| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2020/04065/И |
| Дугаар | 183/ШШ2021/00266 |
| Огноо | 2021-02-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 183/ШШ2021/00266
| 2021 02 02 | 183/ШШ2021/00266 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
.......дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхим хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Ц-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.Б
Хариуцагч: Э К ХХК нарт холбогдох
Орон сууцны талбайн зөрүү 20 329 305 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж, хариуцагч, Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагч Э К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, Э.С, нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Бөөс 2019 оны 8 сарын 09-ний өдөр 2175 дугаар бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан ....... дүүрэг, 00 дүгээр хороо, 000 байр 000 тоот 167 м.кв талбай бүхий орон сууцыг гэрээний дагуу өөрийн нэр дээр гэрчилгээг авсан. Харин орон сууцаа Э К ХХК-ийн борлуулалтын албанаас актаар 2019 оны 9 сарын 10-ны үед хүлээн авсан байдаг. Тухайн үед миний Э К ХХК-ийн борлуулалтын албанаас байрны мкв-ын зураг төсөлтэй танилцахыг хүссэн боловч борлуулалтын албанаас манай барилга, орон сууцанд мкв-ын зөрүү гайгүй ээ, мөн барилгын зураг төсөл энд байхгүй тул бид гарган өгөх боломжгүй. Манайхаас м.кв-ын зөрүүтэй эсэх талаар санал хүсэлт ирсэн тохиолдолд бид мкв-ын зөрүүтэй асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэдэг. Иймд та хэрэгтэй гэж үзвэл хүсэлтээ хэдийд ч манайд хандан гаргах боломжтой. Манай компаниас таны асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө өө гэсэн тайлбарыг өгсөн. Энэ үед барилгын цонх сийгэх, зарим хэсэг нь дутуу хийгдсэн байсан тул Э К ХХК-д хандан албан хүсэлтийг хүргүүлсэн боловч ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй. Ийнхүү миний бие уг асуудлаар нийслэлийн мэргэжлийн хяналтын албанд хандсан өргөдөл гаргасан байдаг. Орон сууцны мкв-ыг надад хүлээлгэн өгсөн компани шийдвэрлэж өгнө гэсэн болохоор 2020 оны 1 сарын 22-ны өдөр орон сууц м.кв-ын хэмжилт хийдэг Х ХХК-д хандаж хэмжилт хийлгэсэн. Тэгтэл надад 167 м.кв гэж хүлээлгэн өгсөн орон сууц нь 159,06 м.кв болох нь дүгнэлтээр тодорхой болсон. Миний бие Э К ХХК-д 2020 оны 2 сарын 17-ны өдөр албан ёсоор байрны мкв-ын зөрүүг шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтийг хүргүүлсэн. Харин Э К ХХК-иас 2020 оны 02 сарын 19-ний өдрийн 05/2020-20 дугаартай хариу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг ирүүлсэн. Тус албан бичигт уг орон сууцыг Э К ХХК-ийн Л М ХХК-д бартерын дагуу шилжүүлсэн тул манай компани уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй ба та бүхэн Л М ХХК-иас зөрүү төлбөрийнхөө асуудлыг шаардана уу гэсэн агуулга бүхий бичгийг өгсөн. Иймд орон сууцны м.кв-ын зөрүү болох 7,96 мкв худалдан авах үнэ болох 407 600 000 төгрөг /үүн дээр 60 000 000 төгрөг тооцож RX350 маркийн 2013 онд үйлдвэрлэгдсэн, 2019 онд орж ирсэн автомашин шилжүүлсэн ба гэрээн дээрх үнийн дүнгээс метр квадратыг тооцсон болно/ ба 1 мкв үнэ болох 2 440 718.5 нийт мкв зөрүүний үнэ болох 19 379 305 төгрөг, мөн өмгөөлөгчид урьдчилж төлсөн төлбөр болох 950 000 төгрөг нийт 20 329 305 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э К ХХК-ийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани Д.Ц-тай ямар нэгэн гэрээний харилцаанд ороогүй. Манай компани уг байрыг Л М ХХК-д бартераар худалдсан ба уг байрыг хүлээлгэж өгөөд тэр компани иргэн Б.Б-д гэрээний дагуу шилжүүлж эд хөрөнгийг өмчлөх эрх иргэн Б.Б-ийн өмчлөлд шилжсэн. Иргэн Д.Ц-д манай компани уг байрыг хүлээлгэж өгөөгүй учраас байр хүлээлцсэн гэсэн акт байхгүй, иймд манайх хариуцагчаар татагдах үндэслэлгүй. Мөн байрны м.кв-ын зөрүүг үнэн зөв гэж үзэхэд учир дутагдалтай гэв.
Хариуцагч Б.Б болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б миний бие нь Л М ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд Э К ХХК-д арматур нийлүүлж, түүний үнэнд бартераар уг байрыг авч, өмчлөх эрхийн гэрчилгээ 2019 оны 06 сарын 19-ний өдөр миний нэр дээр гарсан. Ингээд уг 217 тоот байрыг Д.Ц-д худалдах-худалдан авах гэрээний дагуу 2019 оны 08 сарын 19-ний өдрийн гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлж өгсөн. Уг байрыг миний бие Э К ХХК-иас эрх бүхий төрийн захиргааны байгууллагын гэрчилгээнд бичсэн 167 м.кв гэж бичсэнээр л бартераар авсан. Байр худалдах гэрээнд м.кв-ын үнийн талаар тохиролцоогүй бөгөөд байрны үнийг 407 600 000 төгрөгөөр тохиролцож зарсан бөгөөд би уг байрыг анх Э К ХХК-иас уг байрыг 446 000 000 төгрөгөөр авсан бөгөөд Д.Ц-д авсан үнээсээ 49 000 000 төгрөгөөр хямд зарсан. Энэ зөрүүг би шаардаагүй. Нэхэмжлэгч Д.Ц нь уг байрыг хүлээн авснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсний дараа буюу 2020 оны 03 сарын 10-ны өдөр анх нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь шаардах эрхгүй гэж үзэж байна. мөн тухайн байрны м.кв-ыг Х ХХК-иар хэмжилт хийлгэж, үүнийхээ дагуу мөнгө гаргуулна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Тус компани нь ямар үйл ажиллагаа явуулдаг, түүнчлэн ийм үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд талаарх ч баримт байхгүй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү, энэ хэрэгт би хамааралгүй гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Э К ХХК, Б.Б нарт холбогдуулан орон сууцны талбайн зөрүүний 20 329 305 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч Б.Б нь иргэн Б.Б-т 2019.07.19-ний өдрийн 1388 дугаар Итгэмжлэлээр өөрийн өмчлөлийн .......дүүргийн 00 дүгээр хороо, 000 дугаар байр, 000 тоот хаягт байрлах 167 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг бусдад худалдах, бэлэглэх, арилжих, гэрээ байгуулах, төлбөр тооцоог хийх, холбогдох баримтад төлөөлж гарын үсэг зурах эрхийг, 3 жилийн хугацаатайгаар олгож, уг итгэмжлэлийн үнэн зөвийг нотариатч гэрчилсэн байна./хх-ийн 7/
Дээрх итгэмжлэлийн дагуу Б.Б нь нэхэмжлэгч Д.Ц-тай хариуцагч Б.Бийн өмчлөлийн .......дүүргийн 00 дүгээр хороо, Стадион оргил Их Монгол улс гудамж, 000 дугаар байр, 000 тоот хаягт байрлах 167 м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууцыг 407 600 000 төгрөгөөр Д.Ц-д худалдахаар тохиролцож, уг гэрээний дагуу Д.Ц-д уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжиж, хууль ёсны өмчлөгч болсон болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрээ, бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-5/
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Худалдан авагч нь гэрээ байгуулсан өдөр орон сууцны үнэ болох 407 600 000 төгрөгийг бэлэн мөнгө болон машин оролцуулж, худалдагч талд төлөх, худалдагч тал гэрээ байгуулсан өдрөө орон сууцыг хүлээлгэн өгөхөөр гэрээнд тусгасан байх ба талууд мөнгө өгч авалцсан болон байр хүлээлцсэн асуудлаар маргаангүй байна.
Нэхэмжлэгч Д.Ц нь орон сууцыг өмчлөлдөө авснаас хойш орон сууцныхаа талбайн хэмжилтийг 2020 оны 01 сарын 23-ны өдөр Х ХХК-иар хийлгүүлж, 159.06 мкв болохыг тогтоолгож, улмаар энэ нь талуудын хоорондох гэрээнд заасан хэмжээнээс 7,94 м.кв-аар бага байсан тул 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч Д.Ц нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...орон сууцаа Э К ХХК-ийн борлуулалтын албанаас актаар 2019 оны 9 сарын 10-ны үед хүлээн авсан байдаг. Тухайн үед миний Э К ХХК-ийн борлуулалтын албанаас байрны мкв-ын зураг төсөлтэй танилцахыг хүссэн боловч борлуулалтын албанаас манай барилга, орон сууцанд мкв-ын зөрүү гайгүй ээ, мөн барилгын зураг төсөл энд байхгүй тул бид гарган өгөх боломжгүй гэсэн. Орон сууцны мкв-ыг надад хүлээлгэн өгсөн компани шийдвэрлэж өгнө гэсэн болохоор 2020 оны 1 сарын 22-ны өдөр орон сууц м.кв-ын хэмжилт хийдэг Х ХХК-д хандаж хэмжилт хийлгэсэн. Тэгтэл надад 167 м.кв гэж хүлээлгэн өгсөн орон сууц нь 159,06 м.кв болох нь дүгнэлтээр тодорхой болсон. Миний бие Э К ХХК-д 2020 оны 2 сарын 17-ны өдөр албан ёсоор байрны мкв-ын зөрүүг шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтийг хүргүүлсэн. Харин Э К ХХК-иас 2020 оны 02 сарын 19-ний өдрийн 05/2020-20 дугаартай хариу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг ирүүлсэн. Тус албан бичигт уг орон сууцыг Э К ХХК-ийн Л М ХХК-д бартерын дагуу шилжүүлсэн тул манай компани уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй ба та бүхэн Л МХХК-иас зөрүү төлбөрийнхөө асуудлыг шаардана уу гэсэн агуулга бүхий бичгийг өгсөн гэж тайлбарлаж, худалдах худалдан авах гэрээ, мэдэгдэх хуудас зэргийг хамт ирүүлжээ.
Хариуцагч Б.Б татгалзлын үндэслэлээ ...Уг орон сууцыг м.кв-аар нь биш нийт үнийн дүнгээр тохирч худалдсан тул надад хамааралгүй, түүнчлэн хуульд заасан гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн... гэж, хариуцагч Э К ХХК ...Манай компани нь Б.Ц, Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй хийсэн худалдах худалдан авах гэрээнд ямар нэг талыг төлөөлөөгүй бөгөөд гэрээний оролцогч биш тул ямар нэгэн үүрэг хүлээхгүй, хариуцагч биш гэх тайлбарыг гаргаж тус тус маргажээ.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.-д зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үздэг бөгөөд мөн зүйлийн 251.2.-т гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр заажээ. Нэхэмжлэгч орон сууцны чанарын талаар бус харин талбайн хэмжээний талаар гомдол гаргаж байгаа нь гүйцэтгэсэн ажлын чанарыг тодорхойлох доголдол болохгүй гэж үзсэн ч энэхүү байдал нь захиалагчийн төлөх төлбөрийн хэмжээнд нөлөөлөх боломжтой тул нэхэмжлэлийн шаардлага нь орон сууцны талбайн бодит хэмжээнд нийцүүлэн төлбөрийн хэмжээг багасган тооцох, улмаар илүү төлсөн мөнгийг буцаан авах агуулгатай байна. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1.-д эд хөрөнгийн доголдлыг арилгуулахаар худалдан авагчаас гаргах шаардлагыг тодорхойлжээ. Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж заасан хэдий ч энэ шаардлагаа мөн зүйлийн 254.2.-т зааснаар худалдан авагч нь баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд гаргах ёстой ба ийнхүү энэ хугацаанд гомдол гаргаагүй бол тэрээр доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болно гэж заасан байна.
Түүнчлэн тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгийг худалдан авагч хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөхөөр мөн зүйлийн 254.4.-т заажээ. Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагчид холбогдуулан энэ шаардлагыг нэхэмжлэлдээ гаргажээ. Нэхэмжлэгч нь эд хөрөнгийн доголдлын талаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар шаардлага гаргах эрхтэй боловч нэхэмжлэгч гэрээнд заасан орон сууцыг хүлээн авч, өөрийн өмчлөлд шилжүүлэх үед Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар доголдлыг мэдэх боломжтой байсан гэж үзэхээр байхаас гадна хариуцагч доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан гэж үзэх баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдан авагч шаардах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн, талууд гэрээгээр эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоогоогүй байх бөгөөд нэхэмжлэгч нь эд хөрөнгийг өөрийн өмчлөлд 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр авч, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.2-т зааснаар шаардлага гаргасан нь мөн зүйлийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан эд хөрөнгийн доголдлын талаарх шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн байна.
Нөгөөтэйгүүр, хариуцагч Э К ХХК нь талуудын байгуулсан гэрээний оролцогч биш бөгөөд ямар нэг үүрэг хүлээлгэсэн гэх баримтгүй энэ талаараа нэхэмжлэгч нотлоогүй тул уг хэргийн хариуцагч гэж үзэхээргүй байна.
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2, 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ц-ын хариуцагч Э К ХХК, Б.Б нараас орон сууцны талбайн зөрүү 20 329 305 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц-ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 259 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ