Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 247

 

 

 

 

 

  

   2020            3              3                                        2020/ДШМ/247                                     

 

 

                                   Э.Лид холбогдох эрүүгийн

                                                  хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Т.Болор-Эрдэнэ,

хохирогч Д.Баярсайхан,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1329 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Л, хохирогч Д.Баярсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Лид холбогдох эрүүгийн 1908034871684 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Э.Л, 1981 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Мега Макс” ХХК-нд барилгын туслах ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан уулын 5-20 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 119 дүгээр гудамжны 118 тоотод оршин сууж байсан, /РД: ГЮ81120910/;

 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 503 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 179 дүгээр зүйлийн 179.1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар нийт 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, 

 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 690 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдсан,

 

Э.Л нь 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 19-25 тоотод оршин суух иргэн Д.Баярсайханы хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 55 инчийн “Самсунг” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Лийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж,  хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Э.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Боржигон овогт Э.Лийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Лийг 1 (нэг) жил 10 (арав) сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Лид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Д.Баярсайханд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Э.Лид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Л давж заалдах гомдолдоо: “...Өөрийн төрсөн дүү Янжинлхамтай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Д.Баярсайханы гэрийн үүдний амбаарын цонхны хаалгыг эвдэн орж “Самсунг” маркийн зурагтыг авч, орсон цонхоороо эргэн гараад хашаанаас гарч амжилгүй цагдаад баригдаж, хулгайлсан зурагтаа Д.Баярсайханд буцаан өгч хохиролгүй болгосон. Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Миний бие өндөр настай эх, зээ дүү нарын хамт амьдардаг бөгөөд эх маань гар муутай, ус түлээгээ зөөх, хагалах, зээ дүүг цэцэрлэгт хүргэж өгөх зэрэгт хүндрэл гарч байгаа. Мөн Голомт банкны зээл болон талийгаач аавынхаа эмчилгээний зардалд банк бус санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй зээл авсан зэргээс үүдэн санхүүгийн бэрхшээлд орж байна. Иймд надад шүүхээс оногдуулсан 1 жил 10 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан  хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ. 

 

Хохирогч Д.Баярсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Э.Л бол миний хадам ах, миний эхнэр Янжинлхам нь Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа. Охин Д.Ану-Үжинг хадам эх Б.Цогзолмаа асран халамжилдаг. Лхагвадорж нь манай гэрээр орж гардаг. Түлхүүрээ хаячихаад бид нар тэр цонхоор хамт орж байсан.  Миний зүгээс ах Лхагвадоржид гомдол саналгүй. Миний хадам эх гараа 2 удаа хугалж байсан тул зүүн гар нь мэдээ муутай, гэр хороололд ус түлээгээ зөөж, хагалж чаддаггүй. Э.Л нь ажил хийж амьжиргааны дэмжлэг үзүүлдэг байсан.  Иймд Э.Лийн ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.  

 

Прокурор Т.Болор-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс тухайн үйлдлийг төгсөөгүй үйлдэл гэж үзэн зүйлчлэлийг хөнгөрүүлж, тухайн гэмт хэрэгт оногдуулж болох 2 жилийн хорих ялын хэмжээнээс багасгаж шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ялын дээд, доод хэмжээг 1-4 жилийн хооронд оногдуулсан тохиолдолд хэрэглэдэг. Энэ хугацаанд нь Э.Лид оногдуулсан 1 жил 10 сар багтаж байна. Э.Лийн хувьд өмнө нь 2 удаа ял шийтгэгдэж байсан мөртлөө дахин гэмт хэрэг үйлдсэн нь түүнийг нийгэмшээгүй байгааг илэрхийлж байна. Эрүүгийн хариуцлагын нэг зорилго нь тухайн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Зайлшгүй Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх шаардлагагүй учир анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь тохирсон гэж үзэж байна. Мөн хохирогч Д.Баярсайханы гомдол, саналгүй гэдгээ илэрхийлсэн нь энэ нөхцөл байдалтай хамааралгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Э.Лийг “2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 19-25 тоотод оршин суух иргэн Д.Баярсайханы хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 55 инчийн “Самсунг” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 800.000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд Э.Лийн уг үйлдлийг “бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан” гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заажээ.

 

Шүүгдэгч Э.Лийн хувьд, иргэн Д.Баярсайханы байшингийн үүдний амбаарын цонхыг хагалан орж, гэрээс нь 55 инчийн “Самсунг” маркийн зурагтыг  хулгайлан авч гарсан, улмаар хашаанд уг зурагтыг тавиад хүн байгаа эсэхийг харах гэж хашааны гадаа гарсан байх бөгөөд энэ үед хөрш айлын хүн мэдэж дуудлага өгснөөр цагдаад баригджээ.

 

Шүүгдэгч Э.Лийн хүн байнга амьдардаг бусдын орон байранд нэвтэрч эд зүйлийг нь авах үйлдэлд хэн нэгэн саад хийгээгүй, төгс үйлдэгдсэн байх бөгөөд харин дараа нь хулгайлсан зурагтыг аваад явах үйлдэл нь хөршийн мэдээллээс болж таслан зогсоогдсон байна.

 

Орон зайн хувьд, нэвтэрч орсон тухайн байшингаас холдоогүй баригдсан боловч тухайн объектод нэвтэрч, эд зүйлийг авч  гарч явснаар уг гэмт хэргийн бүрдэл хангагдаж байна.

 

Өөрөөр хэлбэл, орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийн хувьд хууль бусаар нэвтэрч орсон орон байрнаас эд зүйл авч, улмаар гарч явснаар төгссөнд тооцогдох бөгөөд Э.Лийн хувьд нэвтрэн орсон байшингаас гарч тодорхой зайнд явсан буюу хашаанаас гарах зорилгоор хүн харж байхдаа баригджээ.

 

Энэ тохиолдолд “гэмт хэрэг төгсөөгүй” гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд анхан шатны шүүх энэ талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1329 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Лид холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх болсон тул шүүгдэгч Э.Л, хохирогч Д.Баярсайхан нарын “ял шийтгэлийг хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1329 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Лид холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл шүүгдэгч Э.Лид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

  

 

 

                              ДАРГАЛАГЧ,

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

           ШҮҮГЧ                                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

    ШҮҮГЧ                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ