Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2021/00161

 

2021 01 22

183/ШШ2021/00161

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

 Нэхэмжлэгч: Д.Ө-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ж.Н-д холбогдох

 

Орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 17 132 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б, нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

Нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авав.       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Ө-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ө 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянгаар төлөөлүүлэн Ж.Наранмандахтай орон сууц хөлслөх гэрээг амаар байгуулж Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Сэлбэ хотхоны F байрны 43 тоот хаягт байрлах Ү-2203012274 улсын бүртгэлийн дугаартай, 133.2 м.кв 4 өрөө орон сууцыг 1 сарын 1 600 000 төгрөгийн төлбөртэй, нэг жилийн хугацаатай хөлслүүлсэн. Нэхэмжлэгч гэрээ байгуулсан өдөр орон сууцыг хариуцагч Ж.Наранмандахын эзэмшилд хүлээлгэж өгсөн. Хариуцагч нь 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл орон сууцыг хөлслөн суусан. Уг хугацаанд орон сууц хөлсөлсний төлбөрт 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 600 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1 600 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1 500 000 төгрөг, СӨХ-ны төлбөр 277 500 төгрөг, дундын өмчийн дээвэр засуулсны төлбөрт 2 200 000 төгрөг, нийт 6 177 500 төгрөг төлсөн. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр орон сууц хөлслөх гэрээг талууд харилцан тохиролцож цуцлахад Ж.Наранмандах нь орон сууц хөлсөлсний төлбөрт нийт 17 382 500 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Б.Уянга болон Ж.Наранмандах нар нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Мөнгө өгөх авах тухай хэлцлийг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Тус хэлцлээр Ж.Наранмандах нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Сэлбэ хотхоны F байрны 43 тоот хаягт байрлах, Ү-2203012274 улсын бүртгэлийн дугаартай, 133.2 м.кв 4 өрөө орон сууцыг 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хөлсөлж суусны төлбөр нийт 17 382 500 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 05-ны дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Хариуцагч нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянгад 250 000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 17 132 500 төгрөгийг огт төлөөгүй. 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өмгөөлөгч Ч.Отгонбаатараар дамжуулан үлдэгдэл төлбөрийг 7 хоногийн дотор төлөх талаар мэдэгдлийг хариуцагчид хүргүүлсэн. Ж.Наранмандах нь тус мэдэгдлийг хүлээн авч төлбөрийг 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө төлж барагдуулна хэмээн амлалт өгсөн боловч огт төлбөр төлөөгүй болно. Иймд Ж.Наранмандахаас орон сууц хөлсөлсний төлбөр 17 132 500 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.Наранмандах шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Байрны түрээсийн үлдэгдэл төлбөрийн тооцоо алдаатай буруу байгаа тул нэхэмжлэлд шаардсан үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд уг маргааныг иргэний шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ө хариуцагч Ж.Наранмандахад холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 17 132 500 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Д.Ө нь иргэн Б.Уянгад 2018.06.04-ний өдрийн Итгэмжлэлээр өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Сэлбэ хотхоны F байрны 43 тоот хаягт байрлах, Ү-2203012274 улсын бүртгэлийн дугаартай, 133.2 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 14.1 м.кв талбайтай №20 гаражийг түрээслэх гэрээ хийх, төлбөр тооцоог хийх, холбогдох баримтад төлөөлж гарын үсэг зурах эрхийг, 3 жилийн хугацаатайгаар олгож, уг итгэмжлэлийн үнэн зөвийг нотариатч гэрчилсэн байна./хх-ийн 9/

Дээрх итгэмжлэлийн дагуу Б.Уянга нь хариуцагч Ж.Наранмандахтай нэхэмжлэгч Д.Ө-ны өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Сэлбэ хотхоны F байрны 43 тоот хаягт байрлах, Ү-2203012274 улсын бүртгэлийн дугаартай, 133.2 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг сарын 1 600 000 төгрөгийн хөлстэйгөөр, 12 сарын хугацаатай хөлслөхөөр тохиролцож, 2018 оны 8 сарын 15-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ амаар байгуулсан гэж нэхэмжлэл гаргасныг, хариуцагч Ж.Наранмандах нь шүүхэд ирүүлсэн тайлбараараа гэрээ байгуулагдсан эсэх асуудлаар маргаагүй байна.

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар нэхэмжлэгч Д.Ө нь түрээсийн дутуу төлбөрийг шаардах эрхтэй байна.

Хэрэгт нэхэмжлэгч талаас 2019 оны 11 сарын 05-ны өдрийн Мөнгө өгч авах тухай хэлцэл гэх бичгийн нотлох баримтыг ирүүлсэн байх ба уг хэлцлээр Ж.Наранмандах нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Сэлбэ хотхоны F байрны 43 тоот хаягт байрлах Ү-2203012274 улсын бүртгэлийн дугаартай, 133.2 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 2018 оны 8 сарын 15-ны өдрөөс 2019 оны 10 сарын 31-ний өдрийн хүртэлх хугацаанд хөлслөн суусны төлбөр нийт 17 382 500 төгрөгийг 2020 оны 01 сарын 05-ны өдрийн дотор бүрэн төлөхөөр харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурж, нотариатч үнэн зөвийг гэрчилжээ. /хх-ийн 7/

 

Эдгээрээс дүгнэхэд хариуцагч Ж.Наранмандах нь гэрээний төлбөрийн үлдэгдэл 17 382 500 төгрөгийг хүлээн зөвшөөрч, тооцоог нийлсэн үйл баримт тогтоогдож байх тул хариуцагчийн ...Байрны түрээсийн үлдэгдэл төлбөрийн тооцоо алдаатай буруу байгаа тул нэхэмжлэлд шаардсан үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй байна.

 

Тус шүүх хуралдааны товыг хариуцагч Ж.Наранмандахад 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүх хурадааны тов мэдэгдэх хуудсаар хүргүүлэхэд Ж.Наранмандах мэдэгдэх хуудсыг хүлээн авсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч Ж.Наранмандахын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                 ТОГТООХ нь: 

 

 1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Наранмандахаас орон сууц хөлслөх гэрээний үлдэгдэл төлбөр 17 132 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Өд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ө-ны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 243 613 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ж.Наранмандахаас улсын тэмдэгтийн хураамжинд 243 613 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Өд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                    Б.МӨНХЖАРГАЛ