| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2020/04247/И |
| Дугаар | 183/ШШ2021/00115 |
| Огноо | 2021-01-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2021/00115
2021 01 19 183/ШШ2021/00115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 0 дугаар хэсэг, Дүнжингаравын 000 тоот оршин суух, Д овогт Х.Э /РД:00000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 00 дүгээр хороолол, Наяд оффис 00 давхар, 0000 тоотод байрлах, ЖЭЭЭ ХХК /РД:00000/-д холбогдох
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Арвижих нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Х.Э миний бие нь 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ЖЭЭЭ ХХК-тай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 6 дугаар хэсэг, Дүнжингаравын ***тоотод байрлах, 54.15 метр квадрат талбай бүхий 2 өрөө байрыг 54 737 500 төгрөгөөр худалдан авах №***** тоот гэрээ байгуулсан. Улмаар уг байрны төлбөрийг тогтоосон хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулсан. Уг байр нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ашиглалтанд орсон бөгөөд одоог хүртэл амьдарч байгаа боловч Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус компани гаргаж өгөөгүй. Гэрчилгээ гаргахаас өмнө уг байрыг Төрийн банкинд зээлийн барьцаанд тавьсан гэсэн. Тиймээс өөрсдийн амьдарч буй төлбөрөө бүрэн төлж барагдуулсан орон сууц байрныхаа Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж авахыг хүсч байна. Иймд иргэн Х.Э намайг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 6 дугаар хэсэг, Дүнжингаравын ***тоотод байрлах 54,15 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцны байрны өмчлөгчөөр тогтоож, Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг миний нэр дээр гаргаж өгөхийг тус компанид даалгаж өгнө үү.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Орон сууц захиалгаар бариулах гэрээнд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Соёмбот уулын хормойд “Mountain View Residence” орон сууцны 2 орц, ** тоот 54,15 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалсан юм. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар дээр мөн “Mountain View Residence” хотхоны 51 байрны 2 орцны ** тоот 54,15 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн гэсэн байгаа. Тиймээс шаардлагаа тодруулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Соёмбот уулын хормойд байрлах “Mountain View Residence” орон сууцны 2 орц, ** тоот 54,15 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хүсэлтдээ:
Иргэн Х.Эын нэхэмжлэлтэй ЖЭЭЭ ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г. миний бие оролцож байгаа бөгөөд тус шүүхэд хандаж дараах хүсэлтийг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага болох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоход татгалзах зүйлгүй тул шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Э нь “******** ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь орон сууцны үнийг бүрэн төлж, гэрээний үүргийг биелүүлсэн, үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авсан, уг орон сууцанд амьдарч байгаа тул өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгнө үү гэсэн.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг орон сууцны үнийг бүрэн төлсөн, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн талаараа маргаагүй болно.
Зохигч талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах тухай” ***** тоот гэрээгээр гүйцэтгэгч ЖЭЭЭ ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан-Соёмбот уулын хормойд байрлах, Mountain View Residence орон сууцны 2 дугаар орц, ** тоот, 54,15 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, захиалагч Х.Э нь 54 737 500 төгрөгийг гүйцэтгэгчид төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хэргийн 4-5-р хуудас/
Зохигч талууд “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулсан талаараа маргаагүй, хэн аль нь хүлээн зөвшөөрсөн болно.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Х.Э нь 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ***** тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Mountain View Residence, 51 дүгээр байр, 2 дугаар орц, ** тоот, 54,15 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны төлбөр болох 54 737 500 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь “******** ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 19/09 тоот тодорхойлолт, Хас банк, Худалдаа хөгжлийн банкны орлогын ордерууд, бэлэн мөнгөний зарлагын баримтуудаар тус тус нотлогдож байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй, шаардах эрхтэй байна гэж дүгнэв. /хэргийн 8-11-р хуудас/
Нэхэмжлэгч Х.Э нь 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр №***** тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулсан боловч уг гэрээний зүйл болох орон сууцны барилга нь 2015 оны 01 дүгээр сард ашиглалтад орсон болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан Монгол улсын Хууль зүй, Дотоод хэргийн яамны 2020 оны 03 дугаар сарын 26-ны ******дугаар албан бичиг, хариуцагчийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 19/09 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. /хэргийн 7, 12-р хуудас/
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг худалдах худалдан авах гэрээний үүргийг биелүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлсөн талаар маргаагүй, нэхэмжлэгч нь гэрээнд заасан хэлэлцэн тохиролцсон орон сууцны үнийг бүрэн төлсөн болох нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул хариуцагч нь үнийг бүрэн төлсөн худалдан авагч буюу нэхэмжлэгчийн өмчлөлд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар уг гэрээний зүйл болох орон сууцыг шилжүүлэх үүрэгтэй болно.
Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох орон сууцыг шилжүүлэн авсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлээгүйн улмаас Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан өмчлөгчийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь зөрчигдсөн гэсэн тайлбар нь үндэслэлтэй байна гэж үзэв.
Мөн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно” гэж заасан байна.
Иймд нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүргийг гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх байх тул нэхэмжлэгч Х.Эыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан-Соёмбот уулын хормойд байрлах, Mountain View Residence 51 байр, 2 дугаар орц, ** тоот, 54,15 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахыг хариуцагч “******** ХХК-нд даалгах нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нэхэмжлэлийн хувийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гардаж авч, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар, шүүх хуралдааныг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар нэхэмжлэгч Х-г Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан-Соёмбот уулын хормойд байрлах, Mountain View Residence, 51 дүгээр байр, 2 дугаар орц, ** тоот, 54,15 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээг гаргаж өгөхийг хариуцагч “******** ХХК-нд даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 361 437 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч “******** ХХК-иас 431 637 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Эд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай
ДАРГАЛАГЧ Д.ХУЛАН