Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2021/00121

 

 

      2021.01.19              183/ШШ2021/00121

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: О Ш ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: И М ХХК -д холбогдох,

Тээвэрлэлтийн гэрээний үүрэг 3.100 ам.доллар, алданги 1.550 ам.доллар, нийт 4 650 ам.доллар буюу 13 052 364 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн төлөөлөгч Н.Д, түүний өмгөөлөгч Р.Б, нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

Нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О Ш ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И М ХХК-ийн ачаа тээврийг 2015 оноос хойш тээвэрлэж ирсэн бөгөөд 2018 онд И М ХХК-тай 00000 тоот Тээврийн зуучийн үйлчилгээний гэрээг байгуулсан байдаг. Уг гэрээний дагуу 2-3 тээвэрлэлт хийгдсэн байдаг. 2019 оны 8 сард Турк улсын Анталия хотоос тээвэрлэлт хийлгэхээр И М ХХК-ийн захиалгын дагуу манай компани 2 янзын үнийн саналыг тус компанийн захирал М.Э э-майл хаягт явуулсан бөгөөд Турк улсын Анталия хотоос бүтэн машин бүхий ачааны тээвэрлэлтийг зохион байгуулан 2019 оны 10-р сарын 21-ний өдөр нийт ачааг ямарваа нэг эвдрэл гэмтэлгүй, тоо ёсоор хүлээлгэн өгсөн байдаг. Ингээд нийт тээврийн хөлс болох 12 950 ам.долларыг И М ХХК төлөх байснаас 9 850 ам.долларыг төлсөн бөгөөд 3 100 ам.долларыг төлөхгүй гэж мэдэгдсэн. И М ХХК-ийн зүгээс шалтгааныг тодруулахад тээврийн хугацааг хоцроосон гэж мэдэгдсэн. Гэвч хоёр компанийн хооронд хийгдсэн 00000 тоот Тээврийн зуучийн үйлчилгээний гэрээнд тээвэр зуучлагч тал хугацаан дээр үүрэг хүлээгээгүй. Харин ачааны бүрэн бүтэн байдалд 100% үүрэг хүлээсэн байдаг. Манай компанийн зүгээс И М ХХК-д удаа дараа эвлэрлийн журмаар шийдэх хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй. Иймд И М ХХК-аас 00000 тоот Тээврийн зуучийн үйлчилгээний гэрээний дагуу тээврийн хөлс 3 100 ам.доллар, түүний алданги болох 1 550 ам.доллар буюу нийт 13 052 364 төгрөгийг гаргуулан манай компанийн хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч И МХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: И МХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд барилгын хуванцар металл цонх үйлдвэрлэн суулгах үйл ажиллагаа явуулдаг. О ХХК нь манай байгууллагын гадаад ачаа тээврийг 2015 оноос зөвхөн үнийн саналыг үндэслэн өнөөдрийг хүртэл 8-9 удаа тээвэрлэлтийг хийж байсан. 2018 оны 2 сарын 27-ны өдөр байгуулсан гэрээ нь 1-т тээвэрлэлт хийгдэх бүрт хийгддэг гэрээ биш 2-т Зөвхөн ачааг гааль дээр авахад шаардагддаг, ерөнхий л зүйл заалттай гэж тайлбарлан бидний удаан хугацааны итгэлцлийг ашиглан уншиж танилцуулалгүйгээр ажил тарах цагаар яаруу сандруу хийсэн байдаг. Иймдээ ч 2 талд байдаг гэрээний хувь нь он сар өдөр зөрүүтэй, гэрээний дугаар нэг хувь дээр байгаад, нөгөө хувь дээр байдаггүй. Хамтын ажиллагаа эхэлсэн цагаас гэрээг үндэслэж биш зөвхөн үнийн саналыг үндэслэж тээвэрлэлт хийгдэж байсан. Тухайн үед Турк улсын Анталиа хотоос 40тн контейнер бүхий ачааг дараах 2 нөхцөлтэйгээр тээвэрлүүлэх үнийн саналыг авсан. Төмөр замаар, 30-35 хоног, 9800 ам.доллар /Ачаа 2019.10.09-2019.10.14 хооронд ирэх байсан/ Машинаар, 19-24 хоног, 12 950 ам.доллар /Ачаа2019.09.28-2019.10.03 хооронд ирэх байсан/. Бид хоёр дахь үнийн саналыг сонгосон гол шалтгаан нь хугацаа хожиж, барилга байгууламж дулаан авах хугацаанаас өмнө амжин 1 ч гэсэн барилгын цонх, тагтыг хийх зорилготой байсан. Ачаа маань хугацаандаа ирээгүй 18 хоног хоцорч 2019.10.21-ны өдөр ирсэн. Ачаа хугацаа хоцорсон шалтгаан нь ямар нэгэн давагдашгүй хүчин зүйл тохиолдоогүй, хил гааль хааснаас болоогүй, харин ачааг тээвэрлэж буй машины жолооч үнэмлэхний зөрчилтэй Алтанбулагийн хил дээрээс буцсан байдаг. Иймд нэхэмжлэгч буюу О ХХК нь энэ төлбөрийг манай байгууллагаас нэхэмжлэх үндэс байхгүй, хугацаа хоцроосон тээвэрлэгч байгууллагаас нэхэмжлэх нь үндэслэлтэй. Мөн хугацаа хоцроосноос гадна ачаа хоцроод эхэлмэгц 1-т тээврийн мэдээ илгээхээ больсон, 2-т хариуцсан ажилтан Э.Х холбоо тасарсан зэргээр манай ачааг үнэгүйдүүлсэн байдаг. Бид огт төлбөр төлөөгүй биш, эхний үнийн саналын хугацаанаас хоцорсон ч 9 800 ам.долларыг төлсөн бөгөөд энэ нь зохих ёсны төлбөр гэж үзэж байна. О ХХК нь үнийн санал дээрх хугацаа, нөхцлийг үндэслэлгүйгээр гааль ачаа авахад шаардагддаг гэж байгуулсан ерөнхий зүйл заалттай, хэт нэг талыг барьсан гэрээг ашиглан энэ төлбөрийг нэхэмжлэх үндэсгүй. Хэрэв О ХХК нь гэрээн дээр тээвэр зуучлагч тал хугацаан дээр үүрэг хүлээгээгүй, харин ачааны бүрэн бүтэн байдалд 100% үүрэг хүлээсэн" гэж үзэж байгаа бол харилцагч байгууллагууддаа хугацаа авалгүйгээр тээвэрлэлтийн үнийн санал өгвөл ямар ч байгууллага тээвэр хийлгэхгүй нь ойлгомжтой. Иймд тээвэрлэлтийн нөхцөлд хугацаа маш чухал тул О ХХК хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Мөн талуудын байгуулсан 00000 дугаар Тээвэр зуучийн үйлчилгээний гэрээгээр талууд гэрээний гол нөхцөл болох үнийг тохироогүй, түүнчлэн уг гэрээний төлбөрийг төгрөгөөр биш ам.доллараар төлөхөөр гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хууль зөрчсөн үндэслэлд хамаарах тул уг гэрээний дагуу шаардах үндэслэлгүй гэж гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О Ш ХХК хариуцагч И М ХХК-д холбогдуулан Тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 3.100 ам.доллар, алданги 1.550 ам.доллар, нийт 4 650 ам.доллар буюу 13 052 364 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...нийт тээврийн хөлс болох 12 950 ам.долларыг И М ХХК төлөх байснаас 9850 ам.долларыг төлсөн бөгөөд 3 100 ам.долларыг төлөхгүй гэж мэдэгдсэн. И М ХХК-н зүгээс шалтгааныг тодруулахад тээврийн хугацааг хоцроосон гэх үндэслэл хэлж байгааг зөвшөөрөхгүй. Хоёр компанийн хооронд хийгдсэн 00000 тоот Тээврийн зуучийн үйлчилгээний гэрээнд тээвэр зуучлагч тал хугацаан дээр үүрэг хүлээгээгүй. Харин ачааны бүрэн бүтэн байдалд 100% үүрэг хүлээсэн байдаг... гэх тайлбар гаргаж, нотлох баримтаар тээвэр зуучийн үйлчилгээний гэрээ, и-мэйлд үзлэг хийлгэж, холбогдох бусад бичгийн нотлох баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

 

Хариуцагч тал ...Бид хоёр дахь үнийн саналыг сонгосон гол шалтгаан нь хугацаа хожиж, барилга байгууламж дулаан авах хугацаанаас өмнө амжиж нэг ч гэсэн барилгын цонх, тагтыг хийх зорилготой байсан. Ачаа маань хугацаандаа ирээгүй 18 хоног хоцорч 2019.10.21-ны өдөр ирсэн. Ачаа хугацаа хоцорсон шалтгаан нь ямар нэгэн давагдашгүй хүчин зүйл тохиолдоогүй, хил гааль хааснаас болоогүй, харин ачааг тээвэрлэж буй машины жолооч үнэмлэхний зөрчилтэй Алтанбулагийн хил дээрээс буцсан байдаг. Мөн хугацаа хоцроосноос гадна ачаа хоцроод эхэлмэгц 1-т тээврийн мэдээ илгээхээ больсон, 2-т хариуцсан ажилтан Э.Х холбоо тасарсан зэргээр манай ачааг үнэгүйдүүлсэн байдаг. Бид огт төлбөр төлөөгүй биш, эхний үнийн саналын хугацаанаас хоцорсон ч 9 800 ам.долларыг төлсөн бөгөөд энэ нь зохих ёсны төлбөр гэж үзэж байна... гэх тайлбарыг гаргаж, маргажээ.

 

 Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

            Талуудын хооронд 2018 оны 2 сарын 27-ны өдөр 00000 дугаар Тээвэр зуучийн үйлчилгээний гэрээ байгуулагдаж /хариуцагч талаас гаргаж ирүүлсэн гэрээний он сараар/, уг гэрээний дагуу О ХХК нь Монгол улсад орж, гарах экспорт, импортын тээврийг зохион байгуулж зуучийн үүрэг гүйцэтгэх, И МХХК нь зуучийг үнэн зөв мэдээллээр хангаж, өөрийн захиалсан бараа, бүтээгдэхүүнээ хүлээн авах, хүргүүлэх, мөн тээврийн хөлс болон тухайн тээврийг зохион байгуулахад гарсан аливаа нэмэлт зардлыг урьдчилан бичгээр харилцан тохиролцсон үнэ тарифын дагуу ачаа эцсийн хүрэх өртөөнд хүрсэн өдөр төлөхөөр харилцан тохиролцсон байна./хх-15-16/

Хариуцагч тал дээрх гэрээг нэг удаагийн шинж чанартай бус, өмнө болон одоогийн хамтын ажиллагааг илэрхийлсэн, ерөнхий зүйл заалттай гэрээ гэж тайлбарлаж байх ба тээвэрлэлт хийх тухай бүрт үнийг тохирдог гэж тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал маргаагүй байна.

 

Хариуцагч И М ХХК нь Турк улсын Анталиа хотоос ачаа тээвэрлүүлэхээр О ХХК-ийн борлуулалтын менежер Э.Хтэй холбогдож, улмаар уг ачааг хурдан хугацаанд тээвэрлэн авчруулах нөхцлийг дурдаж, үнийг судлуулахаар тохиролцсон байх ба дээрхийн дагуу 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Bilguunхаягнаас [email protected] хаягт FTL буюу бүтэн машинаар тээвэрлэлт хийлгэж авах үнийн санал болон төмөр замаар тээвэрлэлт хийлгэж авах үнийн саналыг хүргүүлсэн болох нь э-майл хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Э.Хий мэдүүлэг зэргээр тогтоогдож байна./хх-ийн 56-79/

 

Хариуцагч тал дээрх 2 төрлийн тээвэрлэлт хийлгэх саналын FTL буюу бүтэн машинаар тээвэрлэлт хийлгэх саналыг сонгож, улмаар 2019 оны 8 сарын 30-ны өдөр О ХХК-ийн борлуулалтын менежер Э.Хд и-мэйл хүргүүлсэн байх ба 2019 оны 9 сарын 07-ны өдөр ...захиалгыг 12 950 ам.доллараар баталгаажууллаа. ...9 сарын 09-нд ачилтыг хийх болно. Машин өдөрт 550-660 км явна гэж тооцоолохоор19-24 өдөрт Монголд ирэх болно. Энэ хугацаа нь төмөр замыг бодвол 30 хувь илүү хурдан Монголд ирэх болно. гэсэн хариуг хүргүүлснээр талуудын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.3-т гэрээний саналыг хариу ирүүлэх хугацаатайгаар илгээсэн бөгөөд дурдсан хугацаанд нөгөө талаас зөвшөөрсөн хариу авсан бол гэрээ байгуулсанд тооцно гэж зааснаар талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан Тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ...тээвэрлэгч нь ...ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэснээр тээвэрлүүлэгч И МХХК нь тохирсон хөлсөө төлөх үүрэгтэй байна.

 

Харин хариуцагчийн өмгөөлөгч ... талуудын байгуулсан 00000 дугаар Тээвэр зуучийн үйлчилгээний гэрээгээр талууд гэрээний гол нөхцөл болох үнийг тохироогүй, түүнчлэн уг гэрээний төлбөрийг төгрөгөөр биш ам.доллараар төлөхөөр гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хууль зөрчсөн үндэслэлд хамаарах тул уг гэрээний дагуу шаардах үндэслэлгүй гэж маргасан нь дараах үндэслэлгүй байна.

Тодруулбал, талууд гэрээний гол нөхцөл болох үнийг 12 950 ам.доллар, тээвэрлэлтийн нөхцлийг автомашин, бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэн авч ирэх хугацааг 2019 оны 10 сарын 03-ны өдөр гэж тус тус тохирсон байгаа нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд талууд гэрээний үүрэгт төлөх төлбөрийг ам.доллараар тохирсон нь талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон агуулга байх ба энэ нь Иргэнийн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай нийцсэн гэж үзэхээр байна.

 

Харин Нэхэмжлэгч О Ш ХХК нь ачааг ачуулснаас хойш 19-24 хоногт хариуцагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байх ба ачааг бүрэн бүтэн хүлээлгэж өгөх үүргээ биелүүлсэн бөгөөд хугацаа хожимдуулах асуудал бидэнд хамааралгүй, гэрээгээр ийм үүрэг хүлээгээгүй гэсэн нь дараах үндэслэлгүй болно.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ. гэж зааснаар Нэхэмжлэгч О Ш Ш нь гэрээнд заасан хугацааг 18 хоног хэтрүүлж, 2019 оны 10 сарын 21-ний өдөр хариуцагч И М ХХК-нд ачааг хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэхгүйн дээр, хариуцагчийг гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй үндэслэлээр алданги шаардсан нь үндэслэлгүй байна.

            Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний үүрэгт дутуу төлөгдсөн 3 100 ам.доллар буюу 8 701 576 төгрөгийг хангаж, алдангийн 1 550 ам доллар буюу 4 350 788 төгрөгийг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь нийт нэхэмжилсэн үнийн дүнгээ нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож нэхэмжилсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т Гадаад вальютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар ... тооцно гэсэнтэй нийцэж байх тул төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2 806,96 төгрөгөөр /www.mongolbank.mn/ тооцсон үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь

1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И М ХХК-иас 8 701 576 төгрөгийг гаргуулж, Нэхэмжлэгч О Ш ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 4 350 780 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 223 215 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч И М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 154 175 төгрөгийг гаргуулан Нэхэмжлэгч О Ш ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

 ДАРГАЛАГЧ                       Б.МӨНХЖАРГАЛ