| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2020/03932/И |
| Дугаар | 183/ШШ2021/00243 |
| Огноо | 2021-01-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2021/00243
| 2021 оны 01 сарын 29 өдөр | Дугаар 183/ШШ2021/00243 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.Б-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.Ү
Хариуцагч: А.Б
Хариуцагч: Э.Тнарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 51 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Ү, А.Б, Э.Т нартай 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээг байгуулж, 25 000 000 төгрөгийг сарын 2.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож төлөхөөр зээлийн гэрээг байгуулсан. Зээлдэгч нарт 2019 оны 6 сарын 24-ны өдөр зээлийг бэлнээр тоолж өгсөн. Бид харилцан тохиролцож зээлийн хүү 2.4 хувь буюу сарын 600 000 төгрөгөнд зээлдэгч Б.Ү-ийн ........ тоот орон сууцанд түрээсийн төлбөрт дүйцүүлэн түрээслэн суухаар болсон. Гэвч ТОСК-с хяналт шалгалт хийсний дагуу 2020 оны 4 сарын 09-нд ТОСК-с Б.Ү-тэй хийсэн гэрээг цуцалж, миний бие 2020 оны 4 сарын 27-ны өдөр байрыг хүлээлгэн өгөхөөс өөр аргагүйд хүрч байрнаас нүүн байрыг чөлөөлөн өгсөн. Ингээд 2 жилийн хугацаатай үргэлжилж байсан гэрээ маань үргэлжлэх боломжгүй болж, зээлээр өгсөн 25 000 000 төгрөгийг зээлдэгч нараас төлөхийг шаардан өдийг хүрч байна. Уг хугацаандаа зээлдэгч нартай удаа дараа уулзан, утсаар ярихад удахгүй өгнө түр хүлээж бай гэж худал шалтаг тоочин худлаа яриад сүүлдээ утсаа ч авахаа больсон. Араас нь хөөцөлдөж байгаад 2020 оны 7 сарын 23-ны өдөр өмгөөлөгч дээр очиж тохиролцсон гэрээ байгуулсан. 2020 оны 10 сарын 01-ний 10 000 000 төгрөг, 2020 оны 11 сарын 01-ний өдөр 15 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцож графикийн дагуу төлөөгүй тохиолдолд шүүхэд хандахад гомдолгүй гэсэн гэрээ хийсэн. 2020 оны 10 сарын 01-ны өдөр графикийн дагуу 10 000 000 төгрөгийг төлөх ёстой биздээ гэтэл хугацаа хойшлоод 10 сарын 05-ны өдөр болсон. Ингээд 10 сарын 05-ны өдрийг хүлээгээд энэ өдөр найдвартай мөнгө өгчих байх гэж бодоод Замын-Үүдээс зардал мөнгө болон ажил үүргээ орхин ирсэн боловч энэ хүмүүс ямар ч төлөх шинжгүй хөдөө явж байна гээд утсаа салгаад алга болсон. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үндсэн зээл 25 000 000 төгрөг, үндсэн хүү 3 600 000 төгрөг, алданги 22 500 000 төгрөг, нийт 51 100 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Ү шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2019.06.24-ны өдөр А.Б-оос итгэлцлийн журмаар 25 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаатай зээлж байрандаа суулгахаар 2021.06.24-ны өдрийг хүртэл тохиролцож гэрээ хийсэн. А.Бт түрээслэхдээ ТОСК-ийн байр юмаа түрээслэж болохгүй би итгэлцлийн улмаас түрээслэлээ гээд сайн ойлгуулсан. Энэ хугацаанд Солонгост байдаг охин мааньь Солонгос нөхөртэй болж жирэмсэн үедээ автотээврийн осолд орж яаралтай явах хэрэг гарсан. Охин маань бие нь муу учраас хэл ам цээрлэсэн. Энэ жил А.Б-ийн 25 000 000 төгрөгийг хэсэгчлэн төлье гэж бодсон боловч миний цайны газрыг авах хүн нь авсангүй. Банкны зээл хөөцөлдөөд банкны шаардлага хангахад 2-3 матераил дутуу байгаа. А.Бт итгэлцлийн журмаар түрээслэсэн учраас байраа хураалгана чинээ бодсонгүй. Бид 2 хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй, орох оронгүй, нийтийн байр хөлсөлж хүүхдүүддээ чирэгдэл болон амьдарч байна. Манай нөхөр Бүрэнтөгсийн бие нь өдрөөс өдөрт муудаж, сандаргаж байна. А.Б-ийн гэр бүлээс байнга асууж лавлахад ТОСК-оос шалгалт яваагүй, нам жим байна л гээд байсан. 2019.10 сарын сүүлээр Солонгос улсаас ирсэн, байнга ажиглаж байсан. Гэтэл сүүлд сонсоход бүх нууцыг задруулж байрыг авахыг завдаж байсныг нь мэдсэн. Иймд би 25 000 000 төгрөгийг төлнө. Хүү төлөх боломжгүй гэв.
Хариуцагч А.Б, Э.Т нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хадам ээж болох Б.Ү нь А.Боос 2 жилийн хугацаатай 25 000 000 төгрөгийг ТОСК-оос авсан Хангай хотхонд байрлалтай 2 өрөө байранд хүүнд нь үнэгүй суухаар тохиролцож зээлсэн нь үнэн болно. Э.Т бид хоёр батлан даасан нь үнэн болно. Миний бие А.Б-оос авсан 25 000 000 төгрөгөөс авсан зүйл огт байхгүй. Хадам ээж Б.Ү нь Хангай хотхон дахь байраа алдаж хохирсон болно. А.Б-оос авсан 25 000 000 төгрөгийг 2021 ондоо багтаан барагдуулна гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Б.Ү, А.Б, Э.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25 000 000 төгрөг, хүү 3 600 000 төгрөг, алданги 22 500 000 төгрөг, нийт 51 100 000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 28 600 000 төгрөгийн шаардлагыг хангаж, илүү нэхэмжилсэн 22 500 000 төгрөгийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас болон зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд 2019 оны 6 сарын 24-ний өдөр Зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Б.Ү, А.Б, Э.Тнарт 25 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.4 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 6/
Гэрээний нөхцөлд Б.Үийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 11 хороо, Хангай хотхон, 514 байр, 101 тоот орон сууцыг А.Б түрээслэн, зээлийн гэрээний нэг сарын хүү 600 000 төгрөгийг түрээсийн төлбөрт дүйцүүлэн тооцохоор харилцан тохиролцож, уг гэрээний дагуу зээлдүүлэгч А.Б нь 25 000 000 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр зээлдэгч нарт бэлнээр хүлээлгэн өгч, 2019 оны 6 сарын 24-ний өдрөөс уг байранд амьдарч байсан болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Бид харилцан тохиролцож зээлийн хүү 2.4 хувь буюу сарын 600 000 төгрөгөнд зээлдэгч Б.Ү-ийн ...... тоот орон сууцанд түрээсийн төлбөрт дүйцүүлэн түрээслэн суухаар болсон. Гэвч ТОСК-с хяналт шалгалт хийсний дагуу 2020 оны 4 сарын 09-нд ТОСК-с Б.Ү-тэй хийсэн гэрээг цуцалж, миний бие 2020 оны 4 сарын 27-ны өдөр байрыг хүлээлгэн өгөхөөс өөр аргагүйд хүрч байрнаас нүүн байрыг чөлөөлөн өгсөн. Ингээд 2 жилийн хугацаатай үргэлжилж байсан гэрээ маань үргэлжлэх боломжгүй болж, зээлээр өгсөн 25 000 000 төгрөгийг зээлдэгч нараас төлөхийг шаардан өдийг хүрч байна... гэж тайлбарлаж, зээлийн гэрээ, холбогдох баримтуудыг ирүүлсэнийг хариуцагч нар ...А.Б-ийн гэр бүлээс байнга асууж лавлахад ТОСК-оос шалгалт яваагүй, нам жим байна л гээд байсан. 2019.10 сарын сүүлээр Солонгос улсаас ирсэн, байнга ажиглаж байсан. Гэтэл сүүлд сонсоход бүх нууцыг задруулж байрыг авахыг завдаж байсныг нь мэдсэн. Иймд би 25 000 000 төгрөгийг төлнө. Хүү төлөх боломжгүй... гэж маргажээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан байх ба мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасан Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэснээр нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээлийн 25 000 000 төгрөг, зээлийн хүү 3 600 000 төгрөг, нийт 28 600 000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Нөгөөтэйгүүр талуудын байгуулсан гэрээнд алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байгаа хэдий ч талууд 2021 оны 06 сарын 24-ний өдөр үндсэн зээлийн 25 000 000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон нь зээл төлөх хугацаа хэтэрсэн гэж үзэхээргүй байх тул алданги тооцож нэхэмжилсэн 22 500 000 төгрөгийг хангах үндэслэлгүй байна.
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 25 000 000 төгрөг, хүү 3 600 000 төгрөг, нийт 28 600 000 төгрөгийг хангаж, алдангийн 22 500 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ү, А.Б, Э.Т нараас 28 600 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Б-т олгож, илүү нэхэмжилсэн 22 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 413 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ү, А.Б, Э.Т нараас улсын тэмдэгтийн хураамжинд 77 158 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Б-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ