| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2020/04110/И |
| Дугаар | 183/ШШ2021/00191 |
| Огноо | 2021-01-26 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 183/ШШ2021/00191
| 2021 01 26 | 183/ШШ2021/00191 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т Б А ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Э.Г -д холбогдох
Зээл болон фидуцийн гэрээний үүрэгт 1 392 420 төгрөг гаргуулах тухай
иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б, хариуцагч Э.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.
Нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т Б А ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 3 сарын 17-ны өдөр Э.Г нь манай байгууллагатай 000000 дүгээр зээлийн гэрээ үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг тус тус байгуулж, 1 500 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Toyota noah маркийн 00-00 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийн байдлаар үндсэн зээл 875 000 төгрөг, хүү 79 920 төгрөг, алданги 437 500 төгрөг нийт 1 392 420 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Э.Г нь нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд 425 хоног хэтрүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр ирсэн. Зээлийн гэрээнйи 1.2.6-д Ноцтой зөрчил гэж зээлийн эргэн төлөх хуваарийг 30-аас дээш хоног хэтрүүлэх-ийг ойлгох ба зээлдэгч 2019.06.15-ны өдрөөс эхлэн огт зээлийн эргэн төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2020.03.11-ний өдөр дууссан. Талуудын үүүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 3.5-д Хөрөнгийг гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэгчийн эзэмшил ашиглалтад байлгах бөгөөд энэ гэрээнд заасан хязгаарлалтын хүрээнд эзэмшиж ашиглана гэж тохиролцсоны дагуу үүрэг гүйцэтгэгчийн эзэмшилд байх хугацаанд Э.Г тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй байсан боловч автомашиныг устгаж, уг тээврийн хэрэгсэл одоогоор хаана байгаа нь тодорхойгүй, фидуцийн зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг энэ гэрээний дагуу хагуулах боломжгүй болсон. Иймд Э.Г-оос зээлийн гэрээний үүрэгт 1 392 420 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С А Л-д 00-00 автомашиныг унаж явах нөхцөлтэйгөөр 1 500 000 төгрөгийг хуваарийн дагуу төлж дуусгасан. Автомашинаа зарахаар болж тус ломбардад очоод нэр шилжүүлэх бичиг баримтаа бүрдүүлж байхад автомашиныг худалдан авч байгаа залуу надад мөнгө хэрэгтэй байна. Энэ ломбарданд ахиад зээл тавьж болох боловуу гэхэд зээл хариуцсан мэргэжилтэн залуу ...болно тэгэхдээ Э.Г та эхлээд автомашинаа нэр дээрээ шилжүүлээд дараа нь зарж байгаа хүндээ шилжүүлээд тэгээд манай байгууллага руу ахиад шилжүүлнэ гэсэн. Тэгэхээр нь би угаасаа танай нэр дээр байгаа автомашиныг ингэж ажил болгох ямар хэрэг байна гэж хэлэхэд Манай дотоод журам юмаа гэсэн. Би өөр арга юу байна. Арай хялбар гэхэд Та зарж байгаа хүндээ автомашиныг шилжүүлж өгнө үү гээд манайд өргөдөл бичээд өгч болно. Тэгэхдээ та зээлийн гэрээнд гарын үсгээ зурна шүү гэхээр нь би Зарчихсан шүү дээ. Энэ өргөдлөө бичиж байгаа юм чинь энэ хүнтэй зээлийн гэрээгээ хийчихье гэтэл Зүгээрээ ах угаасаа төлөлт нь дуусаад энэ хүн нэр дээрээ шилжүүлчихэд ирэхэд чинь энэ өргөдлийн дагуу шилжүүлээд өгчих тул асуудал үүсгэхгүй гэсэн. Тэгээд миний автомашиныг авдаг залуугийн утасны дугаар, дансыг гэрээндээ бичиж аваад мангийг нь миний автомашиныг авсан залууд өгөөд төлөх хуваарийг нь зааж өгөөд гаргасан. Би огт мөнгө аваагүй. Бараг жилийн дараа над руу залгаж автомашины төлбөрөө яагаад төлөөгүй байгаа талаар асууж, Та машинаа зарсан хүнээ мэдэх үү гэж асуухад би мэдэхгүй гэдгээ хэлсэн. Дараа нь дахин залгаж та автомашинаа олоод өгөөч, цагдаад зарлуулахад зардал их гардаг юм аа гэж хэлсэн. Танайд тодорхой хэмжээний төлөлтөө хийгээд л явсан байна. Ямар данснаас ямар нэртэй хүн хийсэн тодорхой байхад дансны хуулгаар тэр хүн болон автомашиныг олж аваач гэж би хэлсэн. Миний хувьд аваагүй мөнгөө зарагдсан автомашины мөнгийг төлөх шаардлагагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т Б А ХХК хариуцагч Э.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 875 000 төгрөг, зээлийн хүү 79 920 төгрөг, алданги 437 500 төгрөг, нийт 1 392 420 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Зээлийн гэрээний 1.2.6-д Ноцтой зөрчил гэж зээлийн эргэн төлөх хуваарийг 30-аас дээш хоног хэтрүүлэх-ийг ойлгох ба зээлдэгч 2019.06.15-ны өдрөөс эхлэн огт зээлийн эргэн төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2020.03.11-ний өдөр дууссан. Талуудын үүүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 3.5-д Хөрөнгийг гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэгчийн эзэмшил ашиглалтад байлгах бөгөөд энэ гэрээнд заасан хязгаарлалтын хүрээнд эзэмшиж ашиглана гэж тохиролцсоны дагуу үүрэг гүйцэтгэгчийн эзэмшилд байх хугацаанд Э.Г тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй байсан боловч автомашиныг устгаж, уг тээврийн хэрэгсэл одоогоор хаана байгаа нь тодорхойгүй, фидуцийн зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг энэ гэрээний дагуу хагуулах боломжгүй болсон.. гэж тайлбарлаж, зээлийн болон фидуцийн гэрээ холбогдох баримтуудыг ирүүлснийг хариуцагч ...миний автомашиныг авдаг залуугийн утасны дугаар, дансыг гэрээндээ бичиж аваад мангийг нь миний автомашиныг авсан залууд өгөөд төлөх хуваарийг нь зааж өгөөд гаргасан. Би огт мөнгө аваагүй. Бараг жилийн дараа над руу залгаж автомашины төлбөрөө яагаад төлөөгүй байгаа талаар асууж, Та машинаа зарсан хүнээ мэдэх үү гэж асуухад би мэдэхгүй гэдгээ хэлсэн. Дараа нь дахин залгаж та автомашинаа олоод өгөөч, цагдаад зарлуулахад зардал их гардаг юм аа гэж хэлсэн. Танайд тодорхой хэмжээний төлөлтөө хийгээд л явсан байна. Ямар данснаас ямар нэртэй хүн хийсэн тодорхой байхад дансны хуулгаар тэр хүн болон автомашиныг олж аваач гэж би хэлсэн. Миний хувьд аваагүй мөнгөө зарагдсан автомашины мөнгийг төлөх шаардлагагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... гэж маргасан хэдий ч энэ талаараа нотлоогүй, холбогдох баримтуудыг ирүүлээгүй байна.
Талуудын хооронд 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 000000 дугаар зээлийн гэрээ, 000000 дугаар фидуцийн гэрээ тус тус байгуулагдаж, уг гэрээгээр Т Б АХХК нь 1 500 000 төгрөгийг, бизнесийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай машинаа унаад явах нөхцөлтэйгээр зээлж, буцаан төлөх хуваарийг хавсралтаар тохирсон байна. /хх-ийн 6-9/
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 00-00 УНВ улсын дугаартай NOAH 0 маркийн мөнгөлөг суудлын автомашиныг барьцаалжээ./хх-ийн 7-8/
Шүүх дээрх гэрээ тус бүрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх ба зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг бөгөөд зээлийн үлдэгдэл төлбөр, дутуу төлөгдсөн хүүгийн хамт шаардсан нь мөн хуулийн 286 дугаар зүйлийн 286.2-т заасантай, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасны дагуу алдангийг тус тус шаардсан нь хуульд нийцсэн, шаардах эрхтэй.
Хариуцагч тал 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 000000 дугаартай зээлийн гэрээгээр 1 500 000 төгрөгийг зээлэхээр тохирсон асуудлаар болон зээлийн гэрээнд гарын үсэг зурсан асуудлаар маргаагүй хэдий ч уг зээлийг авсан хүн нь өөрөө биш машин худалдаж авсан залуу тул зээлийн гэрээний үүргийг хариуцан төлөх үүрэггүй гэж маргажээ.
Гэвч хариуцагч Э.Г нь дээрх тайлбараа хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлоогүй бөгөөд уг гэрээний дагуу зээл авсан этгээдийг хэн болох талаар тайлбартаа дурдаагүй байгаа нь, түүнчлэн талуудын байгуулсан гэрээний зээлдэгч нь Э.Г гэж, 1 500 000 төгрөгийг бэлнээр хүлээж авсан гарын үсэг болон зээлийн гэрээнд гарын үсэг зурсан этгээд нь Э.Г өөрөө байх тул гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй болно.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон нэхэмжлэгчийн тайлбараар зээлийн гэрээний үүрэгт нийт 903 850 төгрөгийг төлсөн байх ба зохигч талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дууссан, хариуцагч Э.Г нь гэрээнд заасан зээлийн төлбөрийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.
Т Б АХХК нь 2012.11.01-ний өдөр барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр үүсгэн байгуулагдаж, 2020 оны 6 сарын 11-ний өдөр сунгагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын 670 дугаар батламж зэргээр тогтоогдож байна./хх-ийн 4,25/
Дээрхийг нэгтгээд хариуцагч Э.Гоос үндсэн зээл 875 000 төгрөг, зээлийн хүү 79 920 төгрөг, алданги 437 500 төгрөг, нийт 1 392 420 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Гоос зээлийн гэрээний үүрэгт 1 392 420 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т Б А ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 37 230 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Гоос улсын тэмдэгтийн хураамжинд 37 230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т Б А ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ