| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 161/2024/0075/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/84 |
| Огноо | 2024-04-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/84
|
|
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Б даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
улсын яллагч Я.Д,
шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ш ж овогт Аийн Бд холбогдох 2413000600102 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авсныг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баян- Өлгий аймгийн Өлгий сумын ... дугаар багийн 6 дугаар гудамжны 01 тоотод оршин суух хаягтай, урьд 1) Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр буюу 450000 төгрөгийн торгох ялаар, 2) мөн шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, Ш жургийн овгийн Адийн Б, регистрийн дугаар ....
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр баг багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн С.Болатын өвлийн байшинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.Еыг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
2. Шүүгдэгч А.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр баг багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн С.Бын өвлийн байшинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.Еыг зодож, түүний эрүүл мэндэд нь тархины доргилт, хамрын нурууны ясны зүүн талд хугаралт, нурууны мурийлт, баруун нүдний доод зовхинд бага зэрэг хавантай, хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь иргэн Х.Гүлжазирагийн цагдаагийн байгууллагад ирүүлсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал), согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал), хохирогч Ж.Е, гэрч С., Ө.А нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 22, 24, 27, 30 дахь тал), Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн хошууч К.Хаын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 107 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал) яллагдагч А.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
3. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
4. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
5. Шүүгдэгч А.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
6. Энэ хэргийн улмаас хохирогч Ж.Еы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн нэхэмжилсэн хор уршиг 200000 төгрөгийг шүүгдэгч А.Б төлж барагдуулсан болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 24 дэх тал)
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар
1. Прокурорын санал болгож, шүүгдэгч А.Бын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Иймд шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.
3. Шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй учраас шүүгдэгч А.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулах нь зүйтэй.
4. Шүүгдэгч А.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв.
5. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шр жургийн овгийн Амийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч А.Бд сануулсугай.
4. Шүүгдэгч А.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. 2413000600102 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь гэмт хэргийн хор уршигт 200000 төгрөгийг хохирогч Ж.Ед төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.Б