Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 11

 

М-н нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 54 дугаар шийдвэртэй,

М-н нэхэмжлэлтэй, О-д холбогдох,

гэрлэлт цуцлуулж, хүү Б-н асрамж, тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгөөс 5 ханатай гэр, хөлдөөгч, хашаа, граж, тоос сорогч, хятад хивс 6 ширхэг, хүүхдийн тэрэг, эр хонь 20, эм хонь 20, эр ямаа 20, эм ямаа 20, хурга 10, ишиг 10, нийт 11.975.000 төгрөгний эд хөрөнгө гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч хариуцагчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн гомдлоор 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч: М, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Уугандарь нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О-тай 2011 онд танилцаж, 2012 онд гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2013 оны 02 дугаар сарын 8-нд хүү Б төрсөн. Эхний жилүүдэд гэр бүл маань сайхан амьдарч байсан боловч 2014 оноос эхлэн О нь архи ихээр уух болж гэр орондоо ирэхгүй хэд хоногоор гадуур явах нь олширсон. ББ гэгч 6 хүүхэдтэй авгайтай хамтран амьдарч байгаа энэ бүгдийг Цогт сумын ард түмэн болон аав ээж нь мэднэ. Гэртээ агсам согтуу тавьж намайг хүүхдийн дэргэд зодож, хүчирхийлэх болсон. Би Цогт сумын хүн эмнэлэгт бага эмчээр ажилладаг, О нь хөдөө малаа малладаг. 2017 оны 7 дугаар сарын 01-нд ээлжийн амралтаа аваад эмчилгээнд яваад ирэхэд гэр орон болон бусад хөрөнгөө, хувцас, хашаа байшингаа цоожлоод явсан байсан. Би одоогоор хүүхэдтэйгээ орох оронгүй айлаар амьдарч байна. Үүнээс өмнө 2014 оны 11 дүгээр сараас 1 жилийн хугацаанд тусдаа хэсэг амьдарсан. Гэрлэлтээ цуцлуулах асуудлаар шүүхэд өргөдөл өгөөд буцаад эвлэрч

О нь 2016 оны 03 дугаар сарын 01-нд эвлэрлийн гэрээ байгуулж хамт амьдрана гэж худлаа хэлж, өөрийн нэр дээрх бүх хөрөнгөө өөрийн эцэг Д-д шилжүүлж байгаа нь надаас салах бэлтгэлээ хийж байсан нь илтэд мэдэгдэж байна. Бид цаашдаа хамт амьдрах боломжгүй байгаа тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд хандсан. Эд хөрөнгийн тухайд таван ханатай гэрээ гаргуулмаар байна. Хүү бид хоёр одоогоор гэр оронгүй байна. Гэрлэснээс хойш миний жирэмсний болон хүүхэд төрүүлсний мөнгөөр барьсан хашаа, гражнаас өөрт ногдох хувийг авмаар байна. Мөн тоос сорогч, хүүхдийн тэрэг, хөлдөөгч, хятад хивс, шинэ 1х2, 1х50, 2х3 харьцаатай хивснүүд, авдар, шкаф, ор, хөргөгч, угаалгын машин, чингистэй хивс, жижиг эрдэнэт хивс, хүүхдийн хувцаснуудыг гаргуулж авмаар байна. Би өөрийн 90 толгой малыг авсан, одоо хүү Б-д ногдох малнаас эр хонь 20, эм хонь 20, эр ямаа 20, эм ямаа 20, хурга 10, ишиг 10, нийт зуун толгой мал нэхэмжилж байна.

2017 оны 11 дүгээр сарын 20-ны үед шүүх хуралдаан болсон. Түүний дараа энэ хүний аав ээж нь намайг дуудаад тавилгаа ирж авахгүй бол хашаанд хураалаа гээд дуудсан. Тэгээд тавилгаа авах гээд очтол ор, шкаф, авдар, хүүхдийн тэрэг гэх зүйлүүд ирсэн. Одоо гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг тогтоолгон эд хөрөнгөө хувааж 5 ханатай гэр, хөлдөөгч, хашаа, граш, тоос сорогч, хятад хивс 6 ширхэг, хүүхдийн тэрэг, эр хонь 20 толгой, эм хонь 20 толгой, эр ямаа 20 толгой, эм ямаа 20 толгой, хурга 10 толгой, ишиг 10 толгой, нийт 11.975.000 төгрөгний эд хөрөнгө гаргуулах хүсэлттэй байна. 5 ханатай гэртээ тавилга нь багтсан. Миний өөрийн авч очсон тавилга, хүүхдийн тэрэг ирсэн. Хивс, хүүхдийн дээл хувцас бүгдийг нь үлдээчихсэн. Тэгээд нэг удаа хувцасыг нь ав гээд дуудахаар нь очтол хэдэн хуучин өмд, цамц л авч ирж өгсөн. Тоос сорогч хөдөө гражид байгаа. Хүүхдийн унадаг дугуй бас өгөөгүй. 80 малтай очоод 80 малаа л авсан. 2 жилийн төл гэж аваагүй. Намайг хотод семинартай байхад аав, ээж 80 мал тоолж өгсөн гэж байсан. Манай аав, ээж хоёр тэгж худлаа ярих хүмүүс биш. Гэрлэхэд эднийхээс 400 гаруй мал ирээд манайхаас 80 толгой мал нийлсэн. Нэг жилийн дараа мал тооллогоор 567 толгой мал тоолуулж байсан. Хашаа, граж хоёрыг нь айл болсны дараа 2014 онд хөдөө байх хугацаандаа зун өөрсдөө барьсан юм. Газар нь О-ийн эцгийнх нь нэр дээр байдаг. Би бичиг баримтыг нь бүрдүүлээд наад хүний чинь нэр дээр болгохоор газрын даамалтай ярьчихсан байхад гэрчилгээ гарахаас өмнө буцаагаад сольчихсон. Би хүүхдээ тэжээн тэтгэж байгаагийн хувьд авна гэж бодож байгаа. Наад хүн чинь салсан цагаасаа хойш хүүхдэдээ нэг ч хувцас авч өгөөгүй, нэг ч удаа хүүхэд яаж байна гээд ирж байгаагүй. Би хөлдөөгчөө авна өрх толгойлоод явж байгаагийн хувьд дахиж хөлдөөгч авах мөнгөний боломж байхгүй. Наад хүн чинь аав, ээжтэйгээ амьдарч байгаа, мөн машин, граж авахад надаас бас мөнгө гарсан. Тийм болохоор хөлдөөгчөө би авна. Хариу тайлбар дээрээ орондоо унтаж байхад намайг зодож орноос хөөж босгосон гэж худлаа бичсэн байсан. Ерөөсөө тийм зүйл болоогүй. Өөрөө л намайг хэд хэдэн удаа зодсон. Харин ч бинуугаад аав ээждээ хэлдэггүй байсан. Дараа нь өөрсдөө олоод мэдчихсэн. Хөх няц болчихсон байхад хэн ч бодсон нөхөр нь л зодсон гэж бодно. Өөр хүмүүс ирээд зодохгүй нь ойлгомжтой. Тэгэхэд манай аав ээж хоёр юу ч хэлээгүй байхад ирж загнасан гэж ярьсан. Хавар хоёр талаасаа уулзалдъя гэхээр нь уулзуулсан чинь энэ хүн учиргүй л сална гээд дайраад байсан. Хүү бид 2 одоохондоо аавынд амьдарч байгаа. Бид хоёрт өөрийн гэсэн орох орон байхгүй учраас 5 ханатай гэрээ авч хүүхэдтэйгээ хамт амьдарна. Энэ хүн худлаа яриад байх юм. Тоос сорогч өгсөн гэж худлаа яриад байна тэр хуучин тоос сорогч аавын тоос сорогч байж байгаад буцаагаад өгчихсөн. Шинэ тоос сорогч, 6 ширхэг хятад хивс танай хөдөөний гражид байгаа. Намайг мал авна гэсэн сургаар малыг нь аав, ээж хоёр нь өөрсдийнхөө нэр дээр тоолуулчихдаг гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 8 дугаар сарын 12-нд Рашаант багийн иргэн М-тай гэр бүл болон амьдарч энэ хугацаанд хэрүүл маргаангүй сайхан байсан. 2012 оны 02 дугаар сард аав Д унах унаагүй байна гээд Бигэр сумын харьяат Д-с өөрийн мөнгөөрөө УАЗ 469 машиныг 5.500.000 төгрөгөөр авч өгсөн машиныг авахад бид хоёроос нэг ч төгрөг аваагүй. Эхнэр М нь 2012 оны 9 дүгээр сард айл болоход 76 толгой малтай ирсэн. 2013 оны 02 дугаар сарын 8-нд хүү Б төрж ам бүл 3 болон амьдарч байхад эхнэр М намайг худлаа хардах, элдэв дээдээр доромжилж гэр ороноос хөөх алгадаж цохисон. Ингээд миний сэтгэл санаа тавгүй болж архи ууж гадуур явах нь ихэдсэн. Ийм байдлаар 1 жил 3 сар амьдраад 2017 оны 11 дүгээр сарын 23-нд өөрөө аав, ээжийгээ дагуулж ирээд сална гээд эд хөрөнгө болон 86 толгой мал өөрийн өмч хөрөнгөө бүгдийг нь аваад явсан. 2016 онд эвлэрүүлэн зуучлах дээр эхнэр М нь өргөдөл гаргасан байгаад эвлэрч амьдарсан. 2016 оны 7 сард ээлжийн амралтаа авч хөдөө мал дээрээ ирж сааль хийж байхдаа намайг сум хүргээд өг гэхэд нь би завгүй байсан. Иргэн Н-д 2 удаа барьж алгадан куртик урж зодсон. Би энэ бүх байдлыг тэвчиж байсан. Тэгээд 2016 оны 8 дугаар сарын 12-нд хүү Б-ийн сэвлэг үргээх ёслолыг хийж энэ үеэс хойш намайг малаа хариулж байгаад ирэхээр гэр түгжээд түлхүүрийг нь аваад явчихдаг, намайг хүн гэж үзэж халуун хоол, цай хийж өгдөггүй. Би гэргүй хүн шиг аавынх, ахынхнаараа ороод буцаад л гардаг. Би олон зүйлийг тэвчиж өнгөрөөсөн. Намайг Б гэгч авгайтай хамт амьдардаг гэж байгаа нь худлаа манай сумынхан бүгд мэднэ. УАЗ 469 машиныг аав, ээж хоёр авсан, настай эцэг, эх хоёрын ажлыг амжуулдаг учраас өгөх боломжгүй, граж, хашаа бол аав Д-ийн нэр дээр анхнаасаа байсан. Харин манайх аавын хашаанд байсан. 5 ханатай гэртээ би амьдардаг учраас боломж муу байна. Зун хүүхэдтэйгээ хамт байсан. Айл нүүлгээд явсан хойгуур хүүг авч явсан байсан. Гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Эд хөрөнгө өгөхөөс татгалзаж байна. Бүгдийг нь өөрөө аваад явсан. 2012 онд айл болоод 2014 онд салаад энэ хүн малаа аваад явсан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс би гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгье. 5 ханатай гэр бол эргэлзээтэй байна. Энэ хүн тэр гал голомтыг авч явж чадахгүй байх гэж бодож байна. Тавилгатай нь хамт хөргөгч, хүүхдийн тэрэг мөн хүүхдийн хувцас зэргийг хүлээлгэж өгсөн. 100 гаруй мал байгаа. Түүнийгээ хуваагаад авъя. Энэ хүн малаа буцаагаад авсан, наян хэдэн мал авсан. Би гэр бүл болохдоо 400 гаруй малтай байсан байх. Тэрнээс хойш тусдаа амьдраад 3, 4 жил болчихсон. Тоос сорогчийг нь өгсөн, хөлдөөгчөө би авсан. Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох дээр маргаан байхгүй, хүүхдээ ээж нь авна биз. Энэ хүн одоо өөр хүнтэй хамт амьдардаг гэсэн. Тэр хүнтэйгээ суугаад явбал миний гэр хаягдах байлгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар /О, М нарын Говь-Алтай аймгийн Цогт сумд 2013 оны 03 дугаар сарын 6-ны өдөр 02 дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2013 оны 02 дугаар сарын 8-ны өдөр төрсөн, хүү Б-г эх М-н асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2013 оны 02 дугаар сарын 8-ны өдөр төрсөн, хүү, Б-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг О-с сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх М-д даалгаж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч О нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М нь О-г эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг мэдэгдэж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасныг баримтлан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөнөөс эр хонь 20, эм хонь 20, эр ямаа 20, эм ямаа 20, хурга 10, ишиг 10, 5 ханатай гэр зэргийг тус тус хариуцагч О-с гаргуулан М, хүү Б нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох хашаа, граш, тоос сорогч, хөлдөөгч, 6 ширхэг хятад хивс гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хариуцагч О нь нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн тэргийг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч маргаагүй болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 375.476 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч О-с улсын тэмдэгтийн хураамжид 307.476 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М-д олгож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Халиунаад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн 133/ШШ2018/00054 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 7-р заалтанд ,,,"гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөнөөс эр хонь 20, эм хонь 20, эр ямаа 20, эм ямаа 20, хурга 10, ишиг 10, 5 ханатай гэр зэргийг гаргуулан М, хүү Б нар олгож" гэснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Үүнд: О нь М-тэй 2012 оны 8 дугаар сарын 12-ний өдөр гэр бүл болоод 2014 оны 11 сараас тус тусдаа амьдарч эхэлсэн. Тухайн үедээ салаад явахдаа өөрийн мал болох 90 толгой малаа авсан байгаа. 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр эвлэрээд хамт амьдрана гэж сумын төвд хүүхэдтэйгээ гэртээ ирээд мөн оны 8 дугаар сарын 12 хүртэл гэртээ байж байгаад буцаад салаад явсан байгаа. О хөдөө мал дээрээ байдаг. Иймд одоо эвлэрч цаашид хамтран амьдрах боломжгүй байгаа тул гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж болон хүүхдийн тэтгэлэгийг зөвшөөрч байгаа юм.

5 ханатай гэрийн тухайд бол М нь одоо өөр нөхөртэй болсон. Хүүхэдтэйгээ хамт нөхөр болох хүнтэйгээ хамт амьдардаг. О нь айлын отгон хүү, аав ээжийнхээ бэлдэж өгсөн өөрийн гал голомт болох гэрээ хүнд өгөхгүй, өөрөө гэртээ амьдарна, бид 2012 онд айл гэр болоход аав ээж, дан бүрээстэй гэр бэлдэж өгч байсан. Засаж янзалсан зүйл байхгүй байгаа, эхнэр хүүхэддээ гэрийнхээ үнийн дүнгээс нь оногдох хэсгийг нь өгнө. Түүнээс би аав ээжийн бэлдэж өгсөн гал голомтоо өгөхгүй гэж маргаж байгаа. Мөн М хамтран амьдрах хугацаанд сумын төвд хүүхэдтэйгээ амьдардаг байсан. Би өөрөө хэдэн малаа дагаж хөдөө хөхөрч, гадаа гандаж аав, ээжтэйгээ амьдардаг байсан. Одоо надад мал байхгүй 100 гаруй толгой мал байгаа, тухайн үед хамт амьдрах хугацаанд малаа зараад, хүүхдийн сэвлэг үргээж байсан, машин авсан. Одоо М өөрөө приус-20 маркын машин унаад явж байгаа.

Иймд эд хөрөнгөнөөс эр хонь 20, эм хонь 20, эр ямаа 20, эм ямаа 20, хурга 10, ишиг 10, 5 ханатай гэр зэргийг гаргуулан М, хүү Б нарт олгох гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул 2018 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн 133/ШШ2018/00054 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 7-р заалтыг хүчингүй болгож, эд хөрөнгийг дахин шүүхээр шийдүүлэх хүсэлтэй байгааг уг шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч М нь хариуцагч О-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүү Б-ийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөнөөс хашаа, граж, хөлдөөгч, тоос сорогч, 6 ширхэг хивс, 5 ханатай гэр, эр хонь 20, эм хонь 20, эр ямаа 20, эм ямаа 20, хурга 10, ишиг 10 толгойг нийт 11.975.000 төгрөгний эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн зарим шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Гэрлэгчид нь 2012 онд албан ёсны гэр бүл болоод хамтран амьдрах хугацаанд буюу 2013 онд хүү Б-г төрүүлж өсгөсөн ба О, М нар нь хамтран амьдрах хугацаанд бие биенээ хардах, доромжлох, хүч хэрэглэх зэргээр байнгын таарамжгүй харилцаатай байсан нь зохигчдын тайлбараар нотлогджээ.

Гэрлэгчид хүүхдийн асрамж болон тэтгэлэгийн асуудлаар маргаагүй байна.

Шүүхээс гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлгийн асуудлыг шийдвэрлэсэн боловч Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд ямар ямар эд хөрөнгө байсныг нарийн тооцож, үнэлгээ тогтоогоогүйгээс гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлох боломжгүй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 133/ШШ2018/000054 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93.350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж .БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Т.ЖАРГАЛСАЙХАН