Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2021/00074

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2021             01            15                                                 183/ШШ2021/00074

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С дүүрэг, 0 дугаар хороо, Тоосго 0 дүгээр гудамж 000 тоотод оршин суух Т овогт Н.Т /РД:000000/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, 0 хороо, 000 байр, 000 тоотод оршин суух Б овогт А.Э /РД:0000000/-д холбогдох

Хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Т, хариуцагч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Аривжих нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Т миний бие 2016 онд А.Этай танилцаж 2017 оноос хамтран амьдарч бидний хамтран амьдрах хугацаанд 2019 оны 08 дугаар сарын 15-нд хүү Т.Т охин Т.С нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2020 оны 02 сараас тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү Т охин С нар миний асрамжид өсч торнисон. Хамтран амьдрагч Э бид хоёр тохиролцсоны улмаас цаашид хүү Т охин С нарыг миний асрамжид үлдээж өгнө үү. Хүүхдүүд ой хүртлээ ээж дээрээ байсан, түүнээс хойш миний асрамжид байгаа. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, хүүхдүүдтэйгээ хүссэн үедээ уулзахад татгалзахгүй гэв.

 

Хариуцагч А.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Э Н.Ттэй 2016 онд танилцаж 2017 оноос хамт амьдарсан. Энэ хугацаанд 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүү Т.Т охин Т.С нар төрсөн. Түүнээс хойш 2020 оны 02 сараас тусдаа байх болсон. Зан харьцаа үзэл бодол зөрчилдөөнтэй байсан учраас энэ шийдвэрийг гаргасан. Бид хоорондоо тохиролцоод хүү Т.Т, охин Т.С нарыг эцэг Тгийн асрамжид үлдээх шийдвэрийг гаргасан. Иймд энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Миний бие хүүхдүүдээ ой хүртэл нь асарсан, аавынх нь асрамжид өгөхөд татгалзахгүй. Би өөрөө охинтойгоо хамт амьдарч байгаа, хүүхдүүдтэйгээ хүссэн үедээ уулзаж байна. Тиймээс шүүхийн шийдвэрт хэзээ, хэдийд уулзах талаар тусгуулах шаардлагагүй. Одоогоор тэтгэлэг төлөх, хүүхдүүдээ авах боломжгүй байгаа юм гэв.  

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь: 

 

            Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч А.Эд холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Н.Т, А.Э нар нь 2016 онд танилцаж, тэдний дундаас 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ихэр хүүхдүүд болох охин Т.С, хүү Т.Т нар төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 000 дугаар Т.Сын, 0000 дугаар Т.Тий төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн хуудас 7, 8-р хуудас/

Нэхэмжлэгч нь охин Т.С, хүү Т.Т нарыг өөрийн асрамжид өсгөн хүмүүжүүлж байгаа гэж тайлбарласан бөгөөд хариуцагч нь хүүхдүүдийг эцгийнх нь асрамжид үлдээхэд татгалзахгүй, одоогоор хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх боломжгүй байгаа гэж тайлбарласан болно.  

Иймд хариуцагч нь бага насны хүүхдүүд болох охин Т.С, хүү Т.Т нарыг эцгийнх нь асрамжид үлдээхэд татгалзахгүй гэж тайлбарласан, хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа тохиролцож болно” гэж зааснаар охин Т.С, хүү Т.Т нарыг эцэг Н.Тгийн асрамжид үлдээх нь зүйтэй байна гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдлэж, үүрэг хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хариуцагч А.Э нь охин Т.С, хүү Т.Т нарыг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь нэхэмжлэгч Н.Т нь саад учруулахгүй байхыг дурдах нь зүйтэй байна.

Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй” гэж зааснаар хариуцагч нь хүүхдүүдтэйгээ уулзаж, тэдэнтэйгээ байнгын харилцаатай байна гэж тайлбарласныг нэхэмжлэгч нь нь хүлээн зөвшөөрсөн, хүссэн үед нь уулзуулж байх болно гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч А.Эгаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дах хэсэгт заасныг удирдлага болгон      

                                                               ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Т.С, хүү Т.Т нарыг эцэг Н.Тгийн асрамжид үлдээсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч  Н.Т нь тэтгэлэг гаргуулах, гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эхийн үүргээ биелүүлэхийн А.Эд, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг Н.Тд тус тус даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд түүнийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.ХУЛАН