарын 01 өдрөөс хойш мэдээлээгүй, 2021 оны 09 дүгээр сарын 01 өдрийн хоолны цэсээр тэр өдрийг хүртэл явсан, хоолны дээж хадгалсан, устгасан цагийн бүртгэлгүй, тус сургуулийн нэг жигүүрийн халаалт тэр чигтээ хөлдсөн байдалтай байсан.

Мөн сумын ИТХ-ын тэргүүлэгчид тухайн байгууллагын үйл ажиллагаатай танилцах удирдамжийн дагуу очиход мөн зугтан илтээр мод руу зугтан алга болсон. Энэ нь төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг баримталдаггүй, ажилдаа хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдлээс гадан төрийн албан хаагчдын ажлын бүтээмжийг алдагдуулсан, төсвийн хохирол үүсгэж хүндрэл чирэгдэл учруулсан явдал юм.

2020 оны жил эцсийн санхүүгийн тайлангаар: Түүхий эд материал -950,760

Эм боох материал -950,760

Бичиг хэргийн материал -12,741,000

Түлш шатах тослох материал -3,900,000 Хүнсний материал-8,473,397

Бусад хангамжийн материал 7,123-875 төгрөгийн эцсийн үлдэгдэлтэй байсан тул 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 53 тоот албан бичгээр Увс аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанд тус сургуулийн тендер шалгаруулалт, хөрөнгө материалын худалдан авалт болон санхүүгийн баримтад хяналт шалгалт хийж өгөх тухай хүсэлтийг хүргүүлж аймгийн Засаг дарга, дотоод аудитын хорооны даргын баталсан удирдамжийн дагуу ахлах Аудитор Л.Ч санхүүгийн хяналт шалгалт хийж гүйцэтгэн 2021 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн Увс аймгийн дотоод аудитын хорооны 06 дугаар тогтоолоор "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль" "Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоол"-ыг 2019, 2020 онуудад хэрэгжүүлж ажиллахгүй Тэс сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал Д.Т-т "Төрийн албаны тухай хуулийн дагуу арга хэмжээ авахыг уламжилсан тогтоол ирсэн. Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд аудитын шалгалт хийсэн тухай дотоод аудитын хорооны тогтоол танилцуулахаар утсаар холбогдож дуудсан ч мөн л ирээгүй. Энэ нь тухайн хүнийг төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг баримталдаггүй, ажилдаа хариуцлагагүй, сэтгэлгүй хандаж буйн тод илрэл юм.

Тус сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал Д.Т-ийг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 207 тоот албан бичгээр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг сум баг хооронд улсын шуудангийн үйлчилгээ байхгүйн улмаас 2021оны 09 дүгээр сарын 28-ны өдөр тус сумын 10 дугаар багийн иргэн П овогтой Юнэрэн /айл хөрш байдаг/-д дугтуйнд хийж битүүмжлэн хүргүүлж, мөн өөрийнх нь Donloi Tungalag гэсэн цахим хаяг руу нь, ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн нярав, бичиг хэрэг номын сан хариуцсан ажилтан Х.Дгийн /Д хуяг/ хаяг руу сканердсан файл хэлбэрээр 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тус сумын Засаг даргын орлогч Н.Н-н хаягаас хүргүүлсэн. Д.Т-ийг ажлаас чөлөөлөхдөө Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасны дагуу эрх ,хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд нөхцөл байдлын талаар тайлбар гаргах бололцоо олгож сонсох ажиллагаа явуулахаар дуудсан боловч ирээгүй сүүлдээ утсаа авахгүй болсон.

2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн хамт олны хуралд оролцож миний хувьд Д.Т захирал алдаа зөрчил дутагдал гаргаж ажилдаа сэтгэлгүй хандаж "Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх' үүргээ хангалтгүй гүйцэтгэж ажилласан учраас ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 207 тоот албан бичгээр хүргүүлсэн байгаа хэрвээ хамт олон та бүхэн Д.Т захиралтайгаа цаашид хамтарч ажиллаад байгууллагынхаа үйл ажиллагааг сайжруулаад явж чадна гэвэл би та бүхний шийдвэрийг хүндэтгээд хамтарч ажиллах боломж олгоё гэж хэлээд цаашид хамтарч ажиллана гэж байгаа ажилчид гараа өргөөрэй гэхэд нэг ч ажилтан дэмжээгүй болно.

Д.Т нь "Намайг ажиллаж байх хугацаанд 2020 он болон 2021 онд Увс аймгийн дотоод аудитын хяналт шалгалт хийгдээгүй, мэдэгдэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж худал мэдүүлж нэхэмжилсэн байна.

Иймд Д.Т-ийн Увс аймгийн Тэс сумын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай" Б/16 тоот захирамжийг хүчингүй болгуулж, Тэс сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Л.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Увс аймгийн Дотоод аудитын хорооны даргын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамж, 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамж, Тэс сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 53 дугаар албан тоотын дагуу Тэс сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд хяналт шалгалт хийсэн.

Хяналт шалгалтын дүнгээ 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Дотоод аудитын хорооны хурлаар оруулж хэлэлцүүлэн тогтоол гаргуулж, Тэс сумын Засаг дарга С.Д-д 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаартай албан тоотоор хүргүүлж, тухайн сургуулийн захирал Д.Т-т хүргүүлсэн боловч Засаг даргыг дуудаж Дотоод аудитын хорооны тогтоол, акт, зөрчлийн тэмдэглэл, сонсох ажиллагааны тэмдэглэл зэргийг танилцуулах гэсэн боловч ирээгүй бөгөөд утсаар ярихад "би хүлээн зөвшөөрөхгүй байна" гэсэн хариу өгсөн тул материалаа буцааж авсан.

Шалгалтын удирдамжаа сумын Засаг даргад танилцуулж, сургуулийн нягтлан бодогчоос санхүүгийн баримтыг хүлээн авч шалгалтын ажлыг явуулж хяналтын тооллого хийхэд сургуулийн дотуур байрны сурагчдад олгох эмийг Улаангомоос захирал өөрөө явж авдаг, авсан эмээ хүлээлгэж өгдөггүй, яаж зарцуулсан талаар тайлан гаргаагүй, эмийн үлдэгдэлтэй боловч тоолоход ямар ч эм байгаагүй тул улсын байцаагчийн акт үйлдсэн. Эмийн үлдэгдлээс чагнуур, даралтын аппарат зэрэг 540.000 төгрөгийн хөрөнгүүдийг хасаж, авах ёстой эм нь байхгүй байсан учраас акт тавьсан болно Актыг тухайн сургуулийн нярав, нягтлан бодогч, захирал нарыг дуудаж танилцуулсан. Нярав Х.Д би өөрийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж хөлдөөсөн хүнсний ногооны үнийг төлнө гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч акт, сонсох ажиллагааны тэмдэглэл, зөрчлийн тэмдэглэлд гарын үсгээ зурахгүй байгаа шалтгааныг тус сургуулийн захирал нь нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж байна. Хяналтын тооллогыг тус сумын Засаг дарга С.Д, нягтлан бодогч Н.У нарын бүрэлдэхүүнтэй явуулсан тул эдгээр хүмүүсээс тайлбар тодруулга авч болно.

Иймд улсын ахлах байцаагчийн хувьд тавьсан актаа үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Нэхэмжлэгч Д.Тийн өмгөөлөгч Б.Цагцалмаа миний бие нь нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу дараах хүсэлтийг гаргаж байна.

Нэхэмжлэгч Д.Т нь Тэс сумын ЕБ-ын 2-р бага сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, мөн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч Л.Ч-ийн 2021-05-20-ны өдрийн 34/01/60 тоот актыг хүчингүй болгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэл танай шүүхэд гаргасан билээ. Тэгтэл нэхэмжлэгч Д.Т нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66-р зүйлийн 66.1-д заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлт гаргаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Цаашид тухайн нэхэмжлэлийн талаар ямар нэг маргаан байхгүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Т нь анх Увс аймгийн Тэс сумын Засаг даргад холбогдуулан “Увс аймгийн Тэс сумын 2021.11.02-ны өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай" Б/16 тоот захирамжийг хүчингүй болгуулж, Тэс сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Увс àéìãèéí Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Л.Ч-д холбогдуулан “Санхүүгийн хяналт, Аудитын албаны улсын байцаагч Л.Ч-ийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 34/01/60 тоот актыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж, хүсэлтээ ирүүлсэн байна.

Иймд  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож байгаа тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Т-ийн “Увс аймгийн Тэс сумын 2021.11.02-ны өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай" Б/16 тоот захирамжийг хүчингүй болгуулж, Тэс сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, Санхүүгийн хяналт, Аудитын албаны улсын байцаагч Л.Ч-ийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 34/01/60 тоот актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд мөн захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.ОЮУНГЭРЭЛ