Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2023/00038

 

“Г Т” ХЗХ-ны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2022/01336 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 207/МА2022/00118 дугаар магадлалтай,

“Г Т” ХЗХ-ны нэхэмжлэлтэй

Б.М, В.Б нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 9,150,952 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2019.08.30-ны өдрийн ЗГ/4185, 2018.10.26-ны өдрийн ЗГ/2852, 2018.08.09-ний өдрийн ЗГ/2572 дугаар зээлийн шугаман гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-н гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “Г Т” ХЗХ нь Б.М, В.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,150,952 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч нь 2019.08.30-ны өдрийн ЗГ/4185, 2018.10.26-ны өдрийн ЗГ/2852, 2018.08.09-ний өдрийн ЗГ/2572 дугаар зээлийн шугаман гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ. Хариуцагч, нэхэмжлэгч нар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2022/01336 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Г Т” ХЗХ-ны хариуцагч Б.Мээс зээлийн төлбөрт 9,150,952 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасныг баримтлан 2019 оны 08 сарын 30-ны өдрийн ЗГ/4185 дугаартай зээлийн шугамын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйийн 106.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь хариуцагч В.Бд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзсаныг, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/2852, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/2572 дугаартай зээлийн шугаман гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг шаардлагаас татгалзсаныг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч “Г Т” ХЗХны шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,585 төгрөгөөс 161,365 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, илүү төлсөн 127,220 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Б.Мийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Г Т” ХЗХ-ноос 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Мт олгож шийдвэрлэжээ.

3 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 207/МА2022/00118 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2022/01336 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-н шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 161.365 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б хяналтын гомдолдоо: “Г Т” ХЗХноос 2022.09.23-ны өдрийн ЗГ/4185 тоот гэрээний үүрэгт зээлдэгч тал болох Б.Мээс 9,150,952 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Гэтэл 142/ШШ2022/01336 тоот шүүхийн шийдвэрээр ЗГ/4185 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзсэн байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцохоор заасан ба нэхэмжлэгч нь 2019.08.30-ны өдөр байгуулагдсан ЗГ/4185 дугаартай зээлийн гэрээний дагуу 4,000,000 төгрөг хариуцагчид шилжүүлээгүй байх тул уг гэрээг хүчин төгөлдөр бус байна гэж үзсэн. ХЗХны тухай хуулийн 9.1.16-д зааснаар данс нээх, хаах, дансны мэдээлэлтэй танилцах эрхийн дагуу Б.М нь “Г Т” ХЗХны гишүүнээр элсэн, гишүүний нэрийн 1402002571 тоот депозит дансыг 2018.10.26-ны өдөр нээлгэн ашигласан байдаг. 2019.08.30-ны өдөр ЗГ/4185 тоот зээлийн гэрээг байгуулан “Г Т” ХЗХны гишүүний нэрийн 1402002571 тоот дансанд 4,000,000.00 төгрөгийг авсан. Орхон аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 1402002571 тоот дансны хуулгыг гаргаж өгсөн нь хавтас хэргийн 94, 95, 96 тоот байхад мөнгийг шилжүүлээгүй гэж үзэж ЗГ/4185 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. 142/ШШ2022/01336 тоот шүүхийн шийдвэр нь ХЗХны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дахь хэсэгт зааснаар ХЗХ нь энэ хуулийн болон хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагаа журамд заасны дагуу зөвхөн гишүүдэд зээл олгож болно гэж заасны дагуу ЗГ/4185 тоот гэрээг байгуулан Б.Мийн нэр дээрх 1402002571 тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч Б.Мийн 2019.08.30-ны өдрийн өөрийн гараар бичсэн зээл авах хүсэлт гаргасан дагуу ЗГ/4185 тоот зээлийн гэрээг байгуулсан. Тус гэрээ нь 2018.10.26-ны өдөр байгуулсан ЗГ/2852, 2018.08.09-ний өдрийн ЗГ/2572 болох гэрээний эрх үүргийн давхар дуусгавар болгох, зээлдэгч Б.Мийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэрээ хийсэн нь Иргэний хуулийн 56-р дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хийсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд магадлалыг хүчингүй тооцож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх хүсэлтэй байна гэжээ.

5. Хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.02.16-ны өдрийн 001/ШХТ2023/00184 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч талын гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж үзэв.

8. Нэхэмжлэгч “Г Т” ХЗХ нь хариуцагч Б.М, В.Бнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,150,952 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч Б.М нь 2019.08.30-ны өдрийн ЗГ/4185, 2018.10.26-ны өдрийн ЗГ/2852, 2018.08.09-ний өдрийн ЗГ/2572 дугаар зээлийн шугаман гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан боловч нэхэмжлэгч нь хариуцагч В.Бд холбогдох нэхэмжлэлээсээ, хариуцагч Б.М нь сөрөг нэхэмжлэлээсээ тус тус татгалзжээ.

9. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Г Т” ХЗХны хариуцагч Б.Мээс зээлийн төлбөрт 9,150,952 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасныг баримтлан 2019.08.30-ны өдрийн ЗГ/4185 дугаартай зээлийн шугамын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь хариуцагч В.Бд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзсаныг, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан 2018.10.26-ны өдрийн ЗГ/2852, 2018.08.09-ний өдрийн ЗГ/2572 дугаартай зээлийн шугаман гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг шаардлагаас татгалзсаныг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гомдлын дагуу хэргийг хянаад, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

10. Шүүхийн шийдвэр, магадлалаас үзвэл хоёр шатны шүүх зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үүрэг биелэгдсэн эсэх, талууд тооцоо нийлж, зээлийн гэрээг дүгнэсэн эсэх, түүний үр дагаврын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэх боломжгүй, хууль хэрэглээний алдаа гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэл гэж үзэж, гомдлын дагуу хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэх үндэслэлтэй гэж үзсэн болно.

11. Нэхэмжлэгч “Г Т” ХЗХ нь хариуцагч нартай байгуулсан 2019.08.30-ны өдрийн зээлийн гэрээг нэхэмжлэлийн үндэслэл болгож, уг гэрээний дагуу 4,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлсэн, 73,665 төгрөгийг төлснөөс өөрөөр үүргээ гүйцэтгээгүй тул үндсэн зээл 3,963,151 төгрөг, хүү 4,815,156 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 372,645 төгрөг нийт 9,150,952 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч В.Бд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан.

Харин хариуцагч Б.М нэхэмжлэлийг татгалзаж, 2019.08.30-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 4,000,000 төгрөгийг аваагүй, өмнө нь тус ХЗХноос 2018.08.09-ний өдрийн зээлийн гэрээгээр 2,475,000 төгрөг, 2018.10.26-ны өдрийн гэрээгээр 4,080,000 төгрөгийг тус тус зээлж аваад буцааж нийт 4,765,000 төгрөгийг төлсөн байсан ба нэхэмжлэгч нь дарамт үзүүлж үлдэгдэл 4,000,000 төгрөг гэж үзээд 2019.08.30-ны өдрийн гэрээнд гарын үсэг зуруулсан гэж маргажээ.

12. Зохигч талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан бол шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийх үүрэгтэй байхад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, эрх зүйн дүгнэлт хийх үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна. 2019.08.30-ны өдрийн “зээлийн гэрээ” гэх баримт нь гэрээ эсвэл өмнөх зээлийн гэрээний үүргийг дүгнэсэн агуулгатай баримт алин болохыг шүүх хэрэгт байгаа баримтыг харьцуулан, тал бүрээс нь дүгнэж чадаагүй, өмнөх 2 гэрээний дагуу биелэгдээгүй үүрэг байгаа эсэх, хариуцагчийн биелүүлэх үүргийн хэмжээ зэрэг нөхцөл байдлыг тодруулаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэнгүй.

Түүнчлэн талууд нэхэмжлэлийн үндэслэлд зөрүүтэй тайлбар гаргасан тохиолдолд шүүх аль алиных нь үндэслэл бүрд нөгөө талын гаргасан тайлбарыг анхаарч, мэтгэлцүүлэхэд чиглүүлэх ёстой ба хариуцагчийн зүгээс 2018.08.09, 2018.10.26-ны өдрийн гэрээнүүдийн дагуу мөнгө зээлж авсан, харин 2019.08.30-ны өдрийн гэрээгээр мөнгө аваагүй өмнөх зээлийн үлдэгдэл гэж гэрээнд гарын үсэг зуруулсан гэж маргасан байхад нэхэмжлэгч нь өмнөх хоёр гэрээг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага болгоогүй гэж дүгнэсэн нь маргааны бодит байдалд нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, маргааны ач холбогдол бүхий асуудлаар зохигч мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй байдал шүүхийн шийдвэрт нөлөөлсөн нь хэргийг хянан хэлэлцэх үед тогтоогдов.

13. Иймд шүүх эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд  тухайн маргааны үйл баримтын талаар эрх зүйн үүднээс бүрэн дүгнэлт хийхийн тулд зохигч мэтгэлцээгүй, тухайн хэрэгт ач холбогдолтой эрх зүйн асуудлаар талуудыг мэтгэлцүүлэх шаардлагатайг анхаараагүй, хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 207/МА2022/00118 дугаар магадлал, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2022/01336 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.ЦОЛМОН

                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Г.АЛТАНЧИМЭГ

                  ШҮҮГЧИД                                                                     Н.БАЯРМАА

                                                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                           Х.ЭРДЭНЭСУВД