Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/85

 

 

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Б даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

улсын яллагч  Д.А,

шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Х овогт Лгийн Бд холбогдох 2313003510063 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авсныг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2004 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нярав, кранист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Х овогт Лгийн Б, регистрийн дугаар ....,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Б нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 7 дугаар  багт байхдаа өөрийнхөө гар утсанд “Покер” гэх мөрийтэй тоглоомын тусгай аппликейшн татаж суулган, ашиг олох зорилгоор фейсбүүк орчинд буюу цахим орчинд “Poker queen” клуб гэх нэртэй хаяг нээж, ХААН банканд байрших өөрийнхөө эзэмшлийн 5122325772 тоот дансыг ашиглаж, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг үргэлжилсэн үйлдлээр зохион байгуулж, мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

2. Шүүгдэгч Л.Б нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 7 дугаар  багт байхдаа өөрийнхөө гар утсанд “Покер” гэх мөрийтэй тоглоомын аппликейшн татаж суулган, ашиг олох зорилгоор фейсбүүк олон нийтийн цахим сүлжээнд “Poker queen” клуб гэх нэртэй хаяг нээж, ХААН банканд байрших өөрийнхөө эзэмшлийн 5122325772 тоот дансыг ашиглаж, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг үргэлжилсэн үйлдлээр зохион байгуулж, мөрийтэй тоглоом зохион байгуулсан нь Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны  2023 оны 10 дугаар сарын  17-ны өдрийн 8/10295 дугаартай албан бичиг, түүний хавсралт (хавтаст хэргийн 05-07 дахь тал), ХААН  банкны харилцагч Л.Бгийн эзэмшлийн 5192325772 тоот дансны хуулга (хавтаст хэргийн 19-29 дэх тал), ХААН банкны 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 5180/544 дугаартай “БЛ04230211 регистрийн дугаартай Л.Бгийн эзэмшлийн 5192325772 тоот данс болон интернэт банкны хандах эрхийг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хязгаарлав" гэх албан бичиг (хавтаст хэргийн 30 дахь тал), дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, түүний хавсралт (хавтаст хэргийн 66-83 дахь тал), яллагдагч Л.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 85 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

3. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

4. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийтэй тогтоом зохион байгуулах гэмт хэргийн “мэдээлэл технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол” гэх шинжийг бүрэн агуулжээ.

5. Шүүгдэгч Л.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

6. Энэ хэргийн улмаас бусдад хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

1. Прокурорын санал болгож, шүүгдэгч Л.Бгийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Иймд шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.

3. Шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй учраас шүүгдэгч Л.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулах нь зүйтэй.

4. Шүүгдэгч Л.Б нь энэ хэргийн улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв.

5.  Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Лийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650000 (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Л.Бд сануулсугай.

4. Шүүгдэгч Л.Б нь энэ хэргийн учир баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. 2313003510063 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СD диск 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ө.Б