| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2020/04359/И |
| Дугаар | 183/ШШ2021/00006 |
| Огноо | 2020-12-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 183/ШШ2021/00006
2020 12 25 183/ШШ2021/00006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Хүннү 0000 хороолол, 000 дүгээр байр, 000 тоотод оршин суух, А овогт Г С /РД:ПЮ000000/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, ХД 00 дугаар байр, 00 тоотод оршин суух Х овогт ЭМ /РД:ЧП00000/ холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.С, хариуцагч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Арвижих нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.ОюунС шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.С миний бие Э.Мтой 2010 онд танилцаж 0000 оны 7 дугаар сарын 06-ны өдөр охин М.А төрж хамтран амьдарч 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гэр бүлээ батлуулсан. Хамт амьдрах хугацаанд зан харилцааны тааламжгүй байдлаас болж байнгын үл ойлголцож, хүндлэл хайр халамж байхгүй, хоорондоо харьцахдаа байнгын уур уцаартай харьцаж сүүлдээ хүүхдийн хажууд харьцааны доголдол гаргаж надад гар хүрсэн асуудал гарсны дараа харилцан тохиролцсоны үндсэн дээр 2019 оноос тусдаа амьдарч байгаа билээ. Э.Мтой тохиролцсоны үндсэн дээр гэрлэлт цуцлуулах хүсэлтэй байна. Хүүхдийн асрамжийн талаар Э.Мтой ярилцаж тохироод охин М.Аг өөрийн асрамжид авна. Мөн хүүхдийн асрамжийн талаар маргаангүй тул охины саналыг асуухаар шүүхэд дуудах шаардлагагүй гэж бид үзсэн. Иймд бидний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Миний бие бусадтай гэр бүл болон амьдарч байгаа учир цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Миний хүсэлтийг хүлээн авч аль болох хурдан шийдэж өгөхийг хүсэж байна.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Бид эвлэрэх хугацаа авахгүй, цаашид хамтран амьдрах боломжгүй. Харилцан тохиролцоод охиноо өөрийн асрамжид авахаар болсон. Э.М охиноо боломжоороо туслаж дэмжээд явна гэсэн тул хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Э.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Энэбиш овогтой М миний бие Г овогтой С гаргасан нэхэмжлэлийн дагуу гэр бүл цуцлуулахыг дэмжиж байна. Иймд хууль дүрмийн дагуу гэр бүл цуцалж өгнө үү. Г.Стай Э.М миний бие эд хөрөнгийн маргаан байхгүй болно.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Г.С нь хүнтэй хамтран амьдарч байгаа тул бид цаашид эвлэрч амьдрах боломжгүй. Тиймээс гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Охиноо ээжийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Мөн охиндоо боломжоороо туслаж дэмжээд явна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.С нь хариуцагч Э.Мхолбогдуулан гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Г.С, Э.М нар нь 2010 онд танилцаж, 2010 оны 7 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болж, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдөр охин М.А төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 000000 тоот гэрлэлтийн баталгааны хуулбар, №0000799328 Г-1887 дугаарт бүртгэгдсэн Мын Агийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хэргийн 4-5-р хуудас/
Нэхэмжлэгч Г.С нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн өргөдлийг 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан бөгөөд тус шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчийн 2020 оны 7 дугаар сарын 21-ны өдрийн №178 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй дуусгавар болгожээ. /хэргийн 8-р хуудас/
Иймд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон, гэрлэгчид 2019 оноос тусдаа амьдарч байгаа, нэхэмжлэгч хариуцагч нар нь хэн аль нь эвлэрэн амьдрах боломжгүй гэж тайлбарлаж байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хүүхдийн асрамжийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа тохиролцож болно” гэж зааснаар гэрлэгчид тусдаа амьдарснаас хойш охин М.А нь эхийн асрамжид байсан, мөн хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаангүй, эхийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй гэсэн тул 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин М.Аг эх Г.С асрамжид үлдээх нь зүйтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, хариуцагч нь охин М.Агаа цаашид туслаж дэмжинэ гэж тайлбарласан болно.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй” гэж заасан байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг. Э.Мод, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Г.Сд тус тус даалгах нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Алтайчууд овогт Ганбатын С, Хошууд овогт Энэбишийн М нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Мын Аг эх Г.С асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Э.Мод, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Г.Сд тус тус даалгасугай.
4.Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигч нар нь хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Г.С нь нэмэлт тэтгэлэг гаргуулах, гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээж болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд түүнийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН